Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Мөнхчулуун: Ковидын гурван жилд Японоос оруулж ирсэн бүх приус машин нүүрсэн яндангүй байсан DNN.mn

Приус машины нүүрсэн янданг авч худалдаалдгаас үүдэж агаарт хар тугалга тэргүүтэй 200 гаруй төрлийн хорт бодис цацаж байгаа тухай манай сонин хөндөн бичсээр ирсэн. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун энэ сэдвийг хөндөн сошиал сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Түүнтэй энэ асуудлаар цөөн хором ярилцлаа.


-Автомашины нүүрсэн яндангийн асуудлаар танай байгууллагад гомдол ирсэн хэрэг үү?
-Энэ асуудлыг хөндөх болсон шалтгаан агаарын бохирдолтой холбоотой. Агаарын бохирдол их байна, утаа их байна гэдэг асуудал твиттер дээр хүмүүс над руу бичсэн юм. Ялангуяа машины утаа их байна. Гадаадын улс орнуудад машинаас нь ийм их утаа ялгардаггүй. Харин манайд бол замын хажуугаар явахад маш их утаа байна гэж хүмүүс ярьж байна.
Би өөрөө Механик инженерийн сургууль төгссөн хүн. Манай орон цаг агаарын хувьд хүйтэн уур амьсгалтай. Хүйтний улиралд машин асаахын тулд зайлшгүй хорт утаа ялгардаг. Хорт утааг шүүдэг катализатор бий. Энэ нь ажиллаж эхлээд 250 градусаас дээш халсан тохиолдолд машины хорт утааг 90 хувиар бууруулдаг. Гэтэл машины нүүрсэн яндан буюу утаа шүүгч катализаторыг салгаад авчихдаг асуудал их байдаг юм байна. Өмнөх судалгаануудыг үзэж байхад Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт машины 50-60 хувь нь приус машин байдаг. Гэтэл Приус 20 машин огт нүүрсэн яндангүй орж ирдэг болсон юм байна.
-Нүүрсэн яндангүй хөдөлгөөнд оролцоно гэдэг хорт бодисуудыг агаарт шууд цацаж байгаа гэсэн үг шүү дээ…?
-Яг тийм. Катализатор 300 орчим хорт бодисыг шүүж байх ёстой. Гэтэл шүүх яндан байхгүй байна гэдэг тэдгээр хорт бодис агаарт дэгдэж байна гэсэн үг. Интернэтээр ороод үзэхээр нүүрсэн яндан худалдаж авна гэсэн зар маш их байна. Утастайгаа байна. Үүнийг яагаад манай хууль хяналтынхан шалгадаггүй, зогсоодоггүй юм бэ. Нүдэн дээр хууль бус худалдаа явагдаж байна шүү дээ. Үүнтэй холбоотой над руу хүмүүс олноор хандаж байна.
Японоос Монгол руу машин оруулж ирдэг хүмүүс ч байна. Тэдний ярьж байгаагаар ковидын гурван жилийн хугацаанд Монгол руу явуулсан бүх приус машин нүүрсэн яндангүй байсан гэж байна. Японд байхад нь авчихдаг юм байна.
-Япончууд өөрсдөө авдаг гэсэн үг үү?
-Приусын янданг үйлдвэрлэлийн зориулалттай цагаан алт болон паллади гэсэн ховор элементүүдээр хийсэн байдаг. Энэ нь дээд зэргийн утаа шүүх зориулалттай. Гэтэл энэ элементийн олдоц ховор болонгуут япончууд дахин боловсруулж гаргахаар янданг өндөр үнээр авдаг болжээ. Монголд ирэнгүүт нь хятад яндан тавиад яваад байдаг. Түүнээс гадна Монголоос Япон руу нэг хэсэг нь гаргаж байсан юм билээ. Энэ бол маш хор хөнөөлтэй явдал шүү дээ. Өнөөдөр агаарын бохирдол ямар хэмжээнд тулж ирчихээд байгааг хүн бүр харж байна.
-Энэ асуудал дээр ШӨХТГ ажиллах боломжтой юу?
-Бид иргэд хохирч байна гэж хөндөөд явж болно. Арга хэмжээ авч хариуцлага тооцъё гэхээр хуулин дээр хэрэглэгч гэдэг нь бизнесийн бус зорилгоор өөртөө зориулж бараа ажил үйлчилгээ худалдан авсан иргэнийг хэлнэ гэдэг. Энэ асуудлыг хүчээр явуулах гэж нэлээд үзсэн. Иргэд татвараа төлж байгаа. Тэр татвар нь иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулахын төлөө зарцуулагдах ёстой гэхээр прокурор дээр очоод гацчихдаг юм билээ.

Тиймээс бодлогын хүрээнд анхаарах гол байгууллага бол Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Б.Бат-Эрдэнэ сайд бол өмнө нь манай газрыг толгойлж байсан, хэрэглэгчийн эрх ашгийг хамгийн сайн мэдэх хүн. Тиймээс энэ асуудал дээр анхаарлаа хандуулаач гэж олон нийтийн сүлжээнд хөндөж тавьсан. Түүнээс гадна хил гааль, цагдаа, оношилгооны төвүүд ч үүн дээр оролцох ёстой. Уг нь түүхий нүүрс түлүүлэхгүй гээд улсаас шийдвэр гаргаад мөрдөж байгаа. Энэ нь гэр хорооллын 200 мянга гаруй айл өрхөд яригддаг. Гэтэл үүнээс олон тооны 400 500 мянган машин утаа гаргаж хорт бодис ялгаруулж байгаад зайлшгүй арга хэмжээ авах ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *