Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.
-Туулай жил гарлаа. Энэ жилийн эдийн засгийн төлөв байдал ямар таамагтай байхаар байна вэ?
-Эдийн засаг бол гадаад, дотоод гэсэн хоёр хүчин зүйлээс хамааралтай. Гадаад эдийн засаг нь манай эдийн засагт 50-60 хувиар шууд нөлөөлж чадах хүчтэй. Тэгэхээр бид урд талдаа Хятадаас, хойд талдаа Оросоос хамаарч байна. Нэгдүгээрт, Хятад Америкийн харилцаа нэлээд таагүй байгаа. Дээрээс нь Австрали коксжих нүүрсээ Хятад руу нийлүүлж эхэлсэн. Дайн эхэлснээс хойш коксжих нүүрсээ Хятад руу нийлүүлж байгаа Оросын экспорт нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс хамаарч манай нүүрсний өрсөлдөх чадвар буурах шинжтэй харагдаж байна. Ийм үед дотоодын нүүрсний хулгай бас яригдлаа. Мөн биржтэй холбоотой нүүрсний экспорт удаашрах магадлалууд байгаа. Ер нь Хятад талдаа харах юм бол нүүрсний экспорт төдийлөн өсөхгүй байхаар харагдаж байна. Нөгөөтэйгүүр Орос дахиад Украин руу дайрна гээд нэлээд хүчтэй мэдэгдлүүд хийж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Украинд очсон зэрэг нөхцөл байдлуудаас харахад манайд дизель, эрчим хүч хомсдож мэднэ. Оросоос хамаарах бүтээгдэхүүний импорт дээр нэлээд асуудал гарч ирэхээр байна. Мөн Оросоор дамждаг бүх тээвэр ложисткийн бараа бүтээгдэхүүн энэ нөхцөл байдалтай холбоотой бүгд хаагдаж байгаа учраас зардал нь өндөр байна. Энэ нь манайд экспорт буурахад нөлөөлнө. Импорт талдаа гол нь стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн тасалдахад нөлөөлж байна. Үүнээс хамаараад төгрөгийн ханш унах, валютын нөөц буурах, инфляци өндөр байх зэрэг манай дотоод эдийн засагт үзүүлж байгаа хэлбэр нь ийм байна. Бид дотооддоо хичнээн том том бодлого ярилаа ч гэсэн гадаад эдийн засгийн орчноос холдож чадахгүй. Алим модноосоо хол унахгүй гэдэг шиг.
-Монголд мөнгө орж ирэх ямар боломжууд харагдаж байна вэ?
-Дэлхий улс орнууд экспорт хийж байж л мөнгө олдог л доо. Зарим нь засаглал сайтай учраас том төслүүд дээрээ мөнгө олж ирдэг. Энэ нь валютын орох урсгалыг нэмэгдүүлээд, хүлээгдэж байгаа гарах урсгалуудыг хааж чадна. Валютын нөөц нь хангалттай байж чадна гэж боддог. Монголд мөнгө орж ирэх боломж одоогоор алга. Яагаад гэвэл дэлхий дээр хамгийн эрсдэлгүй бодлогын суурь хүү нь 4.5 хавьцаа байна. Тэгэхээр Монголд мөнгөө хийж, эрсдэлд орж байснаас Америкт хадгалвал хамаагүй ашигтай гэдэг логикоор явж байна л даа. Дэлхий нийтээр Америк, Европт мөнгө төвлөрсөн. Харин хөгжиж буй орноос валютын урсгал гарах буюу хөрөнгө оруулалт татарч байгаа.
Одоогийн нөхцөл байдалд хөгжингүй орнуудын хүү ийм байгаа нөхцөлд бид гаднаас ямар нэг шууд хөрөнгө оруулалт татна гэдэг бол хэцүү. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд гол сонирхох хүчин зүйл нь мега төслүүд байгаа л даа. Оюутолгой, Тавантолгой шиг мега төслүүд өөрөө том том хөрөнгө оруулагчдыг татахад нөлөөтэй. “Бид дахиад том мега төсөл хэрэгжүүлбэл, Оюутолгой шиг үргэлжлээд яваад байх юм байна” гэдэг итгэл найдварыг Оюутолгой өгч байгаа. Одоо явж байгаа мега төслүүдээ бид янз бүрийн байдлаар харлуулж болохгүй. Мэдээж, гэрээ контрактаа засч сайжруулах зүйлс байгаа. Сайжруулаад цааш үргэлжлүүлээд явах нь зөв болохоос биш тэрийг болиулна гэдэг нь өөрөө Монголд орж ирэх мөнгөний боломжийг тэр чигээр нь хаана.
-Энэ туулай жил аль салбарт илүү өгөөжтэй байх бол?
-Монгол Улсад аль нэг салбар нь тусдаа хөгжинө гэдэг бол амаргүй. Яагаад гэвэл уул уурхайгаас бүх салбар хүчтэй хамаардаг. Их хэмжээний мөнгө зөвхөн уул уурхай дээр л яригддаг. Уул уурхай нь орж ирсэн мөнгөө тоног төхөөрөмж авахдаа зарцуулна. Тэр нь худалдааны салбарыг дэмжинэ. Нөгөө талдаа уул уурхай маань тээврийн салбарыг 100 хувь дэмжиж байгаа. Нүүрсэн дээр жишээ аваад үзэхэд тээврийн салбарын 80-90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний ачаа тээвэр эзэлж байна. Мөн худалдааны салбарын 50 хувийн импорт нь уул уурхайгаас хамааралтай орж ирж байгаа. Ингээд харвал эхлээд уул уурхай руу мөнгө орж ирнэ. Дараа нь худалдаа, тээврийн салбар руу хуваарилагдана. Цаашлаад үйлчилгээний салбарт очно гэсэн үг. Ийм байдлаар Монголд мөнгө хуваарилагддаг. Нөгөө талдаа уул уурхайгаас мөнгө орж ирэхгүй байлаа гэхэд бид дотоодын санхүүжилт ямар байлаа гэдгээ бодох ёстой. Дотоодын санхүүжилтээр аль салбарт илүү ээлтэй, өгөөжтэй байх нь тодорхой болдог. Дотоодын санхүүжилт гэдэг нь Засгийн газрын хөрөнгө оруулалтын зардал талдаа болон банкны зээл байдаг. Сая бодлогын хүү өсчихсөн учраас банкны хадгаламжийн хүү дагаад нэмэгдсэн. Хадгаламжийн хүү өндөр байгаа учраас зээлийн хүү дагаад өснө. Зээлийн хүү өсөхөөр аж ахуйн нэгжүүдийн зээл авах боломж хумигдана. Тэгэхээр худалдааны салбарт зээл олголт илүү явагдах болов уу. Жилийн жилд чанаргүй зээл нэлээд бага, төлөлт сайтай байдаг учраас худалдааны салбарынханд түлхүү зээл олгогддог. Харин уул уурхай, барилгын салбарынханд зээл хумигддаг талтай. Тэгэхээр уул уурхай бүрхэг байна. Дотоодын санхүүжилтийг худалдааны салбар хамгийн их дэмжиж байгаа учраас энэ секторт туулай жил илүү ээлтэй байх болов уу. Хөдөө аж ахуйн салбарын хувьд тоног төхөөрөмжөө Оросоос авдаг болохоор тасалдал өндөр. Тиймээс үйл ажиллагаанд нь нэлээд хүнд нөлөөлж магадгүй.
-Гацаанд орсон салбарууд сэргэх янз байна уу?
-Эдийн засгийн салбаруудыг эргэдэг араатай адилтгаж ойлгох хэрэгтэй. Нэг жижиг араа гацахад бүхэлдээ эргэдэггүй шүү дээ. Тэгэхээр салбарууд хоорондоо холбоотой учраас нэг нь хөдөлж байж нөгөөгөөг тэтгэдэг онцлогтой. Манай дээр гацаанд орсон хоёр хүчин зүйл бий. Эхнийх нь улстөрчидтэй холбоотой нүүрсний хулгайн асуудал байна. Хятадын талтай хийж байгаа нүүрсний экспортоо хурдан сэргээх нь хамгийн чухал. Бид нүүрсний гацаанаас гараад уул уурхайн салбараа сэргээх юм бол эндээс орж ирэх орлого бусад сектор руу татаад явчихна. Хоёрдугаарт, тээвэр ложистикийн хувьд дэлхий даяар асуудалтай байгаа учраас шийдэж чадахгүй байна. Наад зах нь бараа бүтээгдэхүүн оросоор орж ирдэг байсан бол больж байна. Энэ мэтчилэн ложистикийн зардал хугацаа зэрэг нь салбарын сэргэлтэд нэлээд саад болж байгаа. Тэгэхээр эргэдэг араа шиг уул уурхай сэргэж байж бусад салбар сэргэнэ.
-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад орно. Эндээс эдийн засагт орж ирэх шууд орлого нэмэгдэх үү. Зарим эдийн засагчид 2028 оноос л өгөөжөө өгч эхэлнэ гэх юм билээ?
-Оюу толгойн далд уурхайд баялгийн 70 хувь оршдог. Энэ газраас зэсийн баяжмалаа экспортолно. Нэг талдаа Оюу толгойн зэсийн баяжмал төлбөрийн тэнцэл дээр бичигдэж байгаа. Гэхдээ манайд цэврээрээ экспортын орлого гэж орж ирэхгүй. Тэгвэл орлого нь яаж орж ирж байгаа вэ гэхээр бүтээн байгуулалттай холбоотой Оюутолгойн бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан шилжүүлгээр сард 120 сая ам.доллар орж ирдэг. Далд уурхай ашиглалтад орлоо гээд экспортыг огцом нэмэгдүүлээд байхгүй. Яагаад гэвэл бодитоор доллар орж ирэхгүй. Зэсийн баяжмалын экспорт нэмэгдлээ гэж бодоход гадны компаниар бүртгэгдээд экспортын орлого нь гадагшаа явчихаж байгаа учраас Монголын эдийн засагт ерөөсөө орж ирэхгүй. Тиймээс валютын орж ирэх урсгал нь нэмэгдэхгүй, харин ч татрах эрсдэл байгаа.
-Яагаад тэр вэ?
-Оюу толгойн бүтээн байгуулалтад бэлтгэн нийлүүлэгчдийн ажил тодорхой хэмжээгээр дуусаад, тэдэнд зориулсан мөнгө нь багасна. Ингэснээр Оюутолгойгоос орж ирж байгаа доллар хумигдана гэсэн үг. Оюу толгой хамгийн найдвартай, тогтвортой валютын орлого олж ирдэг байлаа. Яг бүтээн байгуулалт дуусчихаар тэр олон аж ахуйн нэгж хаана ажлын байр бий болгох вэ. Бэлтгэн нийлүүлэгчид нь хаашаа ажиллах вэ гээд маш олон асуудал ургана. Мэдээж далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орж байгаа учраас ажлын чиг үүрэг зэрэг нь өөрчлөгдөх байх л даа. Тэрэнд зориулаад шинэ бэлтгэн нийлүүлэгчид ч бас орж ирэх байх. Гэхдээ эндээс шууд валютын орлогод нөлөө үзүүлж чадахгүй.
-Бид ямар чиглэлээр зүтгэвэл эдийн засаг сайжрах бол. Жишээлбэл, цахилгаан эрчим хүч, төмөр зам, боомт, утаа, түгжрэл, төгрөгийн үнэгүйдэл зэрэг тулгамдсан асуудлуудынхаа яг алинаас нь эхэлбэл дээр вэ?
-Нийгмийн энэ бүх асуудлыг хүний өвчнөөр авч үзэх юм бол илэрч байгаа шинж тэмдэг нь юм. Тэгэхээр өвчний гол шалтгаан бол бүтээмж. Гол нь бид улс орныхоо, хувь хүнийхээ, аж ахуйн нэгжүүдийнхээ түвшинд бүтээмжийн хямралд орчихоод байна л даа. Ингээд ирэхээр бидний үйлдвэрлэж байгаа баялаг үнэлэгдэхгүй байна. Гадаад зах зээлд улс орны хэмжээнд харахаар бүтээмж багатай байна. Бүтээмжийг хязгаарладаг хүчин зүйлс бий. Улс орнууд бүтээмжээ өсгөснөөр нэг хүнд ногдох хөдөлмөрийн хөлс өсөөд хүмүүсийн дундаж давхарга сайжраад явна гэсэн үг. Бидний хувьд бүтээмжийг хязгаарлаж байгаа хүчин зүйл гэвэл газар зүйн байршил байна. Далайд гарцгүй, хоёрхон хөршөөр хязгаарлагддаг. Тиймээс боомтын сэргэлт, төмөр замаас эхлэх нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд маш үр дүнтэй. Ингэж чадвал бид хоёр хөрш рүүгээ хийх экспортоо нэмэгдүүлж чадна. Энэ нь мэдээж бүтээмжийг нэмэгдүүлж дараагийн түвшинд аваачна. Хоёрдугаарт, улирлын онцлог бидэнд сөрөг нөлөөтэй байна л даа. Бизнесийн хувьд хоёрхон улиралтай. Зуны сар богино учраас бизнес хийхэд маш хэцүү орчин. Тодорхой хугацаанд зогсоод, тодорхой хугацаанд идэвхждэг. Иймэрхүү улиралын шинж чанараас хамаарч бүтээмжийг хязгаарлахад нөлөөлж байна. Гуравдугаарт, бүтээмжийг хязгаарлахад авлига хамгийн их нөлөөтэй. Нэг компани талх үйлдвэрлэхэд татаас гээд дундаас нь авлига нэхээд ороод ирдэг. Тэр утгаараа манайх авлигын индексээр дэлхийн 176 орноос сүүл мушгидаг. Ингээд харахаар авлига нэлээд газар авчихсан, тэр нь бизнес рүү орчихсон. Эргээд бизнест том зардал болж гарч байгаа. Өртөг багатайгаар үйлдвэрлэх гэхээр төрийн хүнд суртал нэмээд саад болдог. Эргээд ашиг нь багасчихдаг. Тэгэхээр тухайн байгууллага тэлж чадахгүй, ажилчдынхаа цалинг өсгөж чаддаггүй. Гэх мэтчилэн иймэрхүү зардлууд төрийн институцитэй холбоотой авлигын асуудал, төрийн чадавхтай холбоотой бүтээмжийн хямрал нүүрлэсэн. Бүтээмжийг хязгаарлаж байгаа дөрөв дэх хүчин зүйл нь дэд бүтэц байна. Өргөн уудам газар нутагтай хэрнээ дэд бүтцээ хөгжүүлж чаддаггүй. “ТЭЦ-5”, Таван тогой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц гээд томоохон дэд бүтцээ шийдэх ёстой. Жишээлбэл, “ТЭЦ-5” барья гэж олон жил ярилаа. Яг барихдаа тулахаар мөнгө байдаггүй. Мөнгө байгаад шийдье гэхээр улс төрийн нөлөө ороод явуулдаггүй. Энэ мэтчилэн бид дэд бүтцээ шийдэж чаддаггүй. Үүнээс болоод Улаанбаатарт нэмж барилга барихад асар хүнд болж байна. Дэд бүтэц нь хангалттай байвал хот тэлж хөгжих гээд байна. Тиймээс хотод байгаа хэдэн газар дээрээ алалцаад байна шүү дээ. Үүнээс болж орон сууцны үнэ өсөх, түгжрэл нэмэгдэх, утаа гээд нийгмийн суурь асуудлууд үүсээд байгаа юм.
-Тэгвэл бид энэ суурь асуудлуудын яг аль чиглэлийг нь барьж аваад зүтгэвэл эдийн засаг сайжрах юм бэ?
-Дээр таны дурдсан асуудлууд бол ердөө өвчний шинж тэмдэг хэлбэрээр гарч ирж байгаа. Үндсээр нь эмчилье гэвэл хүн ам багатай, байршлын хувьд давуу талгүй учраас мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Аж үйлдвэржиж, нэмүү өртөг шингээгээд явах нь чухал. Гэхдээ бидэнд ажиллах хангалттай хүч байгаа бил үү. Хөдөлмөр эрхлэх насны иргэд нэг сая гаруйхан байна. Ингээд бодохоор бидэнд хангалттай хүний нөөц алга. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлье гэвэл IT салбар байж болж байна. Дэлхий ертөнцийг ирээдүйд технологигүйгээр төсөөлөхөд хэцүү. Энэ үүднээсээ IT-д суурилсан чадвартай боловсон хүчнүүд хэрэгтэй байна. Жишээлбэл, Энэтхэг улсаас харахад Гүүгл, Амазон зэргийн олж байгаа орлого нь манай улсын төлбөрийн тэнцэлтэй дүйцэх хэмжээний байна. Ингээд бодохоор мэдлэгт суурилсан үйлчилгээ үзүүлж байж бидний валютын гадагшлах урсгал, импортын хэт хамаарал, тэндээс үүдэлтэй инфляци, валютын ханшийн уналт зэрэг асуудлуудаас гарч чадна. Манайх шиг хүн ам багатай улсад мэдлэгт суурилсан валют олж ирдэг эдийн засаг чухал.
-Мэдээж энэ бол хугацаа шаардах ажил. Харин өдрөөс өдөрт суларч байгаа төгрөгийн уналтыг зогсоохын тулд хамгийн түрүүнд юу хийвэл үр дүнд хүрэх вэ?
-Нэгдүгээрт, эдийн засгийн чадамжийн асуудал бий. Дахиад хэлэхэд, түүхий эдээс гадна мэдлэгт суурилсан экспорт хийдэг байх ёстой. Тэгж байж хангалттай хэмжээний, тасралтгүй, уул уурхайн циклиэс хамаардаггүй валютын орлого олох юм. Ингэснээр манай валютын нөөц огцом багасаж, төлбөрийн тэнцлийн хүндрэлд ороод байхгүй гэсэн үг. Энэ бол дээр дурдсан эдийн засгийн хямралаас гарах гол гаргалгаа. Сайншандын аж үйлдвэрийн парк гэж олон жил ярилаа.
Гэхдээ энэ болгон дээр бидэнд хангалттай хүний нөөц байхгүй. Тодорхой хэмжээгээр хүний нөөцдөө тулгуурлаад гаргаж байгаа түүхий эдээ баяжуулаад экспортлох боломжтой. Жишээлбэл, зэсийн баяжмалын, нүүрс угаах үйлдвэрүүд байж болно. Одоо бид түүхий нүүрсээ тонн тутмыг нь 100 гаруй ам.доллараар зарж байгаа. Хэрэв угаагаад гаргах юм бол 3-4 дахин нэмэгдэнэ. Энэ мэтчилэн нэмүү өртгийг хүний нөөц болоод өөрсдийнхөө зардал дээр тулгуурлаад шийдэх ёстой. Гол үндэс нь гадаад зах зээлээс ахиу хэмжээний мөнгө олж авчиръя. Эргээд тэр нь эдийн засгийн импортоо хангаад, валютын нөөцөө хангалттай бүрдүүлээд төгрөг тогтвортой байх боломжийг бий болгоно. Гуравдугаарт, эдийн засгийн болоод улс төрийн маш тогтвортой бодлого хэрэгтэй байна. Энэ бодлого нь бидэнд төгрөгийн ханшийг огцом унагахгүй, инфляцийг огцом өсгөхгүй байх, эдийн засаг хэцүү үед дархлаатай байх, эсвэл гадаад өрөнд жил болгон нэг их наяд төгрөг төлдөггүй байх, өрийн зөв менежменттэй байх зэрэг маш олон зүйлд хэрэгтэй. Тэгэхээр бодлогын тогтвортой байдал гэдэг зүйлийг улс төр, эдийн засгийн хэмжээнд баримтлаад явах нь зүйтэй. Энэ бүхний үр дүнд гацсан байгаа эдийн засаг аажмаар өөрчлөгдөнө. Ингэж байж утаа, түгжрэл, төгрөгийн үнэгүйдэл гээд гарч ирсэн бүхнийг арилгана. Бүрэн гүйцэд арилгана гэж байхгүй ч бага түвшинд аваачиж чадна.
-Энэ онд ажилгүйдэл, ядуурал “шүдний өвчин” болно гэж статистик хэлээд байгаа. Орлого нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах ямар боломж байна вэ?
-Засгийн газраас боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, төмөр зам тавьж байгаа нь маш зөв алхам. Ингэж байж бид мөнгөтэй болно. Улс орны түвшинд бүтээмж нэмэгдээд ирмэгц дараа дараагийн хөрөнгө оруулалтуудыг хийнэ гэсэн үг. Зам байгаа газарт хөгжил байдаг гэдэг дээ. Цаад логик нь дэд бүтэц байгаа газрыг тойрсон эдийн засаг бий болно. Өөрөөр хэлбэл, энэ нь эдийн засгийг тэлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх том давуу тал болно. Бүтээмж нэмэгдэх юм бол орлого өснө. Мөн улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ёстой. Түүхийн явцад төр бол муу менежер гэдэг нь батлагдсан. Хувийн сектороос муу, үр ашиггүй хуваарилалт хийдэг. Тиймээс бүтээн байгуулалтыг аль болох хувийн хэвшлээр хийлгэснээр үр дүнтэй байна. Одоо бол бүхнийг төр хийх ёстой гэдэг давамгайлал маш буруу жишиг. Бүх юманд төр оролцдог байдлыг халснаар компанийн бүтээмжийг бид ярьж чадна. Хувь хүний бүтээмжийг сайжруулахын тулд дэлхийн түвшний боловсрол хэрэгтэй. Тэгж байж дэлхийн стандартыг хангасан гэрээ хэлцлийг ярих чадвартай болно. Тэгж байж бид дотоодын компаниа хөгжүүлнэ. Ингээд гурван түвшний бүтээмжийн асуудлаа шийдэх юм бол орлого нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулж болно.