АНУ-ын Батлан хамгаалах яам шинээр батлагдсан Үндэсний батлан хамгаалах стратегиа өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болгосон бөгөөд тус стратеги нь энэ сарын 12-нд Ерөнхийлөгч Ж.Байдены баталсан Үндэсний аюулгүй байдлын стратегийн үргэлжлэл юм.
АНУ-ын Үндэсний батлан хамгаалах стратеги (ҮБХС)-ын зорилго, ач холбогдол нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол болон тогтвортой, нээлттэй, олон улсын тогтолцоонд заналхийлж буй аливаа аюул заналыг даван туулахад Америкийн зэвсэгт хүчний стратегийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон явдал юм.
АНУ-ын Батлан хамгаалах яам шинэ стратегидаа аюул заналаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндэсний батлан хамгаалах дараах 4 тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байна. Үүнд:
- АНУ-д учирч болзошгүй олон талт аюул эрсдэл сорилтыг бууруулж, эх орноо батлан хамгаалах;
- АНУ, түүний холбоотон болон түншүүдийн эсрэг стратегийн халдлагыг таслан зогсоох;
- Энэтхэг-Номхон далай болон Европын бүс нутагт болзошгүй аюулыг тогтоон барих замаар түрэмгийллийг таслан зогсоох, шаардлагатай үед мөргөлдөөнд давамгайлахад бэлэн байх;
- Хамтарсан хүчний даван туулах чадвар, батлан хамгаалах экосистемийг бий болгох явдал гэж үзэж байна.
Шинэ стратегийн дээрх тэргүүлэх дөрвөн чиглэлд хүрэх гурван арга зам нь нэгдмэл аргаар тогтоон барих, кампанит ажиллагаа явуулах, тогтвортой давуу байдлыг бий болгох явдал хэмээн тодорхойлжээ.
Үндэсний батлан хамгаалах стратеги (ҮБХС)-ийг батлан гаргахдаа анх удаагаа үндэсний аюулгүй байдлын стратегитай уялдуулан стратегийн томоохон үнэлгээг нэгдсэн байдлаар хийж, АНУ-ын Цөмийн төлөв байдлын тойм, Пуужингийн довтолгооноос хамгаалах тоймыг хавсралтаар хамтатган нийтэлсэн нь онцлог юм.
АНУ-ын Цөмийн төлөв байдлын тоймд, түүний цөмийн хүч нь АНУ, түүний холбоотнууд болон түншүүд рүү чиглэсэн цөмийн довтолгоог таслан зогсоох явдал бөгөөд зөвхөн онцгой нөхцөлд АНУ эсвэл түүний холбоотнууд болон түншүүдийн амин чухал ашиг сонирхлыг хамгаалахын тулд цөмийн зэвсгийг ашиглах асуудлыг авч үзэх болохыг онцолж байна.
АНУ-ын Пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь дайсны довтолгооноос урьдчилан сэргийлэх, дайсны амжилттай довтолгоо хийх чадварт итгэх итгэлийг алдагдуулах зорилготой гэдгийг онцолж байна. Мөн холбоотнууд болон түншүүдээ хамгаалахын тулд хамгийн дэвшилтэт шинэ пуужин болон агаарын довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэхийг эрмэлзэж байна.
Эх сурвалж: iss.gov.mn