Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Шинэ харилцаа, хамтын ажиллагааны эхлэл Катарын тэмдэглэл DNN.mn

Саяхан л хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болж, түм түжигнэж бум бужигнаж байсан Доха хотод шөнө дөлөөр буулаа. Монголын зуны орой шиг сэрчигнэсэн салхитай чийглэг бүлээн агаар бүхий энэ хот хөл хөдөлгөөн нам жим, жигтэйхан тайван унтаж байна уу гэлтэй. Зам талбай, барилга байшин нь харваас чинээлэг баян улс гэдэг нь тов тодорхой. Аргагүй билээ, газрын тос, байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд гуравт эрэмбэлэгддэг улс. Зам тээвэр, дэд бүтэцдээ зориулан 30 тэрбум ам.доллар зарцуулсан, “Хамад” олон улсын нисэх буудал нь эрэмбээрээ дэлхийд 9-д ордог гэсэн уншиж байсан мэдээллээ нүдээрээ баталгаажуулж явлаа.

Тайлбар байхгүй.

Хүмүүс нь баян чинээлгээрээдэлхийд хоёрдугаарт ордог. Хангалуун чинээлэг хүмүүс бусдын хөрөнгө рүү илүү харах бодол байдаггүй биз, хууль нь ч чанга хатуу гэсэн, гэмт хэрэг хулгай бараг гардаггүй, амар амгалангаараа гайхагдсан улс. Бас архи зардаггүй, биеэ гаргасан задгай хувцас өмсөхийг хориглодог, нэг эмэгтэйд гурван эр хүн оногддог гээд биднээс тэс өөр амьдрал тэнд үргэлжилдэг.

Тайлбар байхгүй.

Энэ өдрүүдэд Катарт шөнөдөө 15, өдөртөө 30 орчим грудас дулаан байна. Зун бол 50 градус хүрч хайлуулах дөхдөг гэнэ. Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өвөл зохион байгуулсан нь цаг агаарын хувьд хамгийн тааламжит сайхан үе нь байжээ.

Тайлбар байхгүй.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулж эх орноо сурталчлах зорилгоор “Welcome to Mongolia”буюу “Монголын соёлын өдрүүд”-ийгКатар, Кувейт улсад зохион байгуулж байгаа юм. Катар улсад тоглосон Монголын Үндэсний их театрын уран бүтээлчдийн тоглолтыг үзэхээр Катарын албаны хүмүүс төдийгүй энгийн иргэд ч хүүхдүүдээ хөтлөн ирсэн байлаа. Манай үндэсний урлаг тэр дундаа бүжиг, хөөмий, уртын дуу тэдэнд өвөрмөц, содон сонин байсан болов уу гэж бодогдоно. Учир нь “Жалам хар”-ын аяанд хүүхдүүд нь инээд алдан даган бүжиглэж хөөрхөн хөгжөөд авсан. Эцэг эх нь утсаараа бичлэг хийж харагдсан. Ямартаа тоглолтын дараа Катарын зүгээс Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийг 2030 онд болох Азийн тоглолтын нээлтэд бүрэн бүрэлдэхүүнээр нь урилаа. Манай зураачдийг ч ирж үзэсгэлэнгээ гаргахыг хүссэн юм. Ганзага дүүрэн л явж байна.

Тайлбар байхгүй.

Катар улс гурав сая орчим хүн амтай, 80 хувь нь нийслэл Дохадаа амьдардаг. Өглөө эрт ажил нь эхэлдэг бөгөөд өдрийн их халуунаар буюу үд дундад ажлын цаг нь дуусдаг. Өдөр бол хотын гудамж эль хуль. Харин орой сэрүү унаад ирэхээр хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Бүр шөнө харанхуй болсон хойно ч цэцэрлэгт хүрээлэндээ гэр бүлээрээ ширээ засаад тухалчих юм. Хүүхдүүд нь хөөцөлдөж гүйгээд, бөмбөг өшиглөөд ёстой нэг чилээгээ гаргаж байгаа болтой шуугилдана. Дэлгүүрүүд нь асар том. Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болдог стадионы дэргэдэх худалдааны төвөөр орлоо. Лангуунууд нь төв хаалганаасаа хоёр тийшээ сунаад зах нь харагдахгүй мушгиран оджээ. Гадаа явж байгаа мэт үүл хөвсөн дээвэртэй, салхи сэвэлзэх мэт сэрүүн, лангуунууд нь хоёр давхар үргэлжилсэн байшин хэлбэртэй. Дотроо Венецийн гудамжинд ирэв үү гэж андуурам усан замаар нь завьтай хүмүүс хөлхөнө. Дэлхийн бүхий л брэндийн салбарууд өрөөстэй байхын сацуу зоогийн газрууд хоолоороо даллана. Зэргэцээд хүнсний дэлгүүр үргэлжилнэ. Ер нь катарчууд дэлгүүртээ амьдардаг гэлтэй, гадаа байхгүй их хөл хөдөлгөөн тэнд өрнөнө. Дэлгүүр орох гэсэн машины түгжрэл ч үүсдэг ажээ.

Хун шувууг бид ганган гоё эмэгтэй хүнтэй зүйрлэдэг. Гоё сайхны бэлгэдэл хун байдаг. Арабад хун шиг цэмцгэр ганган хүмүүс нь эрчүүд юм. Үндэсний урт цагаан өмсгөлөө өмсөөд араб алчуур зүүсэн эрчүүдийнх нь ихэмсэг гэж. Дэгдээхэй шиг цагаан өмсгөлтэй хөвгүүдээ хөтлөөд явах юм. Эмэгтэйчүүд нь хар өмсгөлтэй, нүүрээ маш нямбай гоё будсан нь харагдана.

Катарт дэлхийн 30-аад орон оролцсон олон улсын морин спортын тэмцээн үзэх завшааныг манай Элчин сайдын яамныхан олгосон юм. Катарын хаан нь зориуд бариулсан асар том спортын ордонд уг тэмцээн манай Цагаан сарын үеэр эхэлж гуравдугаар сарын эхээр дуусч байгаа нь энэ аж. Тэнд гэр бүлээрээ яваа арабууд их харагдана. Эхнэрийн нь ард филлипин болов уу даа, гэрийн үйлчлэгч нь хүүхдүүдийг нь харж хамжааргалж явна. Тэгсгээд эхнэр хүүхэд нь үнэтэй ганган ганган машиндаа суугаад яваад өгөх юм.

Дээрх олон улсын морин спортын тэмцээний сүүлийн өдөр бол тун сэтгэл догдлуулсан үе байв. Томталбайд өндөр, давхар хаалттай, дараалсан ойр зайтай гээд нийт 16 саадыг амжилттай давах даалгавартай аж. Хоёр метрээс хол өндөр араб морьдын толгойтой тэнцэхүйц өндөр саад ч байна. Дараалсан давхар өндөр саад дээгүүр харайх даалгаврууд ч хэд хэд харагдана. Морь унаач тамирчид нь тэмцээн эхлэхийн өмнө талбайг алхаагаараа хэмжээд л алхаад байх юм. Саад бартаа бүрийн дэргэд очиж хоорондын зайг нь баримжаалж тактикаа боловсруулдаг байна. Яг тэмцээний үеэр бол морио хад мэт хантайрч ааг омгийг нь дардаг болтой. Тэгээд хаана яаж хурдлуулах, яаж харайлгах гэх мэт нь унаачийн толгойд нь багтаж, ур чадвараар нь илэрдэг ажээ.

1971 онд тусгаар тогтнолоо зарласан Катар улс Их Британи, Португали улсын колони байв. Загас агнуур, сувд түүж худалддаг байсан энэ улс газрын тос, хийн асар их нөөцөө илрүүлснээс хойш сувд түүдэг байсан газар энэ тэрээ хиймэл арал байгуулж, музей болгочихсон. Дурсамж юм даа, жуулчдад үзүүлэх сонин үзмэрүүдийн нэг нь. Ажиллах хүчээ дийлэнхдээ гаднаас авна. Бидэнд үйлчилж байсан автобусны залуу гэхэд Кени улсын иргэн. Ирээд дөрвөн жил болж байгаа, ирэх намар буцна, гурван хүүхэдтэй эхнэр нь нутагт нь буй гэж ярих. Өөгүй цэмцгэр өргөн зам дээр машин тэргээ баахан будилуудуу барих улс юм билээ. Нийтээрээ л тийм шинжтэй харагдана. Үйлчилгээний газруудад, барилга байгууламж гээд бүхий л ажилд гаднаас ажиллах хүч авдаг нь илхэн. Арабууд өөрсдөө өндөр цалин хангамжтай. Катарын мөнгөн тэмдэгтриал нь манай мянга орчим төгрөгтэй дүйцнэ. Тэд ядруухан хүмүүстээ улсаас маш их халамж үзүүлдэг, хүнсний талон өгдөг гээд өөд нь татаад явчихдаг болтой. Өөрсдөө үйлдвэрлэл явуулдаггүй, идэж уух, өмсөх зүүх, гоёл чимэглэлээ дийлэнхийг нь импортлоно. Хамгийн чанартайг нь оруулж ирнэ. Хятадууд л гэхэд монголоос авдаг махаа энд хэд дахин өндөр үнэтэй зардаг гэж байгаа. Тиймээс монгол хонины махны амт шимтийг сайн мэддэг болжээ. Энэ сонирхол дээр нь тулгуурлаж мах махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох боломж асар их

байгаа аж. Ямартаа ч Монголоос ирсэн мах махан бүтээгдэхүүн, хүнс, аялал жуулчлал, шатахууны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 шахам компаниуд Катарын Худалдаа аж үйлдвэрийн танхимд өчигдөр эхний уулзалтаа хийж, танилцуулгаа тавилаа. Катарын энэ чиглэлийн мөн 20 шахам компанийн удирдлагууд ирж, тухтайхан сууж сонсов. Дараа дараагийн гэрээ хэлэлцээр хэрхэн өрнөхийг тусгайлан мэдээлэх болно.

Катар улс хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулахад ойролцоогоор 220 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн тоо харагдсан. Лав л долоон цэнгэлдэх хүрээлэнг шинээр барьж, хөлбөмбөгийн холбогдолтой өдий төдий зүйлс хийжээ. Тэр бүхэн гудамж талбайгаар ньилхэн харагдана. 12 эгнээ хурдны замыг давуулан сүндэрлүүлсэн хөлбөмбөгийн асар том хаалга ч байх шиг. Бөмбөг өшиглөөд гүйж яваа тамирчны жижиг баримал ч байх шиг. Дэлхийн аваргын лого, хөлбөмбөгийн холбоотой энэхүү дүрс дурсгал дээр жуулчид дүүрэн, зураг хөргөө татуулна.

Монголын соёл урлаг, бизнесийн төлөөллөөс бүрдсэн томхон баг анх удаа ийн Катарт ажиллаж байна. Хар хувцастай араб авхай зураг авлаа гэж манай зураглаачийн бичлэгийг устгуулсан, загвар өмсөгчдийг тайзнаа гарахын өмнө хэт ил задгай байна гэж хар өмд, трико өмсүүлсэн, цамц углуулсан гээд соёлын уламжлалын эрс өөр ялгаа гарч л байна. Ингэлээ гээд бид ч хичээж, тэд ч тайлбарлаж, төлөвлөсөн ажил үргэлжилж л байна. Энэ бүхний ард хоёр улсын харилцаа эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал гээд бүхий л төрлөөр илт сэргэж, шинэ түвшинд гарна гэсэн хүлээлт үр дүнтэй болох нь эргэлзээгүй юм.

Сонин болгох үүднээс, одоогоос 10 гаруй жилийн өмнө Монгол Катарын харилцаа ямархуу түвшинд байсныг Египтэд элчингээр сууж байсан Д.Баярхүү гуайн нэгэн дурсамжийг бичье. Тэрбээр бичихдээ “ Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын VI бага хурлын дарга Катарт төрийн мэдлийн ганц их сургуульд нь Засгийн газрын шугамаар анхныхаа монгол оюутныг манай улс 2010 онд илгээв ээ. Миний Элчин сайд байхдаа хөөцөлдөж бүтээсэн ажил байв. Монгол ганц оюутныг эхний нэг жилд нь ёстой тансаглуулав. Зүйрлэвээс 4 одтой буудал шиг дотуур байр, зарц үйлчлэгчтэй, өдрийн гурван хоол цаанаасаа, дээр нь сар бүр 400 ам.долларын ханшаар гарын мөнгө гэж тэтгэлэг олгоно. Монгол оюутан нэгдүгээр курсээ төгсөн нутагтаа амраад эргээд очтол хэрэг бишдэв. Сургалтын төлбөр гээд арван хэдэн мянган ам.доллар тавьчихаж. Хоол хош байхгүй, оюутны байрны хөлс өндөр. Учир нь хоёрдугаар курсээсээ төлбөртэй сургалт руу яв гэдэг хуультай гэнэ. Нөгөө оюутны аав нь өр тавьж төлбөр (30 гаруй мянган ам.доллар) хийчихээд сурч байтал Деканы газраас дуудуулжээ. Энэ их мөнгөний гачлангаас гарах ганцхан мэргэн арга байна. Даруй л мусульман болчих, тэгээд л бүх жаргал буцаж ирнэ гэв. Тэр ч бүү хэл ойролцоох мечетийн хамба нь цоо шинэ жиип машин бэлэглэхээр амлаж бүр цонхон дор нь авчирч тавьчихаад байж. Мань хүн тэр ятгалга дарамтаас залхаад хичээлээ хаяад эргээд ирэв ээ. Засгийн газрын тэтгэлэг өнгөрөв” гэсэн байв.

Гэхдээ одоо цаг өөр болжээ. Энэ бол 10 гаруй жилийн өмнөх харилцаа юм шүү. Энэ удаагийн “Welcome to Mongolia” бол харилцан ашигтай хамтран ажиллах шинэ харилцаа, хандлагын эхлэл юм.

Үргэлжлэл бий

Д.Оюунтуяа

Катар улс 2023.03.06

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *