МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.
-2023 оны хаврын ээлжит чуулган ирэх лхагва гаригт нээх гэж байна. Хаврын чуулган ямар байдлаар өрнөх бол. Ер нь бид энэхүү чуулганаас юуг хүлээх вэ?
-Энэ удаагийн хаврын чуулган Монголын улс төрийн тогтолцоо хэрхэн яаж өөрчлөгдөх вэ гэдгийг хэлэлцэх түүхэн үүрэг хүлээж байж магадгүй. Ойрхны эх сурвалж гэвэл хоёрдугаар сард өндөрлөсөн Зөвлөлдөх санал асуулгын үр дүн, Ардчилсан намын даргын асуудал нэг талдаа гарсан, Шилэн нам эрдэм шинжилгээний хуралд Ерөнхий сайдын тавьсан илтгэл зэргээс хаврын чуулганы өнгийг харах боломжтой санагдаж байна. Улс төрийн үйл явцтай хамаатуулан бидний хүлээх бодит зүйл бол Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн шинэлчилсэн найруулга байна даа. Монголын улс төрийн намуудын дараагийн шатны хөгжил, иргэдийн улс төрийн сонгох эрхийг баталгаажуулах сонгуулийн хуулийн агуулга үнэхээр сонирхол татаж байгаа. Ялангуяа холимог сонгуулийн тогтолцоог улс төрийн намууд, нийгмийн зүгээс хүчтэй дэмжиж байна. Хамгийн гол нь холимог тогтолцоогоо хэрхэн “хольж” байгаагаас шалтгаалан одоогийн мажоритарийн алдааг засах тул үүнийг л анхааран ажиглах ёстой. Онолын хувьд тавь, тавин хувьтай мажоритар, хувь тэнцүүлснийг холих ёстой байдгийг энд онцолж хэлье. Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль хоёр салшгүй холбоотой. Сонгогч, улс төрийн тогтолцоо, намын хөгжил, улс төрийн тогтолцооны хөгжилд шууд нөлөөлдөг хуулиуд тул агуулгыг сайн анхаарах хэрэгтэй.
-Чуулганаар зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ, ҮХНӨ хийнэ гэж яригдаж буй. Эдгээрийг хэлэлцэж хэрэгжүүлж чадах болов уу?
-Хаврын чуулганы бас нэг “нэмэлт” нь ҮХНӨ-ийн асуудал байж магадгүй байна. Хэрвээ дээрх хоёр улс төрийн тогтолцооны суурь хууль болон ҮХНӨ-ийн асуудал яригдах бол хаврын чуулганаар бусад хуулиудыг хэлэлцэх цаг хэр байх бол. Мэдээж нэмээд хаврын улс төр орж ирэх байх. Тиймээс нийгэм маш аядуу байж анхааралтай ажиглаж заавал уншиж танилцаж хянах шаардлагатай. ҮХНӨ-ийг хийх аваас Зөвлөлдөх санал асуулгын үр дүн дээр суурилах юм байна гэж ойлгож байгаа.
-Улс төрийн хүрээнд хамгийн их яригдаж байгаа сэдэв юу байна?
-Хамгийн их яригдаж байгаа сэдэв болох гишүүдийн тоо, сонгуулийн холимог тогтолцоо юм. Эдгээр асуудлуудтай холбоотойгоор судлаачдын бичсэн өгүүлэл, экспертүүдийн зөвлөмжийг заавал олж харах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр, өнгөцөөр тэгдэг юм гэж хэлдэг зүйлс биш юм. Ардчилсан шилжилтийн 33 жилийн үйл явцыг дараагийн шатанд аваачихад нөлөөлөх учир шинжлэх ухаанч хандах нь чухал. Гишүүдийн түдгэлзэх асуудлын хувьд ҮХНӨ хийх боллоо гэж үзвэл 57 гишүүнээс доошгүй ирц бүрдсэн тохиолдолд хүчин төгөлдөр байна. Тиймээс 1-2 гишүүний асуудал түдгэлзэхэд ирцийн хувьд хүндрэл байхгүй. Харин санал өгөх буюу кнопын эрхтэй гэдгээрээ “нөхцөл” үүсгэх боломж гишүүдэд бий. Энэ нь л давжаа гэж нэрлэгдэж байгаа парламентын хамгийн сул талуудын нэг юм. Тэгэхээр парламентын бүдүүн бүлэг 62-уулаа байгаа үед дотоод улс төр гэхээсээ илүү улс орноо нэгт тавих манлайлалтай шууд хамааралтай байх болно.
-Хэрвээ хэрэгт холбогдсон гишүүдийн эрхийг түдгэлзүүлнэ гэвэл энэ УИХ-ын хэдэн гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх бол. Тэр нь УИХ-ын чадамжид хэрхэн нөлөөлөх бол?
-Одоогийн байдлаар хоёр гишүүн өргөдөл гаргасан гэж мэдээ уншсан. Ахиад цөөнгүй тооны гишүүдийн асуудал яригдаж байгаа гэсэн гээд та бүгдтэй ижил мэдээлэлтэй байна. Ганц, хоёр гишүүний асуудал бол ирцэд нэг их нөлөөтэй биш. Харин хоёр оронтой тоонд хүрээд ирвэл парламентын үйл ажиллагаанд доголдол үүсгэх эрсдэл байгаа.
-Түдгэлзсэн гишүүдийн тойрогт нөхөн сонгууль явуулах болов уу?
-За даа, бараг үгүй болов уу даа. Түдгэлзэх эсэхийг нь Их хурал авч хэлэлцээгүй байгаа үед бүрэн эрхээ хэрэгжүүлж буй гишүүн. Ээлжит сонгууль нэг жилийн дараа, бидэнд үр дүнтэй гурван чуулган л үлдсэн.