Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Нямтайшир: Улстөрчид төрийн өмчид ойр байгаа учраас авлига, албан тушаалын хэрэг гарч байгаа юм DNN.mn

МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай ярилцлаа.


-Тантай уулзсаных нэн түрүүнд Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгааг тань сонсмоор байна?

-Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байна. Миний мэдэхээр 1990 оноос хойш ийм бодлогын баримт бичгийг гаргаж байсан Засгийн газар байхгүй. Үүнийг аж ахуйн нэгжүүд ихэд талархан дэмжиж байгаа. Боомтын сэргэлтийн бодлого үр дүнгээ өгч эхэлсэн. Ингэснээр экспорт нэмэгдэж валютын эх үүсвэр бий болно. Ажлын байр бий болж байна. Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр болохуйц бодлогын баримт бичиг гарсан. Аж үйлдвэржилтийн сэргэлтийг хөгжүүлэх үндэсний зөвлөгөөн өнгөрөгч тав дахь өдөр боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд өөдрөг илтгэл тавьсан. Миний бие мөн “Аж үйлдвэрийг хөгжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс”-ийн талаар илтгэл тавьсан. Энэхүү зөвлөгөөнд төр, бизнесийн салбарынхан маш идэвхтэй оролцсон. Чуулганаас тодорхой шийдвэр гарна. Аж үйлдвэрийн үндэсний хороо хуралдаж, ойрын таван жилийн хугацаанд хүнд аж үйлдвэрийг хэрхэн яаж хөгжүүлэх, аль салбарыг нь эхний ээлжинд хөгжүүлэх вэ гэдгийг хэлэлцсэн. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд эрчим хүч, усны асуудал, мөн боловсон хүчний хангалт, хууль эрх зүй болон стандарт хэмжил зүйг боловсронгуй болгох талаар хэлэлцсэн. Мөн барьсан үйлдвэрүүд нь хэрхэн олон улсын стандартад нийцсэн экспортын бүтээгдэхүүнийг бий болгох вэ зэрэг олон зүйлийг ярьсан. Онцолж хэлэхэд эдгээр асуудлуудын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоё, тэр дундаа аж үйлдвэрийг хөгжүүлэх хуультай болъё гэж ярьж байна. Энэ маш зөв. Эдгээр асуудал шийдэгдээд явбал Монгол Улсын ирээдүйг би их өөдрөгөөр харж байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг ойрын хугацаанд 10 мянган ам.долларт хүргэх боломж байна. Цаашдаа монголчууд бид эх орондоо баяр баясгалантай ажиллаж, амьдрах нөхцөл нээгдэнэ гэж бодож байна.

-Аж үйлдвэржсэн орон болно гэж олон жил ярьж байгаа ч өнөөдөр бодитоор биежсэн зүйл алга. Үүнийг бодит ажил болгохын тулд яг ямар арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та бодож байна?

-Зэс цэвэршүүлэх үйлдвэр барина ч гэдэг юм уу, энэ мэтээр том бүтээн байгуулалтын ажлыг зөндөө л ярилаа. Зөндөө л ажлын хэсгүүд томилогдлоо. Үр дүн байдаггүй ээ. Ерөөсөө 1960-аас 1990 оны хооронд аж үйлдвэрийг түлхүү хөгжүүлсний хүчинд тэр нь өнөөдөр Монголыг тэжээж байгаа шүү дээ.

Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр, Бор-Өндөрийн үйлдвэр гээд. 1990 оноос хойш аж үйлдвэр төдийлөн хөгжсөнгүй. Маш чамлалттай байгаа. Тийм биз?

-Тэгэлгүй яахав, асар чамлалттай байгаа.

-Тийм учраас энэ хэрэгжилтийг өнөөдөр төр хангаж чадахгүй юм байна. Хувийн хэвшилдээ итгэл үзүүлээч. Хувийн хэвшлүүд мега төслийг магадгүй консорциум байдлаар нэгдэж нийлээд гадны хөрөнгө оруулалтыг татаж Монгол Улсдаа хамгийн шилдэг техникүүдийг нэвтрүүлж аж үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломжтой. Тиймээс бид хөгжлийн энэ цаг үед төрийн өмчийн оролцоог аль болох бага байлгах хэрэгтэй. Төр бодлого тодорхойлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, боловсронгуй болгох үүргээ л гүйцэтгэ. Харин бүтээн байгуулалтын асуудалд хувийн хэвшилдээ итгээд үзэх хэрэгтэй. Ингэж гадны шилдэг техник технологи эзэмшигчдийг оролцуулж Монголынхоо хөгжлийн хөрс суурь болсон аж үйлдвэрийг хөгжүүлье гэж байгаа юм.

-Төр хувийн хэвшлийн өмнүүр орж ажил, үйлчилгээ үзүүлэхгүй гэж олон жил ярьж байгаа ч мөн л бодит ажил болж чадахгүй байна. Хувийн хэвшлийг бодитоор дэмжих бодлогыг та хэрхэн харж байна?

-Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдлаа. Өнгөрөгч баасан гаригт болсон Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд ч, сайдууд ч “Аж үйлдвэрийн тухай хуультай болъё” гэж ярьж байна. Ингэхгүй бол хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэр тус тусдаа хуультай. Үүнийг нэгтгээд орчин цаг үед нийцсэн бодлогын хууль гаргая гэсэн. Эрх зүйн орчин бол маш чухал асуудал.

Баасан гаригт болсон тэрхүү зөвлөгөөний үеэр төр бизнес эрхлэгчийн өмнүүр орохоо больё гэдгийг Ерөнхий сайд товч тодорхой хэлсэн. Энэ бол сайн эхлэл. Хамгийн гол нь үүнийгээ бодитоор хэрэгжүүлэх алхам дутуу байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс “Аж үйлдвэрийн үндэсний хороо” гэдгийг байгууллаа. Анхны хурал нь хуралдсан. Бүтэц зохион байгуулалтаа хийсэн. Миний бие анх удаа хувийн хэвшлээ төлөөлж “Аж үйлдвэрийн үндэсний хороо”-ны дэд дарга гэдэг албан тушаалд томилогдсон. Энэ бол шинэлэг зүйл гэж би бодож байгаа. Дандаа л төрийнхөн, дарга нар томилогддог. Сонгуулийн мөчлөгөөр солигдоод явчихдаг. Энэ байдал өөрчлөгдөх өөрчлөлтийн эхлэл тавигдаж байна гэж харж байна.

Аж үйлдвэрийн үндэсний хороо дан ганц үйлдвэр гэж ярих бус нөгөө л эрчим хүч, усны асуудал, гадны зах зээл, боловсон хүчнээр хангах, хууль эрх зүйн орчин, стандарт хэмжил зүйг боловсронгуй болгох зэрэг олон асуудал бий. Тиймээс энэ тухайд идэвхтэй ажиллана.

-Та бид хоёрыг ярилцаж буй энэ цаг мөчид Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл нийгэмд ид хэлэлцэгдэж байна. Та энэхүү асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-УИХ-ын гишүүдийн тоог хэд болгох нь зохистой гэж та бодож байна?

-Монголчууд бэлгэдлийн тоог эрхэмлэдэг улс. Өөдрөг бэлгэдэлтэй тоотой байгаасай гэдгийг бид яах аргагүй л олон жил ярьсан. УИХ-ын гишүүдийн тоо хэд байх вэ гэдгийг тооцох аргачлал байдаг. Тэрхүү аргачлалаар, мөн ирээдүйн хүн амын өсөлттэй уялдуулж тогтоох хэрэгтэй. Тодорхой хэдэн жилийн дараа ахиад гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэж ярих бус одоо зүй зохистой хийх хэрэгтэй.

Энд гагцхүү холимог тогтолцоо байна уу эсвэл, “бүх ард түмэн сонгосон байх ёстой” гэдэг Үндсэн хуулийнхаа заалттай уялдуулж гишүүдийг бүгдийг нь тойргоос сонгох уу гэдгийг улстөрчид шийднэ.

-Өнгөрсөн хугацааны алдаа завхралыг тогтолцооны гажуудлаас үүдэлтэй гэлцдэг. Та үүнд ямар бодолтой байдаг вэ. Тогтолцоогоо яаж эрүүлжүүлмээр юм бэ?

-Тогтолцоог боловсронгуй болгох нь чухал асуудал. Монгол Улсад өнөөдөр нийтлэг ярьж байгаа өмч хөрөнгө, авлига хээл хахууль, албан тушаалын зэрэг хэргүүд нь улстөрчдөд өмч ойрхон байгаатай холбоотой асуудал. Эрх мэдлээрээ дамжуулж өмч хөрөнгийг өөрсдийн эрх ашгийн үүднээс хандуулсан. Төр цэвэршье гэвэл өмчөөс хол байх хэрэгтэй. Тиймээс төрийн өмчийг үе шаттайгаар хувьчлах асуудлыг олон нийтийн оролцоотой, засаглал сайтай, хяналттай тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Ингэвэл цэвэршээд эхэлнэ шүү дээ.

-Хувьчлахдаа нэн тэргүүнд юунд анхаарах хэрэгтэй вэ. Ерээд оны хувьчлалыг хүмүүс дүгнэхдээ…

-Тэр бол алдаатай бодлого явсан асуудал бий. Хувьчлалын үйл ажиллагааныхаа чиг үүргийг өөрчлөөд сүүлдээ байраа түрээсэлдэг зэрэг тухайн үеийн хувьчлалын буруу үзэгдлүүд байсан. Өнөөдөр ерэн он биш. Тиймээс төрийн өмчийг хувьчлахдаа чиг үүргийг нь огт өөрчлөхгүй, технологийн дэвшил, хөрөнгө оруулалт хийх байдлаар хөгжилд хүргэх чиглэлээр явах хэрэгтэй. Хамгийн гол асуудал нь улсын үйлдвэрийн газрууд алдагдалтай ажиллаж байна гэж яриад л байгаа. Бүгд мэдээд л байгаа. Тэгэхдээ хувьчлал хийхгүй байна. Үүний засаглалыг өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Хяналтыг сайжруулах хэрэгтэй. Үүнийгээ л төр хийхэд болно.

-Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох ажлыг эхлүүлэх нээлтэд та оролцлоо. Шивээхүрэн боомт дээр олон жил ажилласан хүний хувьд энэ үйл явцын талаарх бодлоо хэлэхгүй юу?

-Яг 20 жилийн өмнө буюу 2003 онд Монголоос анх удаа энэ боомтоор нүүрс экспортолсон. Энэхүү боомтыг 24 цагийн байнгын үйл ажиллагаатай болгох ажлыг бид санаачлан эхлүүлж, хоёр улсын хооронд Засгийн газрын хэмжээнд шийдүүлж байсан. Ингээд Боомтын барилгын ажлууд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нүүрсний нийт экспортын 48 хувийг энэ боомтоор гаргаж байна. Өөрөөр хэлбэл, Таван толгой гэж яригдаагүй байх цаг үед буюу 2003 оноос нүүрсний экспортыг гаргаж байсан гэсэн үг. Энэ бүтээн байгуулалтын ажлыг анх эхлүүлж байсан хүний хувьд боомтыг хөгжүүлэх мөн төмөр замын асуудал их чухал гэж боддог.

2008 онд уурхай хүртэл 47.6 км нарийн царигийн төмөр зам барих бүх инженер судалгаа, зураг төслийг хийж яг бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурах гэж байхад Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг гарсан. Ингээд нарийн царигийн төмөр замыг хойш нь тавьсан. 15 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд төмөр замын бүтээн байгуулалтыг хийх олон оролдлого гарсан. Уурхай хүртэл нарийн царигийн төмөр зам баригдсанаар танк ороод ирчих гээд байгаа бол боомтын хэмжээнд нь барья. Нүүрсний экспортыг эрс нэмэгдүүлэх боомтын хөгжлийн асуудлыг шийдье гээд боомтын хэмжээнд зураг төслийг хийлгэсэн. Бас л дэмжлэг авсангүй. Боомтын хэмжээнд өргөн царигаар барь гэсэн. Эдийн засгийн ямар ч үр өгөөжгүй ийм бүтээн байгуулалтыг хийхгүй гэсэн асуудал гарсан. Өнөөдөр ямартай ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаад маш их баяртай байна. Монгол Улсын эдийн засагт маш чухал нөлөө үзүүлнэ. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр их зүтгэл гаргаж хийж хэрэгжүүлэх санаачилгыг тавьж байсан хүний хувьд биеллээ олж байгаад баяртай байна.

-Шивээхүрэнгийн боомт дээр танайх AGV тээврийг хэзээнээс эхлүүлсэн юм бэ?

-Жолоочгүй тээвэрлэлтийн туршилтын ажил өнгөрөгч жилээс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 10 ширхэг AGV явж байна. Хятадын талаас энэ тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа компанийг 24 болгож өргөтгөж байгаа. Ингээд 24 AGV явбал нэг рейсээр 70 орчим тонн нүүрс гарна. Зөвхөн 24-хөн AGV машинаар жилдээ 6.5 сая тонн нүүрс гаргах бололцоотой.

AGV тээвэрт оператор огт хэрэглэхгүй. 5G сүлжээг энэ бүс нутагт бий болгочихвол оператортай, операторгүй тээврийн хэрэгсэл явах бололцоо бүрдэнэ. Янз бүрийн халдварт өвчин гарлаа гэхэд хүний оролцоо байхгүй учраас хил хаагдахгүй, экспорт хэвийн үргэлжлэх боломжтой. Нөгөө талаар тээвэрлэлтийн өртөг хамаагүй хямд болж байгаа зэрэг давуу талтай. Хятадын талд нүүрстэй контейнероо буулгах тээврийн зай 1.6 километр. Хоёр талд ерөөсөө 3.2 километрт л эргэлдэнэ гэсэн үг. Цааш хоёр улсын хооронд 24 цагийн үйл ажиллагаатай болсноор жилд экспортоор гаргах нүүрсний хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг.

Ирээдүйд бид энэ боомтоор 50 сая тонн нүүрс гаргах зорилт тавиад ажиллаж байна. Үүний тулд эрчим хүчний эх үүсвэр туйлын чухал. Энэ наймдугаар сард Хятадын талаас 110 кВт-ын өндөр хүчдэлийн шугам татаж ашиглалтад оруулах гэж байна. Цаашид эрчим хүчний эх үүсвэрийн асуудлаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл байгаа. Цаг нь болохоор энэ талаар мэдэгдье. Энэ намар гэхэд төмөр замын бүтээн байгуулалт чингэлэг тээврийн терминал бүрэн хэмжээнд ашиглалтад орно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *