Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн, МУИС-ийн хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор, Үндсэн хууль судлаач Ш.Цогтоотой ярилцлаа.
-ҮХНӨ хийх замаар УИХ-ын 76 гишүүний тоог 152 болгох асуудлыг ид хэлэлцэж байна. Үндсэн хууль судлаач, мэргэжлийн ахмад хуульч хүний хувьд уг асуудлыг ямар байдлаар харж байна вэ?
-Таны энэ асуултад хариулахаас өмнө юун түрүүнд товч боловч түүх сөхөх хэрэгтэй л дээ. Бид яах гэж 1990 онд ардчилсан хувьсгал хийж, ардчилсан нийгмийн харилцааг хүлээн зөвшөөрч 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлан мөрдөж байгаа билээ дээ. Хариулт нь тов тодорхой. Энэ Монгол Улс орныг маань нэг нам удирдаж, нэг нам ноёрхож бүр буруу зам руу оруулсан байна. Иймд намаас төрийн ажлыг тусгаарлая. Ард түмэн Засгийн эрхийг барьдаг болгоё хэмээн шинэ хуучингүй ухамсарлан Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиараа зарлан тунхаглаж, даяар олны итгэл үнэмшил болгосон нь их учиртай. 1960 оны Үндсэн хууль дахь нам удирддаг үзэл санаанаас эрс татгалзаж, Үндсэн хуулийн хавсралт хууль буюу Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль, УИХ-ыг сонгох сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулж, улмаар ардчилсан шинэ хүчнүүдийн тэмцэл шаардлагаар Улс төрийн товчоо огцорч байж энэ улс орон ардчилсан шинэ харилцаанд аажим аажмаар ихээхэн зовлон зүдгүүртэй шилжсэн түүхэн үнэнийг хэзээ ч мартаж болохгүй. Энэ бол үнэн хэрэг дээрээ ардчиллын амин сүнс байлаа.
-Тэгвэл одоо ямар болчихоод асуудал үүсгээд байгаа юм бэ?
-Үндсэн хуульд халдсан 1999, 2000 оны “Дордуулсан долоон нэмэлт өөрчлөлт”-өөс хойшхи 2015, 2019, 2022, 2023 оны удаа дараагийн бүтэлгүй оролдлогууд бага багаар мэрсээр, бас идэн идсээр байгаад одоо бүр оргилдоо хүрч нам гэдэг субъект “төр”-ийг буюу ард түмнийг удирддаг. Тэдний эрхийг сэмээрхэн хууран мэхэлж авдаг хадны мангаа болчихжээ. Хуучин цагт нэг нам дарангуйлдаг байсан бол одоо олон нам хуйвалдан дарангуйллын тогтолцоо үүсгэхийг ер үгүйсгэхээргүй байна. Энэ мэтээр 1990 оны ардчилсан дэвшилтэт зарим алхамуудаас үндсэндээ ухарч, нам хэмээх хувь хүн, бүлгийн ашиг сонирхол нь төрийн буюу ард түмний толгой дээр гарч ирчихээд ардчиллын анхны үзэл санааг гуйвуулсаар байгааг юугаар ч зөвтгөшгүй. Иймд нилээд хазайчихсан ардчиллын гажуудлыг засахаас өөр арга замгүй тийм нөхцөл байдал нь энэ улс орны тулгамдсан асуудлын нэг болчихсоныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Гэхдээ тэр нь л лав нэг танхимт парламент болох УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж олшруулах асуудал ч биш л дээ. Товчхондоо гишүүдийн тоог 51, 76, 77, 99, 108, 152 болгон ихэсгэж, багасгах нь парламентын чанар, иргэдийн аж амьдралд ямар ч агуулгын өөрчлөлтийг авч ирэхгүй гэдэг нь бараг тодорхой зүйл болов уу. Тэгээд ч ҮХНӨ оруулах цаг үе, нөхцөл байдал нь бүр биш. Нөгөөтэйгүүр ямар ч хяналт удирдлагагүй нэг танхимт параламентын гишүүдийн тоо цөөн, эсвэл олон байхаас үл хамаарч төр өөрөө өөрийгөө ялзруулдаг. Үүнийг л сайн ойлгох хэрэгтэй. Суурь муутай барилгыг улам өндөр болгоё гэдэгтэй л адилхан зүйл. Эхлээд сууриа бэхжүүлэх, дараа нь барилгаа хэдэн давхар өндөр барьсан ч алзахгүй биз дээ.
-Тийм гэж бодъё, тэгвэл цаашдаа яах ёстой вэ?
-Үндсэн хууль чиглэлийн дагнасан судлаач хүний хувьд мэдээж хэрэг надад өөрийн гэсэн илүү оновчтой гарц гаргалгаа бол бий. Гэхдээ таны хүсээд буй асуултад эхлээд хариулсан нь зүйтэй байх.
-Тэгвэл эхний асуултаа дахиад асууя. Г ишүүдийн тоог нэмэх багасгах нь ямар ч ач холбогдолгүй гэж та хэлээд байна уу?
-Сонгууль тулчихаад байхад бүр тодорхой хэлбэл сонгуулийн өмнөх жилд ҮХНӨ ярих нь үнэхээр утгагүй асуудал. Ер нь бол хүндэтгэлгүй л хандлага юм даа. Тэр дундаа миний эрх багадаад, түүний эрх ихдээд байна, мөн манай нийгмийн болж бүтэхгүй юм болгонд л Үндсэн хууль буруутай, харин “төр”, төрийн байгууллага, албан тушаалтанд юуных нь буруу байх вэ дээ, Үндсэн хууль нь болохгүй байгаа юм чинь гэх субъектив хандлагаас үүдэлтэйгээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санал санаачилгыг иргэд бүр хүлээж авахгүй дургүйцээд байхад эсрэгээр нь зүтгүүлээд байгааг ойлгоход үнэхээр бэрх. Үүнийгээ ядаж сонгуулийн дараа яривал иргэд дэмжиж юуны магад. Цалин хөлс нэмэгдүүлж, өргөн хэрэглээний барааны үнийг бууруулж, хулгай луйвартайгаа бодитойгоор тэмцэн, эдийн засгаа эрүүлжүүлсний дараа иргэд, олон түмэн ҮХНӨ, тэр дундаа УИХ-ын гишүүдийн тоог өсгөн нэмэх асуудлыг дэмжих бололцоо урган гарахыг үгүйсгэхгүй л дээ.
-Улс төрийн намууд УИХ-ын гишүүдийн тоог олон болгоё гээд “төрийн гурван өндөрлөг”-тэй тохиролцсон гэж зарим хүмүүс хэвлэлээр ярих юм. ҮХНӨ-ийг ингэж тохиролцож болдог юм уу?
-Үгүй байлгүй дээ. Нам гэдэг бол нийгмийн удирдлагын буюу нийтийн эрх зүйн субъект биш. Тэр төрийн институдэд ч хамаардаггүй. Нам нь манай хуулийнхны онолын хэлээр бол хувийн эрх зүйн субъект. Монгол Улсын Үндсэн хуульд “улс төрийн нам” гэх ойлголт огт байхгүй. Харин “нам олон нийтийн байгууллага” гэж даруухан нэг үгээр илэрхийлсэн ес ч бил үү томьёолол бол бий. Онолын талаас нь хэлэх юм бол нам гэдэг нь хувь хүний үзэл бодол, бүлгийн ашиг сонирхол, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэд олон нийтийн жирийн нэг эвсэл холбоо бүхий элементүүдийн нийлмэл цогц юм. Тэр “улс төрийн нам” гэх нэр томьёо бол наана хэлэхэд 1940, 1960 оны Үндсэн хуулийн үзэл санаа, цаана хэлэхэд Ленин багшийн “политическая партия” гэх сургаал номлолын гол цөм л дөө.
-Та энэхүү намын тухай онол арга зүйг одоогийн болж буй практик сэтгэл хөөрлийн үйл явцтай холбон тайлбарлаж өгнө үү?
-Товчхондоо оросоор “частный”, англиар “private interest” гэх хувийн ашиг сонирхол, их сайндаа бүлгийн ашиг сонирхолд захирагдмал цэвэр хувь этгээдийн явцуу ашиг сонирхол. Ийм юмыг “төр”-ийн буюу Монголын ард түмний нийтийн ашиг сонирхолын дээд илэрхийлэл болсон “төрийн гурван өндөрлөг”-тэй тохиролцоно, тохиролцуулна гэж ч юу байхав дээ. Зарим нь зүгээр л хүний янз үзэж, дооглож, тохуурхаж байгаа царай нь тэр биз. Өмнөх асуултуудын чинь цөмийг дүгнэж хэлэхэд ҮХНӨ оруулах аливаа хэлбэр ба суурь аргад эрхэм гишүүд, нам толгойлж байгаа хүмүүсийн хэлээд хэрэглээд байгаа шиг зүйл огт үгүй. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн зүйл заалт, Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг элдэв тохиролцоо, хандлага гэж байж болохгүй. ҮХНӨ оруулах талаар хийж буй ухуулга сурталчилгаа, тэрчлэн аймаг, сум өртөөлөн давхиж хэдхэн хүн цуглуулж зүг чиг, жолоо цулбуургүй баахан мэдэмхийрсэн, албан тушаалдаа омогшиж эрдсэн нөхдийн яриагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийдэггүй. Сайн ухуулбал энэ иргэд олон нийт чинь ер нь ҮХНӨ-ийг их сайн дэмжиж байна шүү гээд төр засгийн удирдлагад буруу ташаа мэдээлэл хүргэж байгаа нь нууц биш. Энэ мэт олон асуудлын аль нь ч ҮХНӨ оруулах, түүнд гар дүрэх хэлбэр ба арга биш гэдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу. Саяхан л 2000 он гаран гартал дагаж мөрдөж байсан эрүүгийн холбогдох зүйл заалт ёсоор бол “төрийн эрх мэдэл”-ийг хууль бусаар авах зүйлчлэл дотор хэлбэрийн хувьд Үндсэн хуулийн бус аргаар авах үйлдлээр илэрдэг онц аюултай гэмт хэрэг гэж үзээд нутаг заах ялаас гадна 16-20 жилийн хорих ялтай санкцыг өдгөө ардчиллын буян заяанд юу хийж байгаагаа мэдэхгүй арай л дэндүү давраад байх шиг.
-Нам төрийг удирддаггүй юм бол төрийг удирдах ард түмний гол эрх нь юу юм бол?
-Хөөрхий иргэд, олон түмэн төрийг удирдах хэрэгт шууд оролцох ердөө л хоёрхон хэлбэр бий. Нэг дэх нь Үндсэн хуульд гар дүрэхдээ хүрвэл ард нийтийн санал асуулга явуулах замаар, өөрөөр хэлбэл тэднээс 76 гишүүний тоог 152 болгохыг та дэмжиж байна уу, үгүй юу гэж асуух явдал юм. Хоёр дахь нь УИХ-ын гишүүнийг иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох явдал байдаг. Бусад эрх нь хөөрхийдөө өөрсдийнх нь сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагад үгээ болон санал хүсэлт, өргөдөл гомдлоо дамжуулан уламжлах төдий зүйл. Гэтэл тэр хоёр үндсэн эрхийнх нь нэгийг нь намууд хуйвалдаж тохиролцож булаах шахам аваад, нөгөөг нь иргэд нийтийн хүсэн хүлээсэн жинхэнэ төлөөлөгчийг тэднээр сонгуулах биш, харин “улс төрийн нам”-ын даргад таалагддаг мөнгө, бэл бэнчинтэй намын төлөөлөгчдийг ард түмний төлөөлөл гэж итгэн сонгохоос өөр замгүй болгочихоор энэ нэг танхимт парламентын тогтолцоо ялзарч, гишүүд нь хэрэг төвөгт орооцолдож яллагдагчаар татагдахаас яахав дээ. Энэ гажуудлыг засах хэлбэр нь УИХ-ын гишүүдийн 76 гэх тоог 152 болгон механикаар өсгөн нэмэгдүүлэх явдал огтоосоо биш байх аа.
-Тэгвэл ард түмэн төрийн эрхийг Үндсэн хууль ёсоор барьж байна гэдгийг илэрхийлэх гол шалгуур нь Монгол Улсын хувьд чухам юу юм бол?
-Энэ асуултад хариулахад багагүй тайлбар, нилээд арга зүйн асуудал гарч ирнэ. Ийм том “проблем”-ыг одоо ярьж буй тоо төдий хэлбэрдэлтэй холилдуулж хутгалдуулмааргүй байна. Би өмнөх асуултууд дээр ч хэлсэн. Яахав дараа тусгайлан ярилцлага өгч болно.
-76 гишүүний нэг хүнд оногдох чадал ба 152 гишүүний нэг хүнд оногдох чадлын талаар та юу хэлэх вэ?
-Иймэрхүү үг яриа өмнө нь сонсож байсан. УИХ-ын танхимд хүртэл дуулдах шиг болно лээ. Сонин л асуулт байна. Ер нь бол Үндсэн хуульд заасан ёсоор Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэсэн суурь зарчимдаа тулгуурлаж иймэрхүү асуудлыг хөндөж байвал зохистой. Ингэхгүй болохоор хүн амын суурьшил, тоо толгой дагаж гишүүдийн тоог нэмэх гээд байгаа юм бол Улаанбаатар хотоос сонгогдох УИХ-ын гишүүдийн тоог л нэмэх шаардлагатай тулгарна. Манай УИХ, засгийн газартай байнга ажиллаад байгаа нөхөд өөрсдөө судлаагүй байж одоог хүртэл маш их шүүмжлэл дагуулсаар буй Эстони гаралтай физикч Рейн Тагенперагийн аль жараад үеийн улсуудын парламентын үйл ажиллагааг судлаад 1972 онд боловсруулж парламентын гишүүдийн тоог куб язгуурын аргачлалыг хамгийн сайн юм шиг туйлшруулан тайлбарлаад байгаа нь мода Монголоор дуусдагийн нэгэн жишээ гэхэд хилсдэхгүй байх. Яагаад гэвэл өнөөгийн хөгжингүй улсуудад парламентын гишүүдийн тоог багасгах гэж бөөн аюул тэмцэл болж байна. Тэр бүү хэл зарим нэр дэвшигчид нь парламентын гишүүдийн тоог хэрхэн багасгах талаар сонгуульт ажил хийн ялалт байгуулж буй ийм цаг үе дор манайхан тоогоо нэмэх тухай улайран довтолж буйг юу ч гэж бодмоор юм бэ дээ, өөрсдийн чинь ухамсар л мэдэх асуудал юм даа.
-Гэхдээ л дээрх тоон дээр тоогоор илэрхийлсэн хариулт өгч болох уу?
-Элдэв дээдийн тоо бодож, бодуулж тухайлбал 76 гишүүний тал болох 38 дээр нэг хүнийг нэмбэл 39 болно, иймд 18 гишүүнийг л барьчихад ямар ч хууль санаснаараа батална. Ингүүлэхгүйн тулд гишүүдийн тоог 152 болгож олшруулчихаар хууль лоббиддог хуйвалдаан зогсчихно энэ тэр гэхийн оронд зүгээр л намчирхаж найзархаж өөгшүүлсэн үл бүтэх этгээдүүдтэйгээ сахилга хариуцлага тооцож чаддаггүй мэдлэг чадваргүй удирдлагын завхралыг л засах хэрэгтэй. Зүгээр нэг нийтийн албаныхаа ажлаа гүйцэтгэж чадахгүй хууль зөрчиж хүн хохироогоод буй албан тушаалтнуудтай яг тэр моментод нь “импичмент” тооц, бас хариуцлага тооц, ажлаас нь чөлөөл, шаардлагатай бол шүүхэд өг тэгээд л бол оо. Түүнээс биш хоёр гурван жилийн дараа “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэдэг шиг баахан юм ухаж төнхөж, бөөн зардал чирэгдэл болж “импичмент” тооцох нь улс төрд ямар ч үр дүн өгөхгүй, өс хонзон дуудахаас цаашгүй. Үнэхээр шийдмээр байгаа бол парламентын дэг журмыг болон нэр дэвшигчдийн шалгуурыг өндөр түвшинд тогтоон өгч түүнийгээ чанд мөрдөхөд л болчих зүйл. Асуудал тоондоо байгаа юм биш.
Парламентын тоог нэмэхэд бүгдээрээ л бараг нэг саналтай байна. Гэхдээ ямар ч удирдлага хяналтгүй аль хэдийнээ ялзарч муудсан нэг танхимт парламенттай байж дур зоргоороо авирлах тэр дотуур санаагаа гүйцэлдүүлэх гээд үхэлдээд байх шаардлагагүй. Түүний оронд төрд ард түмний өөрсдийнх нь дуу хоолой, төлөөлөл, засаглах эрх буюу нийтийн албаны үйл ажиллагаанд хяналт тавих дээд танхимын зохион байгуулалт, хууль зүйн үндэслэл зайлшгүй тулгарчихаад буйг бид анхаарахгүй байж болохгүй.