Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс аравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эрчим хүчний сайд, Цагдаагийн ерөнхий газарт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Зөвлөмж хүргүүлэв.
Мөн Гаалийн ерөнхий газар, Үндэсний аудитын газрын цахим хуудсанд ил тод байдлыг үнэлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас холбогдох байгууллагуудад санхүүжилт олгоогүйн шалтгаан нөхцөлийг судлан цахим системд хяналт тандалт хийлээ.
Төрийн байгууллага, албан тушаалтны ёс зүй, хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх иргэдээс ирүүлсэн 9 гомдлыг хянаж, тайлбар тодруулга авах ажлыг үргэлжлүүлж байна.
Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 6 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 1512 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан дэлхийн улс орнууд Авлигын эсрэг конвенциар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг сурталчлах, хүүхэд, залуучуудад авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах, авлигын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, олон нийтийн дуу хоолойг сонсох, хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор фото уралдаан зохион байгуулахаар Гэрэл зурагчдын холбоотой хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: АТГ