Categories
арын-нүүр булангууд мэдээ

​Одонтой ч, одонгүй ч ээжүүддээ баярлалаа DNN.mn


Дөнгөж зургаан настай болов уу гэмээр хүү цүнхээ чирэн сургуулийн хашаанд уйлан зогсож байв. Хүү айсан бас их сандарсан бололтой харагдана. Хажуугаар нь эцэг эхчүүд уйлан зогсоо хүү шиг насны хүүхдүүдийг хөтлөн өнгөрөх тоолонд тэрбээр улам их гомдож байгаа бололтой шуг шуг хийн эхэр татах нь чангарах аж. Яаж яваад сургуулиасаа гараад ирсэн юм бодвол хөөцөлдөж гүйж сахилгагүйтэж байгаад л гарчихсан бололтой. Яагаад гэвэл ийм насны хүүхдийг ганцааранг нь гаргадаггүй журамтай. Мань хүн зах хязгааргүй ертөнцөд гэнэт гарч ирчихээд хаачихаа мэдэхээ байчихсандаа ийнхүү айж сандарч зогсоо биз ээ. Хязгааргүй ертөнц түүнийг огт үл тоон өөр өөрсдийн зам мөрөөр бужигнаж , бас аймаар хүнийрхүү огт танихгүй хүмүүс хажуугаар нь зогсох ч үгүй зөрөн өнгөрцгөөнө. Хэдийгээр сургуулийн хашаанд боловч тэр ганцаараа ийнхүү байж үзээгүй билээ. Гэтэл сургуулийн хашаагаар жижигхээн туранхай залуу бүсгүй шогшин орж ирээд хүүг харан айсан гайхсандаа дуу алдан “Ганаа миний хүү юу хийж энд ганцаараа зогсож байгаа юм бэ” гэж уулга алдав. Хүү тэр жижигхэн туранхай ямар ч чадал хүчгүй, хэнийг ч хамгаалж хүч үл хүрмээр эмэгтэйг харан “ээж ээ” гэж хашхираад саяхан уйлж байснаа тас мартаж инээд алдан тосон гүйлээ. Хүү сахиусан тэнгэрийн тэвэрт байгаа мэт, бүүр дэлхийд ганцхан байдаг шидэт дагинад тэврүүлчихсэн мэт саяхны айж, сандарч байснаа тас мартажээ. Ээжүүд ийм л шидтэй. Тэд ямарч хүчгүй мэт үзэгдэвч, ямар ч залуу бүүр өөрөө хүүхэд мэт харагдавч өөр хэнд ч байдаггүй үр хүүхдээ гэсэн ид шид оргилон байдаг юм. Түүнийг нь ээж гэж дуудаж хэлд орсон хэн ч мэддэг.

Монгол даяар ээжүүд одонгоо авч баярлалдан байна. Хаашаа л харна, гоёлоо өмссөн ээжүүд цэцэг мэт алаглан баяр баясгалан авч ирнэ. Одонтой ч бай, одонгүй ч бай ээжүүд бүгд адилхан үр хүүхдийнхээ өмөг түшиг нь билээ. Та нартаа баярлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *