Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал эдийн-засаг

Ч.Эрдэнэдалай: Ерөнхийлөгчийн хятадад хийсэн айлчлалын үр дүн ирэх оноос эдийн засагт бодитой мэдрэгдэж эхэлнэ DNN.mn

Эдийн засагч, судлаач Ч.Эрдэнэдалайтай Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын талаар ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урд хөршид төрийн айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд шийдвэрлэгдсэн эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хэлэлцээр юу байв?

-Манай улсын эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан нь Хятад улсын “Тэг ковид” бодлого, үүнтэй холбоотой хил гаалийн гацаа, хаалтууд байсан. Сая Хятадын ардын намын хамгийн том хурал боллоо. Энэхүү үйл явдлын дараах тус улсад айлчлал хийж буй гадаадын анхны төрийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч байлаа. Ши Жиньпинийн хувьд бид мэдэж байгаа, дэлхийн голлох удирдагчдын нэг. Энэ хүн нам засгийн хамгийн том хурлынхаа дараа мөнхийн хөрш Монгол Улсын төрийн тэргүүнийг урьж байгаа явдал нь бидэнд хандаж байгаа томоохон хүндлэл гэж ойлгож болох юм. Энэхүү хүндэтгэл манай улсын хувьд эдийн засаг болоод гадаад харилцаанд үнэхээр эергээр нөлөөлнө. Хоёр төрийн тэргүүн нарын уулзалтаар ямар асуудал хэлэлцэв гэж. Тэгэхээр сүүлийн саруудад эдийн засгийн амьдралд өрнөж буй хамгийн сайн мэдээг би хэлье. Манай улс энэ сард долоо хоног тутам 600-800 мянган тонн нүүрсийг экспортолж байгаа юм билээ. Энэ бол маш сайн үзүүлэлт, сайн мэдээ. Нөгөөтэйгүүр сүүлийн үед манай улсын валютын нөөц болоод ханш тогтворжсон. Ийм хоёр мэдээ байна.

-Ханш тогтвортой байх, нүүрсний экспорт нэмэгдсэн нь бидний хувьд мэдээж сайн зүйл. Хятадад хийсэн айлчлалын үеэр эдийн засгийн ямар томоохон хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Айлчлалын гол ач холбогдол бол мэдээж нүүрсний экспортыг нэмэгдүүлсэн явдал. Үүнийг дагаад цөөнгүй төсөл, хөтөлбөр, буцалтгүй тусламжуудыг хэлэлцсэн. Нүүрсний экспортод хоёр тал мэдэгдэл гаргасан. Юу вэ гэхээр ирэх таван жилд нүүрсний дунд болон урт хугацааны гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Миний мэдэж байгаагаар жилдээ 40-70 сая тонн нүүрсний экспортлохыг Хятадын тал дэмжсэн байна лээ. Энэ бол одоогийн экспортоос хоёр дахин илүү гэсэн үг. Өнгөрсөн сарын эхээр хоёр улсын худалдаа 11 тэрбум ам.доллар байсан. Экспорт 8.5 тэрбум, импорт 2.5 тэрбум, нүүрсний экспорт таван тэрбум ам.доллартай байсан. Тэгэхээр ирэх жилээс худалдаа болон бусад үзүүлэлтийг хоёр дахин нэмэх зорилт дэвшүүлж, хамтран ажиллахаар болсон нь Монгол Улсын эдийн засаг сэргэнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл Монгол, Хятадын худалдаа ирэх жил 20 тэрбум ам.долларт хүрнэ. Ирэх оны төсөв батлагдсан. Батлагдсан төсвөөр бол ирэх жил эдийн засаг таван хувиар өснө гэж байгаа. Үүний гол суурийг нь Ерөнхийлөгчийн айлчлал бүрдүүлээд ирлээ л гэж харж байна. Цаашдаа эдийн засгийн өсөлтүүд болоод бусад үзүүлэлтүүд энэ мэт тогтвортой болоод ирвэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэх боломжтой. Мөн Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлалын үр дүн ирэх оноос эдийн засагт бодитой мэдрэгдэж эхэлнэ гэж харж байгаа.

-Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлал эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой боллоо л гэж хэлэх гээд байна уу?

-Эдийн засагчдын харж байгаагаар энэхүү айлчлал цаг үеэ олсон, өндөр ач холбогдолтой, эдийн засгийг сэргээх чухал үйл явдал боллоо л гэж үзэж байна. Мэдээж бүгдийг нь хоёр тал гарын үсэг зураад ч юм уу нэг кноп дараад төгс, сайхан болгочихгүй нь ойлгомжтой. Хятад талаасаа бондын асуудал бусад жижиг деталь зүйлүүд цөөнгүй бий. Тухайлбал, төмөр замын хоёр цэг уулзах, нарийн, өргөн царигийн асуудал гэх мэт. Үүний хажуугаар ковид Хятадад бүрэн алга болоогүй, Хятадын явуулж байгаа хатуу бодлого одоог хүртэл идэвхтэй явагдаж л байна. Хятад улсын дотоод асуудал байна. Нийгмийн уур амьсгал хүндхэн байна. Улс төрийн нөхцөл байдал амаргүй байгаа. Тийм байхад манай улсын эдийн засагт бодитой өөрчлөлт авчрах томоохон хэлэлцээрүүдэд цааргалалгүй дэмжиж байгаад нь бид баярлах ёстой. Си Жиньпиний хувьд Канадын ерөнхий сайдтай их таагүй харилцаатай байгаа гэх мэт Хятад улсын хувьд олон улсад болоод дотооддоо асуудал их байгааг бид харж л байна. Тиймээс ийм цаг үед манайхтай сайн хөршийн харилцаагаар хандаж байгааг бид талархан хүлээн авах ёстой. Хамгийн чухал нь нүүрсний экспорт нэмэгдлээ. Одоо нүүрснээс орж ирсэн орлогоо халамж, бусад үр ашиггүй бүтээн байгуулалтад зарцуулахаас илүү төвлөрсөн орлогын сан бүрдүүлэх, хуримтлалтай болох асуудлыг анхаарах нь чухал.

-Таныхаар нүүрсний орлогыг бид оруулж ирээд халамж, үр ашиггүй зүйлд тараагаад байна гэсэн үг үү?

-Яг тийм. Үргэлж л тансаглана гэж юу байхав. Олон жил яриад байгаа хуримтлалын сан, баялгийн сангаа бодитоор босгож ирэх шаардлагатай байна. Олсон жаахан орлогоо бүгдийг нь үрэх, цацах, халамжид тараах зэрэг хуучин муу сэтгэхүйнээсээ одоо бид салах цаг нь болсон. Ирэх оны төсвийн хуулиар нүүрсний экспортыг 36 сая тонн байлгахаар баталсан. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд юутай ч ирэх оны нүүрсний экспортынхоо зорилтод хүрэх нь тодорхой боллоо. Энэ бол маш сайн мэдээ.

-Нүүрсний экспортыг нэг талдаа нэмлээ, энэ нь эдийн засагт сайн нөлөө үзүүлнэ гэж байна. Нөгөө талдаа нүүрсний хулгайн асуудлыг шийдэхгүй л бол нүүрсний гарц, хэмжээг нэмэгдүүлээд бодит орлого алдагдаж байгаа үед эдийн засагт жинтэй өөрчлөлт орохгүй гэдэг зүйлийг эдийн засагчид ярьж байна. Судлаач, эдийн засагч хүний хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Нүүрсний асуудалд Засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагааг дэмжиж байгаа. Эрдэнэс Таван толгой компанийн засаглалын реформ маягийн зүйл хийгдэж байна. Тус компанийн үйл ажиллагаа бусад бүх зүйл ил тод болсоор л байна. Энэ явуулж байгаа үйл ажиллагааг цаашдаа маш сайн үргэлжлүүлэх нь чухал. Эдийн засагч хүний хувьд бусад улс төрийн асуудал надад сонин биш гэж үздэг. Хяналт, хариуцлагын ажил үүргээ бодлогын түвшинд чадварлаг явуулах шаардлагатай байна.

-Ерөнхийлөгчийн айлчлалаар Төмөр замын холбоос цэгийг тодорхойлох асуудлыг хэлэлцэж, шийдчихсэн гэж ойлгож байгаа. Холбоос, терминал барьснаар эдийн засгийн ямар өөрчлөлтүүд бий болох вэ?

-Саяны айлчлалаар энэхүү асуудлыг ерөнхийд нь хэлэлцээд шийдээд ирсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, тодорхой ахиц авчирсан гэсэн үг. Цаашдаа төмөр замын гарц, хилийн боомтуудаасаа шалтгаалаад төрөлжөөд явна. Тухайлбал, Гашуунсухайтын боомтоор зөвхөн нүүрс гаргах ч гэдэг юм уу. Хангиар дандаа төмрийн хүдэр экспортолдог болно ч гэдэг юм уу ийм маягаар төрөлжөөд явах юм билээ. Талууд хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэхээр тохиролцон. Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход Монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн байна лээ. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг түргэтгэж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан Хятад руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулахаар болсон.

-Монголын нүүрсийг хятадууд хямд буюу бүсийн ханшаар авч байна. Угтаа дэлхийн зах зээлийн ханшаар авах ёстой гэдгийг эдийн засагчид шүүмжилж ярьдаг. Бид үнэхээр хямд ханшаар өгдөг гэж үү?

-Энэ бол цэвэр бизнесийн асуудал гэж явах байх. Нүүрс гэдэг бол олон улсын зах зээл. Орос, Австрали, Индонези зэрэг улсууд голлож гаргаж байгаа. Тиймээс бид ч бас өрсөлдөх ёстой. Зарим улс, орон өөрийн бүтээгдэхүүнээ үнэд хүргэхийн тулд тухайн улсад нь очоод баазалчихсан байдаг. Тухайлбал, Австрали улс өөрийн худалдааны төлөөлөгчдөө Бээжинд байлгаж, зах зээлийн судалгаа, ханшийн өсөлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Австрали өөрөө төмрийн хүдрийн маш том орлогын эх үүсвэртэй улс. Ийм маягаар бид ч гэсэн өөрсдийн худалдааны төлөөлөгч, томоохон хяналт, судалгааны байгууллагыг гадаадад байгуулах шаардлагатай. Ийм байгууллага байгуулснаар бүтээгдэхүүний ханшийг тогтвортой байлгах, хууль бус экспортыг таслах боломж бүрдэж ирэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *