Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр” буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн дагуу “Хүнсний талон олгох журам”-ыг баталсан байдаг. Тухайн өрхийн насанд хүрсэн иргэн сар бүр 16 мянга, хүүхэд 8000 төгрөг авдаг байсан бол, цар тахалтай холбогдуулан зорилтот бүлгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тус үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний үнийг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тодруулбал хүүхэд 16 мянга, том хүн 32 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авч байна.
Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаагаар 310-аас доош үнэлгээтэй гарсан өрх хүнсний талон авдаг.
Уг мөнгөөр мах, сүү, гурил, цөцгийн тос, элсэн чихэр, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс зэрэг импортын бус 10 төрлийн бүтээгдэхүүнийг авах боломжтой. Хүнсний талоны эрхийн бичгийн картаар тухайн дэлгүүрээс сарын хугацаанд бүтээгдэхүүн авдаг.
Улсын хэмжээнд 44314 өрхийн 242 мянга гаруй иргэнд хүнсний талон олгосон. Үүгээр дамжуулан улсын хэмжээнд 798 хүнсний дэлгүүрээр 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг сар бүр айл өрхөд олгож байгаа юм.
Нийгмийн халамж дундаас хамгийн оновчтой нь гэгддэг хүнсний талон авдаг иргэдийн тоо жилээс жилд өссөөр байгаа аж.
Импортын хүнс, тансаг хэрэглээнд тооцогдох хүнс авах эрхгүй
Хүнсний гол нэрийн 10 бүлгийн тодорхой заагдсан бүтээгдэхүүнээс кг, ширхэг, боодлын үнэ хамаарахгүйгээр сонгож болох ч импортын болон тансаг хэрэглээний хэмээгдэх бүтээгдэхүүн сонгохыг хоригложээ.
Хүнсний талоноор хүссэн бүтээгдэхүүнээ авна гэсэн үг биш. Тухайлбал мах, дайвар бүтээгдэхүүний хувьд гэхэд хиам болон лаазалсан, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн авах эрхгүй. Энэ нь тансаг хэрэглээ хэмээн ялгахаас илүүгээр эрүүл мэндэд сайнгүй, өдөрт авах илчлэг болон өрхийн хүнсний хэрэглээг хангахуйц хэмжээний биш гэж үзсэнтэй холбоотой. Мөн архи, тамхи олгодоггүй аж.
Хүнсний талоноор үйлчилгээ үзүүлдэг хүнсний дэлгүүрүүдийг зорилоо
“Энхмэнд” хүнсний дэлгүүрийн эзэн З.Оюунтуяа ““Манай дэлгүүр 71 өрхийн 405 иргэнд 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг санал болгодог. Үүнд гурил будаа, мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, өндөг, сүү тараг, боов боорцог багтана. Үйлчлүүлэгчид маань хамгийн ихдээ 128 мянга, хамгийн багадаа 32 мянган төгрөгөөр сарын хүнсээ базаадаг. Сар бүрийн 15-нд эдгээр айлуудын төрийн банкны картанд мөнгө нь ордог гэсэн. Манай дэлгүүр гэрт нь ойрхон болохоор гурил будаагаа усны тэргэнд ачаад баярлаж, талархсан сэтгэлээ илэрхийлээд явдаг” гэлээ.
“Энхжин” дэлгүүрийн худалдагч А.Нямаа “Нийгмийн халамж хавтгайрсан гэж би бодохгүй байна. Хүнсний талон зорилтот хүндээ хүрч байх шиг харагддаг. Хүнсний талон барьж ирсэн хүмүүс ядруу л харагддаг. Гэхдээ хүнсний талоноор үйлчлүүлж байгаа юм чинь аль болох хямдаас нь олон килограммаар авах болов уу гэж бодож байсан. Тэгтэл хүмүүс талоноор авч байгаа ч гэлээ өндөр үнэтэй биш ч аль гайгүй чанартайгаас нь сонгодог, хүүхдүүддээ хэрэгтэй гээд сүүн бүтээгдэхүүн, тараг сонгож авч байгаа нь эрүүл мэнддээ анхаардаг болжээ гэж дүгнэхээр харагддаг шүү” хэмээлээ.
“Алтан Хайрхан” дэлгүүрийн худалдагч С.Жаргал “Бид жагсаалтад багтсан бүтээгдэхүүнээс хүссэнээрээ сонгох эрхийг үйлчлүүлэгчдэдээ олгодог. Үхрийн мах авах хүн ер нь ховор доо. Нэг килограммын үнэ нь өндөр болохоор талоных нь үнийн дийлэнхийг авчих гээд байдаг юм. Хүмүүс элдэв л юм гуйдаг. Гэхдээ бид дүрэм, журмаа бодоод өгдөггүй. Өнөөдөр нэг гуйлтыг нь биелүүлэхэд маргааш хоёр зүйл гуйна, тэгээд цаашлаад нэмээд л байх янзтай. Түүнчлэн архи, дарсыг хүнсний талоноор өгдөггүй” хэмээн ярилаа.
Тус дэлгүүрт цагаан будаа 3-5 төрлөөр, үйлдвэрлэсэн улс, чанараасаа шалтгаалан 1 кг нь 3800-5600 төгрөгийн үнэтэй. Мөн адуу, үхэр, хонь, гахай, тахианы мах ястай, ясгүй гээд бүх төрлөөр нь талоноор олгодог гэдгийг худалдагч онцоллоо.
Иргэдийн хувьд хүнсний бус ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авах хүсэлтэй байдаг аж.
Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүнсний талоноор үйлчилж буй дэлгүүрийн сарын тайланг, иргэдийн авсан барааны хэвлэгдсэн талонтой хавсарган авч, хянаж шалгадаг байна. Улмаар жагсаалтад багтаагүй бүтээгдэхүүн олгосон бол дээр дурдсанчлан торгууль ногдуулахаас эхлээд хүнсний талоноор үйлчлэх эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг аж.
Д.БАТТОГТОХ
.