Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: ​”Ер бусын хайр” DNN.mn


…”Ногоон малгайтнууд давхиж ирэхийг хараад аав нь Жанлавын чихэнд юу ч юм шивнээд байсан. Хүүгийнхээ урваж шарвахыг мэдээд хилэгнэж, галзууруулдаг тарни уншсан байх гэж нутгийнхан ярилцдаг” хэмээн Дондов гуайн хуучилсан санаанд орж, өвчин нь хөдлөхөд гараадгүй хэд бэлэн суув. Гэвч Жанлав гуай уурлаж, галзуурсангүй, тэртээх цаг хугацаагаар аялах мэт, яаралгүй нүүх үүлсийг тооноороо ажаархан сууна.

-Хүмүүс юу ярьдгийг би мэднэ ээ. Ил шулуухан хэлж байгаа нь л чи юм… Аав маань тун ч их мэдлэгтэй гавж байсан шүү. Ногоон малгайтнууд давхин ирэхийг үзээд, надад “Би сахиусандаа урьд шөнө харсан. Үнэн байж. Ах бид хоёр чинь буудуулах юм байна. Харин чи амьд үлдэж магадгүй харагдаад байсан. Хүү минь, чи авхаалж самбаатай, сэргэлэн ухаантай. Ямар ч хамаагүй арга саам, ов мэх хэрэглээд амьд үлдэхийг л хичээ.

Ээжийгээ асарч сувил. Чадвал эмчилж эдгээ. Ээжийг чинь хүнд өвчтэй байхад яаж ганцааранг нь орхиод гурвуулаа явчих вэ дээ. Чи л үлдэх хэрэгтэй. Бас хийд маань их гал дунд харагдаад байсан. Буруу номтнууд шатаах байх. Түүнээс өрсөж хийдийнхээ ном судруудыг тайгаруу зөөж нуухыг бодоорой. Хожим хүмүүст хэрэг болно. Тэгээд сайн цаг ирэхээр хийдэд буцааж зална биз” гэж шивнэсэн юм.

-Та галзуураагүй байх нь ээ. Тэгээд тавь гаруй жилийн турш галзуу болж жүжиглэсэн хэрэг үү?

-Хүн амьтны бараанаар бурхан тахилаа нууж, зулаа чимхэж, ээжийгээ зоддог галзуу хүний дүр үзүүлэх хэцүү хэцүү…

Энэхүү сэтгэл шимшрэм гунигтай өгүүллэгийг зохиолч Лувсангийн Хүрэлбаатарын шинэхэн ном “Ер бусын хайр”-аас уншсан билээ. Номыг уншиж байхдаа аль хэдийнэ дотор нь орчихсон, зохиолын баатруудтай хамт гуньж, уйлж, уурлаж, баярлаж, бүр хамт шийдвэр гаргаад явж байв. Хэсэг хугацаанд энэ бодит ертөнцөөс тасарч, огт өөр орчинд амьдарч үзлээ. Ийм гайхам сонин ном бүтээсэн эрхэм зохиолчид баярлалаа гэж хэлье.

Номонд өгүүллэгүүдээс гадна тууж, баримтат болон ёгт өгүүллэгүүд, памфлет, эсээ багтжээ.

Шимтэй, уншууртай, байн байн барьж авмаар “Ер бусын хайр” номын эзэн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, эрдэмтэн Лувсангийн Хүрэлбаатар юм.

“Монос”-ын Хүрлээ гэж олноо алдаршсан энэ эрхэм өмнө нь “Атилла хааны хилэн хар азарга” эссээ нийтлэлийн, “Бүгдийг тэгээс” дурдатгалын, “Шаргал навчис” яруу найргийн номоо хэвлүүлсэн. Мөн “Байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа”, “Монголын уламжлалт анагаах ухаанд тулгуурлан шинэ эм бүтээх зарим асуудал” зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны 21 номыг англи, орос, монгол хэлнээ хэвлүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *