Цар тахлын оргил үед УИХ-аас ковидын түр хуулийг баталсан билээ. Энэ хуулийн хэрэгжилтийн хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Ковидын хуулийн хэрэгжилт ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Уг хуулиар хязгаарласан ямар, ямар эрх сэргэх вэ?
-Энэ хууль бол цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилготой түр хууль. Ингэхдээ ард иргэдээ ковидоос хамгаалахын тулд хүний эрхэд тодорхой хязгаарлалт тавих болон хөл хорионы улмаас нийгэм эдийн засагт үүсэх асуудлыг шуурхай шийдвэрлэх, зохион байгуулах эрх мэдлийг Засгийн газарт олгосон зэрэг асуудлыг зохицуулах хууль юм. Хүний эрхийг хязгаарлахтай холбоотой хөдөлгөөний, цагийн гэх мэт хязгаарлалт тогтоох, энэ хязгаарлалтаас нь болж үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, улсын хилээр нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт хийх гэх мэт асуудлыг зохицуулсан. Эдгээр хязгаарлалт нь ч, дагах дэмжлэг нь ч аль хэдийнэ дууссан. Хилээр нэвтрэх хөдөлгөөнд хийх хязгаарлалт нь манай талаас хамааралгүй үргэлжилж байгаа. Харин нөгөө талаасаа Засгийн газар энэ хуулиар чамгүй олон үүрэг хүлээж, түүнийгээ дагалдуулан эрх мэдэлжиж авсан. Төрийн албаны томилгоо, төрийн худалдан авах ажиллагаа зэргийг тусгай горимоор хэрэгжүүлэх эрх мэдлээ бол ягштал хэрэгжүүлж байгаа шүү дээ. Хуулийн 3.2-т “Албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслээд өнөөдөр 1000 давсан албан тушаалтныг ямар ч сонгон шалгаруулалтгүй томилж ажиллуулаад байна.
-Үйлчилгээний салбартай холбоотой хуулинд орсон хоригууд юу, юу байгаа билээ?
-2020 оны арваннэгдүгээр сараас хүнсний үйлдвэр, тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг 18 чиглэлээс бусад үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон. Үйлчилгээний салбарын үйл ажиллагаанд цагийн хязгаарлалт тогтоосон. Хилийн боомтын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Улмаар 2021 онд 15 салбар үлдээгээд бусдынх нь үйл ажиллагааг түр зогсоосон. Үүнийгээ 2021 оны гуравдугаар сард вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотойгоор буцаагаад нээсэн. Ингээд 2021 оны тавдугаар сараас үндсэндээ шат дараалалтайгаар эдгээр хязгаарлалтуудаа цуцалж эхэлсэн дээ.
-Ковидын хуулийн хугацаа дууссанаар банк санхүүтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд цуцлагдах уу. Жишээлбэл, банкны харилцах дансанд хүү тооцохгүй, валютын хадгаламжийг албан журмаар даатгалд хамруулахгүй байх зэрэг зохицуулалтууд орсон шүү дээ?
-Хэрэв ямар нэгэн хууль гаргаж тусдаа зохицуулалт гаргаад ирэхгүй л бол бүгд цуцлагдах учиртай.
-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломж энэ хуулиар нээгдсэн. Тэгвэл хууль дуусгавар болсноор иргэд зээлээ төлж эхэлнэ гэсэн үг үү. Ер нь ипотекийн зээлийн төлөлтийг тусдаа хуулиар хойшлуулах боломж бий юү?
-Мэдээж хуулийн үйлчлэл дууссанаар иргэд ипотекийн зээлээ төлөх ёстой болно. Банк санхүүгийн салбараа дампууруулахгүй гэвэл зээлээ төлөх л ёстой болох байх. Эдийн засгийн талаасаа дахин хойшлуулах боломжтой эсэхийг хэлж мэдэхгүй байна.
-Сүүлийн үед ковидын тохиолдол нэмэгдлээ гэж эрүүл мэндийн байгууллагаас зарлаж байна. Ковидын хуулийг цаашид сунгах шаардлагатай юу?
-Дэлхийн олон орнууд ковидын дахин дэгдэлттэй холбоотой хөл хорио болон бусад хязгаарлалтууд хэсэгчилсэн байдлаар дахин сэргээх талаар яриад эхэлсэн бололтой. Япон гэхэд гурван тунтай иргэдийг хилээр нэвтрүүлэх шаардлага тавиад эхэлсэн байх жишээний. Гэхдээ бид өнгөрсөн хугацааны сургамж, алдаа оноогоо дэнсэлж байж цаашид ямар арга хэмжээ авахаа нэлээд буурьтай бодож шийдвэрлэх хэрэгтэй болов уу. Түүнээс дахин хатуу хөл хорио хязгаарлалт тавиад унавал нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар нь биднийг амархан сөхрүүлэх эрсдэлтэй гэж бодно.
-Энэ хуулийн хэрэгжилт, үр дүнг хуульч хүний хувьд та хэрхэн харж байна вэ?
-Эдийн засгийн макро үзүүлэлт хэвийн байгаа, эрдсэлээс амжилттай сэргийлэх бодлого хэрэгжсэн гэж санхүү, эдийн засгийн салбарын мэргэжилтнүүд дүгнэсэн байна билээ.
Гэхдээ хувь хүмүүст үүний үр нөлөө сайнаар туссан нь эргэлзээтэй. Учир нь айл өрхийн орлого, эдийн засгийн үзүүлэлтүүд буурсаар л байгаа юм билээ.