СЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн Эрдэм шинжилгээ сургалт гадаад харилцааны албаны сэтгэцийн эмч О.Батчимэгтэй ярилцлаа.
-Сүүлийн үед нийгэм, хүмүүсийн дунд сэтгэцийн ямар эмгэг түгээмэл байна вэ?
-Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал монголд төдийгүй дэлхий дахинд ч асуудал хэвээр байна. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор сэтгэцийн эрүүл мэндийн ойлголт, хандлага өөрчлөгдсөн. Нийгэмд сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, нойргүйдэл, архинд донтох эмгэг, бие махбодын зовуурь, шаналгаа зэрэг зургаан төрлийн сэтгэцийн эмгэг ажиглагддаг. Гэтэл цар тахлаас үүдэж сэтгэл түгших болон сэтгэл гутрах эмгэг дэлхий дахинд 27 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа.
-Хүүхэд, насанд хүрэгчдийн хувьд сэтгэцийн ямар асуудал ажиглагдаж байна…?
-Насанд хүрэгчдийн хувьд сэтгэл түгших эмгэг, органик бус нойрны эмгэг, архаг ядаргаа, архинд донтох эмгэгүүд түгээмэл тохиолддог. Сүүлийн үед мансууруулах бодис, архи, тайвшруулах эм, мөрийтэй тоглоомд донтох эмгэгүүд ихээхэн асуудал болсоор байна. Харин хүүхдийн хувьд маш олон төрлийн сэтгэцийн эмгэгүүд бий. Манай СЭМҮТ-ийн “Хүүхэд, өсвөр үеийн клиник”-т хандаж буй иргэдийн дийлэнх нь дэлгэцийн донтолттой хүүхдүүдээ үзүүлэхээр ирдэг. Мөн аутизмын эмгэг байж магадгүй гэх шалтгаанаар ялган оношлуулахаар хандаж байгаа. Үүнээс гадна өсвөр насныхан сэтгэл түгшилт, сэтгэл гутралаар хандах тохиолдол цөөнгүй байна.
-Ахмадуудын хувьд…?
-Манай төв 2013 онд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн талаарх судалгаа хийсэн. Энэхүү судалгаанд 18-64 насны иргэдийг хамруулсан. Ингэхэд дээр дурдсан зургаан эмгэг бүгд илэрсэн. Сүүлийн үед СЭМҮТ-д ахмад настай иргэд нойргүйдэл, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, тархины гэмтэл бэртэл, тэнэгрэх эмгэгийн асуудлаар хандаж байна.
-Эрэгтэйчүүд амиа хорлох нь ихэссэн. Үүнийг юутай холбоотой гэж үзэж байна вэ?
-Үндэсний статистикийн хорооны 2022 оны тоон мэдээллээр монгол хүний дундаж наслалт эмэгтэй 76, эрэгтэй 67 байна. Үүний зөрүү нь 9 жил гарч байгаа юм. Тэгэхээр эрчүүд эмэгтэйчүүдээс 9 жилээр богино насалдаг гэсэн үг. Мөн архины шалтгаант нас баралтын дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй хүн байдаг. Нэг хүнд ногдох архины хэмжээ эрэгтэй хүнд дунджаар 19.4 литр. Үүнийг эмэгтэйчүүдтэй харьцуулахад гурав дахин их.
-Үүний цаад шалтгааныг нь юу гэж харж байгаа вэ ?
-Эрчүүд эмэгтэйчүүдээс 4 дахин их амиа хорлож нас барж байна. Мансууруулах бодис, мөрийтэй тоглоом болон дэлгэцийн донтолтын дийлэнх хувийг эрчүүд эзэлдэг. Бага насны хүмүүжлийн асуудал энэ амиа хорлолтод нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүүхдийг “Эр хүн уйлдаггүй юм. Эр хүн байж хов зөөлөө. Эр хүн хатуужилтай байх ёстой. Эр хүн айл гэрээ авч явах ёстой” гэсэн багаас нь хатуужилтай өсгөх гэсэн энэ арга нь даамжирсаар цаашлаад эрчүүдийг амиа хорлоход нь хүргэдэг нэг шалтгаан болж байна.
Тодруулбал, эрэгтэй хүүхдүүд стресс бухимдлаа тайлж чаддаггүй, хүнд өөрийн сэтгэлзүйн байдал, өөрт тулгамдсан асуудлаа хэлдэггүй, хэн нэгнээс тусламж хүсдэггүй байх нь улмаар дотогшоо хандсанаар энэ байдалд хүргэж магадгүй гэж үздэг.
Мөн дэлхийд эрчүүдийн эморол өндөр байгаа. Гэхдээ амиа хорлолтын тоог авч үзвэл эмэгтэйчүүдийнх их байдаг. Нөгөө талаар амиа хорлосон байдлыг авч үзвэл эрчүүд өндөр хувь эзэлдэг. Өөрөөр хэлбэл, эрчүүд амиа хорлох оролдлого хийхдээ шууд амиа хорлох нөхцөлд хүргэхүйц аргыг сонгож байна. Харин эмэгтэйчүүд харьцангуй хөнгөн аргыг хэрэглэдэг гэж үзэж байгаа. Гэхдээ энэ талаарх судалгааг нарийвчлан гаргаагүй байгаа.
-Хаврын улирал яагаад хүний сэтгэцэд нөлөөлдөг вэ?
-Байгаль орчны үзэгдэл, улирал солигдоход хүний сэтгэцэд нөлөөлнө.
-Хүн өдөр тутамдаа сэтгэцээ хэрхэн хамгаалах вэ. Зөвлөгөө өгөхгүй юү?
-Хувь хүн өөрөө болон бусадтай хамтарч өөрийн сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулж, дэмжих ёстой. Тогтмол цагт унтах, тайван байх, стресс тайлах аргад суралцах зэрэг нь өөрийн сэтгэцийн эрүүл мэндээ дэмжиж байгаа хэрэг юм. Нийгэм, сэтгэц, бие махбодын хувьд эрүүл байж сэтгэц эрүүл байна гэж үздэг. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд сэтгэц эрүүл хүнийг нийгэм, байгаль орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлнэ гэж үздэг. Сэтгэцийн хувьд эрүүл байгаа эсэхээ хүн өөрөө тодорхойлж болдог.
Мөн нийгэм сэтгэлзүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, зан байдал, сэтгэл хөдлөл түр хувирсан байдлыг тулгамдсан асуудал гэдэг. Энэ төрлийн тулгамдсан асуудалтай хүмүүс цөөнгүй байдаг. Сэтгэцийн эмгэгтэй гэдэг нь олон улсын өвчний ангиллаар сэтгэц, зан үйлийн эмгэгт багтсан оношилгооны шалгуураар хэмжигдэж байгаа хүмүүсийг энэ төрлийн эмгэгтэй гэж үзэх боломжтой. Зарим хүмүүс сэтгэлээр унасан үеэ сэтгэцийн эмгэгтэй болчихсон байх вий, эсвэл би эмгэгтэй гэдэг шалтгаанаар ханддаг. Гэтэл энэ нь нийгэм сэтгэлзүйн байдлаар сэтгэл нь түр хямарсан байж болно. Тулгамдсан асуудлыг зөв шийдвэл эрүүл категорид орно. Хэрэв удаан хугацаанд явбал эмгэг болох эрсдэлтэй. Тиймээс энэ төрлийн стресс тайлах аргад суралцах хэрэгтэй. Аль болох өөртөө цаг гаргах, амьсгалын дасгах хийж, иогоор хичээллэх ч арга байдаг.
-Өнөөгийн нийгэмд гар утас хүнийг ихээр донтуулж байна. Танай төвд энэ төрлийн донтолтыг эмчлэх гар утасгүй долоо хоног байдаг гэсэн үү?
-“Хүүхэд, өсвөр үеийнхний клиник”-т энэ төрлийн аргыг хэрэглэдэг. Дэлгэцийн донтолтын асуудалтай байна гэсэн хүүхдүүдийг “Хүүхэд, өсвөр үеийнхний клиник”-т хэвтүүлэхдээ утасгүй оруулдаг. Тэнд ямар нэгэн дэлгэц байдаггүй онцлогтой. Энд хэвтэж байгаа хүүхдүүд сэтгэл заслын эмчилгээ хийлгэхээс гадна, орчиндоо утас, таблетгүйгээр энгийн тоглоом, наадгайгаар тоглож, хөгжмийн сэтгэл заслын эмчилгээнд ч хамрагддаг. Жилдээ 90 орчим хүүхэд үзүүлдэг.
-Архаг ядаргаа сэтгэцэд нөлөөлдөг үү?
-Архаг ядаргаанд ордог шалтгаан хүн бүрд өөр өөр илэрдэг. Ажлын удаан хугацааны стресс, ар гэрийн асуудал, бие махбодын эмгэг байгаагаар архаг ядаргаанд нөлөөлөх хүчин зүйлүүд нь өөр. Энэ нь сэтгэцийн хувьд тулгамдсан асуудал үүсгэдэг. Ой тогтоолт, оюуны чадамж буурна. Бие өвдсөнөөр сэтгэлээр унах, цаашлаад сэтгэл гутралтай хавсрах тохиолдол ч болно. Тиймээс агаар салхинд гарах, дуртай зүйлсээ хийх энгийн аргуудаар архаг ядаргааг бууруулах, түүнээс гарах боломжтой. Заавал эрүүл хүнд нойрны эм болон тайвшруулах эм уух зэргээр эмийн эмчилгээ хийх шаардлагагүй. Харин хавсарсан эмгэг нь удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлэх, бусад эмчилгээнд орох шаардлагатай болдог.
Сэтгэц эрүүл бол бие эрүүл. Сэтгэцийн эрүүл мэнд болоод бие махбодын эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд зэрэг нь салшгүй холбоотой. Эдгээрийг тэнцвэртэй байлгах энгийн аргуудаас суралцаарай гэж зөвлөе. Сэтгэцийн талаарх мэдээллээ 1800-2000 утсаар залгаж мэргэжлийн эмчээс лавлаарай.