Даатгалын хураамжийн орлого 2022 онд 300.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 57.4 (23.6 хувь) тэрбум, даатгалын нөхөн төлбөрт 94.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оныхоос 25.3 (36.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Даатгалын хураамжийн 85.5 хувийг сайн дурын, 13.6 хувийг албан журмын, 0.9 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байгаа бол нөхөн төлбөрийн 64.7 хувийг сайн дурын, 33.9 хувийг албан журмын, 1.5 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байна. Даатгалын хураамжийн орлого 2022 оны 4 дүгээр улиралд 84.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 29.6 (53.9 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх улирлынхаас 7.7 (8.3 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.
Даатгалын нөхөн төлбөрт өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 25.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (5.7) тэрбум, өмнөх улирлынхаас 4.9 (24.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Даатгалын хураамжийн орлого 2022 онд өмнөх оныхоос 57.4 (23.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 17.5 (35.8 хувь) тэрбум, гэнэтийн осол, эмчилгээний хураамжийн орлого 15.8 (50.7 хувь) тэрбум, барилга угсралтын даатгалын хураамжийн орлого 6 (2.4 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Даатгалын хураамжийн нийт орлогын 23.8 хувийг хөрөнгийн, 22.1 хувийг авто тээврийн хэрэгслийн, 15.7 хувийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал эзэлж байна.
Даатгалын нөхөн төлбөр 2022 онд өмнөх оныхоос 25.3 (36.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд гэнэтийн осол, жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 13.2 (70.9 хувь) тэрбум, авто тээврийн хэрэгслийн нөхөн төлбөр 7.7 (40.4 хувь) тэрбум, эмчилгээний даатгалын нөхөн төлбөр 4.8 (36.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөллөө. Даатгалын нийт нөхөн төлбөрийн 33.9 хувийг жолоочийн хариуцлагын, 28.4 хувийг авто тээврийн хэрэгслийн, 19 хувийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал эзэлж байна. Даатгуулагчид өнгөрсөн онд 1.3 сая болж, өмнөх оныхоос 133.3 (11 хувь) мянгаар нэмэгджээ. Даатгуулагчдын 82.4 хувь нь иргэн, 17.6 хувь нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллага байна.