Налгар намрын өдрүүд энд хүрээд дуусав уу гэлтэй амралтын өдрийн цастай өглөө намуухан бөгөөд жихүүн. Нийтийн тээвэр хүлээх зорчигчид хаа нэг автобус ирэх зүгт хараа чилээхээс өөрөөр анир чимээгүй. Гэнэтхэн энэ аниргүй байдлыг гудамжны үзүүрт хэн нэгэнтээ чангаар ярингаа, уйлах эрийн дуу эвдэж орхив. “Яагаад, яагаад чи надад хайргүй юм бол энэ олон жил яагаад хүлээлгэсэн юм бэ” гэх дуу тодоос тод сонсогдов. Гомдол цөхрөл дүүрэн тэдний яриа тэгсхийгээд төгсөв.
Хашааны булангаас 40 эргэм насны эр гарч ирээд бидний нэгэн адил автобус хүлээн зогсов. Тэрээр хэнд ч азаарагдахыг хүсэхгүй байгаа нь илт. Автобусны буудал дээр зогсоо 10 орчим хүн түүнийг анзаарсан ч анзаараагүй мэт царайлав. “Бодвол хэн нэгэн согтуудаа солиорч байгаа биз” гэх бодол минь тэрхэн зуурт өөрчлөгдөв. Бүлцэн болсон нүдээ шударчихаад, багахан гунигтай хэрнээ эрс шийдэмгий царай гарган хажуугаар зөрөх идэр насны эрээс архи биш үнэртэй ус ханхална. Түүний дотор цастай биш, цасан шуурга шуурч байгаа бололтой. Амьдралд танихгүй нэгэнд урмын үг хэлмээр, юу болсон талаар нь ярилцмаар, эсвэл зүгээр л тэвэрмээр үе тохиолддог байх нь…Түүний “Яагаад, яагаад…” гэх чин сэтгэлийн асуулт сэтгэл хөндүүрлүүлж, автобусны цонхоор тамхи татан зогсох түүний төрх улам бүдгэрэв. Хайргүй хэрнээ хайртай мэт царайлдаг, хамт амьдрахгүй мөртлөө амьдрах ч юм шиг итгэл төрүүлж, хэн хэнийхээ цаг зав, сэтгэл зүрхийг үрсэн харилцааг битгий өөгшүүлээрэй. Эцэст нь хэн нэг нь сэтгэлдээ шархтай, нүдэндээ нулимстай үлдэх нь.
Өөх ч биш булчирхай ч биш харилцаанаас илүүтэй хайрлавал хайрласан шиг хайрладаг, хамт амьдрах боломжгүй бол сайн сайхныг хүсээд явуулдаг түс тас харилцаа амьдралыг амархан бөгөөд амттай болгодог доо.