Categories
нийгэм онцлох-нийтлэл

Монгол төрийн сонгуулийг Кремль мэддэг болоход ядах юмгүй хууль батлагдлаа DNN.mn

Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт сая батлагдлаа. Энэ хуулиар сонгуулийн сурталчилгаатай холбоотой маш чухал заалт оруулах ёстой байсныг хэн ч тоосонгүй. Тэр нь “Гадаадын хэвлэл мэдээллээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглох” гэсэн заалт юм. Харамсалтай нь үүнийг УИХ-ын гишүүд, намын бүлгүүд, эрдэмтэн судлаачид, хууль боловсруулагчид гээд бүгдээрээ ойшоож үзсэнгүй. Яг үнэндээ монгол төрийн хувь заяаг сошиал буюу гадаадын хэвлэл мэдээлэл шийддэг болсон нь худлаа биш. Сүүлийн хэд хэдэн удаагийн сонгуулийг сошиалаар удирддаг боллоо. Бид энэ тухай хэдэнтээ бичиж сануулсаар ирсэн. Сая Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт орж ирэхэд хүртэл үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хэлж л байсан. Тухайн үед тэрбээр энэ асуудлыг “Үнэхээр чухал юм байна шүү. Нээрээ анхаарах ёстой” гэж сүрхий хүлээж авч байв. Гэвч хуулийн төслийн хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг өрнөж байхад огт яригдахгүй байсаар өнгөрлөө.

Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад Монголд 2.4 сая цахим хаяг бүртгэлтэй байдаг юм билээ. Үүний нэг сая нь хуурамч. Өөрөөр хэлбэл, албан ёсны эзэн биегүй. Энэ нэг сая троллын 400 мянга нь гадаадад бий. Ингээд бодохоор сошиалаар бидний тархийг яаж угаадаг нь харагдаж байгаа биз дээ. Хамгийн чухал нь Монголын төрд асар хортой гэдгийг дахиад хэлье. Тролл армиуд хилийн чанадаас сонгууль яаж явахыг заадаг боллоо. Сонгогчид болон ард түмний сэтгэл зүйг сошиалаар залж чиглүүлэх нь хэрээс хэтэрч байна. Тийм болохоор монгол төрийн сонгууль ямар болох нь ойлгомжтой. Гадны хэвлэлээр заалгана гэдэг бол тэдний хүссэн төр засгийг нь байгуулж өгч байна гэсэн үг. Тэд зөвхөн үүнийг л хүсч байгаа. Мэдээж, өөрсдийнх нь эрх ашигт харшлахгүй Засгийн газар байгуулагдчихвал зорилго нь хэрэгжинэ. Энэ бол хамгийн том аюул. Сошиал платформоор дамжуулж биднийг удирдсанаар төрийн бодлогыг дур зоргоороо шийддэг болох нь. Ингэж явсаар Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал ганхахгүй гэх газаргүй байна.

Сүүлийн үед өмнөд монголчууд бүгд крилл хаягтай болжээ. Эндээс харахад крилл бичигтэй цахим хаягны цаана аль улсын хэн гээч байгааг хэн ч анзаардаггүй. Өнгөц гүйлгэхэд монгол нэр л зурайна. Энэ мэтчилэн гадны троллууд нэр, зүсээ монголчилсон байх жишээтэй. Тэр дундаас хамгийн голлож байгаа нь Оросын талын хаягууд байна. Тэд хэзээнээсээ маш идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Цахим хаягаар дамжуулан Монголд байгаа Оросыг дэмжигчдийг шууд удирдаж байдаг. Ер нь Монголын сонгууль Орост илүү ач холбогдол өгдөг. Тэдний явуулж байгаа мэдээллээс ажиглахад бүх юм тодорхой байна шүү дээ. Аль намыг ялуулж, ямар улстөрчийг гаргаж ирэхээр санаархаж байгаа нь андашгүй. Энэ өнцгөөс харвал Монголын сонгуулийг Кремль мэднэ гэсэн үг. Дүгнээд хэлэхэд, гадаадын хэвлэл мэдээллээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоогүйгээс ийм л хортой байгаа юм.

