Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж шийдсэн. Үүнтэй холбоотойгоор энэ долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэд, сонгогчдодоо танилцуулж байгаа билээ. Иргэдийн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг тэр дундаа гишүүдийн тоог нэмэх асуудалд бухимдалтай байна. Тухайлбал зарим тойргийн иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг тайлбарлаж буй гишүүдийнхээ өөдөөс усны сав шидэлж, эсэргүүцсэн аж. Мөн нийгмийн сүлжээнд гишүүдийн тоог нэмэх асуудлаар талцсан маргаан хүчтэй өрнөж буй. Тиймээс энэхүү асуудлаар улс төр, нийгмийн зүтгэлтэн, судлаач болон иргэдийн байр суурийг сонслоо. Иргэдийн хувьд хулгайч, авлигач, эд баялаг цөлмөгчдөд хариуцлага тооцож чадахгүй байж, тоог нь хоёр дахин нэмэхийг эсэргүүцэж байна гэх өнцгөөр асуудалд хандаж байв. Харин эрдэмтэд, судлаачид, улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн хувьд энэхүү асуудлыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров: -УИХ-ын гишүүдийн тоо 152 байна уу эсвэл бэлгэдлээ бодоод 99 байна уу хамаагүй. Гишүүдийн тоог нэмнэ гэдгийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Угтаа төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ гээд Үндсэн хуульдаа заагаад өгчихсөн. Гэтэл өнөөдөр энэхүү эрх мэдлийг Засгийн газар дангаараа эдлэх боломжтой байгаа нь парламентын чадавхын асуудал зайлшгүй яригдана гэсэн үг. Товчхондоо УИХ нь Засгийн газраа авч явах ёстой байтал өнөөдөр манайд энэ хамаарал эсрэгээрээ байх шиг байна. УИХ-ын 19-хөн гишүүн хууль баталж байна.
Энэ бол хэт цөөнх буюу нийт ард түмний өмнөөс хууль баталж байх ойлголттойгоо зөрчилдсөн асуудал. Тиймээс гишүүдийн тоог нэмэх нь маш зөв. Харин гишүүдийн тоог нэмэхэд нэг асуудлыг анхаарах ёстой. Иргэд гишүүдийн тоог нэмэхээр зардал өснө гэж шүүмжилж байгаа. Үүнийг маш сайн тусгаж, зөв аргаар зохицуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зардлаа танах, багасгах, гэхдээ гишүүдийнхээ тоог нэмэх шаардлагатай гэсэн үг. Зардлаа багасгахын тухайд гэвэл нэг гишүүнд ногдох туслах, зөвлөхийн тоог багасгах ёстой. Биднийг УИХ-ын гишүүн байхад УИХ-ын тамгын газраас туслаад л яваад байж болдог л байсан. Одоогийнхтой адил дөрөв таван туслахтай байгаагүй. Тиймээс энэ олон үргүй зардлаа багасгах асуудалд анхаарах шаардлагатай. Мөн нэмээд хэлэхэд үнэхээр гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол Улс төрийн намын тухай хуулиа чамбайруулах хэрэгтэй. Үүн дотор намын санхүүжилтийг маш тод тодорхой зааж өгөх шаардлагатай.
Ардын уран зохиолч Т.Галсан: -Төрийн ордонд ороод алхаж байхад Ерөнхий сайд нарын зургийг эгнүүлээд өлгөчихсөн байдаг. Үүнээс Ерөнхий сайд П.Жасрай гуайгаас хойших нь дандаа хулгайч, луйварчид гэж явж байгаад Л.Оюун-Эрдэнэ гэх цоо шинэ тархитай залуу гарч ирж байна лээ. Энэ хүүгийн дэвшүүлсэн өөрчлөлт, бодлогыг дэмжиж байгаа. Гэхдээ миний хувьд гишүүдийн тоо 152 биш, 108 байх ёстой гэж үздэг. Зарим хүмүүс үүнийг бурхан, шашинтай холбож ойлгодог.
Гэхдээ тийм биш, энэ бол шашин бус гүн ухаан. Өнөөдөр манай Их хурал 76 гишүүнтэй. Гэтэл үүнээс 40 гишүүн нь хэлгүй “Королъя”-нууд байна. Өөрөөр хэлбэл биднийг төлөөлж чадахгүй байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр УИХ-д 40 гишүүний суудал хоосон байгаагаас ялгаагүй. Үлдэж байгаа гишүүдээс дахиад 20 орчим нь өөрсдийнхөө эрх ашгийн төлөө явдаг, бидний боломжийг хулгайлдаг, хулгайчид. Ингээд үлдэж байгаа цөөхөн хэд нь энэ улсын төлөө тархи, оюунаа гашилгаж сууна. Тэд бол тархи нь дэлхийн хэмжээнд сэтгэж, зүрх нь Монголын төлөө цохилж байдаг хүмүүс. Эцсийн дүндээ эдгээр хүмүүсийг төрд гаргаж ирсэн нүгэлтнүүд нь бид. Монголын ард түмэн. Тиймээс дараа дараагийн төлөөллүүдээ гаргаж ирэхдээ шалгуураа дээшлүүлэх шаардлагатай. Ах дүү, хамаатан садан, анд нөхөр минь гэж хандах нь буруу. Нам дагаж сонголт хийлгүй, хүнээ таньж сонголтоо хийх хэрэгтэй. Гэхдээ хүнийг танина гэдэг айхавтар зүйл байдаг л даа. Юун түрүүнд харах ёстой хэдхэн зүйл л бий. Тухайлбал, удам судар, гэр бүлийн байдал зэргийг нь харчих ёстой. Гэрээ засаагүй хүн төрийг засна гэж байхгүй.
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл:
-УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох буюу тоог тогтоох асуудлаа УИХ өөрөө шийдчихнэ биз дээ. Ер нь бол 1992 оны Үндсэн хуулиар зааж өгсөн 76 гишүүний тоог нэмэх цаг нь болсон. Тухайн үед хүн амын тоогоо хараад л 76 гэж зааж өгсөн байдаг. Одоо хүн амын тоо хэд болсон билээ. Тэр утгаараа гишүүдийн тоог жаахан нэмэхэд буруу зүйл огт байхгүй. Товчхондоо тоог нэмнэ гэдэг хүн ардын төлөөллийг нэмж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тоог нэмэхэд хоёрхон зүйлийг нь үндэслэдэг. Нэгдүгээрт, хүн амын тоо. Хоёрдугаарт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтаас шалтгаална. Засаг захиргаа, нутаг дэвсгэр гэдэг бол манай улсын нэг том онцлог. Цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай. Тэр утгаараа нэгж газрын хүн ам цөөн гээд төлөөлөлгүй орхиж болдоггүй зүйл л дээ. Олны дунд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг янз бүрээр тайлбарлаж, ойлгож байх шиг байна. Зарим нь хулгайчийнхаа тоог хоёр
дахин нэмэх гэж байна л гэх юм. Энэ бол цаг зуурын үзэгдэл байх. Гэхдээ миний хувьд үүнийг ингэж ойлгохгүй байна. Тоог нэмэх нь хүн ам нэмэгдсэн, тэдний төлөөлөл төрд заавал байх ёстой л гэсэн ганцхан зарчимтай. Ард түмний буруу ойлголтыг засахын тулд намаас ямар хүн нэр дэвшүүлж байна вэ гэдгээ анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл нам хүнээ УИХ-д нэр дэвшүүлдэг. Үүндээ ямар нэгэн хариуцлага үүрдэггүй. Үүнийг хуулиар тодорхой зааж өгөх, өөрөөр хэлбэл намын нэр дэвшүүлэх, үүнтэй холбогдох хариуцлагын асуудлыг хуульд зааж өгөх ёстой. Нам буруу хүн дэвшүүлсэн бол хариуцлага үүрдэг байх ёстой гэсэн үг. Үүнийг хуульчлах шаардлагатай.
Хууль зүйн ухааны доктор, судлаач С.Баяржавхлан:
-Гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа. Миний хувьд 152 болгохыг дэмжиж болно гэж харж байгаа. 152 гишүүнтэй байлаа гэж бодъё. Тэгэхээр үүнээс 20 гаруй нь Засгийн газрын гишүүн болно. Үлдсэн 130 орчимоос нь 10 гаруй нь Байнгын хорооны дарга болно. Үлдсэн 100 гишүүн нь арван байнгын хорооддоо арав арваараа хуваагдаад явна гэсэн үг. Ингэхээр байнгын хороодын ирц, чуулганы ирц төлөөллөө хангахуйц хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэж үзэж байгаа. Өнөөдөр нэг гишүүн 2-3 байнгын хороонд харьяалагдаж байгаа. Тэгэхээр нэг асуудалдаа мэргэшиж чадахгүй байна гэсэн үг. Харин гишүүдийн тоог нэмбэл нэг байнгын хороонд нэг л гишүүн харьяалагдана. Ингэснээрээ нэг асуудлаараа мэргэших боломж нь бүрдэж эхэлнэ. Үүнээс улбаалж, УИХ-аас гаргаж байгаа хууль, бусад тогтоол шийдвэрүүд олон нийтийн төлөөллийг хангасан зарчмаар зөв бодлого гарах үндэс тавигдах юм.
Улс төр судлаач, хуульч Д.Цэвээнравдан:
-УИХ-ын гишүүдийн тоог 108-аас дээш гаргаж болохгүй. Тоо өсгөх талаар тайлбар хийж буй албаны хүмүүс хэлэхдээ, 1992 онд хоёр сая хүнтэй байсан. Одоо 3.5 сая хүн амтай болчихлоо гээд байна лээ. Энэ логикоор бол цаашдаа дөрөв, тав, зургаан сая болох бүрд тоогоо нэмээд явах буруу жишиг тогтох магадлалтай. Нөгөө талаар тоог нэмээд л үр дүн сайжрах, нэгдмэл боломж улам бүр муудах магадлал байнга дагана. Харин тоо хэд ч байсан 50:50 гэсэн зарчмаас хазайж болохгүй. Өнгөрсөн хугацааны манай хөгжлийн боломж алдагдаж буй нэг гол шалтгаан бол улсынхаа нөөцийг хөгжилд зориулж чадахгүй, иргэдэд таалагдах гэсэн, дахин сонгогдох гэсэн зорилгоор жалга, судаг бүрээр тараасаар байсанд оршино.
Ахмад хуульч, улс төр судлаач Б.Баянсан:
-152 гишүүнтэй болгох асуудал яригдаж байгаа. Үүнийг дэмжиж байгаа хүмүүсийг би хувьдаа хоёр шалтгаанаар харж байгаа. Нэгдүгээрт, өнөөгийн УИХ-ын зарим гишүүд дараагийн сонгуулиар гарч ирэх ямар ч боломжгүй болсон учраас гишүүдийн тоог нэмэх нь зөв гэж үзээд байна. Учир нь тэд гишүүдийн тоог нэмчихвэл дахиад гараад ирэх боломжтой гэж ойлгож байна. Хоёрдугаарт, улс төрийн нам нэртэй ганц нэг хүний санаж бодож байгаа зүйл нь гишүүдийн тоо нэмэгдчихвэл бидэнд ганц нэг суудал олдох юм байна гэж ойлгож байгаа. Ийм л хоёр шалтгаанаар эдгээр хүмүүс дахин сонгогдох эсвэл намдаа нэг суудал авахын тулд л тоо нэмэх асуудлыг хүсээд байгаа. Түүнээс биш ард түмэн үүнийг хүсэхгүй байна. Манай Их хурлын гишүүд бидэнд ирэх ачаалал дэлхийн жишгээс хоёр дахин их байна гэж яриад байгаа. Үнэндээ Орос, цаашлаад
Европын орнуудын хувьд нэг гишүүн 100-аас дээш мянган хүн амын төлөөллийг төрдөө хангаж байдаг. Гэтэл манайд 40-хөн мянган хүнийг нэг хүн төлөөлж байна. Ингэхээр төлөөллийн хувьд ачаалал дэлхийн жишгээс хамаагүй бага байна шүү дээ.
СБД-ийн иргэн Т.Пүрэвхүү:
-Ямар юмаа солиороод байгааг би мэдэхгүй байна. Өнөөгийн 76 хулгайчдаа хариуцлага тооцож чадахгүй байж дахиад нэмэх тухай ярьж байна. Үүнийг бие хоёр гараа өргөн эсэргүүцнэ. Үнэхээр нэмэх гэж байгаа бол эхлээд энэ идэж уусан, ард түмний амьдрах боломжийг хулгайлсан 76 хулгайчдаа хариуцлага тооцчих. Дараа нь эдгээр 76 гишүүнийг дахиж нэр дэвшүүлэхгүй гэдгээ МАН, АН хоёр мэдэгдчих. Түүний дараа хэдэн ч гишүүнтэй байсан болно. Тэгвэл би саналаа өгч, мэдлэгтэй, боловсролтой, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг нь гаргаад өгье. Түүнээс биш хулгайчтай Их хуралдаа хичнээн цэвэр ариун хүн оруулсан ч хулгайч л болгоно. Тиймээс саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг хүнээ нэмэхээсээ өмнө хөрс сууриа эхлээд цэвэрлэчих.
