Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамж, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг ард иргэдэд таниулах, ахин давтахгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Үүний нэг нь “ХАМАГ МОНГОЛЧУУД БҮҮ МАРТАГТУН” баримтат контентийг “Хөгжил” энтертайментад захиалан бэлтгүүлж ийнхүү өнөөдөр МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганы 1 давхарт 13.00 цагаас хоёр дахь цувралын нээлт боллоо.
Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр нээж хэлсэн үгэндээ “ Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт нь 1921 онд Саж ламын хэргээр эхлэн 1937 онд оргил үедээ хүрч, 1939 онд бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр үргэлжилж 1990 оны Ардчилсан хувьсгалтай золгосон.
Хилс хэрэгт нийт 18,775 лам, мяндагтанг хэлмэгдүүлж тэдгээрийн 75 орчим хувьд нь цаазын ял оноосон бол үлдсэн хэсэгт нь хорих ял оноож байжээ. Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн лам мяндагтан нартай хамт соёлын үнэт өвүүдээ алдаж, оюун санааны асар их хохирлыг амссан юм.
Цаг хугацаа улиран одохын хэрээр хэлмэгдүүлэлтийн аймшигт түүхийн үнэний учир шалтгаан тодорч бас зарим нь бүдгэрэн уусдаг.
Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар түүхийг мартаж үл болно” гэлээ.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс 2022 оноос хойш “Хамаг Монголчууд бүү мартагтун” баримтат цуврал нэвтрүүлгийн эхний цуврал болон “Хэлмэгдүүлэлт ба Цагаатгал”, “Гэмшлийн гэрэлт зам” Завхан, Архангай аймгуудад бэлтгэсэн нэвтрүүлэг, өнөөдөр нээлтээ хийж буй “Хамаг Монголчууд бүү мартагтун” цуврал нэвтрүүлгийн хоёр дахь “Хэлмэгдүүлэлт ба лам нар” цуврал, 25ш контент шторк, 26ш постер, хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүд, судлаачдын 40 гаруй контент бэлтгэн олон нийтэд хүргээд байна
Мөн “НЭГ ХҮНИЙГ ТАХИН ШҮТЭХИЙН ХОР УРШИГ” /МАХН-Ы ТӨВ ХОРООНЫ 1956 ОНЫ IV БҮГД ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС/ ном тун удахгүй уншигч та бүхний хүртээл болох болно.
Түүнчлэн Монгол Улсын Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, МУИС-ийн профессор, түүхийн ухааны доктор З.Лонжид, Түүхийн ухааны доктор С.Баатар нарын хамтран эмхтгэсэн “Хэлмэгдэл ба Цагаатгал” номыг сонсдог ном болгон сонсогч олонд хүргэхэд бэлэн болоод байна.
“…ХАМАГ МОНГОЛЧУУД БҮҮ МАРТАГТУН”.
МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН