Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч О.Алтангэрэл: Цагдаагаас койнчдыг мөнгө угаагаагүй гэж үзвэл иргэд хохироод үлдэнэ DNN.mn

Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэлтэй койны асуудлаар ярилцлаа.


-Койны асуудал нэлээд өндрөө авч байна. Хүмүүс олон талаас нь тайлбарлаж байна л даа. Өмнөх хуульчид та бүхэн яг л энэ асуудлаар холбогдох газруудад хандаж байсан. Өнөөдрийн үйл явцыг харахад юу болоод өнгөрчихөв өө?

-2021 оны наймдугаар сараас койны халуурал эхэлсэн. Хүмүүс ч койныг ихээр худалдан авч нийгэмд нэлээд асуудал үүссэн шүү дээ. Энэ үед Санхүүгийн зохицуулах хорооноос “Болгоомжтой байгаарай” гэдэг байдлаар иргэдэд мэдээлээд өнгөрч байв. Энэ үйл явцаас харахад хадгаламж зээлийн хоршоо гэж манай нийгмийг цочроосон олон хохирогчтой хэрэгтэй маш төстэй үйл явц өрнөж эхэлсэн. Би хуульч хүнийхээ хувьд хадгаламж зээлийн хоршооны хэрэг дээр ажиллаж байсан, дараа нь төрийн албан хаагчийн хувьд энэ асуудал дээр анхаарал хандуулж байсан. Олон хохирогчтой хэрэг гэдэг бол зөвхөн нэг гэмт хэргийн тухай асуудал байдаггүй. Олон иргэдийн амьжиргаатай холбогддог. Тиймээс залилах гэмт хэрэг байгаа бол цагдаагийн байгууллага шалгаач, мөнгө угаахтай холбоотой үйл ажиллагаа байж болзошгүй. Тиймээс чиг үүргийнхээ дагуу Тагнуулын ерөнхий газар анхаараач. Мөнгө нь хаана төвлөрч байна вэ, гүйлгээ яаж явж байна гэдгийг санхүүгийн механизм ашиглаж байгаа учраас Санхүүгийн зохицуулах хороо хараач, мөн аль банкинд мөнгө нь төвлөрч, хаашаа шилжүүлж байна вэ гэдэг урсгалыг Монголбанк хянаач гээд хуульчдын хамтаар тухайн үед өргөдөл гаргаж байсан юм. Тэр үед төдийлөн сайн анхаараагүй.

-ШӨХТГ-аас Санхүүгийн зохицуулах хороо руу хандаад эргэж буцаад нэг л бүрхэг болоод дууссан санагдаж байна…?

-Тийм. ШӨХТГ-аас Санхүүгийн зохицуулах хороо руу хандсан. СЗХ нь буцаад ШӨХТГ руугаа хандах байдлаар бүгд хариуцлагаас зугтаасан маягтай өнгөрсөн. Ер нь таамаглаж байсан ёсоор болоод энэ үйл явц цаашаа өрнөлөө. Одоо маш олон хохирогч гарч ирж байна. Хуулийн байгууллага гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна уу гэдгийг шалгаж байна. Энэ нь сайшаалтай. Иргэдийн өмчлөх эрх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эсэхийг тогтоох зүй ёсны процесс болж байна гэж харж байна. Тухайн үед арга хэмжээ аваад нэлээд сайн шалгасан бол ингэж олон койн гарч, ийм ноцтой асуудал үүсэхгүй байсан болов уу.

Иргэд өөрсдөө сайн дураараа мөнгөө оруулсан учраас хохь нь гэх хандлага нэлээд байна. Гэхдээ нөгөө талд иргэдийн анхаарал, сонирхлыг татаж мөнгө босгосон хэсэг бүлэг хүмүүс бий. Тэд ч буруутай биш үү?

-Ямар ч бизнест эрсдэл байдаг. Эрсдэлийг тооцоолоод үйл ажиллагаа явуулаад хохирол хүлээсэн бол тухайн хүний хариуцлагын асуудал гэж шууд дүгнэж болно. Гол нь хууль ёсны бизнесийн үйл ажиллагаанд оролцоод эд мөнгөний хувьд хохирол үзсэн бол эрсдэл гэж үзнэ. Хэрэв хууль бус үйл ажиллагааны явцад мөнгөө алдсан бол эрсдэл биш, хохирогч болж хувирна. Одоо шууд “хохь чинь, та нарын буруу” гэж хэлж болохгүй. Эхлээд хуулийн байгууллага шалгаад “Энэ бол хууль ёсны бизнесийн үйл ажиллагаа байна” гэж үзвэл эрсдэлийг шууд иргэдэд үүрүүлээд “Та нар бизнесийн хувьд эрсдэл хүлээсэн байна” гэж болно. Гэтэл эсрэгээрээ “Энэ бол гэмт хэрэг байна” гээд гарчих юм бол гэмт хэргийн улмаас хохирсон хүнийг “хохь чинь” гэж хэлж болохгүй. Яг одоо шууд нэг талд нь гараад иргэдийг буруутгаж болохгүй, нөгөө талаар хуулийн байгууллагын хяналт шалгалт дуусаагүй учраас койнчдын буруу ч гэж дүгнэж болохгүй. Нэн ялангуяа иргэдээ хамгаалах ёстой төрийн байгууллагын зүгээс ийм хандлага яагаад ч гаргах ёсгүй.

-Криптовалютын хууль эрх зүйн орчны тухай хөндөгдөж байгаа. Санхүүгийн зохицуулах хороо л гэхэд нэг ч койн бүртгээгүй гэх. Нэг ёсондоо энэ үйл явц ямар ч зохицуулалтгүй өрнөсөн гэсэн агуулга ойлгогдоод байна шүү дээ?

-Монгол Улс Криптовалютын тухай хуулиа баталсан. Гэтэл яг үнэндээ саяын дуулиан тариад байгаа асуудал бол хуулиас өмнөх харилцаа. Эрүүгийн хуульд нэг зарчим бий. Эрүүгийн хуулиар тусгайлан гэмт хэрэг гэж заагаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. Хоёрт, дараа нь хуульчилсан үйл ажиллагааны улмаас хуулийг буцаан хэрэглэж тэр этгээдүүдэд хариуцлага тооцох юм уу, өөр асуудал ярьж болохгүй.

-Юу гэсэн үг вэ?

-Эргээд л хуулийн байгууллагын үйл ажиллагаа руу очно. Хэрэв тухайн үед Эрүүгийн хуульд заасан иргэдийн өмчлөх эрхийн эсрэг ямар нэгэн гэмт хэрэгт энэ үйлдэл нь хамаарахаар байсан бол койн гаргасан хүмүүс хариуцлагаа бүрэн хүлээх ёстой. Койнд мөнгөө өгсөн хүмүүс хохирогчид болж хувирч байгаа учир тэд хохирлыг барагдуулж таарна. Харин хуулийн байгууллагын шалгалтаар гэмт хэрэг биш байна, бизнесийн үйл ажиллагаа байжээ гэж үзвэл бизнесийнхээ зарчмаар зохицуулагдаад явна гэсэн үг.

Үүнээс үлдэж байгаа хамгийн том сургамж бол иргэдийн өмчлөх эрхтэй холбоотой төрөл бүрийн схемүүд, мөнгө босголттой холбоотой үйл ажиллагаанууд явуулахад Монгол Улс нэн даруй хууль эрх зүйн орчныг нь тодорхой болгож байх ёстой. Хэрэв гэмт хэрэг байж болзошгүй үйлдэл байвал төрийн байгууллагууд түүнийг даруй таслан зогсоох ёстой.

-Койн өнөөдөр ийм том асуудал үүсгэхээс өмнө зогсоох боломж байсан уу?

-Хууль үзвэл Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хуулийн байгууллагад хүсэлт гаргаад шалгуулаад таслан зогсоож болох байсан. Гэвч зогсоогоогүй. Тэгэхээр хариуцлагыг одоо төр нь ч үүрэх ёстой. Иргэдийн буруу гэж үзвэл иргэд нь ч хариуцлага хүлээнэ. Гэмт хэргийн шинжтэй байвал койнчид ч хүлээх ёстой. Хэн ч хариуцлагаас бултаж, зугтаж болохгүй.

-Койнд олон нийт татагдах болсон нэг шалтгаан бол influencer, олны танил хүмүүсийн оролцоо. Тэд өөрсдөө койн гаргаж, сурталчилж хүмүүст итгэл төрүүлсэн. Өнөөдрийн нөхцөл байдлаар бол тэдний нэр хүнд ийм худал зүйл байсан хэрэг болж таарч байна уу?

-Influencer буюу нийгмийн сүлжээнд бусдад нөлөөлөх чадвартай хүмүүсийн асуудал зөвхөн Монголд биш дэлхий дахинд тулгамдаж байгаа. Манайд бол зөвхөн койны асуудлаар зогсохгүй influencer-үүд улс төрийн үйл ажиллагаанд их нөлөөлж байна. “Энэ намыг сонго”, “Энэ нэр дэвшигчийг дэмж” гэж сурталчилдаг. Гэвч тэдний хувийн орон зай дээрээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь бид жишээ нь, хууль гаргаад influencer-үүдийн үйл ажиллагааг хязгаарлана гэж болохгүй. Энэ бол хүний эрх, эрх чөлөөний томоохон ухралт болно. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагуудад өөрсдийн үүрэг хүлээх хариуцлага гэж бий. Худал мэдээлэл тараах гэмт хэргийн улмаас хэвлэл мэдээллийн байгууллага олноор шалгуулдаг. Яг үүнтэй адил influencer-үүд хэрэв олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасан, төөрөгдүүлсэн, энэ нь гэмт хэргийн шинжтэй бол яах вэ гэдэг зохицуулалт өнөөдөр алга.

Түүнчлэн сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагад нэг нэр дэвшигч, нэг намын талаар сурталчилгаа явуулах хугацаа зааж өгдөг. Гэтэл хэдэн зуун мянган дагагчтай influencer-үүд өөрийнхөө хуудсаар дамжуулан улс төрийн намын сурталчилгаа хийхэд тийм хязгаар зааж өгдөг бил үү. Манайд худалдааны байгууллага, бизнес эрхэлж байгаа хүмүүст татвар болоод бусад зүйлийн талаар өндөр шаардлага тавьдаг мөртлөө сошиал сүлжээнд бараа бүтээгдэхүүн ихээр сурталчилдаг influencer-үүдийн татвартай холбоотой асуудлыг зохицуулж чадахгүй байгаа.

Тэгэхээр туйлын зохицуулалтгүй байгаа харилцаан дээр койн үйл явцын нэг хэсэг болоод ороод ирлээ. Тиймээс койнтой холбоотой харилцааг зохицуулахдаа influencer-ийг яах вэ гэхээс илүү нийгмийн сүлжээнд бусдад нөлөөлөл үзүүлж байгаа асуудлыг бид яаж шийдэх вэ гэдэг л чухал байгаа юм.

-Монголд нийт 70 гаруй койн гарсан. Өнөөдөр шалгагдаж байгаа хүмүүс бол нэг ёсны авах юмтай гэж үзэж болно. Гэтэл хүмүүсээс мөнгө босгоод л бүгдийг нь хамаад алга болчихсон койнчид ч байгаа. Тэднийг сэргээн шалгах боломжтой юу, хохирогчид хохирлоо барагдуулж чадах уу?

-Хэрэв гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзвэл иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн алиных нь ч хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Мөнгөө угаасан байвал шалгах эрх нь нээлттэй. Мөнгө угаах бол өндөр ялтай гэмт хэрэг. Тиймээс бүх чиглэлээр, бүх төрлөөр шалгах боломжтой. Хуулийн байгууллага үүнийг шалгаж байгаа нь зөв. Асуудлыг нэг талд гаргах ёстой. Заавал буруутгах биш, хуулийн дагуу үзээд зарцуулалт нь хууль бус, өмчлөх эрхийн эсрэг аливаа нэг шинж тэмдгийг агуулж л байгаа бол тэр хүмүүсийн хохирлыг буцаах, нөхөн төлүүлэх асуудал яригдаж л таарна. Гэхдээ нэг үнэн зүйл нь ингээд зуун хувь хохирол барагдахгүй гэдэг нь тодорхой. Тиймээс цаашид иргэд ч ийм асуудал дээр анхаарах ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *