Categories
нийгэм онцлох-нийтлэл

Монголд чөлөөт хэвлэл өдөр ирэх тусам хумигдсаар байна DNN.mn

Монгол Улс ардчилсан орон. Тэр утгаараа чөлөөт хэвлэл бол ардчилал, эрх чөлөөний төдийгүй аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа нь. Гэтэл чөлөөт хэвлэл тэр дундаа өдөр тутмын сонинуудыг эдийн засгийн аргаар боомилж байна. Ардчилсан орны хувьд чөлөөт хэвлэлүүдээ ингэж боомилох нь иргэдийн эрх чөлөө, улсын тусгаар тогтнолоо чөдөрлөж байгаагаас ялгаагүй. Яаж чөлөөт хэвлэлийг тэр дундаа өдөр тутмын сонинуудыг санхүүжилтгүй болгох вэ гэдэг ажлыг төр, засгаас бодлогоор явуулж байгаа нь бүр ч эмгэнэлтэй. Тэд өдөр тутамдаа зөвхөн чөлөөт хэвлэлд зориулсан тогтоол шийдвэр, дүрэм журам гаргаж буй. Нөгөөтэйгүүр өдөр тутмын сонинуудыг эдийн засгийн аргаар боомилж байгаа голлох төрийн байгууллага нь Төрийн Худалдан Авах Ажиллагааны Газар (ТХААГ) гэдгийг сэтгүүл зүйн салбарынхан дуу нэгтэй хэлж байна. Энэхүү төрийн байгууллага нь чөлөөт хэвлэл рүү чиглэсэн санхүүжилтийг зах зээлийнх нь жамаар явахад нь тээг тушаа болж байгаа юм. Угтаа Төрийн худалдан авах ажиллагааны газар нь худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулахад оршдог. Гэтэл тус байгууллага энэхүү эрхэм зорилгоосоо ухарсан, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, чөлөөт хэвлэлийн дуу хоолойг боомилоход эдийн засгийн аргаар нөлөөлж байгаа нь тун харамсалтай. Яаж нөлөөлж байна вэ гэдгийг маш ойлгомжтойгоор тодорхой товчхон хүргэе. Монголын өдөр тутмын сонинууд өнөөдрийг хүртэл уламжлалт чөлөөт хэвлэлийн байр сууриа нэр төртэй хамгаалж, оршин тогтнож байгаа нь үнэн. Түүнчлэн иргэдийн мэдэх эрхийг хангах, нийгмийг соён гэгээрүүлэх сэтгүүл зүйн үүргээ биелүүлж, энэ салбарын ажиллагсад, уран бүтээлчдээ тэжээж яваагийн гол хүчин зүйл бол сониныхоо хэдхэн нүүртээ авдаг сурталчилгаа юм аа. Энэхүү сурталчилгааны ихэнх хувийг нь төрийн худалдан авах ажиллагааны зар, мэдээлэл буюу тендер. Өдөр тутмын сонинууд нэгж тендерийг 280 мянган төгрөгөөр нийтэлдэг байсан. Гэтэл тус байгууллага нэгж тендер тутмыг 10 мянган төгрөгөөр нийтэл гэж тулгаж эхэллээ. Өөрөөр хэлбэл ширхэг талхаа 280 төгрөгөөр зардаг үйлдвэрийг одоо бид 10 төгрөгөөр талхыг чинь авъя, үгүй гэвэл боль гэж байгаатай адилхан гэсэн үг. Хэрэв тухайн үйлдвэр 10 төгрөгөөр талхаа зараад эхэлбэл цаашид яаж оршин тогтнох вэ. Үйлдвэрийн үйл ажиллагаанд шууд утгаараа доголдол үүсч, гаргасан зардлаа нөхөж чадахгүй явсаар дампуурна. Үүнийг эдийн засгийн “аллага” гэдэг. Үүнийг эдийн засгийн аргаар боомилох гэж байгаа юм. Угтаа жил бүр тендерийг хэвлэлээр зарлан нийтлэх ажилд улсаас хоёр тэрбум төгрөг төсөвлөдөг. Гэвч 10 мянган төгрөг ав эсвэл боль гэж байгаа нь төр засаг чөлөөт хэвлэлийг эдийн засгийн аргаар боомилж байгаагийн тод илрэл гэж ойлгоно. Зарим чөлөөт хэвлэл өнөөг хүртэл сэтгүүл зүйн салбарт мөрөө тод үлдээж ирснээ бодоод, нөгөөтэйгүүр сэтгүүлчид, ажилчдынхаа амьжиргааг таслахгүйн тулд төрийн тулгаж байгаа 10 мянган төгрөгийг аваад ажлыг нь хийж байна. Хийхээс ч өөр арга байхгүй биз. Угтаа төрийн худалдан авах ажиллагаа буюу тендерийг зар сурталчилгааны зах зээлийн үнэ ханшаар нь явуулах ёстой. Энэ бол дэлхийд тогтчихсон жишиг. Монголоос бусад оронд ийм маягаар чөлөөт хэвлэлээ боомилдог бодит үйлдэл битгий хэл бодол хандлага ч байхгүй. Төрийн өмчит үйлдвэрийн томоохон газрууд манайд цөөнгүй бий. Эдгээр газрууд Төрийн худалдан авах ажиллагааны газарт зориуд нөлөөлж байдаг гэсэн сураг сонсогддог. Өөрөөр хэлбэл ТӨҮГ-ууд өөрсдийн сурталчилгаа, мэдээ, мэдээллийг хаана ч байхгүй хамгийн хямд зардлаар олон нийтэд хүргэ гэдэг үүргийг ТХААГ-аас даалгадаг гэсэн үг. Энэ үнэн бол Төрийн худалдан авах ажиллагааны газар үүнийгээ даруй зогсоох ёстой. Хэрэв уг үйлдлээ зогсоохгүй бол өдөр тутмын сонинууд эхнээсээ дампуурч байна. Чөлөөт хэвлэл өдөр ирэх тусам хумигдсаар байна. Цаашлаад Монголд чөлөөт хэвлэл, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх зэрэг ойлголтууд үгүй болно. Эдгээр үзэл баримтлал нь өөрөө ардчиллын амин сүнс гэдгийг иргэд маш сайн ойлгож байгаа ч төр засаг тунгаахгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *