Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

З.Алтай: Хажууд хямд бөгөөд агуу том зах зээл байна. Бид бүх хүчээ мал аж ахуй руу хаях хэрэгтэй DNN.mn

УИХын гишүүн асан З.Алтайтай ярилцлаа.


-Та 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан. Тэр үеийн парламент өнөөгийн парламент хоёрын ялгаа зааг, чадавхыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ямар ч ялгаа байхгүй. 30 жил ингэж явж ирлээ. Ер нь “Тэр үеийн парламент лаг сайхан байсан” гэсэн яриаг би мэдэхгүй юм байна. Гэхдээ яахав, би анхны Бага хурлыг сайн байсан гэж боддог. Тэр бол өнөөгийн парламентын анхны сонгодог хувилбар л даа. Яагаад сайн байсан гэж дүгнэж байна гэхээр тухайн үед боломжийн сайн хүмүүсийг Бага Хурлын гишүүнээр шигшиж гаргасан. Гэхдээ мэдээж бүгдээрээ сайн байна гэж байхгүй. Ерөнхий дүн нуруу нь бол чадалтай, чадвартай боломжийн сайхан хүмүүс гарсан. Өнөөгийнхийг бодвол нэг сайн тал нь идэж уух, эрх мэдэл ашиглах асуудал бараг байгаагүй. Шинэ нийгэм рүү орсон учраас Монгол Улсыг шинэ замаар яаж хөгжүүлэх вэ гээд улс эх орноо боддог байсан.

Социализмын бүтээгдэхүүнүүд юм хойно тэр үед идэж уух гэсэн ойлголт байхгүй байлаа шүү дээ. Цүнх баригчид биш байсан болохоор бүх зүйлд жинхэнэ сэтгэлээсээ ханддаг байсан. Түүнээс хойших 30 жилд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж идэж ууж, хусаж ирлээ. Тиймээс миний үеийн парламент болон өнөөгийн парламент хооронд ямар ч ялгаа байхгүй. Дараагийн парламент ч гэсэн ийм л байх болно. Энэ гажиг амархан арилахгүй л дээ. Эрх мэдэл, албан тушаалын төлөө гүйх, урвуулан ашиглах, идэж уух зэрэг муу зүйлдээ энэ хүмүүс өнгөрсөн 30 жилийн хугацаанд мэргэшчихлээ. Улстөрч нэртэй боловч ихэнх нь мэргэжлийн хулгайч луйварчин сэтгэхүйтэй болчихсон. Сонгуулийн сурталчилгаа гээд элдэв зүйлд хэдэн тэрбум төгрөгөөр нь өгч байгаад УИХ-д орохгүй бол үхлээ юу. Яагаад эрх мэдлийн төлөө яагаад үхэн хатан зүтгээд улайраад байна гэхээр өм цөм иддэг тогоо тэнд байгаа болохоор. Одоогийн парламентыг хар л даа. Улсын төсөв ид хэлэлцэгдэж байна. Хулгайчгүй хүн алга. Бүгдээрээ бие биенийгээ хулгайч, луйварчингаар нь цоллоод баримт тоотой нь хэлээд чи их идсэн, би бага идсэн гэцгээж байна. Тэд хэдэн саяар биш, хэдэн тэрбумаар иддэг болчихоод байна. Ийм байхад яаж улс орон хөгжих вэ дээ. Парламентын энэ суурь тогтолцоо тийм амархан өөрчлөгдөхгүй. Энэ хэдэн нөхдүүд дараагийн сонгуулиар дахиад л гарч ирнэ. Дотроо үхэн үхтлээ УИХ-д сууна гэсэн бодолтой байгаа шүү дээ. Энэ “амттай” юмнаас хэн салъя гэж бодох юм бэ. Тиймээс тийм амар арилахгүй гэж бодож байна.

Энэ хулгайч луйварчдыг ард түмэн сонгосон. Чингис хаан ч гэдэг юм уу хэн нэгний зарлигаар эднийг УИХ-д тавиагүй биз дээ. Өөрсдөө сонгочихоод “амьдрал хэцүү байна, үхлээ хатлаа” гээд хэнд гомдолж, хэнд уйлагнаад байгаа юм бэ. Таны тааллаар гарсан хүмүүс дээрээ очоод ийм л төрхтэй сууж байна. Тиймээс өөрсдөдөө гомд. Тэдэнд гомдоод хэрэггүй. Өөрсдөө сонгосон хойно хувь заяандаа эвлэрье.

-Иргэдийн амьжиргаа дорой байгаа учраас л саналаа худалдаж ийм хүмүүсийг сонгоод байгаа юм биш үү. Тиймээс иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх амлалтаа хэрэгжүүлж чадаагүй улстөрчдийн л буруу юм биш үү?

-Ард түмэн дандаа зөв, шударга байдаг гэсэн зүйл байхгүй. Эрээвэр хураавар наян зүйлийн хүн байгаа. Олонх нь сонголтыг буруу хийчихээд уйлагнаж байгаа бол хохь нь л биз дээ. Өөрөөсөө өөр хэнд гомдох юм бэ. Бурханд гомдох юм уу. Сонгогчдын үзэл бодол, сонголт мөддөө сайжрахгүй. Ухаарах нь юу л бол. Их цаг хугацаа орно. Бид сонголтоо зөв хийж чадахгүй байгаа учраас бидний амьдрал ийм л байна. Бидний сэтгэхүй, үзэл бодол, сонголт тийм амархан зөв болчихгүй. Энд их удаан процесс явагдана. Тэгж байж бага сагаар цэвэрших байх. Гэхдээ бүтэн цэвэршинэ гэж байдаггүй. Аль ч улсад байхгүй. Аль ч нийгэмд “хог новш” байж л байдаг. Харин сонгогчид нь хяналттай учраас хөгийн амьтдыг хөөгөөд явуулчихдаг.

-Улс төр дэх үе хоорондын асуудлыг та хэрхэн харж байна. Сүүлийн үеийн сэдэв болчихоод байна шүү дээ?

-Сайн бэлтгэгдсэн боловсон хүчнээ бид дэмжихгүй юм. Б.Болор-Эрдэнэ бол Мэдээллийн технологийн газрын даргыг овоо хэдэн жил хийсэн. Энэ хугацаанд нэлээн туршлагажчихсан боловсон хүчин. Дээхнэ үед Орост боловсрол эзэмшсэн хүмүүс байхгүй бол сайхан болчих юм шиг гэнэ алдаад ярьчихлаа. Б.Болор-Эрдэнийн кейс дээр хоёр зүйл л байна. Үнэхээр тэр үеийн хуучирсан сэтгэлгээтэй хүмүүс тээг болж байна уу гэвэл болж байгаа. Гэхдээ бүгдээрээ биш. Нөгөө талаар ажил, амьралын туршлага суусан, хоёр ч нийгмийг үзсэн толгой сэхээтнүүд зөндөө бий. Бүгдийг нь харлуулж болохгүй. Тавь тавин хувь байгаа. Ингэлээ гээд мэргэшсэн сайн боловсон хүчнээ элдэв зүйлээр чимхсээр байгаад ажиллах урам зориггүй болгоод өргөдлийг нь өгүүлээд гаргаж бас болохгүй. Сайн бэлтгэгдсэн нэг ч болов хүнээ алдана гэдэг том хохирол шүү дээ. Түүний орыг хэн залгах вэ. Хэний ч мэдэхгүй нэг цүнх баригч л ирнэ. Хэн хохирох вэ гээд бодоод үз. Төрийн алба тогтвортой байх ёстой. Алдаа гаргах зүйл зөндөө байна. Хэнбугай ч алдаа гаргадаг. Тэр болгон дээр нь нээнтэглэж хүний урам зоригийг хугална гэдэг байж болохгүй зүйл. Би тэр охинд харамсаж байгаа. Уг нь байсан бол бидэнд хэрэгтэй байсан юм. Тэр охин чадалтай юм чинь хувийн хэвшилд л очно. Төрийн мэргэшсэн залуу халааг яаж тогтоох вэ, хаанаас олох вэ гээд байгаа хэрнээ хөөгөөд явуулчихаж байгааг ойлгохгүй байна. Ингээд байвал төрд залуу чадварлаг хүн ажиллахгүй. Алдаа гаргаа л биз. Алдаагаа засаад явна л биз.

-Тэгвэл залуухан Ерөнхий сайдын тухайд ямар дүгнэлттэй байна вэ. Манайхаас бусад улсыг харж байхад жишээ нь, Солонгос, Хятад, Оросын төр засгийн тэргүүнд 50, 60-аас дээш насныхан байх юм… Уг нь ажил, амьдрал, улс төрийн туршлагатай хүмүүс улс орныг авч явах шилжилтийн үе дээрээ бид яваа юм биш үү?

-Улс орны л онцлог шүү дээ. Яг Азийнхаа ном журам, түүх соёлоороо явж байгаа улсын тоонд Хятад, Солонгос, Япон орнууд зэрэг орно. Манайх эрлийз болчихсон. Европ ч юм шиг. Ази ч юм шиг. Газар нутгийг нь харахаар Азийнх. 70, 80 жил социализмаар явсан тэр соёл, сэтгэхүй биднийг эрлийз болгочихсон. Тиймээс заавал тэдгээр орнуудыг дуурайгаад 60, 70 настай хүмүүс улс орныг мандуулан хөгжүүлдэг гэж болохгүй. Жишээ нь, Финланд бол өндөр хөгжилтэй, том орон. Ерөнхий сайд нь гучин хэдэн настай эмэгтэй байна. Канад ч бас гучин хэдэн настай Ерөнхий сайдтай. Яагаад болдоггүй юм бэ. Л.Оюун-Эрдэнэ түүнтэй л адил шүү дээ. Би бол хүлээн зөвшөөрдөг. Зоригтой, шударгадуу, боломжийн сайн залуу гэж боддог. Гагцхүү энэ хүний хүсэл зоригийг Б.Болор-Эрдэнэ шиг мохоочих вий гэж айж байна. Учир нь энэ намд зовлонтой хүмүүс олон бий. Мань эрийн хийх гээд байгаа зүйлийг дэмжиж хамтаараа явж байж зорьсон зорилгодоо хүрнэ. Түүнээс Ерөнхий сайд нэг юм хийх гээд зүтгээд байдаг тэрийг нь бойкотлоод дэмжихгүй бол ганц Л.Оюун-Эрдэнэ байгаад яах юм бэ. Энэ л аюул. Түүнээс юм хийх гэж үзэж байна. Нүүрсний хулгайтай тэмцэх зэрэг элдэв асуудал руу орж байна. Үүнийг хийх ёстой. Хэнээс айдаг юм бэ. Би хийгээсэй л гэж бодож байна. Өнөөдөр манайд хариуцлага тооцох тогтолцоо алга. Гадны хөрөнгө оруулагчдыг хөөгөөд явуулчихдаг, юмыг нь зальдаад авчихдаг. Төмөр зам, Таван толгойн гэрээ бүгд нууц. Бидний мөнгийг юунд зарсан, юу хийсэн гэдэг бүх юм нь нууц. Ерөнхийлөгчийн сонгуулиар ҮАБЗ-ийнхөн 20 сая ам.доллар машин дотроо хийгээд ороод ирлээ л гэсэн. ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн даалгавраар намайг тагнасан гээд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ярьсан. Хэнтэй хариуцлага тооцсон юм бэ. Нэрийг нь нэрлээд худлаа попроод байх юм бол үр дүн юу юм бэ. Хэрэг хийсэн бол ялаа үүрдэг байх ёстой. Гэтэл буруу юм хийсэн, өчнөөн тэрбумаар хохироосон хүмүүс хэдхэн сая төгрөгөөр торгуулсан болоод ял завшаад байна. Амьдрал хүнд байхад энэ хэдэн хулгайч хэдэн тэрбум, хэдэн сая ам.доллараар нь хусчихдагийг юу гэж ойлгох вэ. Иргэд уурлахаас аргагүй ш дээ. Бидний сонгосон хулгайчид ингэж цөлмөж байхад хүний амьдрал, сэтгэл зүй яаж тайван амгалан байх юм бэ. Би уурладаггүй. Уурлая гэж боддоггүй. Уурлах юм бол би л хохирно. Аятайхан сайхан байя, гэрэл гэгээтэй өнгөтэй зөндөө юм байна гэхээр төрд гарсан хэдэн хулгайчдын идсэн уусныг сонсохоор дотор муухайраад явчихдаг. Ингээд тайван сайхан амьдаръя гэхээр хүссэн хүсээгүй арзгануулаад хаячихдаг. Өөрсдийнхөө идсэн уусныг мөнгө төгрөгтэй нь ярьж байна. Ийм байхад иргэд яаж тайван байх юм бэ. Иргэд яаж зөв хүмүүжил олох юм бэ. Ёстой гутмаар. Миний үе дуусч гэж бодъё. Хойч үеийн залуучууд яана аа. Ямар муухай үлгэр дурайлал үзүүлж байна аа. Бүгдээрээ л хусдаг юм чинь яадаг юм бэ. Би ч хусъя, чи ч хус гэж хандана биз дээ. Шударга сайхан амьдрах итгэл үнэмшил байхгүй болчихож байна шүү дээ.

Идсэн уусныг нь нэр усаар нь зарласнаа Өршөөлийн хууль, Хөөн хэлэлцэх хууль гээд хуулийн цоорхой ашиглаад бүгд мултраад гарчихаж байгаа юм. Нэг бол би сайн дураараа хэргээ хүлээе, миний асуудлыг хөнгөрүүлсэн журмаар шийдэж өгнө үү гээд мултарчихаж байна. Ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ, аймшигтай.

-2016 оноос хойш нэг нам засаглалаа. Нэг намын тогтолцоотой болчихов уу. Энэ үйл явцыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Сонгуулийн тогтолцоо буруу байхгүй юу даа. Анхнаасаа буруу хийсэн. Та бидний сонгосон хүмүүс очоод хуулийг нь завхруулаад хаясан биз дээ. 2020 оны сонгуулиар сонгогчдын 40 гаруй хувь нь АН болоод бусад нам, бие даагчдад өгсөн. Нийт сонгогчдын 40 хувь гэдэг бол том тоо. Гэтэл 40 хувийн сонгосон төлөөлөл гээд энэ парламентад арванхоёрхон гишүүд сууж байгаа юм. Энэ шударга уу. Тиймээс сонгуулийн тогтолцоо буруу байгаа юм. Пропорцианаль тогтолцоо руугаа орох ёстой. Ингэж байж арай цэвэршинэ. Бусад намынхан, бие даагч орж ирнэ. Иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээс айгаад байдаг. Нэмэх ёстой шүү дээ. Улсаас хулгай хийж байгаа хүмүүсийн дэргэд гишүүдийн авах цалин юу ч биш. Гагцхүү эрээвэр хураавар янз бүрийн хүмүүс ороод ирэхээр хяналт нь илүү болно. Тэдэнтэй алалцаг л дээ. Чиний идсэн уусныг мэдэж байгаа шүү, харж байгаа шүү, тийм юм байхгүй гээд байж л байг л дээ. Сонгуулийнхаа тогтолцоог одоо өөрчил. Дараагийн сонгууль ойрхон байна шүү. Адаглаад сонгогчдын санал зөв хуваарилагдах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ өөрчлөх юмнууд зөндөө байна л даа.

-Өмнөх Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөс зөв зүйтэй шийдвэр хэрэгжүүлж байсан хүнийг та хэнийг гэж хардаг вэ. Ерөнхий сайдуудаа шорон гянданд хориод байгаа үйл явц хэр зөв зүйтэй юм бэ?

-Бүгд л өмдөндөө баастай байсан биз дээ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайгаас эхлээд Н.Багабанди гээд хөвөрч өгнө. Хэнийг нь сайн гэх юм бэ. Бүгд л асуудалд хутгалдсан биз дээ.

С.Баярын тухайд бол сайн улстөрч. Оюу толгойг эхлүүлсэн үү эхлүүлсэн. Сайн муу зөндөө л юм гарсан. Шорон оронд ч хийгээд үзлээ. Манайх шиг дампуу улс байж болохгүй. Хэд хэдэн Ерөнхий сайд нараа аваачаад шоронд хийчихсэн. Хэний бодлогоор юм бэ. Тухайн үеийн Ерөнхийлөгч байсан нөхдүүд л хийсэн ш дээ. Тэр нь өөрөө ч толгой мэдээгүй болов уу гэж би боддог. Путин мэтийн бодлого манай улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал руу тодорхой хэмжээгээр орж ирээд жолоодож байна шүү дээ. Мундаг жолоодогч сая дөрвөн жил байсан биз дээ. Путины шавь, баруун гар нь улс орныг баллаад тавьсан ш дээ. Дургүй хүргэсэн бүх хүмүүсээ шоронд хийж өшөө авсан. Монголын сэхээтнүүдийг 1937 онд коминтерны даалгавраар буудаж устгаад шоронд хийгээд алсан юм аа. Монголд сайн толгойтой сэхээтэн байж болохгүй гэж. Яг 37 оных шиг зүйл саяхан болоод өнгөрлөө ш дээ. Өнгөтэй өөдтэй бүх хүмүүсийг шалих шалихгүй хэргээр аваачаад хийчихсэн. М.Энхсайхан бол мундаг эдийн засагч. Сайн Ерөнхий сайд байсан. Хэцүү ч үе байсан. М.Энхсайханы тухайд хэмнээд хуучин ямбий машин авчихсан чинь улсын мөнгө идчихсэн юм гэнэ. Харагдаач. Юу гэсэн үг вэ. Тийм биз. Хэний даалгавар юм бэ. Юм боддог толгойтой, өөдөө харсан хүмүүсийг байхгүй болго, ард түмнээр нь үзэн ядуул, ямар нэгэн хэрэг тох, хулгайч гэдэг нэрийг зүүлгэ гэсэн Путин ахын даалгаврыг манай Ерөнхийлөгч асан сайн биелүүлсэн л гэж боддог.

-Тэгвэл одоогийн Ерөнхийлөгчийн тухайд. Бас л даган дурайдаг гэцгээх юм байна шүү дээ?

-Би бол үгүй байх гэж бодож байна. Өөрийнхөөрөө л хүн шүү дээ. Тэрнээс хэн хүнтэй өс хонзон санаад байхгүй болов уу. Хүний өөрийнх нь характер араншин байна. Муу зальтай, хогийн, идэж уудаг багаасаа ингээд хүмүүжчихсэн хүмүүс манай төрийн толгойд зөндөө байлаа. Хогийн рецидивүүд л гарч ирж байлаа шүү дээ. Өмнөх Ерөнхийлөгчөөсөө л хар. Хэнийг бид толгой дээрээ тавьсан юм бэ. Хэнийг бид биширсэн юм бэ. Луйварчин хөгийн хулгайч л байсан ш дээ.

У.Хүрэлсүхийг юу гэж муу хэлэх үү. Шанаадаад унагачихдаг гэх юм уу. Эр хүн бол цохиод унагаах л хэрэгтэй шүү дээ. Багын хүмүүжил байна. Цэргийн хүмүүжил байна. Манайд цэрэг маягийн дектатуртай нөхдүүд хэрэгтэй байна. Зөв юман дээр чанга барьдаг. Тэгэхгүй яах нь мэдэгдэхгүй сул бэлгэдлийн нөхөр бидэнд ямар хэрэгтэй юм бэ. Тэрийг тэжээгээд цалин өгөх ямар хэрэгтэй юм бэ.

Ер нь монголчуудад чанга гар хэрэгтэй байдаг, бүр үүх түүхээсээ. Чанга гар гэдгийг Путин шиг дектатурыг хэлж байгаа юм биш. Ерөнхийдөө үзэл бодолдоо өөрийнхөөрөө байдаг, чанга, хариуцлага тооцож чаддаг. Ийм утгаараа чанга гэж байгаа юм. Бид их дураараа, даруулгагүй хүмүүс шүү дээ. Бидний ген цусанд орчихсон. Их муухай амин хувиа хичээсэн. Нүүдэлчдээс ирсэн бидний цусанд байгаа. хөрш айлтайгаа хамт зусчихаад өглөө нь сэмээрхэн нүүгээд явчихдаг. Тэднийх тэр бэлчээрт буухаас өмнө гялалзуулъя гээд. Их муухай хувиа хичээдэг. Суурин иргэншил байхгүйгээс хамт олонсог нийтэч зан байхгүй. Энэ нь одоо ч бидэнд ямар нэгэн хэмжээгээр байна.

-Монголын өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна. Бараг дефолт зарлахад ойрхон байна гэж байгаа хэрнээ л жилээс жилд тэлсэн төсөвтэй, алдагдалтай төсөв батлах юм?

-Хоёр их наядын алдагдалтай төсөв баталчихлаа. Төлөх хугацаа нь болчихсон өчнөөн өр зээл байна. Монгол Улсын нэг иргэнд 30 сая төгрөгийн өр ногдож байна. Муу л байхгүй юу даа. Тэвчвэл тэвчиж болох зардал зөндөө л байна. Адаглаад ирэх оны төсвийг ашигтай байдаггүй юм гэхэд алдагдалгүйгээр баланс бариад явах ёстой шүү дээ. Ерөөсөө ойлгохгүй юм. Ямар учиртай байдаг юм бэ. Айл гэрээр жишээлбэл хажуу айлаасаа мөнгө зээлчихээд дахиад хаалгыг нь тогшоод мөнгө зээлээч гэвэл тэр айл өгөхгүй биз дээ.

Манайх замбараагүй өр тавих юм. Өөрийнх нь халааснаас юм гараагүй учраас замбараагүй зээл авч үрж байна шүү дээ. Хүн хувийнхаа юмыг хэзээ ч замбараагүй үрнэ гэж бараг байхгүй дээ.

Ирээдүй бол манай улсад байгаа. Монгол дефолт зарлана гэдэг худлаа. Эрт дээр үеэс бидэнд өвлөгдөж үлдсэн газрын баялаг байна. Бид хэзээ ч Шри-Ланка шиг болохгүй. Учир нь бид баялагтай. Шри-Ланкад цайны ургамлаас өөр юу байгаа юм бэ. Одоо цайг нь ч авахаа байсан. Манай улсад бусад орнуудын хэрэгцээт зүйл нь байна. Тиймээс бид дефолт болохгүй. Харин яаж гамтай байж өндөр үнээр зарах уу гэдгээ бодохоос биш бид дефолт зарлана гэж байхгүй. 70 гаруй сая мал байна. Монголчууд хэзээ ч өлсөж үхэхгүй. Малаа нядалж идээд байхад болно. Шөлний хонь ямар ч айлд байна биз дээ. Үүнийг харин зөв ашиглах ёстой.

Дуусдаггүй юм гэж байдаггүй. Уул уурхайн баялаг дуусна. Нэг өдөр нэг сайхан технологи гарч ирээд нүүрс хэнд ч хэрэггүй болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр дуусдаггүй, ширгэдэггүй, нөхөн төлжөөд байдаг зүйл бол 70 сая мал. Монгол Улс нэг юмаараа брэнд хийгээд гарах ёстой. Олон зүйл рүү савчих хэрэггүй. Ноос, арьс, шир, мах гээд малаас хаях юм байхгүй. Авлаа идлээ, ашиглалаа. Дахиад төллөөд мөнхийн эргэлтэд ороод байдаг зүйл шүү дээ. 100 хувийн ашигтай хадгаламж гэсэн үг. Тиймээс үүнийгээ бид ашиглах ёстой. Бүх хүчээ ийшээ хаях хэрэгтэй. Манайд асар их боломж байгаа юм. Гэтэл чадах, чадахгүй юм руу ороод байх хэрэггүй. Монголд хадаас хийлээ ч гэх шиг. Түмпэн шанага, хадаас хийх хэрэггүй байхгүй юу. Хятад гэдэг агуу том маш хямдхан зах зээл хажууд байна. Тэнд юу л бол юу байна. Эднийг бид гүйцэд түрүүлнэ гэж байхгүй. Тиймээс дотоодынхоо хэрэгцээг өөрсдөө хангана гэх хэрэггүй. Малынхаа түүхий эд, бүтээгдэхүүнээрээ л монгол брэнд болоод гар. Тэр болтол байгалийн баялгаа идэж байна биз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *