Саудын Арабын төрийн өмчит газрын тос, байгалийн хийн “Saudi Aramco” компани Ази, Европ болон АНУ-ын зах зээлд ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосныхоо үнийг нэмлээ гэж “Bloomberg” агентлаг компанийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ.
“Saudi Aramco” гол зах зээл болох Азийн худалдан авагчдад газрын тосныхоо үнийг нэмсэн нь гэнэтийн шийдвэр байлаа. Учир нь “Bloomberg”-ийн санал асуулгад оролцсон шинжээчид тус компанийг ирэх сард үнээ бууруулна гэж таамаглаж байв. Түүнээс гадна газрын тосны үнэ 6-8 хувиар унаад байгаа үед энэ шийдвэрийг гаргажээ.
Азийн худалдан авагчдын хувьд “Arab Light” маркийн газрын тосны үнэ нэг торх тутамд 0.2 ам.доллароор нэмэгдсэн байна. Ингэснээр уг маркийн тос “Oman/Dubai” сортуудын сагсны үнээс нэг торх тутам нь 2 ам.доллароор үнэтэй болжээ.
Европын худалдан авагчдад зориулсан үнийг баррель тутамд 2 ам.доллароор, АНУ-ын зах зээлд нийлүүлэх үнийг 30 центээр өсгөсөн байна.
Өмнө нь тус компани хоёрдугаар сард нийлүүлэх нефтийн үнийг Ази, Европын орнуудад буулгаж, харин АНУ-ын худалдан авагчдад хэвээр үлдээж байжээ.