Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ганхөлөг: Өнөөдөр бид өөрсдийгөө хамгаалахын тулд Д.Монголхүүг хамгаалах ёстой DNN.mn

Иргэн Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагдан хорьсныг эсэргүүцэн Ардчилсан намын залуус “Эрх чөлөө” сэдвээр нээлттэй микрофон ажиллуулав. “Нээлттэй микрофон”-ыг өчигдөр 11:40 цагийн үед Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд ажиллуулсан юм. Гэвч энэ үеэр цагдаа нар ирж, жагсаал цуглаан хийх зөвшөөрөл аваагүй, бүртгүүлээгүй гэх шалтгаанаар микрофон, чанга яригч, индэр зэрэг эд зүйлсийг нь оруулахгүй гэв. Ингээд үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн иргэд, цагдаа нарын дунд маргаан үүсэв. Иргэн Э.Одбаяр “Бид жагсаал цуглаан хийгээгүй. Зүгээр үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн. Цагдаа нар өөрсдөө ирж иргэдийг турхиран, зүй бус авирлаж, эцэс сүүлд нь барьж хорьдог. Жагсаал цуглааны тухай хуульд зөвшөөрөл авах тухай гэж үг байхгүй. Бүртгүүлэх гэж л бий. Бид жагсаал хийгээгүй. Тиймээс бүртгүүлэх шаардлагагүй” гэв. Эхлээд арав хүрэхтэй үгүйтэй хүн цугласан байсан бол тэдэн дээр үг, үзэл бодлоо илэрхийлэхээр иргэд нэмэгдэж ирсээр байв. Энэ хооронд цагдаа, иргэдийн хоорондох маргаан үргэлжилсээр байлаа. Уриа, лоозон бүхий зүйл барьсан иргэд нэмэгдэж ирсээр “Нээлттэй микрофон”-ы үйл ажиллагааг 12:00 цагт эхлүүлэв. Яг энэ үеэр тэдний хажуугаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар явж таарав. Цугласан иргэдээс Э.Одбаяр “Адьшаа гишүүнээ намын чинь гишүүд үзэл бодлоо илэрхийлснээр хоригдож байна. Та энэ талаар байр сууриа илэрхийлээч. УИХ-д сууж байгаа намын төлөөллийн хувьд таны үг хэрэгтэй байна. Энэ улс чинь дээвэргүй шорон боллоо” гэхэд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Хүмүүсийг барьж хорьж байгаа энэ үйл явдал зөв зүйтэй үйл явдал биш гэж бодож байна. Өнөөдөр хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх зарчим алдагдаж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хорьж цагдаж байгаа явдалд шүүмжлэлтэй хандаж, цаашдаа иймэрхүү үйл явдал гаргуулахгүй байх талаар Ардчилсан нам онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэсэн бодолтой байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал “Манай намын бүлэг энэ асуудал дээр шаардлага тавиад ойлголцолд хүрчихсэн. Бусдыг 30 хоногоор баривчилдаг, шүүхийн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дахин энэ хугацааг сунгадаг асуудалд бүлэг дээр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.

Энэ асуудал болохоос өмнө бид Д.Монголхүүтэй уулзсан. Үүн дээр бүлгүүд нэгдсэн байр суурьтай байгаа. Хүний эрхийн асуудал дээр олон зөрчил гарч байгааг бүгд мэдэж байгаа” гэв.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд ийнхүү ярьж байлаа.


Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар: Өчигдөр (уржигдар) Ардчилсан залуучуудын холбооны зүгээс энэ асуудлаар өдөр бүр “Нээлттэй микрофон” үйл ажиллагааг эхлүүлэхээр С.Зоригийн хөшөөний дэргэд мэдээлэл хийж албан ёсоор эхлүүлсэн. Та бүхэн бүгд мэдэж байгаа. Өчигдөр (уржигдар) Монголхүүг хорьчихлоо. Өнөөдөр (өчигдөр) Мөнх-Эрдэнийн шүүх хурал болж байна. Тиймээс Хэлмэгдэсдийн хөшөөн дээр Ардчилсан залуучуудын холбоо “Нээлттэй микрофон” ажлуулж, хүн болгон үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлээсэй гэж хүсч байна. Бид хоёр хүнээ хамгаалж, хоёр заалт бүхий шаардлагыг өгөөд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ардчилсан залуучуудын холбооноос ил захидал хүргүүлж байгаа. Мөн парламентад АН-ын буюу сөрөг хүчний дуу хоолойгоо илэрхийлэхгүй байгаа 11 гишүүнд шаардлага хүргүүлнэ. Дээр нь өнөөдөр энд ирсэн хүмүүс өөрсдөө үг үзэл бодлоо илэрхийлнэ. Бид өдөр бүр энэ нээлттэй микрофоныг ажиллуулна. Өнөөдөр хэдэн тэрбум, их наядаар нь идсэн хулгайч, луйварчид шоронд ороогүй. Гэртээ л байгаа шүү дээ. Аюурсайхан шоронд орсон уу, гэртээ байгаа биз дээ. Гэтэл Монголхүү гэх залуу үг, үзэл бодлоо илэрхийлсний төлөө яагаад баригдаж хоригдож байгаа юм бэ. Дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн залууст яагаад ял өгч явуулж байгаа юм бэ. Төрийн хулгайн талаар мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид яагаад ял өгч явуулж байгаа юм бэ гэдэг асуудлаар “Эрх чөлөө” гэх сэдвээр нээлттэй микрофоныг энд эхлүүлж байна. Харамсалтай нь цагдаа нар 2-3 хүн ирж үг үзэл бодлоо илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээлэл, ярилцлага өгчихөөд, шаардлагаа хүргүүлээд болох байсан зүйлийг болохгүй, энд хийлгэхгүй, та нар С.Зоригийн хөшөөн дээр очиж хий гэсэн учраас асуудал үүслээ.

Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүн Л.Ганхөлөг: Эрх баригчид маш их айдастай байна. Иргэд өөрсдөдөө тулгарсан нэг асуудлын талаар бухимдлаа илэрхийлэхэд л эрх баригчдын хулгайн хэрэг баригдсан аятай шар үс нь босч, тэр хүний амыг барихыг хичээдэг. Ийм аймшгийн нийгмийг бүрдүүлж эхэлж байна. Ямар ч хамаагүй хулгай ярихад л тэр хулгайг нь эрх баригчид хийчихсэн байдаг. Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр ямар ч хамаагүй хулгай ярихаар өөрийнх нь хулгайг ярьж байна гээд үг хэлсэн, сошиал орчинд пост бичсэн, лайв хийсэн болгоныг шоронд хорьж амыг нь барьдаг. Энэ хуулиа баталчихсан. Түүнийгээ хүнлэг энэрэнгүй ял өгч байгаа юм шиг ярьдаг. Хилс хэргээр эрүүгийн ял өгчихөөд дүүргээсээ гарахгүй, хөл хорьдог ял нь их хөнгөн, энэрэнгүй, хүнлэг зөөлөн ял юмаа гэдэг. Гэтэл энэ чинь Эрүүгийн хэргийн ял шийтгэл шүү. Улмаар өчигдөр (уржигдар) Монголхүү дээр энэ жишээ илэрлээ. Эрүүл мэндийн шалтгаанаар Гэмтлийн эмнэлэг рүү явсныг далимдуулж, нээнтэглэн явах ёсгүй газар руу явсан гэдгээр ял өгөөд, хорьчихлоо.

Та бүхэн анзаараарай. Өнгөрсөн баасан гаригт Шадар сайд С.Амарсайханы гомдлоор Дэнс.мн сайтын эрхлэгч Т.Шинэбаярыг шүүх хурал болсон. Өчигдөр (уржигдар) даваа гаригт дарааллаад Д.Монголхүүг шоронд хорьсон. Өнөөдөр (өчигдөр) мягмар гариг. Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурал болж байна. Маргааш, нөгөөдөр, тэрний цаад өдөр эд иргэдээ хорьж дуусчихаад, цагдаагийнхаа бага цолтноос хорьж эхэлнэ.


Тийм донтой, тийм айдастай байна. Маргааш таныг хорино. Мөнхжин уйлж байгаа биз дээ. Ийм зүйл болох гээд байна шүү гээд “No double standart” хөдөлгөөний залуус гараад хэлсэн. Гэтэл та нар Хятадаас санхүүжсэн гэж Засгийн газартайгаа хамтран харлуулж, ял өгсөн. Тэдний нэг нь би. Нөгөөдүүл нь Чинбаа, Одбаяр, Билгүүн, Бямбагэрэл нар. Бүгд тэр гаваа зүүх гээд хүлээж байна. Цахим үндэстэн биш цахим гаваа зүүлгэх гээд хууль баталсан. Бид 20 хоногийн дараа цахим гаваа зүүнэ. Үгээ хэлнэ ээ, та нараас айхгүй ээ. Та нар дарангуйлал тогтоож чадахгүй ээ. Бидэнд фэйсбүүк сошиал байгаа. Харин иргэдэд нэг зүйл анхааруулж хэлэхэд, Н.Учралын сошиалд хязгаарлалт тавих гэж байгаа энэ хуулийг эцсээ хүртэл эсэргүүцэх хэрэгтэй шүү. Сошиалаа алдах л юм бол бид дарангуйлалд нэвт орно шүү. Үүнийг иргэн бүр анхаараарай. Өнөөдөр бид өөрсдийгөө хамгаалахын тулд Монголхүүг хамгаалах ёстой. Мөнхжинг хамгаалах ёстой, Мөнх-Эрдэнийг хамгаалах ёстой, Шинээг хамгаалах ёстой. Өөр ял авсан залуучууд, иргэдийг бүгдийг нь хамгаалах ёстой. Эд шийдвэр тушаалаа өгчихөөд, сүүлд нь гэм зэмгүй цагдаа нарыг шоронд хийж байсан түүх 2008 оны долдугаар сарын 1-ний жишээн дээр гарсан. Одоо түүнээс илүү аймшиг иргэдийг хүлээж байгаа. Бага насны хүүхдийн хүчирхийллээр далдалж, бидний эрхийг боох гэж байна. Сошиалаа алдах юм бол бид эрх чөлөөгөө алдана. Өөрсдөө бичлэг хийгээд гүтгэдэг шүү. Монголхүүг суллах ёстой.

Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн тэргүүн Д.Цогтбаатар: Монголын ард түмэн, Ардчилсан намын гишүүд, иргэний хөдөлгөөнийхөн, төрийн бус байгууллагуудад хандаж хэлмээр байна. Түүх сөхвөл 1921-1940-өөд он хүртэл маш олон хүнийг залхаан цээрлүүлэх, цуст яргалал хийсэн. Энэ бол бодитой хэлмэгдүүлэлт. Дараа нь 1950-1980-аад оны үед мөн шинэ үеийн сэхээтнүүдээ хэлмэгдүүлж, шоронд хийж цөлсөн. Энэ байдал орчин цагт давтагдах гэж байна. Одоо шинэ үеийн сэхээтэн залуусаа хэлмэгдүүлж эхэллээ. Жишээбэл, Монголхүү, Мөнх-Эрдэнэ, Мөнхжин, Чинбат. Сүүлийн үед эх оронч иргэдээ хэлмэгдүүлдэг болсон. Сэтгүүлч Мөнхбаяр, яруу найрагч Ц.Хулан, Баасан ламын эхнэр хүүхдүүдийг бүгдийг шоронд хийсэн. Бүгдийг нь урвагч гэж үзсэн. Улс эх орныхоо сайн сайхны төлөө үг хэлсэн болгоныг хорьж байна. Энэ үйлдлээ таслан зогсоохгүй яагаад үргэлжлүүлээд байгаа юм бэ. УИХ-д байгаа Ан-ын 11 гишүүн үүн дээр яагаад дугарахгүй байна вэ. Яагаад тэдэнтэйгээ нэг талд гарчихаад хуйвалдаанд оролцоод байна вэ. Үүний эсрэг арга хэмжээ хэзээ авах вэ.


Нээлттэй микрофоны үеэр “No double standart” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяртай ярилцлаа.


-Иргэн Д.Монголхүүг хорих үндэслэл юу байв?

-Ковидын үеэр “Цахим үндэстэн” гэж шоу болсон шүү дээ. Тэр шоугаа хийхдээ аж ахуйн нэгж, иргэдийн хөлийг хорьж байгаад double standart маягаар тэр үйл ажиллагааг явуулсан. Үүнийг нь бид эсэргүүцээд, Төв талбайд “No double standart” хөдөлгөөнийг эхлүүлээд гараад ирсэн. Үүндээ хариуцлага тооц гээд шат шатны хуулийн байгууллагад хандсан. Энэ үйл явдлаар далимдуулж, бидэнд эрүүгийн хэрэг үүсгээд эхэлсэн. “No double standart” жагсаал өдөр бүр талбай дээр тасралтгүй явсан. Тус жагсаалын үеэр бид хар уутаар хүний макет хийж, ковидын үеэр нас барсан хүний тоогоор тавьсан. Ковидын үеэр нас барсан хүүхдийн тоогоор гутал талбайд оруулж тавихаар бэлтгэсэн байсан. Тэр үед эмнэлгийн ачаалал хэтэрчихсэн. Хүүхдүүдийн хичээл сургуулийг хорьсон. Цэцэрлэг, сургуульд явж үзээгүй бүхэл бүтэн цонх үе гарч ирсэн. Битгий тэгээч ээ, утгагүй хөл хориогоо зогсоогооч, double standart-аа болиулаач. Өөрсдөө шоу цэнгээн хийчихээд иргэдийгээ болохоор хөл хорионд байлгахаа болиоч ээ. Битгий иргэдийгээ хязгаарлаач ээ гэдэг шаардлагыг л тавьсан. Ингээд гутал оруулах явцад Монголхүүд хүч хэрэглэн 6-7 цагдаа гутлыг нь оруулахгүй гэж хорьсон. Уг нь тэр цагдаа нар өөрсдөө Монголхүүг зодож гэмтээсэн. Түүнээс хойш Монголхүүгийн давсаг, түрүү булчирхай өвддөг болсон. Эгмийг нь гэмтээж хадуулсан. Ийм л үйл явц болсон шүү дээ. Гэтэл Монголхүүд цагдаа зодсон хэргийг тохсон. Түүний дараахан фэйсбүүк дэлхий даяар сервер нь унаад, ажиллахгүй зогссон. Яг тэр өдрийг тааруулж, баривчилгаа явуулсан. Шөнө Монголхүүг гэрийх нь үүднээс хүчээр баривчлаад, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст аваачсан.

-Та нар мэдээллийг яаж авсан юм бэ?

-Бид “Club house”-аас мэдээлэл авсан. Тэгээд арав гаруй хүн цуглаад, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү очсон. Гэтэл Монголхүүг Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн B1 давхрын гражийн хаалгаар авч зугтаагаад, Цагдан хорих 461 дүгээр анги руу аваад явсан. Тэгээд бид ч таамаглаад, тийш яваад очтол Монголхүүг прокурорын зөвшөөрөлгүй хорьсон байсан. Тогтоолоо үзүүл, эсвэл наад хүнээ сулла гэдэг шаардлагыг бид тавьсан юм. Тэгтэл 461 дүгээр хорих ангиас Монголхүүг сулласан. Бид хүнээ аваад явах гэж байтал өөрсдийгөө цагдаа хэмээн танилцуулсан энгийн хувцастай арав гаруй хүн биднийг явуулахгүй гэсэн.

-Тэр нь хүн оргуулсан хэрэг болсон байх аа?

-Шоронгоос хүн оргуулсан гээд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд биднийг орон даяар гүтгэсэн шүү дээ. Ингээд бидэнд Эрүүгийн хуулийн 23.1 буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн хэргээр арав орчим хүнийг яллагдагчаар татаад, гурвыг нь шоронд хорьсон. Тэгээд би өлсгөлөн зарласан. Монголхүүг үндэслэлгүй хорьсон байна гээд сулласан. Гэтэл Хуульзүйн сайд Х.Нямбаатар тэргүүтэй хүмүүс ярьж байгаад буцаад хориулсан. Ингээд Монголхүүг 30 орчим хоног хорьсон. Би нэг сар орчим өлсгөлөн зарлаж, гарч ирээд Монголхүүг сулла гээд тухайн үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр шаардаж байлаа. Энэ хэрэг явсаар байгаад шүүхээс буцаагдаад байж байтал “No war” хөдөлгөөнийг эхлүүлтэл буцаагаад шинээр мөрдөн байцаалт явуулж, дахин мэдүүлэг авсан. Дахин зохиомол хэрэг үүсгэн, шүүхийн шийдвэр гаргуулсан. Цагдаа нараар дахиж яг адилхан мэдүүлэг өгүүлээд, дахин шүүхээр оруулж бидэнд ял оноосон.

Монголхүүд анх хоёр хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байтал оргосон гэдэг нь үндэслэлгүй учраас тогтоогдохгүй болоод, хэрэгсэхгүй болсон. Оргоогүй юм чинь тогтоогдохгүй. Түүний оргосон хэрэг тэр үедээ тогтоогдохгүй хэрэгсэхгүй болчихоор бид хүн оргуулаагүй гэдэг нь ойлгомжтой болчихож байгаа биз дээ. Тэгээд шүүхээс буцаагдсан. Оргосон гээд байгаа хүн өөрөө хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон байхад оргосон гээд байдаг нь ямар учиртай юм бэ гээд байхад тэр хэргийг хаагаагүй явуулсаар байсан. “No war” хөдөлгөөн анх өрнөж эхлэхэд зөрчлийн баахан хэрэг үүсгээд, хоёр хэргээр биднийг яллачихсан. Одоо бид Дээд шүүхэд хандаад явж байгаа.

-2022 оны сүүлчээр иргэн Д.Монголхүүд бас нэг ял оноосон байх аа?

-Оны өмнө Монголхүүд ямар ял оноосон гэхээр Төв талбайд хүүхдийн гутал оруулах гэж байхдаа 6-7 цагдаад хүч хэрэглэн, эсэргүүцсэн гээд Эрүүгийн хуулийн 23.1 буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх шал өөр хэргээр ялласан. Нэг жилээр зорчих эрхийг хязгаарлах ял оноогоод, хагас жил орчим ялаа эдлээд байж байхад нь янз бүрийн шалтаг тоочсоор байгаад үлдсэн зургаан сарыг нь хорихоор шоронд хийчихлээ. Одоо Монголхүүд давж заалдах эрх байгаа.

-Тэгэхээр цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон байгаа гэсэн үг үү?

-Тийм. Давж заалдах шатны шүүх хурал болтол 461 дүгээр ангид хоригдсон байх. Хэрвээ бүр хорих ялаар солилоо гэхэд цаашаа хорих руу шилжүүлнэ. 461 дүгээр анги чинь зөвхөн дамжин өнгөрүүлэх шүү дээ.

-Д.Монголхүүг эргэж очиж болох уу?

-Одоо харин тэр боломж нь юу байна асууж сурах гээд, дээрээс нь өмгөөлөгч болон ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоох гээд байж байна. Өчигдөр мэдээлэл аваад л биднийг төлөөлж, “No war” хөдөлгөөний гишүүн Билгүүн шүүх хурал дээр нь очсон. Нөхцөл байдлыг биеэр харчихаад ирсэн. Тэндэх нөхцөл байдлыг нэг өгүүлбэрт багтаагаад хэлэхэд Монголоогийн цахим гавны цэнэг дууссан. Түүний гэмтсэн эгэм нь байнга үзүүлэх, хадаасаа авахуулах гээд олон асуудал үүссэн. Тэгээд өөрөө гэмтлийн эмнэлэг явах зөвшөөрлөө аваад, явж байхдаа өөр маршрутаар явсан, өөр зорилготойгоор өөр чиглэлээр явсан гэж ял тулгаад, хорьчихож байгаа юм. Яг энэ Монголхүүд тохиолдсон асуудал бидэнд ч тохиолдох магадлалтай. Яагаад гэвэл Дээд шүүх дээр ялагдаад, ял авлаа гэхэд 1-1.2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял өгнө. Тэгээд бидэнд ямар нэгэн байдлаар шалтаг гаргаад л хорих ял болгоно. Яг Монголоотой адилхан кейс үүсээд байна гэлээ.

Өчигдөр үдээс хойш “No double standart” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяртай эргэн холбогдоход, иргэн Д.Монголхүүгийн ар гэр, өмгөөлөгчтэй холбогдсон. Түүнийг очиж эргэсэн тухай дуулгасан юм. Өөрийнх нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болон өмгөөлөгчөөс өөр хүн түүнийг эргэх эрхгүй ажээ. Угтаа бол долоо хоногт хоёр удаа эргэх эрхтэй ч түүнд шүүхээс зөвшөөрсний дагуу 14 хоногт нэг удаа эргэх болсон гэнэ. Иймээс иргэн Д.Монголхүүгийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нь өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр болжээ.

Ардчилсан намын дэргэдэх “Ардчилсан залуусын холбоо”-ноос Ерөнхийлөгчид хүргүүлж буй ил захидалд “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа, Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүний эрхийн зөрчил ихсэж, үндэсний авулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлэх байдалд хүрч байгаа тул Төрийн Тэргүүн танд хандан энэхүү захидлыг илгээж байна. АН-ын үнэт зүйл бол монгол хүний эрх, эрх чөлөө юм. Бид иргэнийхээ эрх чөлөөг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал ардчилсан төрийн дархлаа гэж бүрэн итгэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлсэн мянга мянган залуус, хэвлэл мэдээллийн ажилтнууд, тайван замаар жагсаал хийсэн иргэдийг Эрүүгийн хуулиар айлган сүрдүүлэх бодлого барих болсон нь хүний үндсэн эрх, эрх чөлөөнд шууд заналхийлж байна. Онцолбол, “No double standart” тайван жагсаалд оролцож, үг үзэл бодлоо илэрхийлсэн Д.Монголхүүг нэг жил зорчих эрхийг хязгаарлан яллаж, мөн шоронд хорьсон. “Ажлаа хий” тайван жагсаалыг цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн, зохион байгууллалттайгаар тарааж, тайван жагсаж байсан 50 гаруй залуусыг барьж хорьсон. Мөн “No war” дайныг эсэргүүцсэн таван залууг 12-15 сараар зорчих эрхийг нь хязгаарлан яллалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний эрх, эрх чөлөөг төр хамгаална гэж хуульчилсан байдаг. Иргэний үндсэн эрхийг сахин хамгаалах явдалд төрийн байгууллага хэрхэн ажиллахаас хамааралтай. Гэвч төр засаг хууль сахиулах байгууллагыг далдуур ашиглан, иргэдээ айлган сүрдүүлж, дарамталж хорьж саатуулж яллаж цагдаж цагдаажсан шоронжсон төр рүү улам бүр явсаар байна. Олон улсын шинжээчдийн байгууллагын ардчиллын тайлан 2023 “Экономист Интеллиженс Юнит” байгууллагын судалгаагаар ардчиллын индекс сүүлийн таван жил буурч, Монгол Улсад ардчилал үнэ цэнээ алдаж байна гэж дүгнэсэн байна. Дэлхий дахины геополитикийн өнөөгийн орчинд улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал төр засгаас ардчиллын үнэт зүйлийг хамгаалах асуудалд хэрхэн хандахаас хамаарч байгааг та биднээр хэлүүлэлтгүй мэдэх билээ. Иймд ардчилсан Монгол Улсын тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга таныг хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж буй үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, өөрийн эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ авахыг хүсч, энэхүү ил захидлыг илгээж байна. дэлхийн улс төрийн намуудын хүчтэй нэгдэл болох олон улсын ардчиллын холбооны бүрэн эрхэт гишүүний хувьд АН ардчиллын үнэт зүйлийг хамгаалж, нийгэм дэхь шударга бус ёс зүйгүй үйлдлийн эсрэг тэмцэл өрнөсөөр ирсэн. Цаашид олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, ард иргэдтэйгээ хамт тууштай тэмцэх болно” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *