Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Болорчулуун: Малчид мах экспортлох эрхтэй үйлдвэрт малаа худалдах замаар нөөцийн үр ашгийг хүртэх боломжтой DNN.mn

-ОДООГИЙН БАЙДЛААР 9.9 МЯНГАН ТОНН МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТОЛСОН-


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай ярилцлаа.


-Та сайд болоод чамгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд салбартаа хийсэн томоохон ажил юу байна вэ?

-Олон улсын жишгээр мал, махаа экспортлох эрүүл бүс байгуулах тухай манай яамнаас бодлого гарган “Мал эмнэлгийн хорио цээрт дэглэм бүхий эрүүл бүс байгуулах тухай” Засгийн газраас тогтоол батлууллаа. Хэдийгээр манай бэлчээрийн хонины мах олон улсад “Эрүүл” гэдгээрээ танигдсан ч, үхрийн махны тухайд шимэгч ихтэй учраас улс орнууд импортлохоос зайлсхийдэг. Тиймээс тус тогтоол батлагдсанаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартыг хангасан чанартай малын махыг хоёр жилийн дараа гадны зах зээлд нийлүүлэх баталгаа болж байна. Мөн экспортод гаргах малын махыг квотгүй болгож, нэг цонхны бодлогоор борлуулахаар шийдвэрлэлээ. Нэг цонхны бодлогоор борлуулалт хийснээр малын махны суурь үнийг тогтмол зарлан мэдээлж байх юм. Мах бэлтгэгчдийн хувьд ч бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарах нь эргэлзээгүй. Цаашлаад зөвхөн олон улсын зах зээлд малын мах нийлүүлэхээс гадна дотоодын хэрэглэгчдийнхээ малын чанартай мах хэрэглэх боломжийг хангахаар ажиллаж байна. Тухайлбал, 2023 онд бод мал, ялангуяа таван сая гаруй үхэр сүргээ ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх зорилт тавин төлөвлөгөө баталлаа. Ингэснээр хэрэглэгчдийн гарт очиж буй мал, махны гарал үүсэл тодорхой болж, эрүүл хүнс хэрэглэхийн сацуу малын хулгай хийдэл таслан зогсоогдоно. Бид чанаргүй хувцас хэрэглэж болох ч чанаргүй хүнс хэрэглэж хэрхэвч болохгүй. Тиймээс Монголдоо үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг хоёр жилд үе шаттайгаар нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлээ “Төрийн хамгаалалт”-д авахаар шийдвэрлэж байна. Эх оронч сэтгэлгээгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үндэсний баялаг бүтээгчдээ дэмжин яамны дэргэдэх олон улсын хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөр, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 70-аас доошгүй хувийг орон нутгийн үйлдвэрүүдэд хуваарилан санхүүжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь орон нутгаас олон улсад борлуулалт хийх боломжийг бий болгоно. Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжин угаасан бус зөвхөн самнасан ноолуур экспортлох бодлогыг Засгийн газрын хуралдаанд оруулж, батлуулсан. Үүний үр дүнд одоо байгаа 2200 ажлын байрыг хадгалж, 4000-5000 ажлын байрыг шинээр бий болгох юм. Харин газар тариалангийн салбарын тухайд хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийн хангамж 73 хувьд хүрлээ. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлуулж хэрэгжилтийг зохион байгуулснаар зах зээлд борлуулагдсан 10 нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олголтыг цахим бүртгэлийн системээр эхлүүлээд байна.

-Та махыг гадагшаа экспортлох асуудлыг доривтой ажил хэрэг болгож хийнэ гэж байсан. Өөрөөр хэлбэл, махаа бид гуйж биш гуядаж өгдөг болно гэсэн. Энэхүү ажилд ямар бодлогоор хэрхэн ажиллаж байна. Одоогийн байдлаар манай улс гадагшаа хэчнээн хэмжээний мах экспортолсон байна вэ?

-Одоогийн байдлаар БНХАУ, ОХУ, Япон, Казахстан, Киргизистан, Узбекстан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Гонконг, Вьетнам улсууд руу 36.4 сая ам.долларын өртөг бүхий 4.5 мянган тн адууны мах, 80.0 тонн үхрийн мах, 3.3 мянган тн хонь, ямааны түүхий мах, 1.7 мянган тн боловсруулсан мах, 230.1 тн дайвар бүтээгдэхүүн нийтдээ 9.9 мянган тонн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна. Манай улсын мах, махан бүтээгдэхүүний экспортын 90 гаруй хувийг БНХАУ, үлдсэн хувийг Иран, Арабын нэгдсэн Эмират Улс болон Хонконг эзэлж байна.

-Махыг экспортлохын тулд яг ямар системээр явах учиртай юм бэ. Та үүнийг энгийн жишээн дээр тайлбарлаж хэлэхгүй юү. Тухайлбал, мах малчдад бий. Малчид үүнд хэрхэн оролцохоос эхлээд ямар шат дамжлагаар мах гадагшаа гарах вэ?

-Малчид гадны оронд мах экспортлох эрхтэй үйлдвэрт хандаж, малаа төхөөрүүлэх, эсхүл худалдах замаар нөөцийн үр ашгийг хүртэх боломжтой. Шууд малчдын гар дээрээс мах худалдан авч, экспортлох боломжгүй байдаг. Энэ нь импортлогч орноос тавьж буй стандартын шаардлага, хоёр орны хооронд байгуулсан хэлэлцээр, протоколын хүрээнд хийгддэг. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын журмын дагуу Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид импортлогч улсаас хянан магадлагааг хийж, шаардлага хангасан үйлдвэр, аж ахуйн нэгжийг тухайн импортлогч орны эрх бүхий байгууллагын цахим системд бүртгэсний дараа тус улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх үүсдэг. Мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрт мал эмнэлэг, хорио цээрийн үзлэг, хянан магадлагааг холбогдох төрийн байгууллагууд хамтран хийж, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжийн нэрсийг импортлогч улсад хүргүүлнэ. Тус улсын Гаалийн ерөнхий газраас ажлын хэсэг томилогдож, Монгол Улсад ажиллан, хянан магадлагаа хийсэн санал, дүгнэлт, импортлох тухай холбогдох шийдвэрийг гаргаж, албан ёсоор мэдэгдэнэ. Хэрэв ажлын хэсэг импортлох тухай холбогдох шийдвэр гараагүй тохиолдолд аж ахуйн нэгжид үйл ажиллагаагаа сайжруулах арга хэмжээ авах тухай санал, дүгнэлтийг ирүүлж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, танилцуулгыг тухайн улсын талд хүргүүлдэг.

-Махны экспорт хэдий хэр хэмжээнд хүрч байж бид бодит утгаараа эдийн засгийн үр өгөөжийг нь хүртэх юм бэ?

-Монгол Улсын хэмжээнд экспортлох махны боломжит нөөц нь малын тоо толгойн өсөлт болон хүн амын хүнсний хэрэглээтэй шууд холбоотой. Энэ онд зах зээлийн эргэлтэд оруулах хонины махны 30 хувийг, ямааны махны 70 хувийг, үхрийн махны 20 хувийг, адууны махны 80 хувийг буюу нийт 185.8 мянган тонн мах экспортлох нөөцтэй байна. Боломжит нөөц буюу 185.8 мянган тонн мах экспортолбол эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх зорилгоор холбогдох орнуудтай гэрээ, хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байна. Тухайлбал, Казахстан, Узбекистан зэрэг улсад халал аргаар бэлтгэсэн махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллаж байна. Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгж нэг удаагийн экспортын баримт бичгийн бүрдүүлэлт хийхэд нийт давхардсан тоогоор 50 баримт бичгийг бүрдүүлж байна. Тиймээс мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох баримт бичгийн бүрдүүлэлтийн шат дамжлагыг бууруулах, хугацаа хэмнэн мах, махан бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан нэг цонхны бодлогоор экспортлохоор “Экспортын нэг цонх”-ны цахим систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Малын гаралтай түүхий эдийг боловсруулах салбар Монголд үндсэндээ үгүй болсонтой адил байна. Энэ салбарыг эрчимтэй сэргээх асуудалд салбарын сайдын хувьд ямар бодлого барьж ажиллаж байна вэ. Ядаж л малчид малынхаа арьс, ширийг өндөр үнээр өгчихмөөр байна шүү дээ…?

-Засгийн газрын 380 дугаар тогтоолоор “Ямааны ноолуурын боловсруулалт худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг баталсан. Манай улс дэлхийн ноолуурын 50 орчим хувийг бэлтгэн нийлүүлдэг томоохон үйлдвэрлэгч улс боловч бэлтгэсэн нийт ноолуурынхаа 70 гаруй хувийг зөвхөн угаагаад БНХАУ-д экспортолдог байсан. Энэхүү техникийн зохицуулалтыг мөрдөж эхэлснээр дотооддоо 100 хувь анхан шатны бүрэн боловсруулалт хийдэг болно. 2021 оны эхний 11 сарын байдлаар 374.3 тонн самнасан ноолуурыг экспортолж байсан бол 2022 оны эхний 11 сарын байдлаар 809 тонн самнасан ноолуурыг экспортолж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өссөн байна. “Дархан арьс ширний цогцолбор”, “Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк”, “Дорнод зүүн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк”-ийг байгуулахаар ажиллаж байна. Эдгээр паркууд ашиглалтад орсноор малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэнэ. Засгийн газрын 2022 оны 117, 144 дүгээр тогтоолын ноос, ноолуур, арьс , шир бэлтгэл, үйлдвэрлэлийн зориулалтаар 2022 оны 12 дугаар сарын байдлаар нийт 45 аж ахуйн нэгжид 119.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгоод байна. Үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд дотоодын үйлдвэрлэлт болон төрийн худалдан авалт нэмэгдсэн байна.

-Монгол Улсын хоёр дахь эдийн засгийн гол салбар бол хөдөө аж ахуй. Гэтэл сүүлийн гуч гаруй жил бид энэхүү салбараас томоохон эдийн засгийн эргэлт авч чадахгүй байгаа гэдэг. Үүнтэй та санал нэг байна уу. Яавал бид энэ салбараас эрчимтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох ёстой юм бэ. Хэдий хэр хугацаа хэрэгтэй вэ?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар нь малчдын орлогын эх үүсвэр, нийгмийн баталгаа болж байгаагийн зэрэгцээ хүн амыг хүнсээр, үндэсний үйлдвэрлэлийг малын гаралтай түүхий эдээр хангах, боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын ажиллагсдыг ажлын байраар хангах, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд шууд болон шууд бус хэлбэрээр онцгой үүрэг гүйцэтгэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь жилээс жилд өсч, 2021 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 30.8 хувь, экспортын орлогын 6.0 хувийг бүрдүүлж байна. Энэ салбараас эрчимтэй эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход дараах хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна. Тухайлбал, салбарын бүсчилсэн хөгжлийн бодлого тодорхой бус, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний нөөц ихтэй бүс нутагт дэд бүтэц хөгжөөгүй, боомтуудын хөгжил сул, нийслэлд хүнс, хөнгөн үйлдвэрүүд дийлэнх нь байршиж байгаагаас орон нутагт үйлдвэрлэл хөгжөөгүй, санхүүгийн дутмаг байдал, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бүрдээгүй зэрэг нь ихээхэн нөлөөлж байна. Иймд олон улсын стандартын шаардлага хангахуйц, олон улсын чанарын хяналтын тогтолцоо нэвтэрсэн, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан томоохон бүтээн байгуулалтыг хөдөө аж ахуй үйлдвэрлэл хоршсон экспортын баримжаатай үйлдвэрлэл, технологийн паркууд, “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс байгуулах, ХАА-н биржийн шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортод нэг цонхны бодлогоор гаргах, экспортыг дэмжсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

-Баруун аймгууд болоод зарим орон нутагт өвөлжилтийн байдал сайнгүй байна. Малын үнэ ч уначихсан энэ үед малчид малаа нядлах уу, зуданд алдах уу гэсэн хоёр сонголт л байна. Малчдын амьжиргаа болоод цаг уурын байдал хүндхэн байна шүү дээ. Үүнд салбарын сайдын зүгээс малчдаа дэмжсэн, тусламж хүргүүлсэн ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Энэ сарын 1-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувьд бага болон хамгийн бага эрсдэлтэй байна. Зуд болох нэн их эрсдэлтэй сумдад Архангайн 17 сум, Баян-Өлгийн 11 сум, Баянхонгорын есөн сум, Говь-Алтайн 15 сум, Дорноговийн 6 сум, Дундговийн 3 сум, Завханы 14 сум, Өвөрхангайн 17 сум, Өмнөговийн найман сум, Увсын 18 сум, Ховдын 16 сум, Төвийн 16 сум, Хэнтийн найман сум нийт 13 аймгийн 158 сум байна. Эдгээр аймаг суманд 98583 өрхийн 35.5 сая мал өвөлжих бөгөөд үүнээс малчин өрхийн 11.8 хувь буюу 11628 өрх, малын 15.1 хувь буюу 5.3 сая мал отроор өвөлжиж байна. Малчид аль болох малаа борлуулах, нядлах нь зөв юм. Махны экспортоо чирэгдэлгүй явуулах зорилгоор нэг цонхны бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Энэ оны 10 дугаар сараас эхлэн амьд мал экспортолж байна. Одоогийн байдлаар 1.3 сая ам.долларын өртөг бүхий 9900 толгой хонь, 5392 толгой ямаа, 11 толгой адуу нийт 15303 толгой мал экспортлоод байна.

-Отрын асуудалд нэг хэсэг маргаантай байсан. Үүнийг ер нь нэг талдаа гаргаад нэгдсэн удирдлага зохион байгуулалтад оруулж болохгүй юу. Ямар менежмэнт хийх шаардлагатай юм бэ?

-Отор нүүдлийн захиалгыг авч гэрээний үндсэн дээр хийдэг журамтай. Цөөн тооны малчид орон нутгийн удирдлагууддаа мэдэгдээгүй, эрүүл бүсээс эрүүл бүс рүү шилжилт хөдөлгөөн хийх мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй зэрэг зөрчил гаргаснаас маргаан үүссэн тохиолдол гарсан.

Үүнийг тухайн аймгийн ХХААГ, МЭГ-ийнхан газар дээр нь үзлэг хийж, тархвар зүйн асуумжийн дагуу нэвтрүүлж зохицуулсан. Ер нь малчид дураараа отор нүүдэл хийх, тэр тусмаа өөр аймгийн хамгаалалтад авсан сум дундын отрын бүс рүү орох эрх байхгүй. Хаа хаанаа хариуцлагатай байхыг шаардана.

-Идэр есийн хүйтэн эхлээгүй байтал зарим орон нутгийн мал, малчид зутарч эхэллээ. Малын тарга муудаж байна. Энэ байдлаараа хавартай золговол ер нь л хүндхэн байх шинжиндээ орчихсон байна. Хаваржилт хүндрэх нь ойлгомжтой энэ цаг үед эртнээс эрсдэлийг бууруулах ямар бодлого байна вэ?

-Манай яам жил бүрийн 9, 10 дугаар сард ОБЕГ-т гангийн, эрсдэлийн үнэлгээ хийх хүсэлт илгээдэг. Энэхүү үнэлгээ нь аймгуудын эрсдэлийн зэргийг тогтоож, хамгийн их эрсдэл бүхий аймгуудад өвс, тэжээлийн тусламжийг хөнгөлөлттэй үнээр олгох Засгийн газрын шийдвэр гаргуулдаг. Яам малчдын өвс, тэжээлийн бэлтгэл хангуулах, аймаг,сум дүүргийн өвс,тэжээлийн аюулгүй нөөцийг заасан тоо хэмжээнд бэлдүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргаж биелэлтийг хангуулдаг. Мөн хэрэгжилтийг орон нутагтай хамтран зохион байгуулна. Гамшгийн эрсдэлийн үнэлгээний дүнг УОК, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн орон нутгийн иргэд, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Говь-Алтай аймгийн Алтай сум, Завхан аймгийн Баянтэс, Ховд аймгийн Булган, Алтай, Увс аймгийн Бөхмөрөн сумдын ЗДТГ, ЭМТ-үүдэд нийт долоон автомашин олголоо. Мөн Улсын нөөцөөс Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв аймгуудад тэжээл, Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймгуудад өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэлээ. Мөн өнөөгийн нөхцөл байдлыг НҮБ-ын ХААБ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн кластерын хуралд танилцуулсан бөгөөд тус хурлын үр дүнгээр одоогийн байдлаар Дэлхийн зөн-Монгол ОУБ-аас Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн эмзэг бүлгийн 1770 өрхөд 150.0 мянган ам.долларын, МУЗН-ээс Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Завхан, Дорноговь, Дундговь аймгийн 1000 өрхөд 107.5 мянган ам.долларын буюу өрх тус бүрт 100.0 ам.долларын бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр боллоо. УОК-ын Нэгдсэн Шуурхай штабын хүрээнд ХХААХҮЯ, ХНХЯ, ЭМЯ, ЗТХЯ, цаг уурын байгууллагууд хамтран ажиллаж мэдээ, мэдээллээ нэгтгэх, чухал шаардлагатай арга хэмжээнүүдийг төлөвлөхөөр нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *