Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Гадаадад тэтгэлгээр суралцсан 400 гаруй хүн гэрээгээ биелүүлээгүй DNN.mn

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас боловсролын салбарт баримталсан бодлого, цаашдын зорилгын талаар мэдээлэл өгөх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

Энэ үеэр гадаадын их, дээд сургуулиудад суралцах оюутнуудын зээл, тэтгэлгийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв.

Тэрбээр “Оюутнуудад тэтгэлэг олгох сан байгуулагдаад 30 жил болсон байна. Энэ хугацаанд 1 их наяд төгрөгийн санхүүжилтийг 1.3 сая хүүхдэд олгожээ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гадаадад бакалавр, магистр, докторт 3,500 хүүхэд сургасан байна. Энэ тэтгэлгийг зөвхөн эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд авах, тэд эх орондоо ирээд зээлээ төлөхгүй, гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байх зэрэг асуудал гарч буй эсэхэд хардлага үүсэж байна. Тиймээс ч тодорхой хяналт шалгалт хийж байгаа. Энэ жил Сангийн Яамтай хамтарсан шалгалтыг зохион байгуулж, үр дүнг зарлана” хэмээн хэллээ.

“Өнгөрсөн хугацаанд гадаадад тэтгэлгээр суралцсан 3,500 оюутны 1,000 гаруй нь гэрээнийхээ үүргийг биелүүлсэн”

Мөн “Өмнө нь манай дотоод аудитуудын шалгалтын дүн гарч, тодорхой тоо ил болсон. Өнгөрсөн хугацаанд гадаадад тэтгэлгээр суралцсан 3,500 оюутны 1,000 гаруй нь гэрээнийхээ үүргийг биелүүлсэн. Тэд эх орондоо ирээд тав болон түүнээс дээш жил ажилласан гэсэн үг. Тиймээс оюутны зээлээс чөлөөлөгдсөн.

Энэ нь эхэлж авахад тэтгэлэг. Харин гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээл гэж ойлгож болно. Тэтгэлэг авсан 2,000 гаруй хүүхдээс 200 гаруй нь одоо гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа. Харин 1,800 хүүхдийн 80 хувь нь эх орондоо ирээд ажиллаж, НДШ-ээ төлж байгаа.

Урьдчилсан байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй 400 гаруй хүүхдийн гэрээг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд төрд 10 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулах эрсдэл үүссэн. Энэ хохирлыг барагдуулах чиглэлд хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллана.

Боловсролын Зээлийн Сангаас тэтгэлэг, зээл авсан оюутнуудын бүх мэдээлэл Монголбанкны зээлийн санд бүртгэгдэх боломжтой болсон” гэлээ.

“Магистр, докторт сурч байгаа оюутнуудыг дэмжих нь улс орны хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа”

Үргэлжлүүлэн “Оюутны зээл авсан хүмүүсийн мэдээлэл хэзээ ил болох вэ хэмээх асуултыг нийгмээс тавьж байгаа.

Өнгөрсөн жил УИХ-аас батлагдсан Мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар оюутны зээл авсан хүүхдүүдийн овог, нэрийг ил болох талаар тусгасан байдаг. Гэтэл Хувь хүний нууцын тухай хуулиар тухайн иргэнээс зөвшөөрөл авч, мэдээллийг нь ил тод болгохыг заасан. Өөрөөр хэлбэл, хоёр хуулийн дунд зөрчил гарсан. Тиймээс хаврын чуулганаар дээр дурдсан зөрчлийг арилгах үүднээс хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна.

Тухайн зөрчлийг арилгасан тохиолдолд өнгөрсөн 30 жилийн хугацаанд оюутны зээлийн сангаас зээл авсан 1.3 сая иргэний мэдээлэл нийтэд ил болно. Тухайлбал, овог нэр, хэзээ, ямар сургуульд суралцахаар хэр хэмжээний тэтгэлэг авсан, зээлийн эргэн төлөлт зэрэг мэдээллийг зарлана” гэв.

Гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхдүүд Засгийн газар хоорондын гэрээтэй тэтгэлгээс гадна дараах тэтгэлгийг авна.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг нь тухайн жилдээ англи хэл, математикийн хичээлээр ЭЕШ өгч, хамгийн өндөр оноо авсан байхыг шаардана. Ингэснээр дэлхийн их, дээд сургууль болон Монгол Улсын Засгийн газар хоорондын тэтгэлгээр сурах боломж нээгдэнэ. Өнгөрсөн жил 251 хүүхэд дээрх болзлыг хангаж, одоо дэлхийн 13 оронд суралцаж байгаа.
Ерөнхий сайдын тэтгэлгийг зөвхөн магистр, докторт суралцах оюутнуудад олгодог. Өнгөрсөн хугацаанд Боловсролын Зээлийн Сангийн тэтгэлгээр 3,500 хүүхэд суралцсаны дотор ихэнх нь бакалавр байна. Гэхдээ бакалаврын оюутнуудад хийж буй хөрөнгө оруулалтын өгөөж бага байгаа.

Тиймээс магистр, докторт суралцаж байгаа оюутан, эрдэмтэн судлаач нараа дэмжих нь улс орны хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцэх учраас энэ тэтгэлгийг бий болгосон. Эхний тэтгэлэгт магистр, докторантурт 75 хүүхэд сурч, дэлхийн шилдэг 100 сургуульд сурч эхэлсэн гэдгийг сайд Л.Энх-Амгалан нэмж хэлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *