Үндсэн хууль судлаач, иргэн Д.Ламжавтай ярилцлаа.
-УИХ-д суудалтай намууд Сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан. Та хуулийн төсөлтэй танилцав уу. Ямар дүгнэлттэй байна вэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг холимог тогтолцоонд шилжүүлэх өөрчлөлтийн талаар олон жилийн турш улиг болтол ярилаа. Төсөл санаачлагдсан гэсэн албан ёсны мэдээг телевизээр хэдэнтээ сонссон боловч хуулийн төслийг уншиж амжсангүй. Холимог тогтолцоо өөрөө маш олон хувилбартай. МАН-аас санаачилсан хувилбарт УИХ-д суудалтай бусад нам төдийлөн итгэхгүй байгаа тул тус бүр өөрийн гэсэн холимог тогтолцоог санаачилсан бололтой.
Парламентын сонгуулийн энэхүү холимог тогтолцоонд анхаарвал зохих дараах чухал зүйлс байдаг. Нэгдүгээрт, ганц танхимтай парламентын хэдэн гишүүнийг намын нэрээр сонгох. МАН 38-ыг буюу талыг нь ийнхүү сонгоно гэсэн аж. Энэ 38 гэсэн тоог ихэсгэх эсвэл багасгах талаар өөр санал байж болно. Хоёрдугаарт, намд суудал хуваарилах босго.
МАН энэ босгыг гурван хувь гэж байна. Энэ хувь дээр санал зөрөх боломжтой. Энэ босгыг хэт багаар тогтоовол парламентад хэт олон нам орж ирснээс улбаалан Засгийн газар тогтворгүй болох эрсдэлтэй.
Босгыг хэт өндөр тогтоовол иргэдийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх улс төрийн эрхийг хязгаарлан Үндсэн хууль зөрчигдөнө. гуравдугаарт, намын нэрээр сонгогдох нэр дэвшигчдийн ил жагсаалт. дөрөвдүгээрт, сонгогч болон сонгогдогчийн тэгш эрхийг хангах. 1992 оноос хойш эдгээр эрх ямагт зөрчигдсөөр ирсэн. Сонгогчийн өгөх саналын жин аль тойрогт харьяалагддагаас хамааран өөр байсаар ирсэн, сонгогдогчийн тойргийн хүн амын тоо хэт зөрөөтэй байдал мажоритар сонгуульд хамаарах сонгогчийн ч, сонгогдогчийн ч энэхүү тэгш эрх зөрчигддөг. УИХ нэг танхимтай тул пропорцианалаар, мажоритараар сонгогдсон гишүүдийн хооронд ч зохисгүй харьцаа үүсэх эрсдэлтэй. тавдугаарт, мажоритараар сонгогдох нэр дэвшигчид тавих босго. Монголд ийм босго тавьсаар ирсэн гашуун туршлага бий. Энэ нь сайнаасаа илүү, сонгуулийг улам төвөгтэй болгодог муу талтай. зургадугаарт, сонгуулийг хүчинтэйд тооцох ирц. Монголд сонгогчдын тавиас дээш хувь нь саналаа өгснөөр сонгууль хүчин төгөлдөр болдог Үндсэн хуулийн шаардлагатай. Энэхүү ирцийн хатуу шаардлага сонгуулийг төвөгтэй болгож буй баримтууд ажиглагдаж байна. Энэ нь “сонгогч” хэмээх ойлголтыг дарангуйллын үеийнхтэй адил ойлгон хэрэглэж ирсэнтэй холбоотой. Сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн иргэн саналаа ойлгомжтой өгсөн тохиолдолд тухайн сонгуулийн сонгогч болох ёстой. долдугаарт, гэрээр очиж санал авах. Сонгуулийг төвөгтэй болгож буй манайд өргөн хэрэглэсээр байгаа энэ аргыг даруй халбал зохино. наймдугаарт, сонгуулийн ажилд дайчлагдсан төрийн албан хаагчид саналаа өгөх эрхийг хангах ёстой. Энэ эрхийг хаан боогдуулдаг баримт амьдрал дээр гарсаар байна. есдүгээрт, хүйст квот тавих эсэх. Эр, эм аливаа хүйсийн нэр дэвшигчдийн дотор эзлэх хэмжээ 33 хувь гэж МАН зарлалаа. Энэ тоон дээр мэдээж бас санал зөрж болно.
-УИХ-ын гишүүдийн 50 хувь жагсаалтаар орох зохицуулалтыг та хэрхэн дүгнэж байна. Арай их биш үү?
-Өөрийн фэйсбүүкт “УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны нэгэн хувилбар”-ыг нийтлэв. Энэ бол 13 жилийн өмнө 2010 онд бичсэн нийтлэл. Тэр үед энэ тухай хоёр төсөл санаачлагдсан байж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтээр Фридрех Эбертийн сангийн шугамаар хоёр герман 2008 онд ирж, Монголын улс төр, УИХ-ын сонгуулийн хууль тогтоомжтой танилцан судалсны үндсэн дээр өөрсдийн саналыг 2009 оны эхээр дахин ирж УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны талаар санал дүгнэлтээ танилцуулсан. Энэхүү судалгаа, санал дүгнэлт нээлттэй бөгөөд амаар болон бичгээр танилцуулагдсан юм. Эдгээр баримт бичиг хадгалагдан үлдсэн байх ёстой. Германы талыг уг сонгуулийн тогтолцооны шинжээч профессор Ноолэн ахалж байсан. Би профессор Ноолэнгийн саналыг хуулийн хэлэн дээр, суудлыг хэрхэн хуваарилах математик тооцоог нарийвчлан бичсэн юм. Фэйсбүүкт тавигдсан хувилбарт 76 гишүүний 50-ийг нь пропорционалаар сонгоно гэж. Иймээс миний бодлоор 38 нь багадсан байна. 1990 оны анхны ардчилсан сонгуультай холбогдох нэгэн дурсамжийг гэрчийн хувиар өгүүлье. Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль ёсоор Улсын Бага Хурал (УБХ)-ын 50 гишүүнийг пропорционалаар сонгосон. Б.Чимид надад намын нэрээр авсан саналыг үндэслэн суудал хуваарилах даалгавар өгөв. Тэр үед намын ил жагсаалт, суудал хуваарилах босго байсангүй. Эхний бодолтоор МАХН-д 30, МоАН-д 12, МҮДН-д 3, МСДН-д 3 суудал оногдоод 2 суудал сондгойрсон. Үлдэгдэл хоёр суудлыг хэрхэн хуваарилах талаар толгой гашилгаж суутал Б.Чимэд хамгийн олон суудалтай хоёрт нь нэг нэгээр нь өг хэмээн зарлигдсанаар МАХН 31, МоАН 13 суудалтай болж билээ. Сонгуулийн дүн гарсаны дараа МСДН-ын бага хурал болж, хурлаас Засгийн газарт орохгүй, УБХ-ын 3 суудалд Ламжав, Хатанбаатар, Ч.Лхагважав нарыг санал болгох гэсэн хоёр гол шийдвэр гаргав. Намын дарга Баабар “би гаднаас нь байлдана” гээд УБХ-д нэр дэвшихээс татгалзсан. Ардын Их Хурал (АИХ)-ын анхдугаар чуулганы өмнө Баабар “Лхагважав ҮГ сонины эрхлэгчээ хийг. УБХ-д хэрүүлч хүн хэрэгтэй. Улаанхүүг нэр дэвшүүлье” хэмээн надад хэлсэн юм.
-Энэ хуулиар сонгуулийн зардлыг яаж зохицуулбал өнөөх яригдаад байдаг луйврын сонгууль, мөнгөний сонгууль гээчийг таслан зогсоох бол?
-Сонгуулийг төрийн албан хаагч нар эрхлэн явуулах, сурталчилгааны материалыг нэгэн адил үнэ, хэмжээ, стандарттай болгон улсын төсвөөс санхүүжүүлэх, хандивын хэмжээнд зохих хязгаарлалт тавих, санал худалдан авах зорилготой бэлгэ сэлт урьдчилан тараахыг хориглох зэрэг аргуудыг зохистой хуульчлах замаар мөнгөний нөлөөг мэдэгдэхүйц багасгах боломжтой.
-Энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх эсэхэд та ямар бодолтой байна вэ?
-1990-ээд оныг эргэн санахад АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд бид нийгмийн амьдралын зүй тогтолын талаар дэлхий ертөнцөөс ямар их хоцрогдсон, ардчилсан үндсэн хуулийн талаар ямар гэнэн ойлголттой байсны эд мөрийн баримт баталгаа нь 1992 оны маань МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Тэр цагийг одоотой харьцуулбал монголчууд бид их мэдлэгтэй, маш хэрсүү болж. Монголчууд бид хэзээ ч одоогийнх шиг тансаг амьдарч байгаагүй байж мэднэ. Гэвч төрийн зарим албан хаагчид ард түмний итгэлийг хөсөрдүүлэн элдэв хулгайд байнга холбогдох болсон нь ерээд оны нөхцөл байдалтай төстэй байна. Ард түмний тэвчээр хязгаартайг мартаж болохгүй. Бүх зам Ром хүргэнэ гэдэг эртний үг шиг үүний гол шалтгаан нь Үндсэн хууль. 1992 оны Үндсэн хууль маань парламентын бүгд найрамдах улсын үндсэн хуулийн шаардлагыг хангаагүй, онолын алдаа гаргажээ. Төрийн бүх өндөрлөг оролцсон 2022 оны ичигвэртэй хуйвалдаан Үндсэн хуульд оруулсан 2019 оны өөрчлөлт ч арга зүйн хувьд алдаатай болохыг нотлон харуулж байна. Үндсэн хуулийн энэ алдааг шинэчлэн найруулах аргаар л засах боломжтой.
-Та ямар учраас Үндсэн хуульд оруулсан 2019 оны өөрчлөлтийг арга зүйн хувьд алдаатай гэж үзэж байна?
-Нийгмийн олон салбарт Математикийн шинжлэх уханы нэгэн салбар- Магадлалын онолын их тооны хуулийг ашигладаг. Үүнийг бага сургуулийн сурагч ч ойлгохоор хялбарчлан хар үгээр тайлбарлахыг хичээе. Хөвсгөл нуурын загасыг тоолох шаарлага гарлаа гэж үзье. Нуур маш том, загас нь маш олон тул шууд тоолох боломж байхгүй. Гэвч ойролцоогоор тоолж болно. Эхлээд нуураас хангалттай олон загсыг барьж нэг бүрчлэн тэмдэглээд буцааж тавина. Загас сайн тарсны дараа дахин хангалттай олон загасыг барьж, дахин баригдсан тэмдэгтэй загасыг тоолно. Эхний барилтаар А ширхэг загас, хоёрдохоор В ширхэг-загас баригдсан, сүүлчийн барилт доторх тэмдэгтэй загасны тоог С гэж, нуурын нийт загасны тоог Х гэж тэмдэглэе. Пропорцын хууль ёсоор Х дотор эзлэх А-гийн В дотор эзлэх С-гийн хувь тэнцүү тул (А:Х)%=(С:В)%. Иймээс А:Х=С:В, Х=(АВ):С. Энд Х-ийг ойролцоогоор олж байгаа бөгөөд алдааны хязгаарыг ч заадаг. Тодорхой тооны өвчний тархалт монголын хүн амд ямар байгааг толгой дараалан шалгах нь боломжгүй тул энэ аргыг бас хэрэглэж болно. Манай Үндэсний статистикийн хороо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн санамсаргүй түүвэр хийж чаддаг. Сонгосон түүвэр дээрээ орчин үеийн аппаратаар баталгаатай оншилгоо хийх бүрэн боломжтой. Э.Бат-Үүл нийслэлийн засаг дарга байх үед Улаанбаатарт метро барих талаар Зөвлөлдөх санал асуулга явуулсан удаатай. Зардлаа нөхөх боломжгүй гэсэн Японы экспертийн тооцоо аварсан гэдэг. Нарийн ээдрээтэй Үндсэн хуулийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах, санал асуулгын зөвлөмжид хөтлөгдөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь аргачиллын том алдаанд хүргэх эрсдэлтэй. Хуульзүйн Байнгын хороон дарга Энхбаяр хэдэн хүн оролцсон нэгэн ярилцлага дээр телевизээр “би Зөвлөлдөх санал асуулгад тангараг өргөөгүй” хэмээн ийм аргаар өөрчлөлт оруулахын эсрэг байна гэж хэлсэн. Энэ бодууштай үг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг зөвлөлдөх санал асуулгаар шийдэж болно гэсэн энэхүү осолтой байр сууриа УИХ-ын гишүүд болон нийгэмд тулган шаардахаа зогсоохыг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардаж байна.
-Ойрд улс төр их бужигнаатай байна. УИХ-ын хоёр ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Намынхаа “том ахыг” гаднаас бариад ирлээ. Улс төрд өрнөж байгаа сүүлийн үеийн үйл явдлуудыг та хэрхэн дүгнэж байна?
-Асуултад ирээдүйгээ бодолцон өөр өнцгөөс эерэг хариулъя. Ерөнхий сайд гэм бурууг тогтоох нь шүүхийн шийдэх асуудал. Шүүх прокурорт хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй гэж мэдэгдсээр байгаа. Иймээс тулгарсан бэрхшээл бол асуудлыг шийдэх боломж, юу ч хийхгүй байх нь бэрхшээлийн өмнө бууж өгсөнтэй адил алдаа гэдгийг санан сэдсэн ажлаа тууштай хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдаас хүсэж байна. УИХ-д үнэмлэхүй олон суудал авсан, харьцангуй туршлагатай намын даргын хувьд Үндсэн хуулиа шинэчлэн найруулах энэ ажлаа манлайлах алтан боломж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Танд байна. Тулгарсан сорилтыг хүчээ нэгтгэн нэр төртэй даван туулахыг МАН болон бусад намд уриалж байна.