Сор кашмерийн захирал М.Эрдэнэтуяатай ярилцлаа.
-Юун түрүүнд танай салбарт тулгамдаад буй гол асуудлаас ярилцлагаа эхэлье?
-Хатуухан хэлэхэд, Монгол Улс өнгөрсөн хугацаанд Хятадын ноолуурын түүхий эдийн агуулах болж ирлээ. Дотоодын үйлдвэрүүд бүх түүхий эдээ Хятад руу алдчихаад байна. Монгол Улсын ноолуурын нийт гарц нь 10 мянган тонн. Үүний 20 хувийг үндэсний үйлдвэрүүд авч боловсруулалт хийж байна. 80 хувийг нь Хятад руу экспортолж байна. Ингэхдээ ямар ч татваргүй шүү. Тодруулж хэлбэл, Хятадын нөлөөтэй, хөрөнгө оруулалттай, эзэмшилтэй зэрэг олон үйлдвэр Монголд бий. Тэдгээр үйлдвэрүүд үйлдвэрийн нэгдүгээр шат дамжлага буюу ноос, ноолуурыг зөвхөн угаагаад авч гаргадаг. Гэтэл угаасан ноолуураас татвар авдаггүй. Ийм учраас Монголын ноос, ноолуур үйлдвэрлэгч компаниудаас ноос, ноолуурыг зөвхөн угаагаад экспортлох бус хялгас, шороог нь ялгаж цэвэр ноолуур үйлдвэрлэж экспортолъё гэсэн хүсэлтийг сүүлийн 12 жил, дөрвөн ч Засгийн газар, УИХ-д тавьсан.
Ингээд 2020 оны тавдугаар сарын 10-нд ноолуурын үйлдвэрийн шат дамжлагыг нэг шатаар нэмэгдүүлье гэсэн УИХ-ын тогтоол гаргуулсан. Түүнчлэн 2022 оны аравдугаар сарын 19-нд Засгийн газраас “Ноолуурын үйлдвэрлэл болон экспортод тавигдах техникийн шаардлага” хэмээх 380 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолоор 0.3 хувь хүртэлх хялгасын агууламжтай ноолуурыг экспортод гаргахаар зохицуулсан. Гэтэл өнгөрөгч долоо хоногийн Засгын газрын хуралдаанаар уг тогтоолын хэрэгжилтийг хойшлууллаа.
-Уг тогтоол хэрэгжсэн бол эдийн засагт ямар ач холбогдолтой байсан бэ?
-Манай салбар 200 орчим сая долларын экспортын орлого нэмж оруулж ирэх байлаа. Үүнээс гадна зөвхөн хялгас ялгах үйлдвэр байгуулагдсанаар бид 4500-5000 орчим ажлын байрыг нэмэгдүүлэх байлаа. Мөн Хятадын зах зээлээс л хамааралтай байснаа больж Италийн зах зээл рүү гаргаж байгаа самнасан ноолуурын хэмжээ нэмэгдэх байлаа.
Италийн талаас самнасан ноолуурын экспортын хэмжээгээ нэмэх захиалга орж ирж байгаагаас гадна Англи, Германы зах зээлээс мөн захиалга орж ирж байна. Ингээд Итали, Англи, Франц, Энэтхэг гэсэн нэхмэлийн үйлдвэр хөгжсөн орнуудаас самнасан ноолуурын захиалга орж ирж, бид угаасан ноолуур биш самнасан ноолуур гаргаж Монголд орж ирэх валютын орлого нэмэгдэх байлаа. Улстөрчид эдийн засгийг солонгоруулна гэж олон жил ярьж байна. Харамсалтай нь ярихаас бусдыг хийж чадахгүй байна. Уул уухайгаас л ганцхан валют олдог байснаа солонгоруулах боломж асар их байна. Монгол бол хөдөө аж ахуйн орон. Хөдөө аж ахуйн салбараас валютыг ихээхэн хэмжээгээр оруулж ирдэг бүтээгдэхүүн нь ноолуур. Ноолуур 350 орчим сая ам.долларын орлого оруулж ирж байна. Үүнийг бид 200 сая ам.доллараар нэмэгдүүлэх боломж байлаа.
-Гэхдээ манай улсын ноолуурын үйлдвэрүүдийн хялгас ялгах боломж бололцоо нь хэр байдаг вэ. Дотоодын самнах үйлдвэрүүдийн хүчин чадал дөнгөж 60 орчим хувьтай байна гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүд өгч байгаа шүү дээ?
-Улстөрчид бохир ноолуур, цэвэр ноолуурын дүнг зөрүүлж яриад байгаа юм. 10 мянган тонн ноолуурыг угаагаад самнахад таван мянган тонн болдог л доо. Бид үүнийг л хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, бид самнаснаар зургаан мянган тонн ноолуур самнах чадал байна гээд тайлагнаад байхад л зургаан мянган тонн чинь түүхий ноолуурын чадал юм уу гэж асуугаад байгаа юм. Бидэнд энэ боловсруулалтыг хийх суурилагдсан хүчин чадал нь байна. Харин ч бидэнд энэ борлуулалтыг хийх суурилуулагдсан хүчин чадал нь түүхий ноолуураар 12 мянган тоннын хүчин чадал байна. Үүнийг зургаан мянган тонн түүхий ноолуур гэж улстөрчид ойлгоод байна. Үүнийг ойлгуулах гэж Монголын ноос, ноолуурын холбоо Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамныхантай мөн ч олон удаагийн уулзалт хийсэн.
Ноолуур бол 50-хан хувийн гарцтай бараа гэдгийг ойлгомоор байгаа юм. Угааж, самнаад боловсруулахад л 10 мянган тонн түүхий ноолуур таван мянган тонн болно гэдгийг л хэлээд байгаа юм шүү дээ. Магадгүй бид зургаан мянган тонн гэж хэлэлгүй 12 мянган тонн ноолуурыг угааж, самнах суурилагдсан хүчин чадал бүрэн байна гэж л хэлэх байж л дээ. Тэгвэл сая нэг юм ойлгох байж уу ч гэж бодох шиг.
-Ер нь нийт хэдэн үйлдвэр байгаа вэ?
-Шинээр 14 үйлдвэр байгуулагдаж байна. Энэ нь зургаан мянган тонн ноолуурыг самнах хүчин чадалтай үйлдвэр гэсэн үг. Хуучин үйлдвэрүүдээс дөрвөн үйлдвэр нэмж хөрөнгө оруулалт хийж байна. Одоогоор 27 үйлдвэр байнгын, хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Сүлжмэлийн үйлдвэрүүдтэй нийлээд нийт 40 орчим үйлдвэр түүхий эд авч байна.
-Ноолуурыг самнах нэрийдлээр дотоодын үйлдвэрүүд ноолуурын үнийг унагаад байдаг гэсэн яриа байдаг. Үүнд та ямар хариулт, тайлбар хэлэх бол?
-Ноолуурын үнэ энэ жил тэд байна гэж бид тодорхойлох ямар ч боломжгүй шүү дээ. Учир нь ноолуур дэлхийн зэх зээл дээр сүлжмэл, нэхмэл хувцас болж зарагддаг. Тиймээс ноолууран хувцасны зах зээлийн эрэлт ямар байна гэдгээс үнэ шалтгаалдаг.
Ковидын дараа эрэлт сайжирч байгаа гэсэн мэдээлэл бий. Европ, Хятадын ноолууран бүтээгдэхүүний дэлгүүрүүд хоёр, гурван жил хаалттай байсан бол саяхнаас нээгдэж эхэлж байна. Ноолууран хувцсыг дундаж давхаргынхан түлхүү хэрэглэдэг. Тэдгээр хүмүүсийн худалдаж авах чадамж буурсантай холбоотой байдаг болохоос Монголын зах зээл дээр бид үнэ тогтоодог зүйл биш. Хоёрдугаарт, дэлхийн түүхий ноолуурын 50 хувийг Монгол Улс эзэлдэг. Ноолуурын зах зээлд ийм том байр суурь эзэлдэг хэдий ч бид түүхий эдээ дандаа хятад руу л өгдөг. Түүнийг нь хятадууд нутгийн гүн рүүгээ оруулж самнаж, боловсруулаад, будаж, ээрэх зэргээр олон зуун мянган ажлын байр бий болгож нэмүү өртөг шингээж байна. Тиймээс монголчууд өөрсдөө нэмүү өртгөө шингээж авдаг байя гэдэг саналыг л үе үеийн Засгийн газарт тавьсан. 2022 оны аравдугаар сард Засгийн газар самнасан ноолуур гаргана гэсэн зоригтой шийдвэр гаргасан боловч Эдийн засаг, хөгжлийн яам энэ шийдвэр нь цаг үеэ олоогүй шийдвэр байна. Тус шийдвэрийг 2024 оны долдугаар сарын 1 хүртэлх хуучин шийдвэрээрээ явъя гэж шийдлээ. Энэ хугацаанд биднийг хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмж, үйлдвэрүүдээ нэмж байгуул, самнах үйлдвэрүүдээ бэлтгэж, боловсон хүчнээ сургаж бэлтгэж бэлтгэлээ хангаж Монголын үйлдвэрүүдэд өгөх эргэлтийн зээлийг нэмэгдүүлье гэсэн шийдвэр гарсан. Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Монголын ноолуурын салбарт 500 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдлээ.
500 тэрбум төгрөгийн 300 орчим тэрбумыг нь дотоодын арилжааны банкнаас гаргана, 200 орчим тэрбумыг нь олон улсын санхүүгийн байгууллагаас зээл босгож өгөх тогтоол гаргалаа.
-Тус зээлийг авахад бэрхшээлтэй зүйл байна уу?
-Нэн түрүүнд зээл олгох журмаа өөрчилмөөр байгаа юм. Үйлдвэрүүд газар, үл хөдлөх хөрөнгөө банкинд барьцаалж зээл авч байна. Энэ нь үйлдвэрүүдийн газар, үл хөдлөх хөрөнгө тэлэх, томруулах боломжгүй болгож байгаа юм. Тиймээс үйлдвэрүүдийн менежмэнт, зээлийн төлөлт, чадамжийг үнэлэх хэрэгтэй. Үйлдвэрүүдийн гадаад экспортын гэрээг барьцаалах асуудлыг судалж зээлийн даатгал хийх асуудал яригдаж байна. Түүнчлэн тухайн компанийг зээлжих зэрэглэлээр үнэлмээр байна. Банкууд бидний үл хөдлөх хөрөнгө, газрыг үнэлэхдээ 2010, 2015 оны үнээр үнэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, 10 жилийн өмнөх үнээр газраа үнэлүүлчихээд сууж байна. Тиймээс банкууд экспортын компаниудын зээлжих зэрэглэлийг тогтоож, энэ компаниудын үл хөдлөх, газрыг өнөөгийн үнээр үнэлж өгмөөр байна. Мөн компаниудын агуулахад байгаа түүхий болон цэвэр ноолуур, ээрмэл, сүлжмэл, Англи, Италийн үнэтэй тоног төхөөрөмжийг нь барьцаалмаар байна.
-Дотоодын үйлдвэрүүд баруун аймгийн ноолуурыг хялгас ихтэй гэж шалтаглаад авдаггүй, бусад аймгаас илт доогуур үнэлдэг гэх шүүмжлэл байдаг. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Аль аймгаас шалтгаалж ноолуурын үнэ зөрүүтэй байдаг нь хялгасын агууламжаас шалтгаалдаг. Тухайлбал, зүүн аймгийн ноолуурыг угааж самнахад гарц нь 80-85 хувь, төвийн бүсийнх 75-80, говийн болон баруун бүсийнх 70-75, 65 хувийн гарцтай байдаг. Энэхүү зөрүүнээс шалтгаалж үнэ нь өөр байдаг. Малчдаас худалдаж авсан ноолуурыг угааж самнаад гаргасан цэвэр ноолуураар хувцас хийдэг болохоос түүн дотор агуулагдаж байгаа хялгас хогоор хувцас хийхгүй шүү дээ. Энэхүү ялгамжтай үнийг малчид, малчдын хоршоод маш сайн мэддэг. Үүнийг улстөрчид л мэдэхийг хүсдэггүй. Хялгас ихтэй муу ноолуурыг ч Хэнтий, Дорнодын сайн ноолуурын үнэтэй адилаар худалдаж авах ёстой гээд байдаг.
Дотоодын үйлдвэрүүдэд лаборатори ажиллаж байгаа. Тиймээс ноолуурыг түүхий дээр нь хялгас агууламжийг нь шинжилж, судалж байгаа. Дотоодын үйлдвэрийн олонх лабораториуд Монгол Улсын итгэмжлэгдсэн лаборатори болсон.
Монголд байгаа Итали, Хятадын хөрөнгө оруулалттай ямар ч үйлдвэрүүд ноос, ноолуурынхаа шинж байдлыг маш сайн шинжилсэн, түүнд тохирох үнэ ханшийг өгдөг болсон.
-Энэ жилийн ноолуурын үнэ барагцаагаар хэдтэй байх бол. Өмнөх жилийнхээс үнэ нь яаж хэлбэлзэх бол?
-Юань, ам.долларын ханш өсчихлөө. Тиймээс энэ жилийн ноолуурын үнэ өмнөх жилийнхээс сүрхий буухгүй болов уу. Энэ жилийн ноолуурын дундаж үнэ 120, 130 мянга орчим төгрөгийн ханшаар эхлэх болов уу гэж бодож байна. Гэхдээ бид ноолуур тэдэн төгрөг байна гэж хэлэх боломжгүй. Ярианы эхэнд хэлсэнчлэн ноолуурын эдлэлийн эрэлтээс 100 хувь шалтгаалдаг. Үүнээс гадны дотоодод олон үйлдвэр байгуулагдахаар байна. Үйлдвэр олон байх тусмаа л үнэ өрсөлдөөнтэй болдог.