Йордан улсын Амман хотод болж буй Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 5 дахь өдөр Монголын 4 боксчин тулалдаж бүгд өрсөлдөгчдөө ялснаар тэд хүрэл медалийн болзол хангаад байна.
Монголын баг тамирчдын энэ өдрийн тулааны талаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ, олон улсын шүүгч Ц.Нандигжавын бичсэн 5 дахь өдрийн тодруулга мэдээллийг хүргэж байна.
Монголын боксчид энэ өдөр нэг ч ялагдалгүй тэмцээнийг өндөрлүүлсэн, мөн энэ тэмцээний хамгийн олон алдартнууд рингэнд гарсан сайхан өдөр байлаа.
Шигшээ 1/4 тулаанууд бол медаль руу орохуу үгүй юу гэдгийг шийддэг маш хариуцлагатай тэмцэл өрнөдөг. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 52 кг жинд Л.Алтанцэцэг Узбекийг 3:2-оор, 54 кг жинд О.Есүгэн Филиппинийг 5:0-ээр, 60 кг-д У.Шинэцэцэг Тайванийн тамирчинг 4:1-ээр тус тус ялсан.
Харин эрэгтэйчүүдээс Х.Энхмандах БНСУ-ын боксчинг 4:1-ээр буулган авч тивийн аваргын хүрэл медалийн болзол хангаснаар Монголын багаас 5 боксчин медальтай болсон бөгөөд тэдэнд дараагийн тулаандаа медалийнхаа өнгийг хувиргах асуудал үлдэв.
Мөн энэ өдөр олимпын аваргууд Японы Ирие Сена, Узбекийн Хасанбой Дусматов, Дэлхийн аваргууд Казахстаны Бибоссинов, Японы Цубой Томоя, Тайванийн Циао Вен Хуанг, Филиппинийн Нести Петисио, олимпын хүрэл медальт Казахстаны Дарига Шакимова, ДАШТ-ий мөнгөн медальт Казакийн Жайна Шекербекова, Тайландын Жутамас Житпонг, дэлхийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн Парвийн Хоода нарын алдартнууд энэ өдөр ялалт байгуулж медалийн босгыг давж алхлаа.
Түүнчлэн 2006 оны дэлхийн аваргад оролцоод сураг тасарсан 35 настай энэтхэг бүсгүй Приити Узбекийн боксчныг ялж тивийн аваргын анхныхаа хүрэл медалийн болзлыг хангаж байх юм.
ОУХМ Х.Энхмандахын жин хамгийн том алдартнуудаар дүүрэн, ёстой гайхамшиг байж нэг олимпын аварга Узбекистаны Дусматов, дэлхийн аварга Казакстаны Бибоссинов, Японы Цубой Томоя нартай хамт дөрвүүл тунаж үлдлээ. Гайхалтай ховор түүх шүү. Олимпын аварга Ирие Сена дэлхийн 2, Азийн хошой аварга Тайванийн тамирчин Юу Тинг Линийг ялж, медалиас мулталж орхилоо. Спорт ийм л байдаг даа.
Өнөөдөр /11.06/ хүрэл медалийн төлөөх хариуцлагатай тулаанууд үргэлжлэн явагдана. Манай 7 тамирчин рингэнд гарч хүч, зориг, авхаалж самбаагаа үзүүлнэ. Эрэгтэй 48 кг-д О.Өнөболд Японы Аратаке Казуматай, 67 кг-д Азийн аварга Б.Чинзориг Палестинтай, 54 кг-д Д.Ганболд Казахстаны залуу од Белградын дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн залуучуудын аварга Махмуд Сабирхантай, 57 кг-д Г.Лундаа Тайванийн тамирчинтай, 60 кг-д Б.Буяндалай Ирантай, эмэгтэй 48 кг-д Б.Жанаргуль Японы Като Хикару-тай, 60 кг-д Т.Номин-Эрдэнэ Ази тивийн хошой аварга Казахстаны Римма Волосенкотой тус тус тулалдана.
Манай ид гарч ирж байгаа залуу боксчид болох Лундаа, Буяндалай, Жанаргуль нарын хувьд медалийн босго давах 100 хувийн боломж байна.Мөн Б.Чинзоригийн хувьд өрсөлдөгч нь түүнд хөнгөн даваа байх болов уу. Т.Номин-Эрдэнэ, Д.Ганболд хоёрт аваргуудыг ялж сүр хүчээ үзүүлэх сайхан боломж байгаа. Ер нь боксчид алдарт аваргуудтай таарч тулалдахыг аз завшаан гэж үздэг. Боломжоо л ашиглах нь хамгаас чухал. Махмуд Сабирхан бол Азийн залуучуудын аваргаар Улаанбаатарт ирж 54 кг-д түрүүлж байсан, Белградын дэлхийн аваргаар финалд шалгарч, харин одоо энд 51 кг жинд тулалдаж байгаа. Тэр Японы дэлхийн аварга Цубой Томояд ялагдаж мөнгөн медаль хүртсэн боксчин, манайхан түүний тоглолтын арга техникийг нь сайн мэднэ. Хашир туршлагатай, ахмад аварга Римма Волосенког ч манай боксчид сайн мэднэ. Багш нар нь тодорхой тактик төлөвлөж хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Боксчиддоо амжилт хүсье хэмээн онцоллоо.