Categories
нийгэм онцлох-нийтлэл

Сэтгэлзүйч Т.Мөнхнаран: Гадаадын улсуудад хамт олны баяр, зугаалгад гэр бүлийг нь хамруулдаг соёлтой DNN.mn

Зуны дэлгэр сар үргэлжилж байгаа энэ өдрүүдэд төгсөлтийн ойн уулзалтууд шилээ даран өдөр бүр тохиож байна. Баяр тэмдэглэж байгаа төгсөгчид ихэнх нь амралт зугаалгын газарт очдог, тэндээ архи согтууруулах ундаа хэрэглэдэг нь ёс юм шиг болсон гэхэд хилсдэхгүй. Төгсөгчдөөр тогтохгүй албан газрууд, байгууллагын хамт олон, бүр хүүхдийнхээ төгсөлтийн баярыг тэмдэглэж яваа эцэг, эхчүүд ч согтуурдаг болсон нь нууц биш. Нийгэмд бий болоод буй нийллэгийн энэ сэтгэл зүйн талаар сэтгэлзүйч Т.Мөнхнаран, Аддиктологийн төвийн донтолт судлалын клиникийн тасгийн эрхлэгч Б.Гэрэлчимэг нартай ярилцлаа.

Т.Мөнханаран: Хүмүүс стрессээ зөв тайлж чадахгүй байгаа учраас төгсөлтийн баяр, уулзалтууд архидан согтуурах шалтаг болж байдаг


-Төгсөлтүүдийн ойн уулзалт, баярууд үргэлжилсээр байна. Саяхан гэхэд улсын хэмжээнд 1998 онд сургууль төгссөн төгсөгчид Хүй долоон худагт хэдэн зуугаараа баяраа тэмдэглэсэн дуулдлаа. Манайд төгсөлтийн уулзалт, тэмдэглэлт баярууд, тэр ч бүү хэл хамт олноороо ёс юм шиг тогтмол хугацаанд нийлж архидан согтуурдаг үзэгдэл бий болоод удаж байна. Үүнийг сэтгэл зүй талаас та юу гэж тайлбарлах вэ?

Үндсэн шалтгаан нь манай нийгэмд стресс их байгаагаас үүдэлтэй. Стрессээ зөв тайлах аргад суралцаагүй. Тиймээс ерөөсөө л нийлээд л архидан согтуурдаг явдал ёс болоод тогтчихоод байгаа юм. Ингэх ёстой гэсэн хандлага нийгэмд бий болчихсон хэрэг. Ингэж явсаар бүр архины хам шинжтэй болж байх эрсдэлтэй. Харамсалтай нь манайд олон нийтийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрууд ховор. Стресст орсон хүмүүс ажлаасаа түр амсхийж чөлөөт цагаа зөв өнгөрөөх шаардлагатай байдаг. Гэтэл манайд тийм газруудын оронд баар сав л олон байгаа учраас хүмүүс түүнийг сонгохоос аргагүй. Эсвэл агаар салхинд гарч байгаа нэрээр согтууруулах ундаа хэрэглэдэг.

-Стрессээ зөв тайлаад сурчихвал энэ үзэгдэл арилах боломжтой байх нь ээ. Учир нь үүнээс үүдэлтэй маш олон сөрөг үр дагаврууд бий болсоор байгаа шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Төгсөлтүүдийн ойн баярууд, мөн албан байгууллагууд хамт олноороо байн байн ингэж явахаар гэр бүлд үл ойлголцол, цаашлаад гэр бүл салалт ч олноор үүсч байдаг.

Хүмүүс мэдээж ажил төрөл гээд маш их завгүй байдаг. Тэр бүрдээ стресстэж байдаг. Түүнийгээ тайлах аргаа мэдэхгүй явж байтал энд тэнд анги төгсөлтийн уулзалт болно гэнэ, хамт олноороо сууна гэнэ гэхэд л шууд яваад очдог. Төгсөлт гэхэд олон жил уулзаагүй хүмүүс сайхан үүх түүх ярья гэхээс илүү нөгөө стресс л тэнд очих шалтаг болж байдаг. Ингээд тал бүрээс стресстэй ирсэн хүмүүс согтууруулах ундаа хэрэглээд гэмт хэрэг, зөрчил үүсгэхэд хүрдэг. Тиймээс стрессээ тайлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж сурмаар байгаа юм. Үүнийг уулзалт, баяр ёслол зохион байгуулж байгаа хамт олон, хүний нөөц, багийн ахлагчид ч анхаарах ёстой.

Аялал, уулзалтын хөтөлбөрийг маш эрүүл, эко гаргаж болно шүү дээ. Ерөөсөө гадаадын орнуудад уулзалт, баяр ёслолын хөтөлбөрүүд маш эрүүл, хамт олонлог, гэр бүлсэг байдаг.

-Манайд бага ангийн хүүхдийн төгсөлтийн баяр нэрээр Тэрэлж рүү авч яваад л, эцэг эхчүүд нь нийлдэг жишиг ч гарч байна. Гадаадын улс оронд дунд сургуулийн хүүхдүүдийн төгсөлтийн баярууд ямар болдог юм бол. Баяр ёслол, аяллын хөтөлбөрүүд гэр бүлсэг байдаг гэдгийг тодруулахгүй юу?

-Гадаадын улс оронд хамт олны аялал зугаалга, уулзалт, баярыг тэмдэглэхдээ гэр бүлийг нь заавал хамруулдаг. Бүр ийм соёл тогтчихсон. Энэ нь маш олон талын ач холбогдолтой. Гэр бүлийн дунд үл ойлголцол үүсэхгүй. Байгууллага улам халуун дулаан уур амьсгалтай болдог. Тиймээс бид ч ийм соёлыг хэвшүүлэх хэрэгтэй. Хамт олноо гэр бүлээр нь авч салхинд гардаг. Тэнд ямар нэгэн архи байх шаардлагагүй. Үр хүүхдүүдийг нь тоглуулж, хөгжөөнт спорт наадам, өдөрлөг зохион байгуулах боломжтой. Байгууллагын сэтгэл зүйд ч энэ тухай хөндөгддөг.

Төгсөлтүүд ч тэр, заавал архи дарс хэрэглэж уулзах шаардлагагүй. Олон жил уулзаагүй хүмүүс яагаад заавал архи согтууруулах ундаа хэрэглэх ёстой гэж. Эрүүл зөв хооллолтын клуб, фитнесст явж болно. Эмэгтэйчүүд нь бүжиг, иогт ч явж, ой модонд алхаж болно шүү дээ. Энэ тухай хэлэхээр мэдээж хүлээж авахгүй л дээ. Юу хийх юм бэ, өөр яах юм бэ л гэнэ. Энэ бол нэг ёсондоо архины хамааралтай болж байгаагийн илрэл. Ийм хандлагыг өөрчлөхийн тулд цаг хугацаа орно. Ердөөсөө маш олон жил явчихсан, ёс юм шиг нийгмийн сэтгэл зүйд суучихсан. Тиймээс хувь хүн дор бүрнээ стрессээ зөв тайлж сурахад суралцах хэрэгтэй. Стресс бий болж байгаа олон хүчин зүйл бий. Санхүү мөнгө, гэр бүлийн асуудлаас гадна өөр ч ноцтой зүйл нөлөөлдөг.

-Тодруулахгүй юу?

-Агаарын бохирдолд агуулагдаж байгаа хүнд элементүүд хүний тархинд нөлөөлж, хүмүүст уур бухимдал стресс үүсгэдэг гэсэн судалгаа байдаг. Нэгэнт л бид ийм нөхцөл байдалд байгаа учраас эрүүл, эко, аюулгүй аргаар стрессээ тайлж сурах хэрэгтэй. Ядаж л нэгдүгээр ангийн хүүхдийнхээ төгсөлтийн баярыг тэмдэглэж байна гээд эцэг эхчүүд нийлж архидаж болохгүй шүү дээ. Хүүхдүүддээ ямар үлгэр дууриал үзүүлэх вэ. Хүүхэд эцэг эхийг харж хүмүүждэг. Эцэг эхчүүд нь хажууд нь архидаад байвал тэд түүнийг л дуурайна. Дараагийн үе шатыг бэлтгэж байгаа хэрэг.

Эмч Б.Гэрэлчимэг:

Бүх төрлийн согтууруулах ундаа хүнд донтолтүүсгэдэг

-Төгсөлтүүд, хамт олон, найз нөхдөөрөө нийлж согтууруулах ундаа хэрэглэдэг явдал манайд нийтлэг болж байна. Сэтгэлзүйчид энэ явдлыг архины хамааралтай болох эрсдэл гэж нэрлэж байна. Эмч хүний хувьд юу хэлэх вэ?

-Ажиглаад байхад сүүлийн 10-аад жилийн хугацаанд сургууль төгссөний 10, 20, 30, 40 жилийн ой тэмдэглэдэг болсон. Дээрээс нь нэгдүгээр анги төгсөхөд үсэглэлийн баяр, дунд, ахлах ангийн төгсөлтийн баяр гээд л дуусахгүй болжээ. Баяр ёслолоо тэмдэглэж дуусаад амралт зугаалганд үргэлжлүүлээд явдаг жишиг бий болчихсон байна. Хүүхдээ дагаж яваа эцэг эхчүүд заримдаа ямар утга учиртай явж байгаагаа мартаад хоорондоо нийлж архидах үзэгдэл их гардаг болсон. Ер нь хүний уураг тархины хөгжил 21 нас хүртэл явагддаг. Түүнээс өмнөх насанд архи дарс уух, мансууруулах бодис хэрэглэвэл цаашдаа архины хамааралтай болох магадлал шууд 50 хувиар нэмэгддэг.

-Сургуулийн төгсөлт, хамт олон, найз нөхөд, хамаатан садан бүх л орон зайд нийллэг, зугаалга болж нөгөө л архи, согтууруулах ундаа хэрэглэдэг болсон. Ер нь энэ нь архинд донтох эрсдэлийг бий болгож байгаа хэрэг биш үү?

-Дэлхийн улс орнуудад нэг хүнд ногдох спиртийн хэмжээ долоон литрээс дээш болбол үндэсний аюулгүй байдалд нөлөөллөө гэж үздэг. Тэгвэл Монгол Улсад энэ хэмжээ 12 литр болчихоод байгаа юм. Бүх төрлийн согтууруулах ундааны дунджаар үзвэл нэг хүнд нэг жилд 55 литр оногдож байдаг. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар болсон, тахлын хэмжээнд оччихсон асуудал. Үүнд мэдээж таны хэлж буй нийгмийн энэ хандлага нөлөөлж байгаа.

Нэг тоо сонирхуулахад, 15 нас хүрээгүй үедээ архи согтууруулах ундаа хэрэглэвэл архинд донтох эмгэгтэй болох магадлал 40 хувьтай, 17 нас хүртэл 25 хувьтай, 21-25 насанд хэрэглэх нь архинд болох магадлал 10 хувьтай, 25-аас дээш настайд архины хамааралтай болох магадлал 2.5 хувьтай болдог гэж үздэг. Өнөөдөр арван жилийн сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдийн дунд архины хэрэглээ байна гэж үзвэл ирээдүйд архинд донтох эмгэгтэй болох магадлал 25-40 хувьтай гэсэн үг.

-Эмчийн хувьд та юуг сэрэмжлүүлэх вэ?

-Метиллийн спирт агуулсан согтууруулах ундаа, ганц архи ч биш пиво, вино бүх төрлийн согтууруулах ундаа хүнд донтолт үүсгэдэг гэдгийг мартаж болохгүй. Донтолтод нэг л өртөх юм бол тархинд эргэшгүй бүтцийн өөрчлөлт гарчихдаг. Нэг ёсондоо тархи хэвийн байдалдаа орохгүй гэсэн үг. Нэгэнт ингээд хамааралтай, архинд донтох эмгэгтэй болчихвол насанд туршдаа салж чадахгүй. Амьдралаа архинд мэдүүлж явсаар байгаад дуусдаг. Архины хамааралтай хүмүүсийн ихэнх нь цаг бусаар нас бардаг. Эрүүл хүмүүс шиг амьдралын жамаар явж байгаад нас эцэслэнэ гэсэн ойлголт байдаггүй. Гэнэт зүрх зогсох, уналт татах өгөх, бөөлжсөндөө хахах зэргээр нас бардаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *