Mөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны 1 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 (10.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд валютын харилцах 2.7 (2.2 дахин) их наяд, валютын хадгаламж 1.4 (35.7 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) 2023 оны 1 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 6.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 568.1 (7.9 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 792.7 (13.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Бага мөнгө (M1)-ний 5.9 (88.3 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 775.7 (11.7 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө 2023 оны 1 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 23.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 623 (2.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (10.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Бараг мөнгөний 12.8 (55.5 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 5.5 (23.7 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.8 (20.8 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байв.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны 1 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 50.5 (4.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 137.9 (11.7 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.
Гадаад цэвэр актив 2023 оны 1 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 3.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 974.1 (39.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 957 (38.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол дотоод цэвэр актив 26.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 919.1 (3.4 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 2 (8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.