УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Газрын багц хууль маш чухал хууль. Хуулийн төсөлд хэд хэдэн маргаантай заалтыг оруулсан байна. Нэгд, газар чөлөөлөлттэй холбоотой Үндсэн хуульд заасан хувийн өмчийг хамгаална гэсэн зарчмыг зөрчиж байгаа заалтууд байна. Хоёрт, орон нутгийн өөрөө удирдах эрх хэмжээ рүү халдсан. Гуравт, бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой тулгамдсан асуудлыг шийдээгүй, гарц гаргалгаа гаргаагүй хуулийн төслийг өргөн барьсан. Газрын ерөнхий хуульд манай бүлэг тав хоногийн завсарлага авсан. Орон нутгийн өөрөө удирдах эрх рүү халдаж, нэгдсэн мэдээллийн сантай болгох үүднээс сумын газрын байцаагчийг хотоос томилдог болох юм байна. Үүний цаана нөгөө л түгжрэл, төвлөрөл, авлигын асуудал байгаа. Тиймээс энэ төвлөрсөн удирдлагыг задлах ёстой. Энэ хуулийг газар чөлөөлөх тухай хууль дагалдан орж буй. Нийгмийн тусгай хэрэгцээнд зориулан газрыг чөлөөлөхдөө улсаас үнэлгээний компани үнэлгээ хийж, үүргээ биелүүлэхгүй бол албадан чөлөөлнө гэж тусгасан байсан. Энэ ардчилсан тогтолцооны эсрэг зүйл заалт. Бэлчээр, мал нь төрийн өмч байж ирсэн бол одоо бэлчээр нь төрийн, мал нь хувийн өмч болсон учраас зөрчил үүсч байна. Тиймээс олон улсын жишиг байхгүй орхиж байгаа нь завсарлага авсан юм.
Түүнчлэн, МАН-ын мөрийн хөтөлбөрийн таван зүйл заалтыг тус бүрд нь ярьсан. Өнөөдөр сүүлийн бүлгийг ярьсан. Явцын дунд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ярих нь төр барьж байгаа намд ч хэрэгтэй. Зөвхөн хот, хөдөөгийн хөгжил гэдэг тавдугаар бүлэгт л 207 зүйл амласан. Өнөөдрийн байдлаар энэ 207-оос биелсэн юм алга.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд нэг ч жишиг сумын төсөл хэрэгжүүлээгүй. Нэгхэн жилийн дараа энэ мөрийн хөтөлбөр биелэх үү. Мөн эрх баригчид аймаг бүрт 5000 түрээсийн орон сууц барина гэсэн. Энэ төсөл өнөөдөр хэрэгжсэн үү. Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлнэ гэсэн. Үнэхээр энэ асуудалд 2016 оноос хойш ИТХ, Иргэдийн нийтийн хурал хэлбэр төдий байх эсэх нь эргэлзээтэй. Иргэдийн хурал гэж гарч ирээд, Засаг даргаа томилдог байсан бол сая Ховд аймгийн Засаг даргыг Ерөнхий сайдын саналаар өөрчиллөө. Санхүүгийн эрх мэдлийн хувьд 21-ээс зургаахан аймаг л бие даасан байна. Бусад нь татаас авдаг. Газрын хуулиас эхлээд УИХ-д шинээр хэлэлцэж буй хууль бүхэнд орон нутагт ажиллаж байгаа газруудыг босоо тогтолцоотой болгож, төвөөс, яамдуудаас томилно гэж тусгасан. Бид 1990-ээд онд төвлөрсөн эрх мэдлийг задалж, орон нутагт бие дааж хөгжье гэсэн боловч өнгөрсөн зургаан жил ухралт хийлээ.
Аймаг бүрт “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн боловч хэлэх ч үг алга. Асар их урагшлалт биш ухралт гарж байна. Эрх баригчдын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард түмэн эргэн нэг харж, дүгнэлт хийгээсэй. Сөрөг хүчний хувьд эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардах ёстой. Харин Ардчилсан намын хувьд эрх баригч нам биш учраас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ярих боломжгүй.