Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.
-УИХ-аас Зөвлөлдөх санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргах болсон цаад учир шалтгаан, зорилгыг та юу гэж харж байна?
-УИХ-аас Зөвлөлдөх, санал асуулга явуулах тухай тогтоол гаргасан шалтгааныг чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлахыг зурагтаар харж, сонссон. Г.Занданшатар дарга ард иргэдийн төрд итгэх итгэл суларсан, нийгэм бухимдалтай байгааг дурдаад хямралыг зөвшилцөж шийдэх зорилгоор Төрийн тогтолцооны шинэчлэл хийх, Үндсэн хуулийн нэгийн 3 дугаар заалтын дагуу ард түмний засаглах эрхийг хангах асуудлыг анхаарч, ард түмэнтэй хэлэлцэж шийдэх шаардлагатай болсныг онцолж байсан. Чуулганы тэр хуралдааны бичлэгийг үзээрэй.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайд иргэд жагсаж нүүрсний хулгайг таслан зогсоохыг шаардаж эхэлсэн, дараагийн өдрүүдэд жагсагчдын тоо нэмэгдсэн, Хэнтий аймгийн төв, Дархан хотын иргэд дэмжсэн, нүүрснээс бусад баялаг ч хулгайлагдаж байгаа тухай, хулгай, авлига, ашиглалд төрийн албаныхан, бүр УИХ-ын гишүүдээс нэр холбогдож байгааг дурдаж, хулгайчдын нэрийг зарлах, хариуцлага хүлээлгэхийг шаардсан. Иргэд шаардлагаа УИХ, Шүүх прокурорын байгууллагад хандуулж, хулгайтай тэмцэж байгаа Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаа нь анзаарагдсан. Зарим хүн Улсын Их Хурлыг тараа, 76 хулгайч гэж хашхирч байсан. УИХ-ын даргын зүгээс төрд итгэх иргэдийн итгэл суларч, бухимдал их болж байгааг хэлэх, Зөвлөлдөх санал асуулга гэдэг арга хэмжээ зохиох тогтоол гаргахад хүргэсэн шалтгаан нь энэ байх.
-Уг нь манай ард түмэн амгалан тайван, асуудалд хүлээцтэй ханддаг зан заншилтай гэдэг. Гэтэл сүүлийн үед иргэд бухимдах, төр засагт шаардлага тавьж жагсах, заримдаа эд хөрөнгө эвдэж сүйтгэх, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэж болзошгүй байдал гараад байх боллоо. Үүний гол шалтгааныг та юу гэж харж байна?
-Улс орны хөгжлийн хурд удаан, ядуурал буурахгүй байгаатай иргэдийн бухимдал холбоотой. Гэвч ард түмэн улс орны хөгжлийг хурдасгах, ядуурлыг арилгахад цаг хугацаа шаардлагатайг, гадаад нөхцөлөөс хамааралтайг мэддэг, тэвчээртэй ханддаг.
Монголын ард иргэдийн энэ их бухимдал, хурц шаардлага дараах шалтгаанаар гараад байгаа санагддаг.
Нэг гол шалтгаан нь, эрх мэдэлтнүүд зонхилсон хэсэг хүмүүс буюу олигархиуд авлига, албан тушаалын ашиглал, хулгайн аргаар нийгмийн баялгийг завшиж байгаад юм. Олигархиуд бузар аргаар баяжиж байдаг боломжоо хадгалах, завшсан хөрөнгөө хамгаалах зорилгоор Монголын ард түмэнд засаглах эрхээ эдэлж, гэмт хэрэгтэй тэмцэж байх боломж олгохгүй байгаа учраас иргэд бухимдаж байна. Ард түмэн ба олигархиудын хоорондох тэмцэл хурцдаж байна
-Нөгөө нэг шалтгаан нь төр засгийн зүгээс нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зохистой бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж байгаа. Засгийн газар саяхан эдийн засаг, хөгжлийн яамтай боллоо. Энэ яам идэвхтэй ажиллаж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Алсын хараа хэмээх баримт бичиг зэргийг засаж сайжруулаад, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх урт хугацааны болон дунд хугацааны тодорхой төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлдэг, үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх, шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулдаг болчихвол хөгжил, ядуурлын асуудлуудыг шийдэхэд ахиц гарна.
-Бас нэг шалтгаан нь иргэн бүхэн хууль зөрчихгүйгээр хэнээс ч хамааралгүйгээр дуртай хөдөлмөрөө эрхэлж гэр бүлийнхээ амьдралыг авч явах эрх чөлөөгүй буюу элдэв хориг шалгалт шаардлагад өртөж байдагт юм. Зарим хүн манайд бизнес эрхэлж, чөлөөтөй хөдөлмөрлөж амьдрах нөхцөл алга гэж ярьж байгааг буруутгах аргагүй. Залуучуудын зарим нь гадаад улсад хөдөлмөр эрхэлж, нөхцөл сайжрах үед мэргэжил эзэмшээд буцаж ирэх зорилготой явж байна. Эдгээртэй холбогдуулж хүнд сурталтай тэмцэх, элдэв зөвшөөрөл шалгалтыг цөөлөх, төрийн албан тушаалтнуудыг иргэдэд ёс зүйтэй үйлчилдэг болгох зэрэг асуудлаар Засгийн газраас зохиож байгаа ажил бий.
-“Ард түмэн засаглах эрхээ эдэлж, гэмт хэрэгтэй тэмцэж байх боломж олгохгүй байгаа учраас…” гэж та хэллээ. Энэ гажуудал хаанаас хэзээ, яагаад үүсчихэв ээ. Яаж энэ гажуудлаас гарах вэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн Гуравдугаар зүйлд: “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн энэ чухал заалт хэрэгжихгүй байгаа, яаж хэрэгжих ёстой, улс төр нийгмийн амьдалд ямар нөлөө үзүүлэх ач холбогдолтойг ухаарахгүй, анхаарахгүй удаж байна. Чухамдаа үүнээс болж, тодорхой хэлбэл, ард түмний хяналт байхгүйн хар гайгаар авлига, албан тушаалын ашиглал, хулгайгаар олигархиуд баяжиж, түмний өмч хөрөнгө завшигдаж байгаад ард иргэд бухимдаад байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалт бол Парламентаас тогтоож байгаа хууль, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Шүүх засаглалын ажиллагааг ард түмэн хянаж байна гэсэн заалт юм. Гэтэл одоо болтол УИХ-ын тогтоож байгаа хууль тогтоол, Шүүхийн үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэрийг ард түмэн хянаж чадахгүй байгаа. Ард түмэн төрийн хэрэгт шууд оролцох эрхтэй гэсэн заалт байдаг боловч тэр эрхээ өнгөрсөн гучин жилд эдлээгүй. Парламентыг дээд танхимгүй байлгаад байгаа нь энэ бүхний шалтгаан гэдгийг ухаарцгаах хэрэгтэй.
Уншсан номынхоо утга учрыг ухаардаггүй хүн идсэн хоолоо шингээх чадваргүй хүнтэй адил гэсэн үг байдаг.
Парламентыг хоёр танхимтай болгох, Ард түмнээс сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллага -Ардын Их Хуралтай болох асуудлыг Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт өөрчлөлт оруулж шийдэх саналыг олон хүн дэмжиж байна. Энэ асуудлыг одоо шийдэх хэрэгтэй. УИХ-ын гишүүдээс цөөнгүй хүний нэр хулгайн хэрэгт холбогдсоныг шүүмжилж, хяналттай болгоё гэж шаардаж байхад зарим этгээдийн саналын дагуу зөрүүдлээд нэг танхимаа хэвээр байлгаж гишүүдийн тоог нь нэмэх шийдвэр гаргавал төрд, УИХ-д итгэх ард түмний итгэл улам сулрах, хямрал үүсэх аюул байгааг эрх мэдэлт нөхөд анхаарахыг би хүсдэг.
-Зөвлөлдөх санал асуулга зохиохтой холбогдуулж энэ сарын 4-ний өдөр эрдэм шинжилгээний бага хурал болсон. Ямархуу үр дүнтэй хурал болсон гэж та дүгнэж байна?
-Намайг урьсанд талархаж тэр бага хуралд очсон. Хурлын эхний хоёр илтгэл, “Монгол Улс цөөн хүнтэй, нэг үндэстэн учраас парламент нэг танхимтай байх ёстой” гэсэн үгийг сонсоод асуулт хариулт явуулж эхлэх үед нь би үг хэлэх зөвшөөрөл авч, “зөвлөлдөж санал авах” арга хэмжээг зөв зохион байгуулахын тулд анхаарах гол асуудлаар хоёр санал хэлж амжсан. Нэг санал нь: ПАРЛАМЕНТАД ДЭЭД ТАНХИМ БИЙ БОЛГОХ асуудлыг ИРГЭДТЭЙ ЗӨВЛӨЛДӨЖ, САНАЛ АВАХ ГОЛ СЭДЭВ болгох, нааштай шийдсэн нөхцөлд АРД ТҮМЭН ТӨРИЙН ХЭРЭГТ ШУУД ОРОЛЦОХ, ЗАСАГЛАЛД ХЯНАЛТ ТАВИХ ЭРХЭЭ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛОХ ач холбогдолтой. Хоёр дахь нь: Төвлөрөл, түгжрэлийг арилгах, Баялгийн сан байгуулах, Сахилга хариуцлага сайжруулах сэдэв бол иргэдээс санал авах сэдэв биш, Төр хариуцсан ажлаа иргэдэд тайлагнах ёстой сэдэв болохыг анхааръя гэсэн санал байсан.
Би саналаа маш товчоор хэлж, эрдэмтдийн үгийг сонсохыг хичээсэн боловч хурал удирдагчдын нэг нь “нөхөр Содном саналаа энэ хурал дээр биш, өөр хуралд очиж хэл” гэснээр уг хуралд оролцож эрдэмтэдтэй санал солилцох боломжгүй болсон. Би явсан. Бага хурлын хэлэлцүүлгийн үр дүн ямар болсныг мэдэхгүй. Эрдэмтэд маань олигархиудын биш ард түмний эрх ашгийг хамгаалсан саналд нэгдсэн байх гэж найдаж байгаа.
-Зөвлөлдөх санал асуулгыг буруу явуулбал хорлонтой гэж та хэлсэн. Яагаад..?
-Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахаас өмнө УИХ зөвлөлдөх санал асуулга гэдэг арга хэмжээг анх удаа зохион байгуулсан. Парламент нэг танхимтай, эсвэл хоёр танхимтай байх сэдвээр санал асуусан. Ихэнхийг орон нутгаас ирүүлсэн олон зуун хүнийг төрийн ордонд цуглуулж алдар цолтой гурав, дөрвөн хүнээр дээрх сэдвийн талаар олон цагийн яриа хийлгэсэн. Би тэр лекц яриаг нь сонссон. Парламент хоёр танхимтай байхын ач холбогдлыг огт яриагүй, зөвхөн нэг танхимтай байх хэрэгтэй гэсэн ухуулга хийгдсэн. Нэг эрдэмтэн нь Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт буруу гэж ярихыг сонсож билээ. Энэ бүхнийг сонсож буруу юм болж байгааг ажиглаад би зөвлөлдөх ардчилал нэртэй энэ арга хэмжээ буруу зохион байгуулагдаж байна, мэдээлэл багатай иргэдийг нэг талын мэдээллээр ятгаж, төлөвлөсөн төслөө ард түмний дэмжлэг авсан мэт болгож болохгүй гэсэн нийтлэлийг УИХ-ын эрх мэдэлтнүүдэд бичсэн ил захидал болгож бичээд танай сонинд өгч хэвлүүлж байсан. Тэр сониныг олж үзэж болно.
Энэ бүх арга хэмжээний үр дүнд Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлтөөр Ардын Их Хурал байгуулагдаагүй, түүний хар гайгаар өнөөдөр манай парламентын хяналтгүй, хязгааргүй эрхтэй нэг танхим буюу УИХ маань ард түмний итгэл хүндэтгэлээр дутаж, муу хэлэгдэж байна. Үүнийг л би хорлонтой гэж хэлж байгаа юм. Одоо зохиогдох зөвлөлдөх санал асуулга зөв явагдаасай гэсэн санаагаар хэлсэн үг.
-Нийгэм ийм айхавтар доргионтой, эмзэг байгаа энэ үед залуу үеийн удирдлагууд ямар шийдвэр гаргаасай гэж бодож байна?
-Би одоо нэг юмыг их хүсч байгаа. Парламентыг дээд доод хоёр танхимтай болгох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах ажлыг 2023 онд багтаан шийдвэрлээд Парламентын танхимуудыг бүрдүүлэх сонгуулийг 2024 онд явуулаасай гэж хүсч байна. Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх, төрийн хэрэгт ард түмэн шууд оролцож байх эрхийг эдлүүлэх асуудлыг ингэж шуурхай шийдвэрлэвэл төр түмний итгэлцэл бэхжинэ, нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах ажилд ард иргэд идэвх санаачилгатай оролцоно.
Авлига, ашиглал, хулгайтай хийх тэмцэл үр дүнд хүрнэ. Энэ санал хүсэлтээ бичиж УИХ-ын даргад 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр өгсөн. Түүнийхээ хувийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт өгсөн байгаа.