Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Үлгэрийн далай” DNN.mn

Монголчуудын эрт цагаас шүтэж биширч, шимтэн уншиж ирсэн Монгол Ганжуурын 90 дүгээр ботид байдаг, Бурханы шашины онол сургаалыг үлгэр домог хэлбэрээр энгийн ойлгомжтой тайлбарласан, танин мэдүүлэх, сурган хүмүүжүүлэх гүн утга агуулгатай “Үлгэрийн далай” хэмээх хөлгөн судар бий. Анх Ширээт гүүш цорж XVI зуунд төвөд хэлнээс монгол хэлэнд орчуулсан байдаг. Тэр цагаас өнөөдрийг хүртэл энэ судрыг ном хэлбэрээр монголчууд уншсаар байна. 2017 онд гурван цувралаар уншигчдад, ялангуяа багачуудад зориулан хэвлэжээ. Уг цувралын нэгдүгээр дэвтрээс “Очир нэрт охин” хэмээх сургаалт үлгэрийг ярьж өгье.

Бурхан багш Ширавасун хотод сууж, шавь нартаа ном номлож байхад ийм нэгэн явдал болжээ. Гэгээн Ялгуугч хааны хатан амаржиж гоо бус охин төрүүлжээ. Охинд Очир хэмээн нэр хайрласан байна. Охиноо хаан хатан хоёр хүний нүднээс ангид өсгөжээ. Нас бие хүрэх үед нь нэгэн гуйлгачин хөвгүүнд ихээхэн эд агуурс таслан өгч, муухай зүстэй охиноо эхнэр болгож өгөхөд хөвгүүн зөвшөөрчээ. Хөвгүүнд ноён хэргэм өгч “Миний охиныг түмний нүдэнд бүү харуул. Гэрээсээ гарахдаа түүнийг цоожилж байгаарай” гэж захижээ.

Хүргэн нь хадам аавынхаа захиас ёсоор амьдарч байтал хааны түшмэлүүд эхнэрээ дагуулан ирж хамтдаа баяр цэнгэл хийх болов. Гэтэл өнөөх түшмэлийг ганцаар ирсэнд сэжиглэн “Танай эхнэр үзээрийн царайтай, эсвэл маш гоо төгс нэгэн байх. Зүсийг нь үзүүл” гэхэд түшмэл зөвшөөрсөнгүй. Ингээд түшмэд өнөө түшмэл буюу хааны хүргэнд нойрсуулах тан өгч унтуулаад түлхүүрийг нь авч гэр рүү нь зүглэв.

Яг энэ үед Очир гүнж Бурханаас аврал эржээ. Очир гүнж өөрийн муухайд гутарч, бусдын сайханд атаархалгүй, үргэлж ариун сайхан сэтгэл үүсгэсэн учир адууны дэл шиг үс нь торгомсог болж, ширүүн арьс нь толийж, зүс царай нь ертөнцөд адилтгашгүй үзэсгэлэн гоо болж хувирав гэнэ. Түүнийг харсан түшмэд алмайрч, нойрсуулах тангаас сэрсэн нөхөр нь хүрч ирээд хосгүй сайхан эхнэрээ үзээд хязгааргүй их баярлажээ.

Ийм явдал болсон учир бүгд Бурхан багш дээр очиж Очир гүнж яагаад муухай зүстэй төрснийг асуухад “Урьд нэгэн айл охинтой байж. Гуйлгачин хоол гуйж ирэхэд өнгө зүсээр нь доромжилж, юу ч өгөлгүй хөөж явуулжээ. Гэвч охин гуйлгачинтай муухай харьцсандаа гэмшин гуйлгачныг олж очиж уучлал гуйгаад хоол ундаар дайлжээ. Тэр цагаас хойш охин, эцгийнхээ хамтаар ядарч зүдэрсэн хүмүүст чадлынхаа хэрээр хоол унд өгч туслах болжээ” гэв. Бурхан багш “Тэр охин, эцэг хоёр бол хаан, Очир охин та хоёр билээ. Гэм нүгэлээ наминчилсныхаа ачаар охин энэ насандаа үзэсгэлэн гоо болж, ядарч туйлдсан хүмүүст тусалсныхаа үрээр хаан та энэ насандаа эд агуурстай, дээд сайн язгууртай болон төржээ” хэмээгээд “Тиймийн тул хэн хүн бусдыг басамжлан доромжлохыг тэвчиж, бусдад тусалж явтугай” хэмээн сургав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *