Ингэснээр хоёр орны хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ бизнес, хөдөлмөр эрхлэгч, аялал зуучлалаар хоёр улсад зорчих иргэд дотооддоо ашигладаг картаараа төлбөр тооцоогоо түргэн, шуурхай, найдвартай гүйцэтгэх нөхцөл бүрдэж байна.
Хууль, эрх зүйн орчны ямар нэгэн хязгаарлалтгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах ач холбогдолтой, хамтран ажиллах энэ гэрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БНСУ-ын “Биси карт” байгууллагын Ерөнхийлөгч Вон Сок Чой нар гарын үсэг зурж, баталгаажуулав.
Монголбанканд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд үндэсний төлбөрийн системийн дэд бүтэц банк хоорондын төлбөр тооцоо, төлбөрийн картын программ, техник хангамжийг хөгжүүлж олон улсын жишигт хүрснээр дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагын төлбөрийн системтэй санхүү болон санхүүгийн бус гүйлгээ саадгүй дамжуулах боломж, нөхцөл бүрдээд байна. Төлбөрийн системийн шинэчлэлийг нэвтрүүлснээр үндэсний брэнд төгрөгийн картыг хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарц бий болгох зорилт тавьж ирсэн. Энэ хүрээнд Монголбанк, БНСУ-ын КТ группийн охин компани “БиСи карт” байгууллага хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан юм.
БНСУ-ын төлбөрийн картын үйлчилгээ эрхлэгч анхны компаниудын нэг “БиСи карт” байгууллага нь тус улсын харилцаа холбооны томоохон операторын нэг бөгөөд 1983 онд байгуулагджээ. Одоогоор 30 сая орчим карт гаргаж, жилд 5 тэрбум гүйлгээ дамжуулж байгаа нь Ази-Номхон далайн бүс дэх хамгийн том карт хүлээн авагч болж байгаа аж.
Монголбанк нь ₮ картыг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр бэлгэдэн нэрлэж, банкуудтай хамтран 2012 онд гаргасан билээ. Өнгөрсөн оны байдлаар 2.4 сая ширхэг ₮ карт ашиглагдсан нь картын зах зээлийн 55 хувийг эзэлж байна.