Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цэрэнпунцаг: УИХ-ын тогтоолоор цаашид төрийн өмчийн компани байгуулахыг хориглосон DNN.mn

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ам.долларын ханшийг барих чиглэлд Эдийн засгийн байнгын хороо холбогдох байгууллагуудад (Засгийн газар, Монголбанк) ямар санал, зөвлөмж өгч байна вэ?

-Ам.долларын ханш чангарч төгрөгийн ханш сулардаг гол шалтгааныг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Бидний экспортоос олох валютын орлого импортын зарлагаас бага байна. Экспортын орлого сайн нэмэгдэхгүй байгаатай л холбоотой.

-Гэхдээ манай улсын төлбөрийн тэнцэл эерэг гарсан шүү дээ?

-Тийм ээ. Улирлын мэдээллээр эерэг гарсан. Гэхдээ ганцхан улирлын мэдээллээр төлбөрийн тэнцэл сайн гарлаа гээд олон жил ужгирсан асуудал шийдэгдчихгүй. Төлбөрийн тэнцэл улирлаар бус хэдэн жилээр эерэг гарч, экспорт импортоосоо удаан хугацаанд давж ужгирсан энэ тогтолцоо арилна. Өнөөдрийн түвшнээсээ хоёр, гурав дахин нэмэгдэж байж нөхцөл байдал сайжирна. Гэхдээ сүүлийн үед ханш тодорхой хэмжээнд буурч байгааг та бүхэн харж байгаа байх. Нүүрсний экспорт сайн байгаа. Дээрээс нь хил гааль нээгдсэн. Тээвэр ложистикийн гацааг арилгах чиглэлд Засгийн газар тодорхой арга хэмжээ авч ажилласны үр дүнд хил гаалиар бараа бүтээгдэхүүн саадгүй гарч байна. Мөн Хятадын ковидын хөл хорио тавигдсан зэрэг эерэг нөхцөлүүд гарч ирж байна. Хятадын эдийн засаг идэвхжиж, өсөлт сайтай байвал манай улсын экспортод гаргадаг бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ.

Түүнчлэн УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. Хуулийн хүрээнд гарч байгаа эерэг үр дүн олон нийтэд ил байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Хуйвалдааны маягаар явдаг байсан ил, далд зүйлүүд тодорхой болж ирлээ. Цаашдаа ирээдүй гэрэл гэгээтэй байна гэж харж байна.

-Ам.долларын ханш яг хэзээ буух юм бэ?

-Урт хугацаандаа төлбөрийн тэнцэл эерэг үзүүлэлттэй байх ёстой.

Мөн төсөв алдагдал багатай байх ёстой. Цаашид төсөв алдагдал багатай, төлбөрийн тэнцэл нааштай үзүүлэлтийг удаан хугацаанд хадгалбал ам.долларын ханш сулардаг. Валютын ханшны дарамт байхгүй болно. Энэ бол удаан хугацаандаа засагдах эмчилгээ. Түүнээс нэг улирлын дотор сайжирч, асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Бид цаашид гаднаас авдаг хэрэглээгээ бууруулж өөрсдөө үйлдвэрлэх боломжтой. Өрсөлдөөнд үндэслэсэн зарчмаар дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг гаргах ёстой. Мөн экспортын бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, солонгоруулах хэрэгтэй байна. Олон төрлийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг экспортолдог болох хэрэгтэй. Энэ чиглэлээрх бодлогуудыг удаан хугацаанд хэрэгжүүлснээр валютын ханш чангардаг үзэгдлийг шийднэ.

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Нэг салбараас хамаардаг хамаарлыг багасгаж, бусад экспортын бүтээгдэхүүнийг яаж илүү гаргах вэ гэдэгт төрийн бодлого чиглэх ёстой.

-Тэгвэл энэ чиглэлд яг ямар ажил хийж байна вэ?

-Нэлээд хууль баталж байна. Экспортын бус бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлнэ. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийвэл ингэнэ, гадаад хөрөнгө оруулалт орж ирвэл төрөөс ингэж дэмжинэ гэдэг зохицуулалт дээр ажиллаж байна.

Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төрийн оролцоо их байгаа салбаруудыг аль болох багасгах, хувийн хэвшлийг дэмжих, бололцоог хамтарч бүрдүүлсэн.

Төрийн оролцоог багасгах, эдийн засаг дахь төрийн өсөн нэмэгдэх байдлыг хаах чиглэлээрх УИХ-ын тогтоолыг саяхан баталсан. Тус тогтоолоор цаашид төрийн өмчийн компани байгуулахыг хориглосон. Тодорхой нөхцөлд төрийн өмчит компани байгуулах бол УИХ-аар заавал хэлэлцүүлж байх, цаашид төр бизнес хийхийг хязгаарлах бодлогыг уг тогтоолоор гаргасан. Тиймээс энэ хүрээнд олон ажил хийх ёстой.

-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд АМНАТ-ийн хууль чөдөр болж байгаа талаар хувийн хэвшлийнхэн ярьдаг. АМНАТ-ийг бууруулах бололцоотой юу?

-Татварын орчин болон төлж байгаа татварын хэмжээг бусад орнуудтай харьцуулахад манай улс тийм ч өндөрт ордоггүй.

Ер нь ашигт малтмал бол ард түмний буюу төрийн өмч. Бид төрийн оролцоог багасгах зорилготой байгаа. Энд хувийн хэвшлийнхэн түлхүү ажиллах ёстой. Гэхдээ хувийн хэвшлийнхэн татвар төлөх ёстой. Татварын хэмжээ бага байна уу, их байна уу гэдгийг нэг хоёр үзүүлэлтийг хараад хэлэх биш олон талаас нь бодох хэрэгтэй. Бусад бизнест өгч байгаа дэмжлэг ямар байна. Татварын дарамт ямар хэмжээнд байна вэ гэдгийг сайн бодож тооцож ярихгүй бол АМНАТ их байна, багасгах ёстой гэвэл буруу. Манай эдийн засгийн гол салбар бол уул уурхай. Ийм том салбараас авах татвараа багасгачихвал яах билээ гэдгээ бодох хэрэгтэй. Чиглэлийн салбар буюу эрүүл мэнд, боловсролын салбартаа хөрөнгө оруулах ёстой. Тэтгэврээ өгөх ёстой. Төрийн ажил албыг залгуулж байгаа төрийн албан хаагчдадаа цалинг нь өгөх ёстой. Энэ бүрийг бид татвараасаа суутгаж өгнө шүү дээ. Тиймээс татварыг сэтгэл хөдлөлөөр юм уу, хэсэг бүлэг татвар төлөгчдийн гаргасан саналыг авч хэлэлцэнэ гэж болохгүй. Энд Сангийн яам нухацтай ажиллах ёстой. Сангийн яам орлого, зарлага ямар байгааг харах ёстой. Бидний зарж байгаа зарлага олж байгаа орлогоосоо дандаа илүү гарч байгаа. Төсвийн алдагдал гэдэг чинь энэ шүү дээ. Бид үүнийгээ гадны зээл тусламжаар нөхдөг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зээл авч байж төсвийнхөө алдагдлыг нөхдөг. Төсөв алдагдалтай байгаагаас болж төгрөгийн ханш сулардаг. Алдагдалтай төсвийг алдагдалгүй болгох арга нь нэг бол татвараа нэмнэ. Үгүй бол зардлаа багасгана. Хэрвээ татвараа нэмэхгүй бол татвар төлдөг бааз сууриа томсгох хэрэгтэй. Жишээлбэл, 100 мянган аж ахуйн нэгж татвар төлдөг байсан бол үүнийг 150-200 мянга болгосноор татвар нэмэхгүйгээр орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

Мэдээж бизнесийнхэн ашиг, орлогоо бодоод татвар бага төлөхийг л хүснэ. Харин төр татвараар ард түмэнд үйлчилгээгээ үзүүлдэг гэдгийг сайн бодох ёстой.

-Өнгөрөгч долоо хоногийн чуулганаар УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Нэг танхимд хамт суугаа журмын нөхдийнхөө бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд хүнд байв уу?

-Мэдээж хэрэг хүнд байна шүү дээ. Нэг танхимд гурван жил хамт суугаад ажлаа хийж яваа нөхдийнхөө бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргана гэдэг бол хувь хүний хувьд амар асуудал биш. Гэхдээ энэ бол улс төрийн асуудал. Нийгэм шударга ёсыг шаардаж байна. Гишүүн хүн хэрэг хийчихээд УИХ-ын гишүүний бүрэн эрх гээд ард нь нуугдаж суудаг гэсэн ойлголттой байдаг юм шиг байна лээ. Сонгогчид энэ өнцгөөс харж байгаа учраас бүлэг улс төрийн тийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байх гэж бодож байна. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Бүлэг дээр ярьж шийдсэн. Хууль хүчний байгууллагын үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байх, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог нь хангахын тулд гишүүдийн эрхийг түдгэлзүүлсэн. Шалгуулаад хэрэг төвөгт холбоогүй нь тогтоогдвол бүрэн эрх нь буцаж сэргээгдэнэ.

-Энэ хаврын чуулганаар ҮХНӨ-ийг хийх үү?

-Улсын Их хурал дээр ч, Засаг дээр ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэж албан ёсоор яригдаагүй. Албан ёсны мэдээлэл алга. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдэнэ гэсэн хэвлэл мэдээллийнхний болон ам дамжсан яриа явж байгаа.

-Таны хувьд ҮХНӨ хийх, хийхгүй байхын аль талд нь байна вэ?

-Ард түмнээсээ асууж байж хийвэл зохимжтой гэж бодож байна.

-Энэ хаврын чуулганаар анхаарах нэг зүйл бол Сонгуулийн тухай хууль. Та энэхүү хуульд ямар саналтай байна?

-Засгийн газраас өргөн барьсан төсөл явж байгаа юм билээ. Манайх бол ардчилсан орон. Сонгогчид ардчилсан сонгуулийг найман удаа өглөө. Нам бодлогын нам болоод бодлогоо танилцуулж, намын гишүүд нь тэрхүү бодлогоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт өөрсдийн бодол санаагаа шигтгэж түүнийгээ сонгогчдодоо хүргэх, хандивлагч нараасаа сонгуулийн зардлаа босгож, тэр нь ил тод явдаг байх хэрэгтэй. Харин сонгогчид хэрэгжүүлэх бодлогыг нь харж дэмждэг байх нь зүйтэй.

-Сонгуулийн хуулийг ярихаар санхүүжилтийн асуудал хөнддөг. Мөн олон нийтийн зүгээс сонгуульд нэр дэвшигчийн гаргах зардал өндөр байгааг шүүмжилдэг. Таны хувьд энэ чиглэлд ямар дүгнэлттэй байдаг вэ. Мөн нууц биш бол 2020 оны сонгуульд та хэр хэмжээний мөнгө зарав?

-Сонгуулийн зардал ил тод байх ёстой. Аль тойрогт өрсөлдөж байна гэдгээс шалтгаалж янз бүр байх болов уу. Жишээлбэл, миний хувьд сонгогчдынхоо тооноос хамаарч сонгуульд ажиллаж байгаа хүмүүсийг цалинжуулах зардал чирэгдэл гээд овоо юм гарсан.

-Нэг нэр дэвшигч дунджаар нэг тэрбум төгрөгийн зардал гаргадаг гэсэн тооцоо байдаг юм билээ. Энэ нь мөнгөтэй хүн л нэр дэвших босго болчихдог юм бишүү?

-Мөнгөтэй хүмүүс нэр дэвшиж байна уу, мөнгөгүй хүн нэр дэвшиж байна уу гэдгийг та харж л байгаа биз дээ. Нэр дэвших хүсэлтэй хүмүүс нь дэвшиж сурталчилгаагаа хийгээд зарим нь сонгогддог шүү дээ. Чухам яажшуухан зардлаа санхүүжүүлдэг юм бэ. Хандив цуглуулдаг байх. Хандиваар нэлээн юм цугладаг байх. Зарим бололцоотой хүмүүс нь бололцоогоороо өөрийн халааснаасаа гаргаад явж байгаа.

Цаашид сонгуулийн зардлыг ил тод болгох ёстой. Сонгуулийн зардлыг хаанаас гаргах вэ зэрэг асуудал хуульд туссан юм билээ. Татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль хийхийг би хувьдаа дэмждэггүй. Сонгуульд оролцож байгаа улстөрчдөдөө зарим нь санхүүгийн хувьд боломжтой, зарим нь боломжгүй байдаг. Татвар төлөгчдийн мөнгөөр сонгуулийг санхүүжүүлнэ гэж байгаа нь үүнийг тэгшитгэх үүднээс ингэж зохицуулж байгаа болов уу. Мэдээж сонгуулийн зардал ил тод байх нь үнэхээр хэрэгтэй. Харин зөв аргаар ил тод болгох хэрэгтэй. Бид АТГ-т хөрөнгө оруулгын мэдүүлгээ гаргаж өгдөг. Энэ нь ил тод байдлыг хангаж байна уу, үгүй юу. Ард түмний, сонгогчдын хүсч байгаа мэдээлэл болж чадаж байна уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Энэ чиглэлд хуулиа чангатгавал үр дүн гарах уу, үгүй юу. Хуулийн хэрэгжилт нь муу байдаг юм уу мэдэхгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *