Categories
улс-төр

Төсвийн тодотголын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв DNN.mn

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонссоны дараа чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байгаад завсарласан Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Улсын их Хурлын гишүүн П.Анужин, хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг олгох болсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийн үндсэн платформыг төсөлд тусгаж оруулж ирж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд, тэтгэврийн зөрүүг арилгах, олон жилийн бухимдлыг эцэс болгох төсвийн тодотгол орж ирж байгааг үнэхээр дэмжүүштэй байна гэлээ. Тэрбээр Сангийн сайдад хандан, нэрийн дансны хоёр хувь, тэтгэвэр тогтоохдоо сүүлийн дараалсан долоон жилийн цалингийн дунджаар тогтоож байгааг таван жил болгох асуудлыг 2024 оны төсвийн төсөлд суулгах, эсэх талаар асуулаа. Үүнд Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, энэ удаа төсвийн тодотголоор цөөнгүй зүйлийг шийдвэрлэж, нийгмийн асуудлуудыг цэгцлэх суурь тавигдаж байгаа учир цаашид бусад асуудлыг шийдэхэд амар болно гэсэн хариулт өгөв.

Улсын их Хурлын гишүүн  Б.Баттөмөр, Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн параметрүүдийг хэрхэн тооцож байгаа, төсвийн тодотгол инфляцад ямар хэмжээний нөлөөлөл үзүүлэх, өсөлтийг бүтээмжтэйгээ хэрхэн уялдуулж байгаа, мөн орлогын өсөлтийг хөгжилд чиглүүлэх талаар хэрхэн төлөвлөх байгааг асууж хариулт авсан юм. Мөн тэрбээр цаашдаа элдэв зардлуудыг багасгаж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалтай бус, гадаад, дотоодын зээлээр нөхөх биш, ашигтай болгох тэнцвэржүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг зөвлөв. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа, Ковид19 цар тахлын дараа энэ жил огцом өсөлт гарч байна. 2019 онд ДНБ-ий хэмжээ 38 их наяд байсан бол өнөөдөр 60 их наядад хүрлээ. 2024 онд үүнээс давна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 3-4 жилийн дотор хоёр дахин өсөж байна гэсэн үг. Манай эдийн засгийн 80 хувь нь уул уурхайгаас, шууд бус хамаарлаа оруулах юм бол 90 гаруй хувь хамаарч байна. Ийм бүтцээр бид эдийн засгаа цаашид тогтвортой, урт хугацаанд өсгөнө гэж ярих нь учир дутагдалтай. Тийм учраас эдийн засгаа солонгоруулах, өөрсдөө үйлдвэрлэдэг, экспортолдог, тэгээд л валютаа олж ирдэг, эдийн засгийн дараагийн нэг уналт, дараагийн тахал гарахад өөрөө өөрийгөө аваад явж чадах эдийн засгийн бүтэцтэй болох ёстой гэлээ. Мөн тэрбээр, төсвийн зарлага нэмэгдэж байгаа учир үүгээр дамжаад хэрэглээний импорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэл дээр сөрөг дарамт нэмэгдэнэ. Үүнийг саармагжуулахын тулд экспортоо нэмэгдүүлэх, хилийн боомтуудын дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг сайжруулах шаардлагатайг дурдаад, үүний тулд эрчим хүч, дотоодын үйлдвэрлэл, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг хангах бодлогыг ойрын болон дунд урт хугацаанд хэрэгжүүлнэ гэсэн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн уул уурхайн салбараа эргээд яаж дэмжих, татварын баазаа нэмэгдүүлэх чиглэлд ямар ажлууд хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бий эсэх, Боловсролын багц хуулийг хэлэлцэж байхад гарч ирсэн салбар дундын санхүүжилтийн боломжийг төсөвт тусгах бололцоо бий эсэхийг асуув. Үүнд хариулахдаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа зээлийн хэмжээ бичил бизнесүүдийг дэмжих хэмжээний л санхүүжилт байдгийг дурдаад, энэ сангийн орлого нь гадаадаас ажиллах хүчин авч байгаа аж ахуйн нэгжүүдийн төлбөрөөс бүрддэг бөгөөд цаашид эдгээр сангуудын санхүүжилтүүдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулж шийдвэрлэх шаардлагатай гэв. Сангийн сайд Б.Жавхлан боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, эрчим хүчийг өргөжүүлэх бодлогууд бол уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаа болохыг дурдаж, мөн татварын бодлогоор уул уурхайн салбарыг дэмжиж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардлыг шинээр тооцоолохоор ажиллаж байгааг мэдээлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад байгаа хүүхэд хамгааллын зардлыг уян хатан зохицуулж, салбар дундаа тохируулаад явах боломжтой гэв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг соёлын болон спортын салбарынхны цалинг тодорхой хэмжээнд нэмэхээр болж буй Засгийн газарт талархал илэрхийлээд, хөдөө орон нутагт, алс хязгаарт ажиллаж байгаа байгаль хамгаалагч нар, цаг уурчид зэрэг эрсдэлт нөхцөлд улаан гараараа тулж ажилладаг хүмүүсийн цалин, тэтгэмж маш доогуур байгааг хэзээ, хэрхэн шийдвэрлэх, тэтгэвэр тогтоолгохдоо бодит бусаар доогуур тогтоолгочихсон хүмүүсийн асуудлыг яаж шийдвэрлэж байгаа талаар асууж, хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Т.Аубакир нар хүсэлт гаргах боломжгүй, мэдээлэлгүй иргэдэд хүүхдийн мөнгийг хэрхэн олгох, эрүүл мэндийн салбарын сувилагч, асрагч, эмч нарыг цалинг хоёр дахин нэмж, дээр нь гүйцэтгэлийн санхүүжилтээр нэмэгдэл өгөх, асрагч нарын цалинг хүнд, хортой нөхцлөөр тогтоох, хөдөөгийн сургуулиудад компьютер, мэдээллийн технологийн кабинет байгуулах, Монголын Хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний транспорт тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарах, нийгмийн даатгалын сангийн реформыг эрчимжүүлэх, төрийн дунд шатны байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хөндлөө.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат иргэдийн амьдрал хүнд байгааг дурдаж, өндөр ашигтай ажиллаж байгаа уул уурхай салбараас ноогдол ашиг олгох, хүүхдийн мөнгөний хүсэлтийг цахимаар шийдвэрлэх, Ирээдүйн өв санг арвижуулах талаар асууж хариулт авав. Түүнд өгсөн хариултдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, төр аль болох өөрөөсөө ачаагаа хөнгөлөх ёстой гэдэг бодлогыг Засгийн газар барьж ажиллаж байгааг онцлов. Мөн, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, парламент дээр төрийн өмчит компани нэмж байгуулахгүй гэсэн тогтоол хэлэлцэж байхад Засгийн газар төрийн өмчит хөдөө аж ахуйн компани байгуулсан нь бодлогыг зөрчсөн үйлдэл болсныг анхааруулж, төсвийн тодотголд хувийн салбарыг дэмжих ямар бодлого суусан болон экспортод чиглэсэн бизнесийг дэмжих санхүүгийн ямар хөшүүрэг туссан, өмнөх төсвөөр эхэлсэн дуусаагүй барилгуудыг барьж дуусгах талаар асууж, хариулт авлаа. Сангийн сайд Б.Жавхлан, төсвийн тодотголоор бүх асуудлыг шийдэх боломжгүй гэлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэдийг дэмжих, зорилтот бүлгийн иргэдээ халамжид бүрэн хамруулах зэрэг асуудлыг хөндөж, сайд нар болон Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа эдгээр төслүүд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-д заасан шаардлага хангасан талаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд ороцсон гишүүдийн олонх хуулийн төслүүд шаардлага хангаж байгаа гэж үзсэн тул хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод болон Төсвийн зарлагын дэд хороонд шилжүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *