Categories
гадаад мэдээ

“Европын холбоо-Төв Ази” чуулган DNN.mn

Хятад улсын Сиан хотод болсон Хятад Төв Азийн дээд хэмжээний чуулгантай зэрэгцэн Казахстаны Алматы хотод Төв Азийн орнууд Европын холбоотой хэрхэн хамтран ажиллах талаар “Европын холбоо-Төв Ази” эдийн засгийн хоёрдугаар чуулган ажлаа дуусгав.

Уг чуулганд Европын комиссын Худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Одил Ренно-Бассо, Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Тереза Червинска тэргүүтэй төлөөлөгчид Алматы хотод хүрэлцэн ирсэн бол Казахстан, Киргизстан, Тажикистан улсын Засгийн газрын тэргүүнүүд болох Алихан Смаилов, Акылбек Жапаров, Кохир Расулзода нар оролцов. Узбекистаны төлөөлөгчдийг Ерөнхий сайдын орлогч Жамшид Хожаев, Туркменийн төлөөлөгчдийг Санхүү, эдийн засгийн сайд Сердар Жораев тэргүүлсэн байна.

Европын Комиссын дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис “Энэ чуулган бидний хамтын ажиллагаанд олон шинэ боломжийг олгож байгаад маш их баяртай байна. Эхнийх нь Европын холбооноос хэрэгжүүлж буй санхүүгийн баталгаат хөтөлбөрийг Төв Азийн орнуудад хэрэгжүүлэх явдал. Хоёрдугаарт, Европын холбооноос тус бүс нутгийн дижитал болон хиймэл дагуулын холбооны хөгжилд тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн явдал. Мөн Европ болон Төв Азийн хооронд тээврийн шинэ коридор бий болгох хамтын ажил эхлүүлэх болсон нь бас маш чухал ач холбогдолтой явдал” гэж онцлон хэлжээ. Үүний зэрэгцээ тэрбээр Европын холбоо (ЕХ) Төв Азийн орнуудын бизнесийн орчны өрсөлдөх чадвар, сонирхлыг нэмэгдүүлэхэд туслах тусгай хөтөлбөрийг аль хэдийнэ боловсруулсан бөгөөд энэ нь бүс нутагт шинэ хөрөнгө оруулалт татах боломж олгох болно гэж нэмж хэлжээ.

Төв Азийн орнууд ч ЕХ-той хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байна. Энэ чиглэлд зарим шийдвэр уг чуулганаас гарсан.

Тухайлбал, Казахстан ЕХ-той хэд хэдэн гэрээ байгуулсан гэж Казахстаны Гадаад хэргийн дэд сайд Роман Василенко “DW”-д ярьжээ. “Бид газрын ховор элемент, ногоон устөрөгчийн үйлдвэрлэл, батерей нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх тухай 2023-2024 оны замын зураглалыг солилцлоо. Энэхүү санамж бичигт манай Ерөнхий сайд, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар гарын үсэг зурлаа. Энэхүү замын зураглалд Казахстан, Европын Комисс болон ЕХ-ны гишүүн орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд хийх алхмуудыг тодорхой тусгасан” гэж Василенко онцолжээ.

Алматы хотод болсон чуулганы үеэр хэлэлцсэн өөр нэг чухал сэдэв бол Европын холбооны Оросын эсрэг хориг арга хэмжээний 11 дэх багцын хүрээнд Кремльд тусалж буй Төв Азийн орнуудын эсрэг хоёрдагч хориг арга хэмжээ авах боломжийн тухай ярилцсан явдал байв. Европын холбооноос Казахстанд суугаа Элчин сайд Кестутис Янкаускас “Бид Орост нийлүүлж болохгүй өргөн хүрээний барааны жагсаалтыг Төв Азийн түншүүддээ өгсөн. Үүнд өндөр технологийн пуужин, онгоц, дронд ашигладаг чип, хагас дамжуулагч болон бусад олон эд ангиуд багтсан. Угаалгын машин жирийн иргэдэд тустай байдаг ч эдгээрт байдаг чипээр энгийн иргэдийн амь насыг хөнөөж, дарангуйлагчийг хамгаалах зэвсэг хийж болохгүй. Оросын ийм төрлийн хангамжийг зогсоох ёстой. Хүний амь нас хөнөөх явдлаар бизнес хийх нь давхар хоригт орох аюул дагуулна гэдгийг хүн бүр ойлгох ёстой” гэж хэлсэн байна.

Алма-Атад болсон чуулганаар тохиролцсон хэлэлцээрүүдийн агуулга нь манай өмнөд хөршийн Сиань хотноо бараг зэрэг зохиогдсон “Төв Ази-Хятад” чуулганы үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүдтэй үндсэндээ адил байгаа юм. Тэнд Алматын чуулганы нэгэн адил худалдааг дэмжих, ногоон технологи, дижитал харилцаа холбоог хөгжүүлэх, түүнчлэн Төв Азиас дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх шинэ чиглэлийн замыг хөгжүүлэх талаар тохиролцоонд хүрсэн юм. Энэ талаар Роман Василенко “Бидний тухай ярихад тухайлбал, манай Казахстан улс л гэхэд Орос, Хятад, Европын холбоо, АНУ, Төв Ази, Ойрхи Дорнодын орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь олон талт, прагматик бодлогын нэг хэсэг юм. Учир нь Казахстан улсын бодлого үндэснийхээ эрх ашгийг хамгаалж, сурталчлах үндсэн зарчимд суурилдаг. Үүнийг манай бүх түншүүд зөвөөр ойлгож хэвийн зүйл хэмээн хүлээж авах ёстой” гэж онцлон тэмдэглэж хэлсэн байна. Төв Азийн бусад орны төлөөлөгчдийн ярилцлагаас харахад тэдний засгийн газрууд ижил төстэй “прагматик хандлагатай” байв.

Энэхүү Эдийн засгийн чуулганы үеэр янз бүрийн орны төлөөлөгчид хуралдаанд маш идэвхтэй оролцсон бөгөөд тэдний хооронд ямар нэгэн ноцтой санал зөрөлдөөн гаралгүй, харин ч бүх талууд хүрсэн тохиролцоондоо сэтгэл хангалуун үлдэж байна гэж “DW” агентлаг дүгнэн бичжээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *