Олон асуудлаар санал зөрөлддөг Америкийн технологийн салбарын хоёр тэрбумтан дэвжээн дээр тулалдах тухай яриа гараад удаагүй байна.
Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск өнгөрсөн оны аравдугаар сард Твиттер сошиал платформыг өндөр үнээр худалдаж авсан билээ. Тэгвэл Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Закербэрг удахгүй Твиттерийн шууд өрсөлдөгч болох текстэд суурилсан сошиал платформ зах зээлд гаргахаар бэлдэж байгаа гэсэн мэдээлэл тарсан нь Маскийг нэлээд эгдүүцүүлсэн юм.
Саяхан Маск түүнтэй тулалдахад бэлэн байгаагаа сошиал сүлжээгээр илэрхийлж байв. Маргааш нь Закербэрг дуудлагыг хүлээж авснаа Инстаграм хуудсандаа бичсэн байна.
39 настай Закербэргийн хувьд сүүлийн үед жиү жицү болон биеийн хүчний спортоор идэвхтэй хичээллэж, чамгүй амжилт гаргаад байгаа.
Харин өчигдөр 52 нас хүрсэн Маск өөрийгөө багадаа сайн зодолддог байсан тухай саяхан UFC холимог тулааны холбооны ерөнхийлөгч Дана Уайтад ярьж байжээ.
Уайт тэдний тулааныг зохион байгуулах асуудлаар тус тусад нь утсаар ярьсныхаа дараа хоёр тэрбумтан үүнд “нэлээд нухацтай” хандаж байгааг мэдээлсэн юм.
Тэгвэл Маск үнэнээсээ энэ тулаанд бэлдэж эхэлсэн бололтой. Өчигдөр Бразил жиү жицүгийн хар бүстэй подкастер Лэкс Фридман түүнтэй хичээллэж байгаагаа харуулсан гэрэл зургуудыг сошиал хуудсандаа нийтэлсэн байна.
UFC тулааны домогт тамирчин Жорж Сен Пьер саяхан бас Маскийн бэлтгэлийг хангаж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд өөрөөс нь зөвшөөрсөн хариу авсан юм.
Маскийн хувьд 180 см өндөр, 81 кг жинтэй бол Закербэрг 170 см өндөр, 70 кг жинтэй юм байна.
Закербэрг шиг спортоор тууштай хичээллэдэггүй ч Маскийн хувьд том бие нь давуу тал болж магадгүй гэж зарим ажиглагчид дүгнэжээ.
Эх сурвалж: New York Post