СБД-ийн иргэн Б.Сайнбаяр:
-Өнөөгийн 76 хулгайчаа тэжээж чадахгүй байж дахиад тоог нь хоёр дахин нэмнэ гэдгийг эсэргүүцэж байна. Өнөөдөр ард түмний цалин хөлс ямар байгаа билээ. Үнийн
үнэхээр дарлуулж байна. Идэш нь дийлддэггүй 76 гишүүн манай улсын нэг жилийн төсвөөс ч их хөрөнгийг хулгайлж идсэн. Гэтэл үүнийгээ 152 болгоно гээд яваад байгаа Ерөнхий сайд, эрх баригчдыг ойлгохгүй байна. Хоттой хониос чинь 76 чоно зэрэг иддэг байсан бол одоо 152 болчихоод тал талаас нь юу ч үлдээлгүй идэх нь байна шүү дээ. Бид 76-уулаа идэж дийлэхгүй байна. Бидний тоог нэмээд өгөөч л гэж байгаагаас ялгаагүй. Ард түмэн үнэхээр 152 гишүүнийг тэжээж чадахгүй. 152 гишүүнтэй болчихвол Монгол Улс хөгжих нь битгий хэл модоо барьсан гуйлгачид л болно шүү.
БГД-ийн иргэн Ү.Шинэбаатар:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх эрх МАН-д байхгүй. Өнгөрсөн 2020 оны сонгуулийн өмнө тэд 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Өнөөдөр 2024 оны өмнө дахиад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Сонгуулиас өмнө ингэж эцэг хуулиараа оролдож болохгүй. Үүнд хэн нэгний, бүлгийн эрх ашиг явагдаж байгаа гэж хардаж байгаа. Гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэнэ. Одоогийн 76 гишүүн нь яг ямар ачаалалтай ажиллаад байгаа юм. Үүнийгээ ард
өсөлтөд
түмэнд тайлбарла. Засгийн газартаа сайд хийгээд гишүүнийхээ ажлыг хийж чадахгүй байна гээд байгаа бол хийж чаддагт нь өг. Яагаад эрх ямбаа нэмсэн атлаа ажлаа хийхгүй байгаа юм бэ. Гишүүдийн тоо 152 болсон ч ялгаагүй. Амьдрал үргэлжилсээр, ард түмний амьдрал уруудсаар л байна. Гуравхан сая хүнтэй газар нутгийн хувьд тархай бутархай суурьшсан энэ улсыг 76 битгий хэл долоон хүн л удирдаад аваад явчихаж дөнгөнө. Гол нь ажил хийе, Монгол Улсаа хөгжүүлье гэсэн сэтгэлтэй хүн л хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш идэж ууя, сайд дарга болъё гэдэг хүн хэзээ ч хөгжлийн тухай бодохгүй. Нөгөөтэйгүүр 152 гишүүнтэй болгочихлоо гэхэд талыг нь ард түмнээс сонгуулна. Талыг нь намд, төрд шургасан хулгайчдаараа дүүргэнэ. Тэгэхээр тоо нь ихсэх боловч чанарт ямар ч өөрчлөлт орохгүй. Дахиад л төсвийн алдагдал нэмэгдэнэ. Дахиад л татвар нэмнэ. Талцал хуваагдал гаарна. Монголчууд олуулаа байх тусмаа л талцдаг онцлогтой ард түмэн. Цөөхүүлээ байх тусмаа нэгдэж хүчирхэгждэг сонин араншинтай үндэстэн. Тэр утгаараа 76 гишүүнийг цөөлж 46 эсвэл 55 гишүүн болгох ёстой. Тэгвэл ард түмэн баярлана. Хяналт, хариуцлага сайжирна. Миний хувьд гишүүдийн тоог нэмэхийг эрс эсэргүүцэж байна. Хэрэв гишүүдийн тоог нэмсэн Үндсэн хуулийн өөрчлөлт Их хурлаар батлагдвал гадаа талбайд ард түмэн жагсаж, УИХ-ыг хүчээр цөөлөх болно гэдгийг хэлье.