Дээрх хуулийн заалтыг юмны учир начир сайн ойлгох УИХ-ын гишүүд, намын бүлгүүд дэмжээгүйд гайхаж цочоод байх ч зүйл алга. Тэд угаасаа ашиг харж хөдөлдөг улс. Өөрсдийн сайт, тролл армидаа найдаж байгаа гэсэн үг. Хамгийн хачирхалтай нь Монголын хэвлэл мэдээллийнхэн ган гэж дуугарсангүй. Уг нь энэ заалт Монголын хэвлэл мэдээллийн ирээдүйг шийдвэрлэхэд үнэхээр их ач холбогдолтой байсан юм. Улс орныхоо маргаашийг хардаггүй юм аа гэхэд бүхэл бүтэн салбарынхаа хөгжил, эрх ашгийн төлөө идэвхтэй дуугарах ёстой хүмүүс бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Гэвч тэгсэнгүй. Арга ч үгүй биз. Монголын хэвлэл мэдээллийн байууллагуудын гүйцэтгэх захирлууд дандаа хүний юман дээр ажилладаг улс. Тэд Монголын болоод хэвлэл мэдээллийн салбарын хувь заяаг ерөөсөө сонирхохгүй байсаар өдий хүрсэн. Яагаад гэвэл тэр хүмүүс хамгийн тансаг хэрэглээтэй, хангалуун амьдардаг. Орон байр, унасан машин, өмссөн хувцас, эдэлж хэрэглэж байгаагаа сошиалаар гайхуулж, брэндээр өвчилсөн улс л явах юм билээ. Дагасан сэтгүүлчдийг нь адилтгаад харахаар газар, тэнгэр шиг. Авч байгаа цалин цагаа нь хаанаа ч хүрэлцэхээргүй. Ийм байж гадаадын хэвлэлээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг эсэргүүцэхээс айж бас залхуурлаа. Ажилтнуудаа ч боддоггүй хэвлэлийнхний гүйцэтгэх удирдлагуудыг харахаар үнэхээр эмзэглэмээр санагдлаа. Хэвлэл мэдээлэл бол хувийн сектор. Энэ салбар төрөөс ямар ч санхүүжилт авдаггүй. Зөвхөн зар сурталчилгаанаас олсон мөнгөөрөө оршин тогтнодог. Тэгэхээр хэвлэлийн салбарынхны цалинг сайжруулж, дэлхий хэмжээний статустай болгох гол нөлөөлөл нь зөвхөн зар сурталчилгаа л байдаг. Тэр дотроо төр засгийн, бүр нарийн яривал сонгуулийн зар сурталчилгаа голлох үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн жилийн цикльтэй сонгуулийн үеэр л хэвлэл мэдээллийнхэнд мөнгө хийх боломж гарч ирдгийг бүгд мэднэ. Гэтэл энэ бүхнийг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд тоосонгүй. “Бөөн хэл ам ядаргаа, дээрээс нь эзэн уурлана” гээд төвөгшөөн хаялаа.

Сошиал бидний амьдралд ямар нэмэртэй вэ. Эдийн засаг болон тусгаар тогтнолд үр өгөөжөө өгөв үү. Том зургаараа Монголын хөгжилд дэвшил авчирч чадсан уу гэвэл эерэг нь ч бий эсрэг нь байдаг. Яахав нэр нүүрээ нууж байгаад шударга бусыг зоригтой шүүмжилж буй нь сайн талтай. Гэхдээ ихэнхдээ дэмий юманд бүүр эсрэгээрээ учрыг нь ололгүй зориудаар хаяж өгсөн сэдэв дээр маргалдан өдрийг бардаг. Өдөрт дор хаяж нэг удаа Монгол Улс сүйрч байгаа юм шиг л шуугиан дэгддэг. Гаднаас нь харсан хүмүүс ийм оронд ирж амьдрахаас сүнс нь зайлмаар аймшигтай юм бичицгээдэг. Дээр нь шуугиад шуугиад ямар ч шийдэл, ач холбогдол байхгүй. Зүгээр л асуудлыг дэвэргэж, нийгмээр нь давлагаалуулах ашиг сонирхол ард нь үйлчилж байгаа. Тэр шуугиан болгоныг тогтож харвал гэм хор нь бага юм шиг. Голдуу хэнд ч хэрэггүй дэмий хов жив. Иймэрхүү үйл явдлуудыг албаар нийгэмд цацаж, массаар нь хэрэлдүүлж алалцуулж, чухал асуудлаас хүмүүсийн анхаарлыг байнга сарниулдаг. Монгол Улс хөгжихгүй дорой байгаагийн шалтгаан бол сошиалтай шууд холбоотой. Сүүлийн 15 жил сошиал манай улсад хүчтэй дэлгэрснээс болж ажил хийдэг хүнгүй боллоо. Харин хаа сайгүй утсаа ухаж хэвтээд цэцэрхдэг хүмүүсээр дүүрлээ. Тэгэхээр фэйсбүүк, твиттер зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн нөлөөллөөс хүн болгон өөрсдийгөө, ойр дотныхноо, гэр бүлээ хамгаалах нь юу юунаас чухал болоод байна. Монголд хэрэгтэй гэсэн шийдвэр хэрсүүгээр бодож гаргана гэхэд ийм олон өлөн атаархсан ажилгүйгээсээ болоод гиюүрсэн хүмүүсийг давж гарна гэдэг ч боломжгүй шахуу юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *