НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын сүүлийн өдрүүдэд явуулсан баллистик пуужингийн туршилтын талаар хэлэлцэхээр яаралтай хуралдаж байна.
БНАСАУ-ын өнгөрсөн бямба гарагт туршилтаар харвасан тив алгасагч баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн дотор унажээ. Пёньян мөн даваа гаргийн өглөө Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан юм.
Япон, АНУ болон бусад гишүүн орнуудын хүсэлтээр Аюулгүйн Зөвлөл даваа гаргийн орой яаралтай хуралдаан хийж байна. Гишүүн орнууд БНАСАУ-ыг Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчин пуужин харваж байгааг шүүмжилсэн байна.
АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хэлэхдээ, НҮБ БНАСАУ-ын сүүлд харвасан гурван баллистик пуужинг эрс зэмлэн буруушааж байна хэмээгээд, тус улс Азийн бүс нутаг төдийгүй дэлхий дахиныг бүхэлд нь зөрчил мөргөлдөөн гарах эрсдэлд оруулж байгааг онцолжээ.
Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын пуужингийн туршилтад хариу арга хэмжээ асуудлаар санал хуваагдсаар ирсэн юм. Япон болон Өрнөдийн орнуудын хувьд Пёньяны эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгах хэрэгтэй гэж үздэг бол БНХАУ, ОХУ Солонгосын хойгийн эргэн тойронд хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна гэж АНУ-ыг буруутгадаг байна.