УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл гэдэг нөхрийг шүүхээс цагдан хориод байна. Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг илэрч нийгмийн шуугиан болоод байгаа. Тэрээр шүүх хурлын үеэр “Би дөрвөн хүүхэдтэй, хүүхдүүд маань бүгд ханиад хатгаатай байна. Эхнэр эмнэлэгт хэвтсэн. Миний том охин 13 настай. Сүүлийн хэдэн өдөр нүдээ бүлцийтэл уйллаа. Ангийнх нь хүүхдүүд группүүдээсээ хассан байна. Охиныхоо сэтгэл зүйн байдалд санаа зовж байна. Тиймээс хувийн батлан даалтаар шалгуулах хүсэлтэй байна” гэж хэлсэн.
Түүний энэ үгэнд үнэмшихгүй байна. Шоронд орохоос зайлсхийж, шүүхийг аргалах гэсэндээ тэр ингэж худлаа ярьсан байлгүй. Харин түүнийг ингэж хэлэхэд нь сошиалаар “Битгий хуцаад бай. Хүүхдээ уйлахыг мэдсэн юм бол хулгай хийхгүй байх чинь яасан юм. Танай гэр бүл үр хүүхдүүд өвдөж зовох чинь бидэнд хамаагүй, адгийн хулгайч минь” гээд есөн шидээр хэлж “шоронд хатааж, шонд дүүжлэн, цаазлах”-ыг нийтээрээ дэмжин улангасан дайрцгааж байна. Төмөр замын энэ хурган даргын тэрбум тэрбумаар нь хулгай хийж, улс орноо тонон хувьдаа завшиж байгаа нь арай дэндсэн асуудал.
Харин түүнийг ингэж хулгай хийхэд ард нь байгаа жаахан хүүхдүүд ямар ч гэмгүй, тэд ямар ч буруугүй. Эцгийг нь тэрбум тэрбумаар хулгай хийлээ гэж хүүхдүүдийг нь ингэж нийгмээрээ адлаж, учир мэдэхгүй нялх амьтдад өширхөж, тэднийг бусдаар үзэн ядуулж, гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулах нь байж боломгүй явдал. Хүүхдийн эрх гэж бий, ялангуяа олон улсын хүүхдийн эрхийн конвенц гэж хүн төрөлхтөн нийтээрээ сахин хамгаалдаг хууль ёсны дүрэм бий. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 2 дугаар зүйлд “Оролцогч улсууд хүүхдийг, түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч болон гэр бүлийн бусад гишүүний байдал, үйл ажиллагаа, үзэл бодол болон итгэл үнэмшлийг үндэслэн аливаа хэлбэрээр алагчилахгүй бөгөөд шийтгэхээс хамгаалах бүх зохистой арга хэмжээг авна” гэж заасан байдаг.
Мөн “Нэг ч хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдалд хөндлөнгөөс хууль бусаар дур мэдэн оролцох, эсхүл түүний нэр төр алдар хүндэд хууль бусаар халдаж болохгүй”-г хатуу зааж өгсөн байдаг. Тэгэхээр хүүхэд гэдэг хэдий эцэг эхийнхээ хамааралтай байдаг ч хуулиараа тусдаа бие хүн. Үндсэндээ хувь хүн, хуулийн этгээд. Тиймээс хувь хүнийхээ үүднээс эрх үүргээ эдлэх ёстой. Тэд бусдад хохирол учруулаагүй, хэрэг төвөг тариагүй, бусдыг хэл амаар доромжлоогүй тохиолдолд хэн нэгний өмнөөс ийнхүү нийгэмд гадуурхагдаж, доромжлуулж, дорд үзэгдэж, гэмт хэрэгтэн мэтээр үзэн ядуулах учиргүй.
1937 онд Монголд эсэргүүний хүүхэд гэдэг нэр томьёолол бий болж, эцгийг нь эсэргүү нэрээр буудан хороож, үр хүүхдийг нь эсэргүүний хүүхэд хэмээн нийгмийн шаар шавхруу мэт үзэж, өмссөн хувцастай нь орон гэрээс нь шууд хөөж тууж гаргаж байсан. Ингэж эсэргүүний хүүхдүүд сурч боловсрох эрхээ хүртэл хасуулж, хүн бүхэнд адлагдаж, нүд үзүүрлэгдэж нийгмийн гэмт хэрэгтэн мэт тусгаарлагдан, найз нөхөд, түшиж бараадах хүнгүй гудманд гарч байсан гашуун түүх бий. Тэгвэл одоогоос наяад жилийн өмнөх буюу 1937 оны тэр сэтгэхүй Монголын нийгэмд яг хэвээрээ хадгалагдаж байгааг дээрх үйл явц батлан харууллаа. Эсэргүүний хүүхэд гэж гудманд нулимж хөөж тууж гаргадаг тэр сэтгэлгээ огтоос өөрчлөгдөөгүй байгаа юм байна.
С.Батдөл гэгч тэр нөхөр хүүхдүүдээ хэлэхэд, ялангуяа 13 настай охин минь цахим гадуурхалд өртөөд, ангийн нөхдөдөө үзэн ядуулаад, ангийн группүүдээс хасагдаад, ялгаварлан гадуурхагдаад байна гэхэд Монголын нийгмээс бараг нэг ч хүн сошиал сүлжээнд тэр жаахан охиныг өрөвдөөгүй, хүний эрх, ёс зүй талаас нь авч үзэлгүй, бүгд л аавд нь өширхсөн өширхөл, арваад тэрбум
төгрөг гэрээс нь гарлаа гэх тэр үзэн ядалт хорсол нь буцалж байгааг хараад өөрийн эрхгүй ингэж бичихэд хүрлээ. Хэрвээ С.Батдөл гээчийн энэ хэрэг дээр хэн нэгэн албан тушаалтан, магадгүй Ерөнхийлөгч попорч гарч
ирээд, нийт масст таалагдах гээд сошиал сүлжээнд гэр орныг нь төр хурааж авах ёстой гэдэг ч юм уу, жаахан дөгөөсөн мэдэгдэл хийхэд л нийгэм тэр чигтээ өнөөх гэмт этгээдийн эхнэр, хүүхдүүд рүү улайран дайрч орон байрыг нь булааж авахад бэлэн байна.
“Би гэр хорооллынх, Монголын адилхан иргэд хэрнээ би ингэж нохой шиг амьдарч байна. Тэгэхэд баячууд тэрбумаар нь, их наядаар нь хулгай хийж улс орноо цөлмөж байна. Үр хүүхдүүд нь үнэтэй хаусанд жаргалтай амьдарч байна. Ингэх ёсгүй” гээд гэр хорооллын нэг нөхөр орон байрыг нь булаан эзэлж, аав ээж нь шоронд байгаа үр хүүхдийг өөрийн дураар зарц, шивэгчин, боолоо болгоход бэлэн байна. Тэгэхээр хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд, зөвхөн хүүхдийн гэлтгүй хүний эрхийг хамгаалдаг байгууллагууд нийгмийн энэ сэтгэл зүйг цочмог анхаарч, эцгийнхээ хулгай хийсэн гэх асуудалд эрх нь ноцтойгоор зөрчигдөж байгаа хүүхдүүдийг хамгаалалтдаа авах хэрэгтэй. “Алаад өг, хядаад өг, гэр бүлээр нь устга” гэж цахим сүлжээнд орилолдоод байгаа нийт иргэдэд хүүхдийн эрх үүргийг ойлгуулж хэлэх хэрэгтэй байна.
Хүүхдийн эрхийг сахин хамгаалах үүрэг бүхий Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнөөдөр дүлий юм шиг байгаа нь, уг асуудалд огтоос сэрэмж санаа авахгүй байгаа нь харамсалтай. Дээрээс нь улс төрийн намууд үүнд оролцох хэрэгтэй байна. Мэдээж аавынх нь асуудал бол хууль шүүхийн дагуу гэм буруутай нь тогтоогдвол үүрэх ёстой ялаа үүрээд явах нь ойлгомжтой. Энэ бол хууль шүүхээр эцэслэн шийдэгдэх тусдаа асуудал. Харин өрхийн тэргүүн, гэрийн эзэн хууль бус зүйл хийлээ гэхэд ард нь үлдэж байгаа хүмүүс, хүүхдүүдийнх нь эрх зөрчигддөггүй байх, Монгол Улсын хууль дүрэм болон олон улсын хүний эрхийн конвенцийн дагуу эрх үүргээ эдэлдэг байхыг улс төрийн нам хүчин хууль эрх зүйн талаас нь онцгой анхаарах хэрэгтэй.
Ер нь тэгээд хэлэхэд, ижий аав эх орноо хүн өөрөө сонгодоггүй нь үнэн. Тиймээс дахин хэлэхэд эх, эцэг болон асран хамгаалагчийн буруутай үйл ажиллагааны өмнөөс тухайн хүүхэд буруутан болж нийгэмд “яллагдах” учиргүй ээ. Хүүхдийн эрхтэй холбоотой энэхүү маш эмзэг асуудалд төр засаг, хууль хүчний байгууллага, улс төрийн нам хүчнүүд сонор, мөн хүний эрхийн байгууллагууд сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой хандахгүй бол Монгол Улс хүүхдийн эрхийг хүчирхийлэгч орон болоход ойрхон байна. Аав нь алуурчин байлаа гээд хүүхдийг нь яллаж болдоггүй. Яг үүн шиг аав нь хулгайч тонуулчин байлаа гээд тухайн хүүхэд нийгмийн бузар булай болох ёсгүй. Загасны мах заагтай гэдэг шиг хулгайч эцэг, хүүхэд хоёр заагтай. Үүнд бид хүний эрхийг дээдэлсэн хууль ёсны дагуу хандах ёстой.