Санхүүгийн шинжээч А.Өлзийдэлгэртэй ярилцлаа.
-Монголбанк мөнгөний бодлогын хүүг хоёр оронтой тоонд буюу 13 хувьд хүргэлээ гэж оны өмнөхөн зарласан. Тэгвэл сая энэ дүнг хэвээр хадгална гэж мэдэгдлээ. Энэ нь эдийн засагт яаж нөлөөлөх вэ?
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хуралдсан Монголбанкны мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр бодлогын хүү өсөлттэй явсаар ирсэн. Энэ удаад харин 13 хувьд хэвээр нь байлгах шийдвэр гаргасан байна.
Ер нь Монголд ямар тохиолдолд бодлогын хүүг илүү хөдөлгөдөг вэ гэхээр валютын болон төгрөгийн ханш суларсан үед төв банкны зүгээс бодлогын хүүг өсгөдөг. Сүүлийн жил гаруйн хугацаанд 2850 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш одоо 3500 төгрөг давсан байгаа учраас энэ хооронд валютын ханшийг тогтвортой байлгах зорилгоор бодлогын хүүг өсгөж ирсэн гэсэн үг. Бодлогын хүүг тогтвортой үлдээж байна гэдэг нь Монголбанкны зүгээс цаашид нэгдүгээрт, валютын ханшийг тогтвортой байна гэж харжээ. Хоёрдугаарт, өнгөрсөн нэг жилийн хугацаанд өсгөсөн бодлогын хүүгийн нөлөөлөл зах зээлд бүрэн орж амжаагүй байгаа.
Ер нь дунджаар 6-9сар буюу хоёр, гурван улирлын дараа шийдвэрийн өөрчлөлтүүд зах зээлд ордог. Энэ нөлөөллүүдийг зах зээлд буух уу, үгүй юу гэдгийг харъя гэсэн байр суурьтай байх шиг байна.
-Ер нь бодлогын хүү хэвээр байх нь ямар ашигтай вэ?
-Бодлогын хүү сүүлийн нэг жил гаруйн хугацаанд өсч байсан гэж хэллээ. Тэгэхээр бодлогын хүү хэвээр байх нь энэ өсөлтийг сааруулах юм.
Ингэснээр зээл гаралт нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Эх үүсвэр сайжирч байгаа гэдэг талаасаа бизнесийнхэнд сайнаар нөлөөлнө.
-Цаашид бодлогын хүү буурах магадлал байна уу?
-Маш бага. Бодлогын хүү бол валютын ханшийг дагаж хөдөлж байгаа. Төгрөгийн ханш өнгөрсөн оных шиг хүчтэй биш юм аа гэхэд тодорхой хэмжээгээр сулрах хүлээлттэй байгаа. Тиймээс бодлогын хүүг эргэж буулгана гэсэн ойлголт байхгүй. Хэрэв бодлогын хүү буурчих юм бол төгрөгийн ханш улам суларна гэсэн үг. Тэгэхээр Монголбанкны зүгээс ийм эрсдэл гаргахгүй болов уу гэж харж байна.
-Цар тахлын улмаас хоёр жил царцаад байсан ипотекийн зээлээ иргэд энэ жилээс үргэлжлүүлэн төлж байгаа. Бодлогын хүү ер нь ипотекийн зээл гаралт болон төлөлтөд яаж нөлөөлөх бол?
-Энэ удаагийн бодлогын хүүгийн шийдвэр ипотекийн зээлийн төлөлтөд шууд нөлөөлж чадахгүй. Бодлогын хүү өөрчлөгдөж байгаа ч гэсэн ипотекийн зээлийн хүү дагаад өөрчлөгдөнө гэсэн үг биш. Ипотекийн зээлийн хүү зургаан хувь байна гээд Засгийн газрын шийдвэрээр тогтсон учраас шинээр зээл гарахад хүртэл бодлогын хүү нөлөөлөхгүй болов уу. Шууд бусаар гэвэл бизнесийн үйл ажиллагаа сайжраад ирэх юм бол зээл гаралт нэмэгдэнэ. Ингэснээр зах зээлд эргэлдэх мөнгөний эргэлт сайжрах боломжтой.
-Ер нь бодлогын хүү валютын ханштай уялддаг гэлээ. Валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд уул уурхайгаас орж ирж байгаа долларыг төв банк юм уу арилжааны банкуудаар дамжуулах ёстой юм биш үү?
-Бодлогын хүүг бууруулахын тулд мэдээж ханш тогтвортой байх ёстой. Төгрөгийн ханш долларын эсрэг чангарвал долларын хүү буурах боломжтой. Гэхдээ валютын ханшийг чангаруулахын тулд орж байгаа валютын урсгалыг Монголбанкаар дамжууллаа гээд үр дүн үзүүлэхгүй. Арилжааны банкаар орж ирж байгаа нийт валютын дүн маань гарч байгаа урсгалаасаа өндөр байснаар валютын ханш чангарна. Арилжааны банк байна уу, төв банк ч байна уу, хаагуур орж ирэхээс үл хамаараад валютын болон төгрөгийн ханш сулрах боломжтой байгаа.
-Бодлогын хүү буурснаар ямар боломжууд үүсэх вэ?
-Мэдээж бодлогын хүү буурвал хадгаламжийн хүү буурна. Хадгаламжийн хүү буурсны дараа зээлийн хүү буурна. Зээлийн хүү буураад бизнес хийхэд өртөг багатай байна. Ингэснээр засаг сэргэнэ. Олон шинэ бизнесүүд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно. Мэдээж эдийн засаг сайжирвал хүмүүсийн орлого нэмэгдэнэ гэсэн үг. Дагаад валютын ханшид сайнаар тусах давуу талтай. Хүү нам дор тогтвортой байхад валютын ханш тогтвортой байх хэрэгтэй. Валютын ханш тогтвортой байхын тулд валютын орлого зарлагаасаа өндөр байх хэрэгтэй. Тэгэхээр валютын орлогоос бүх эдийн засаг дахь нөлөөллүүд гараад ирж байгаа юм. Валютын орлого өндөр байвал хүү нам дор байгаад Монгол Улсын эдийн засаг, цалин орлого өндөр байх юм.
-Манай улсын бодлогын хүүд гадаад хүчин зүйлс, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал яаж нөлөөлж байна вэ?
-Энэ удаагийн бодлогын хүү нь гадаадын зах зээлээс хүчтэй нөлөөтэй байгаа. Дэлхий нийтээр үнийн өсөлттэй тэмцэх зорилгоор гадаадын банкууд сүүлийн 15 жилд байгаагүйгээр бодлогын хүүг өсгөсөн. Хүмүүсийн гар дээрх мөнгийг татах, хэрэглээг бууруулах зорилгоор бодлогын хүүг өсгөөд, инфляцийн түвшинг тогтвортой байлгах гэж үзсэн. Бусад орнууд бодлогын хүүгээ өсгөөд ирэнгүүт Монгол Улсын хувьд валютын ханшийг тогтвортой байлгах үүднээс бодлогын хүүгээ дагаад өсгөхөөс өөр аргагүй болсон. Тэгэхээр Монгол Улс бодлогын хүүгээ өөрчлөхгүйгээр хэвээр үлдээж байгаатай адилхан олон улсын зах зээлд үнийн өсөлт саарсан учраас зарим банкуудын хувьд бодлогын хүүгийн өсөлтийг бууруулах эсвэл хэвэнд нь үлдээх ярианууд гарч эхэлж байна. Тухайлбал, АНУ-ын бодлогын хүү одоо 4.75 хувь байгаа. Энэ хүүг таван хувьд хүргэхийн тулд 0.25 хувиар өсгөх шийдвэр гаргаж байна. Өмнө нь 0.75 хувь, 0.5 хувиар хүчтэй өсгөж байсан бол одоо багаар өсгөх жишээний. Нэгэнт өсгөсөн байгаа бодлогын хүүгийн нөлөөлөл Монголд ч төдийгүй олон улсын зах зээлд нөлөө нь тодорхой хугацааны дараа ордог. Тиймээс бүгдээрээ хүлээлтийн байдалтай ажиглаж байна л даа. Хэрэв гадны банкууд бодлогын хүүгээ бууруулаад эхэлбэл манай бодлогын хүү тогтвортой байх боломжтой. Харин гадны төв банкууд бодлогын хүүгээ өсгөөд эхэлбэл манайх дагана. Ингээд бодлогын хүү өсвөл зээлийн хүү өсөх, хүмүүсийн цалин орлого муудах, бизнесийн цикль буурах эрсдлүүд бий.