Categories
мэдээ нийгэм

Хуульч, өмгөөлөгч Н.Ариунболд: С.Батдөлийг цагдан хорих асуудал Мөрдөх байгууллагуудын тогтолцооны гажуудлыг харууллаа DNN.mn

Гэртээ бэлнээр 7.3 тэрбум төгрөгтэй, дөрвөн тэрбум төгрөгтэй тэнцэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд хадгалж байсан гэх Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын газрын орлогч дарга С.Батдөлийг тойрсон дуулиан үргэлжилж байна. Нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгийг албаны нэгэн дэд дарга авлигаар авсан байх үндэслэл хэр бодит вэ. Энэ бол үнэндээ улс төр, бизнесийн томчуудын оролцоотой хөрөнгө гэдэг нь тодорхой. Тийм ч учраас өрнөж буй үйл явдлыг харахад С.Батдөлийг хорихгүй байлгах “далд гар” багагүй үйлчиллээ. Эцэст нь олон нийтийн шахалтаар сая түүнийг нэг сар хорих шийдвэрийг шүүх гаргав.

Эхний мэдээллээс харахад С.Батдөлд байсан гэх 7.3 тэрбум төгрөг төрөөс хийсэн хулгай биш. Төмөр замтай холбоотой аль нэг том компани, эсвэл хэсэг бүлэг томчуудын оролцоотой бизнесийнхэн авлигад өгсөн байж таарна. Харин ийм хэмжээний авлигын мөнгийг албаны дэд даргад өгөхгүй. С.Батдөл гагцхүү тэр мөнгийг нь дамжуулах, угаах үүрэгтэй нэгэн байсан нь үнэнд илүү ойр гэж улс төр, хуулийн хүрээнд ярилцаж буй юм. Эцсийн мөчид С.Батдөл хорих ангиас ямар мэдүүлэг өгч, хэн гэгч томчуудыг нэрлэж эхлэх вэ гэдгээр нүүрсний хэрэг үргэлжилнэ. Хууль зүйн талаас энэ өрнөлийг хэрхэн тайлбарлаж байна вэ.

Энэ талаар хуульч, өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа.


-С.Батдөлтэй холбогдох хэргийг хуульч хүний хувьд ажиглаж байгаа байх. Түүнийг цагдан хорихтой холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Үнэхээр хорих боломжгүй нөхцөл байдал байв уу, эсвэл санаатай үйлдэл байв уу?

-Манай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар наймаас дээш жилийн хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг цагдан хорих асуудлыг шүүгч, прокурор, мөрдөн байцаагчид хэргийнхээ нөхцөл байдлаас хамаарч үзэмжээрээ шахуу шийддэг. Харин наймаас доош жил хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэмт этгээдийг тийм зохицуулалт байхгүй. Хуульд заасан үндэслэлээр цагдан хорино гэдэг. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад 48 цагийн хугацаагаар саатуулах хуультай. Гэмт хэрэг үйлдэж олсон байж болзошгүй орлого ил болсны улмаас яаралтай 48 цагаар саатуулсан байна.

Ингээд цааш нь тэр хүнийг цагдан хорьё гэдэг саналаа прокурор шүүгч рүү явуулсан бололтой. Сэжигтэн хүн гэсэн ч эрхтэй. Мэдээллээс үзэхэд өмгөөлүүлэх эрхээр хангаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан юм байна. Бүх шүүх хүний өмгөөлүүлэх эрхийг хангах үүрэгтэй. Энэ эрхээр нь хангаад өмгөөлөгчөө авчраад шүүх хуралдаа ороорой гэсэн дүр зураг харагдаж байна.

-Өмгөөлөгчтэй үгүйгээс үл хамаараад цагдан хорилоо гэсэн тохиолдол олон дуулддаг. Магадгүй танд ч тохиолдож байсан болов уу?

-Тийм. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн шүүх дээр үйлчлүүлэгч маань “Би өмгөөлөгч авъя” гэхэд шүүгч нар “Таны өмгөөлөгч авах, авахгүй байх чинь шүүхэд хамаагүй” гээд шүүх хурлаа явуулаад, гурав дөрвөн сар цагдан хорьдог. Үүнээс харахад шүүгчээс болж хууль хэрэглээн дээрээ асуудал гардаг. Нөгөө талаар олон нийт цагдан хорих л ёстой гэдэг хандлагыг илэрхийлж байх шиг байна. Үнэндээ цагдан хорилоо гээд асуудал шийдэгдэхгүй. Дундад зууны үед л хүнийг дүүжилж алахыг харах гээд нийтээрээ гарч ирдэг байлаа. Олон нийт тийм юм хүсээд байх шиг байна. Үнэхээр олон нийтийн боломжийг хулгайлсан хүн байхад ингэж дуугарахаас аргагүй. Гэхдээ өнөөдөр хэддүгээр зуун билээ, ямар Үндсэн хуультай байгаа билээ. Хүний эрх гэж байна. Буруу зөрүүг шалгах ёстой. Тэр хүний мөнгө үү, эсвэл цаана нь эзэн байгаа юу. Эсвэл мөрдөн байцаалтын тактикийн асуудал байна уу. Магадгүй суллаж явуулбал цаад эзэнтэйгээ уулзах байсан уу гэх мэт бидний мэдэхгүй тактикийн асуудал байж болох юм. Тийм учраас хуульч хүнийхээ хувьд Баянгол дүүргийн шүүхээс өмгөөлөх эрхээр хангасан явдлыг буруу гэж үзэхгүй байна.

-Таныхаар цагдан хорих нь гол асуудал биш гэж байна. Харин олон нийт ийм хэмжээний хөрөнгө олдсон хүн эрх чөлөөтэй байгаа нь хууль бус үйлдэл гэж харж байна шүү дээ. Буруутгах аргагүй үндэслэл биш үү?

-Бид бүгдээрээ л харсан. Энэ хэрэг хууль шүүх гэхээс илүү цахим сүлжээний бай болж яваад байна. Хөгжлийн банкны хэрэг яг л ингэж өрнөсөн. 80 гаруй хүн холбогдож тэднээс 20 гаруйг нь сүр дуулиантайгаар баривчилсан. Олон нийт ч тэгж хүссэн. Гурван сар, дөрвөн сарын дараа нэг нэгээрээ суллагдсаар байгаад одоо цагдан хоригдож байгаа хүн нэг ч байхгүй. Тэгэхээр зөвхөн нэг удаагийн нийгмийн хэрэгцээг хангах үүднээс хүнийг үндэслэлгүйгээр цагдан хорих үйл ажиллагаа байж болохгүй. Үүн шиг наад хүн чинь гурван сарын дараа суллагдана шүү дээ. Тэр үед өөр сенсаци, мэдээлэл гараад ирнэ. С.Батдөл гэж хүнийг мартана. Ийм учраас шүүх янз бүрийн нийгмийн давлагаа, хийрхэл, бухимдалд автахгүйгээр шийдвэрлэх ёстой. Энэ удаагийн шийдвэрийг буруутгах үндэслэл алга.

-Шүүх ч тэр, прокурор ч тэр өөрсдийгөө хамгаалж, хуулийн хүрээнд ажилласан гэж мэдэгдэж байгаа. Гол нь яагаад олон нийт эргэлзээд унав?

-Харин манай мөрдөх байгууллага, прокурор дутуу ажилладаг явдал бий. Үнэхээр оргох гэж байгаа бол батлах ёстой. Зүгээр л энэ оргож болзошгүй гэж таамгаар цагдан хорих хуулийн зохицуулалт байж болохгүй.

-Ажлын цаг дууссаны дараа прокурорын санал ирсэн гэгдэж байгаа?

-Шүүх мөрдөх байгууллага биш. Хүнийг цагдан хорих гээд хэн хэзээ ирэхийг хүлээгээд суухгүй. Харин прокурорт жижүүрийн прокурор байдаг. Амралтын өдөр хэрэг гарвал жижүүрийн прокуророор яллах тогтоол дүгнэлтээ гаргуулаад шүүх рүү явуулдаг. Түүнээс биш жижүүрийн шүүх гэж байх боломжгүй. Хэрэв ингэж ажиллаад эхэлбэл Үндсэн хуулийн маш ноцтой алдаа болно. Хүмүүс магадгүй прокурор шиг жижүүрийн шүүгч сууж байгаад шийдэх байсан гэж үзээд байх шиг байна. Тийм боломжгүй.

-7.3 тэрбум төгрөг, дөрвөн тэрбумтай тэнцэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг сэжигтнээс хурааж авсан гэгдэж байгаа. Энэ нь цагдан хорих баримт нотолгоо болохгүй хэрэг үү?

-Энэ тохиолдолд 100 төгрөг байна уу, 100 тэрбум байна уу гэдгээс үл хамаарч хуулиараа шийдэгдэнэ. Тэр бол үндсэн гэмт хэрэг. Гэм буруугийн асуудал тусдаа. Ямар гэмт хэрэг үйлдэж олсон бэ гээд мөрдөх байгууллага цаашлаад тогтооно.

Харин цагдан хорио бол энэ хүн оргон зайлах гэж байна уу, эсвэл бусдад хууль бусаар нөлөөлөх гэж байна уу, мөрдөгчийг дарамтлахыг оролдож байна уу гэдэг талаас нь харна. Түүнээс биш мөнгө төгрөг нь ач холбогдолтой биш.

-Өмгөөлөх эрхээр хангахыг хүссэнээр цагдан хорих асуудлыг хойшлуулсан гэгдэж байгаа. Өмгөөлөгчтэй холбоотойгоор шүүх хурлыг хойшлуулдаг практик манайд нэлээд байдаг. Түүний нэг хувилбар болчихов уу?

-Хүн өмгөөлөгчөө сонгох эрхтэй. Хэн ч мэдэхгүй хүн гарч ирээд өмгөөлж болно. Улсын өмгөөлөгч гэж байгаа л даа. Үнэхээр ийм тохиолдол олон байдаг. 56 удаа өмгөөлөгчөө сольсон тохиолдол байгаа. Тиймээс хууль эрх зүйн энэ талын харилцаа дутуу дулимаг байгаа бол хуулийн зохицуулалтыг өөрчлөх ёстой. Хууль зүйн сайд ийм хэрэг яриад зогсохын оронд хууль эрх зүйн ийм өөрчлөлт, цоорхойг өөрчлөх асуудлыг ярих ёстой юм. Үүссэн асуудал дээр биш үүссэн асуудлыг шийдвэрлэх гэж Хууль зүйн сайд байдаг.

Түүнээс гадна өмгөөлөгч төрөөс цалин авдаггүй, өөрөө орлогоо олоод явдаг субьект. Хэн нэгний нөхөөсөнд явуулах гэж аль нэг шүүхийн өрөөнд суулгана гэвэл өрөөсгөл. Үнэхээр цаг тулчихсан, удахгүй ажлын цаг дуусах гээд байдаг. Гэтэл өмгөөлөгч байхгүй гээд хүлээгдээд байдаг. Нөгөө талаас гэмт хэргээ шуурхай шалгамаар байдаг. Ийм тохиолдолд өмгөөлөгчөөс болж үйл ажиллагаа хойшлох болчихоод байвал үүнийг хүлээн зөвшөөрсөн дүрэм журмыг илүү боловсронгуй л болго. Цаашид олон ийм толхиолдол гарна. Гарахаар ч байгаа. Энэ бол зөвхөн нэг л тохиолдол.

-Энэ хэрэг АТГ-т харьяалагдах байсан уу. Яагаад ЭЦА ороод ирэв?

-Түүнийг мэдэхгүй. Мэдээж аль ч мөрдөгч өөрт нь гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл орж ирээд шуурхай ажиллагаа хийх шаардлага үүсвэл хийж болно. Хүн зодож байхад би АТГ-ын мөрдөгч надад хамаагүй, ЭЦА хариуцна гээд хаяад явахгүй байлгүй дээ. Магадгүй нөгөө талаар мөрдөх байгууллагуудын үл ойлголцол, толхилцоон байж болно. Хэв журмын цагдаа жолоочийг торгоод зогсоод байж болохгүй. Замын цагдаа уурлах нь зөв.

-Мөрдөх байгууллагууд шүүхээс илүү хараат бус гэгддэг. Үүнийг баталсан хэргийн шийдвэрүүд олон байдаг. Магадгүй С.Батдөлд холбогдох хэрэг, түүнийг цагдан хорихоос эхлээд өрнөж байгаа үйл явдал зүгээр нэг өдөр тутмын хулгай, залилангийн хэргийн шийдвэрлэлт шиг явчихгүй болов уу?

-Прокурор илүү чадавхжих хэрэгтэй гэдэг л харагдаж байна. Прокурорын сонгон шалгаруулалт гэж та сонссон уу. Ерөнхий прокурорыг сонгон шалгаруулж тавилаа гэж дуулаагүй биз дээ. С.Батдөлийн хэрэг дээрээс харахад цагдан хорих талаар зарим нэг бичиг баримт нь шүүх дээрээ дутуу байсан гэж ойлгосон. Яаж прокурор болдгийг би мэдэхгүй юм. Энэ бол тогтолцооны асуудлыг хөндөх хэмжээнд хүрсэн асуудал. Өнөөдөр хэн нэгэн улстөрчийн санал болгосон хүн Ерөнхий прокуророор томилогддог. Ядаж л ШЕЗ шиг шалгаруулдаг болох хэрэгтэй. Мөрдөгч нарыг ч тэр. Энэ өрсөлдөөн дундаас чадвартай хүн гарч ирэх боломжийг бий болгох ёстой.

Өнөөдөр манай улсын бүхий л мөрдөх байгууллагын өндөр албан тушаалд шалгаруулалт хийдэггүй. ЦЕГ, АТГ, Прокурор гээд. Чадвартай шударга залуус зөндөө байна. Өрсөлдөх боломжийг нээж өгөх ёстой. Тэгвэл өнөөдрийн ийм кейс тохиолдол гарч олон нийтийг талцуулахгүй. Би проркурортой шүүх хурал дээр мэтгэлцдэг хүний хувьд хэлье. Зарим прокурор урсгалаараа, эсвэл хуучин хэв маягаараа, би л төр гэж далайлгаж асуудалд ханддаг. Ядаж л энгийн жишээ хэлэхэд, уран сайхны кинон дээр “Та дуугүй байх эрхтэй” гэдэг. Манайд бол ийм эрх байхгүй. Дуугүй байгаад байвал хэргээ илрүүлж чаддаггүй. Тэгэхээр тогтолцооны ялгаа гэж энэ. Уг нь аль болох мөрдөх байгууллага сэжигтэн хүнийг дуугүй байлгаж байгаад өөрсдөө чадвараараа хэргийг илрүүлэх зарчимтай. Гэтэл манайд аль болох байцаалт авч байж тэр дундаас хэргээ илрүүлдэг хуучин коммунист арга барил өнөөдрийг хүртэл явсаар байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *