Аялал жуулчлалын салбарт хүндрэл бэрхшээл олон байдаг. Модон жорлонгоос эхлээд сайжруулах, боловсруулах олон асуудлыг Монгол Улс ярьсаар байгаа юм. Бодит нөхцөл байдал дээр аялал жуулчлалын салбарт 16 жил хөтөч тайлбарлагчаар ажиллаж буй М.Мядагмаатай ярилцлаа.
-Аялал жуулчлалын салбар энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү хөдөлгөөнтэй байгаа харагдаж байна. Танд хэр мэдрэгдэж байна вэ?
-Энэ жилийн аялал харьцангуй эрт эхэллээ. Ковидын дараа Монголыг эрүүл байгаль, цаг ууртай, идэж ууж байгаа хоол хүнс нь илүү эко талдаа байгаа гэдэг утгаараа ялангуяа Азийн улс орнууд, Зүүн өмнөд Азийн улс орнуудаас жуулчид олноор ирж байна. Ирэх жил үүнээс ч илүү хөдөлгөөнтэй, бараг 2-3 дахин их жуулчин ирэх төлөвтэй байна. Өмнө нь бид аяллаа тавдугаар сарын дундуур эхлүүлдэг байсан бол ирэх жилээс гуравдугаар сарын дундуур эхлэх хандлага ажиглагдаж байгаа. Аялал жуулчлал маш хүчтэй сэргэж байна гэж хэлж болно.
-Энэ салбарт тулгамддаг олон асуудал байгааг монголчууд бид харж, хэлж шүүмжилсээр байдаг. Та яг газар дээр жуулчидтай тулж ажиллаж байгаагийн хувьд хамгийн хүндрэл бэрхшээлтэй ямар асуудал байдаг вэ?
-Аяллын улирал аль хэдийнэ эхэлсэн ч манай зочид буудал, гэр баазуудын хүмүүс, үйлчилгээний салбарынхан бэлэн болоогүй байна. Яваад очиход баазууд гэрээ барьж дуусаагүй, зургадугаар сарын сүүлчээр л жигдэрнэ шүү дээ, болоогүй шүү дээ гэсэн хандлагатай угтаж байна. Бид цаашдаа олон жуулчин авъя гэвэл, тэртээ тэргүй гуравдугаар сар гээд дулаарчихаж байгаа, дөрөвдүгээр сараас аль болох аялал жуулчлалын бэлтгэлээ эрт хангах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Гэрээ эрт барих, урсгал засвараа эрт хийх ёстой. Жуулчин авна гээд аялал жуулчлалын компанитай гэрээ байгуулчихсан яваад очихоор гэрээ бариагүй, хүнс бараагаа татаагүй, хүний нөөц байхгүй, сургасан мэдлэгтэй, үйлчилгээний соёлтой болгосон ажилтан байхгүй баазууд олон байна.
Өөрсдийнх нь бэлтгэл муу байгаагаас гадна аялал жуулчлалын салбар хүний нөөцийн асар их дутагдалд орсон харагдаж байгаа. Ковидын үед манай мэргэжилтэй боловсон хүчнүүд өөр салбар руу олноор орсон. Гэхдээ нэгэнт аялал жуулчлалын салбарт үйлчилгээ үзүүлнэ гээд бааз үйл ажиллагаагаа нээж эхэлсэн бол хүний нөөцөө бэлтгэх, гэр бараагаа бэлдэх, хүнс нөөцөө татах ёстой. Жуулчин аваад очихоор ариун цэврийн өрөө нь ажиллахгүй, халуун хүйтэн ус нь цагтаа ирэхгүй, мотор нь асахгүй, цахилгаанаа цагтаа өгөхгүй, хаалга үүднийх нь цоож түгжээ нь гацдаг, эвдэрсэн, хагарсан гэх мэт маш олон жижиг хэрнээ ач холбогдолтой асуудлууд жуулчдыг бухимдуулж байгаа.
-Модон жорлонгийн асуудал жил бүр ярьж байна. Гэвч дээрдэж байгаа зүйл харагдахгүй юм. Жуулчид модон жорлонг хэрхэн хүлээж авдаг юм бол. Боловсон ариун цэврийн байгууламжтай байх шаардлагатай шүү дээ?
-Модон жорлонгийн асуудал улиг болсон сэдэв л дээ. Яг аялал жуулчлалд хэрэгтэй байгаа зүйл бол ШТС-уудыг боловсон ариун цэврийн байгууламжтай, кофе шоптой болгох явдал маш чухал байдаг. Жуулчдад ШТС гэхээр л боловсон ариун цэврийн байгууламжтай гэсэн ойлголттой байдаг. Тэндээ амраад суугаад, биеийнхээ чилээг гаргачихаад цаашаа явдаг болчихвол аялал нэлээд хөнгөрнө. Тэртээ тэргүй хөтөчүүд явах цаг хугацаа, зайгаа мэднэ. Хаана очоод ямар ариун цэврийн байгууламжтайг мэддэг учраас аль болох жуулчдаа зохицуулаад явдаг. Модон жорлонгийн талаар зуны хоёр сар ашиглаад гурав дахь сараас эхлээд энэ замаар хэн ч явахгүй, боловсон ариун цэврийн байгууламж байлаа гэхэд өвөлдөө хагарч хөлдөөд эдийн засгийн хувьд асар хохиролтой гэсэн тайлбар фэйсбүүкээр нэлээд явсан. Нэг талаас энэ нь зөв. Ингээд хэлэхэд жуулчид ч ойлгодог. Тэртээ тэргүй малчид, нүүдэлчин ахуй соёлыг үзэж сонирхохоор явж байгаа шүү дээ. Гол нь жуулчид бол Монголд төлсөн мөнгөндөө хангалттай үйлчилгээ авахыг хүсдэг. Тэмээ унаад ирэхэд усанд орох нөхцөл нь бүрэн, элс рүү гараад ирэхэд ариун цэврийн байгууламж нь ажиллаад, ямар нэгэн стрессгүйгээр үйлчилгээгээ авдаг байвал жуулчин бухимдахгүй. Монголын эрс тэс цаг агаарын нөхцөлд салхи, шуурга бороотой, замын бартаа, дэд бүтцийг жуулчид ойлгодог. Гэтэл тэнд ариун цэврийн өрөө байгаа хэрнээ ажиллахгүй бол ойлгодоггүй. Нийтийн шүршүүр, нийтийн ариун цэврийн өрөөнд орохгүй гээд 2-3 дахин нэмэлт төлбөр төлөөд люкс гэр захиалдаг. Гэтэл люкс гэр нь цэврийн өрөө нь ажилладаггүй, ус нь татагддаггүй, шүршүүр нь эвдэрчихдэг. Ажиллалаа гэхэд халуун ус нь гардаггүй. 20:00 цагаас халуун ус ирнэ гэдэг. Цагтаа мотороо асаадаггүй. Жуулчинд цаг бол цаг л байдаг. Монголчууд үйлчилгээний соёл, цаг баримталж сураагүй учраас энэ асуудлыг ойлгодоггүй. Энэ бүхэн бухимдуулж байдаг. Хаалгаа дотроос нь түгжчихээр элс ороод гацчихдаг, онгойлгож чаддаггүй, эсвэл гаднаас хаалга нь гацчихдаг. Халуун наранд хаалгатайгаа ноцолдоод зогсоод байдаг. Энэ байдал жуулчинд, дунд нь үйлчилгээ үзүүлж байгаа хөтөч тайлбарлагч нарт маш хүндрэлтэй. Ажиллах ёстой бүх юм нь горимынхоо дагуу хэвийн ажиллахгүй байхаар л Монголын аялал жуулчлал муу байгаа юм шиг харагдаад байгаа юм. Зөвхөн нэг тодорхой үйлчилгээгээ явуулж чадахгүй байгаа баазуудаас болоод тэр чиглэлийн аялал 60-70 хувь нурах эрсдэлтэй болчихдог.
-Жуулчдыг манайхан пургон машинаар холын замд авч яваа харагддаг. Энэ машин нь өөрөө хатуу явдалтай, зам нь бартаатай болохоор жуулчинд төвөгтэй биш үү?
-Машины хувьд манайд маш олон сонголт байгаа шүү дээ. Пургон машинаар Япон, Солонгосын жуулчид, ялангуяа залуу үеийнхэн аялах хандлагатай байдаг. Нэг ёсондоо трэнд болж байгаа ч гэж хэлж болно. Солонгосын одууд, Японы кино одууд пургон машинд сууж үзээд стори хийж, түүгээр нь олон жуулчин татагдаад Монголд ирж байгаа тохиолдол байдаг. Гол нь тэр автомашины бүрэн бүтэн байдал л чухал. Саяхан пургоных нь бензин дуусаад жуулчид түрж яваа зураг сошиал сүлжээнд тархсан байсан. Ийм л байж болохгүй юм.
-Ер нь бидэнд жуулчин гэхээр л илүү ашиг авчихъя, илүү мөнгө авчихъя гэсэн сэтгэл зүй л үйлчилдэг. Үүний тулд хамгийн муу чанаргүй хямд төсрөөр үйлчилдэг гэдэг. Модон жорлон, хоол унд, аяллын машин гээд яаж л хямдхан зардал багатайгаар үйлчлэх вэ гэдэг хандлага байдаг гэсэн шүүмжүүд нэлээд өрнөдөг. Танд ийм зүйл тохиолдож байв уу?
-Жуулчин гэхээр л мөнгө гэж хардаг хандлага байдаг. Мөнгөтэй болгон нь жуулчны бааз байгуулна, мөнгөтэй нь аялал жуулчлал хийчихнэ, машинтай л бол аялалд явчихна, хэлтэй л бол хөтөч хийчихнэ гэдэг өрөөсгөл ойлголт манай салбарт байсаар байна. Энэ бол маш эрсдэлтэй. Хямд төсөр зардлаар жуулчин аваад мөнгөтэй болъё гэдэг хандлага мэргэжлийн бус хүмүүсээс л гардаг. Энд хүнд үйлчлэх соёл, жуулчнаа ойлгох мэдрэмж, цаг зохион байгуулалт, хувийн зан чанар, ёс суртахуун, асар их мэдлэг мэдээлэл, түүх соёл ёс заншлын мэдлэг мэдээлэлтэй байхаас эхлээд асар их зүйлс шаарддаг. Сүүлийн үед баазуудаас харж байхад мөнгөтэй болгон бааз барина гээд бааз байгуулчихсан. Нэг л сайхан том байгууламж байгуулчихсан, түүнийгээ ажиллуулж чаддаггүй нөхцөл байдал харагдаж байна.
Гэхдээ энэ салбарт мэргэшсэн сайн боловсон хүчин их бий. Гэвч тэдний нийгмийн асуудал хаягдсан учраас олон жил мэргэшиж ажилласан хөтөч, жолооч нар ямар ч банкны зээлд хамрагдах эрхгүй, тогтмол төлсөн нийгмийн даатгал байдаггүй, хүний нөөцийн нийгмийн асуудлыг шийдээгүй учраас олон хүн энэ салбарыг орхиж өөр салбар руу орсон.
-Та ярилцлагын эхэнд ирэх жил жуулчдын тоо 2-3 дахин нэмэгдэнэ гэлээ. Дэлгэрүүлэхгүй юу?
-Аяллын компанитай хүн бүр ирэх жилийн аялал дүүрсэн байна, бид энэ жилийнхээ хүний нөөцөөр явбал дараа жил барахгүй нь гэж байна. Учир нь ковидын дараа жуулчдын аялах эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Энэ жил Азийн аялал жуулчлалын салбар нэлээд уян хатан хурдан сэргэсэн учраас Азийнхан аялж эхэлж байна. Ирэх жилээс Европын зах зээл нэмэгдэж ороод ирнэ. Тиймээс одоогийн хүний нөөц, сэтгэл зүй, бэлтгэлтэй орвол бид бүдэрнэ. Тиймээс энэ салбартаа, ялангуяа хүний нөөцийн чиглэлд маш тодорхой бодлого хэрэгтэй байгаа юм. Үүнийг л салбараараа ярьж байгаа шүү дээ.
Б.ЭНХЗАЯА