Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Ламбаа: Эрүүл мэндийн салбарын 2023 оны төсөв 1.3 их наяд төгрөг байхад, 2008 онд 200 тэрбумаар л яригдаж байлаа DNN.mn

-АН-ЫН НЭРЭЭР ӨНДӨР АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАЖ ИРСЭН НӨХДҮҮД ЗАЛУУСДАА ЗАЙГАА ТАВЬЖ БАЙЖ ЭНЭ НАМЫН ХУВЬ ЗАЯА ШИЙДЭГДЭНЭ-


Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та ойрд хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөгүй болов уу. Сүүлийн үед та ямар ажил хийж байна вэ?

-Хэвлэл мэдээллийнхэн та яагаад чимээгүй яваад байна, ярилцлага өгөөч гэдэг. Тухайн цаг үедээ зөндөө л ярьсан, бичсэн, нэгэнт халаагаа өгчихсөн болохоор одоо хэрэггүй гэж боддог. Ажлын тухайд УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүддээ УИХ-аар хэлэлцэгдэж байгаа асуудал дээр ихэвчлэн цахимаар санал зөвлөгөө өгөөд л сууж байна.

-Нийгэмд ер нь болж бүтэж байгаа зүйл гэж байна уу. Тэнд ч хүүхэд эндлээ, энд ч эдийн засаг хямарлаа гэх юм. Та оршин буй нийгмээ өнөөдрийн нүдээр яаж харж байна вэ?

-Ямар ч юмыг бүхэлд нь дүгнэж болохгүй. Та энд гурван асуудлыг хөндөж байна. Нэгд, янз бүрийн осол гэмтлээс болж хүүхэд эндэнэ, эрүүл мэндээрээ хохирно гэдэг бол хүмүүсийн хариуцлагын асуудал. Үнэндээ телевизээр осол гэмтлийн талаарх мэдээг сонсоход бэрх байх юм. Энэ чинь бас л хүмүүсийн, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй шүү дээ. Хоёрт, Монгол Улсад аж үйлдвэрийн, тэр дотроо хүнд аж үйлдвэрийн салбар дорвитой хөгжиж чадаагүй нь эдийн засгийн хямралын үндэс болж байна. Эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулсан 32 жилийн өмнөөс авто зам, төмөр замын дэд бүтэцдээ анхаарч, газрын тосны, цементийн, зэсийн, төмөрлөгийн үйлдвэрүүдээ үе шаттайгаар хөгжүүлэхийн төлөө төрийн бодлого нь тогтвортой, бас шударга зарчмаар ажилласан бол эдийн засаг ингэж гүнзгий хямралд орохгүй байсан. Эдийн засгийн хямралын үр дагавар бүх хүрээнд таны ч, миний ч амьдралд нөлөөлдөг учраас аюултай.

-Та УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүн. Тэр утгаараа өнөөгийн эрх баригчдын явуулж буй бодлого таны санаанд нийцэж байна уу?

-Миний санаанд заавал нийцэх албагүй. Ер нь манай улсын төр засгаа эмхлэн зохион байгуулах сонгуулийн тогтолцоо нь буруу, тогтворгүй, эрх баригчдын бодлого ямар ч залгамж холбоогүй, намаар талцаж ирсэн нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын гол гацаа болж ирсэн. Яагаад 10,20 жилийн өмнө эхэлсэн бүтээн байгуулалтын ажил одоо хүртэл дуусахгүй төсөвт дарамт болж байна гээд бодоход л үүний хариу ойлгомжтой.

-Эрх баригчид Үндсэн хуулиараа их оролддог боллоо. Саяны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр давхар дээл гэх зүйлээ хязгааргүй болгочихлоо. Давхар дээлтэй болоод ирэхээр УИХ нь Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй болдог гэдэг. Ер нь давхар дээл байх ёстой юм уу, үгүй юм уу. Та энэ талаар ямар бодолтой явдаг хүн бэ?

-Эрх баригчид зургаан жил хэт олонхоор төрийн эрхийг барьж байна. Тэд энэ богинохон хугацаанд Үндсэн хуулийг хоёр удаа өөрчиллөө. Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй газар ч гэж үгүй болж. Бүгдээрээ нэг нам болчихоор ҮХЦ нь хүртэл давхар дээлийг хязгаарлаж, лимит тогтоосон өмнөх шийдвэрээ хүчингүй болгож, түүнд нь дөрөөлөөд УИХ нь олонхоороо түрий бариад Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад давхар дээлийг хязгааргүй болгосон нь үнэн. УИХ-ын хэт олон гишүүн Засгийн газарт ороход хяналтын тогтолцоо алдагдана. Яагаад гэвэл гишүүд өөрсдийнхөө оруулж ирсэн асуудлыг УИХ дээр хамгаалах нь ойлгомжтой. УИХ-ын гишүүд ч Засгийн газрынхаа хараат болчихдог.

-Танай намын бүлгийн зарим гишүүд дэмжсэн санал өгсөн шүү дээ?

-Би хувьдаа манай бүлгийн гишүүд давхар дээл гэхээсээ илүүтэй “Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог пропорционал болгоно, нэг нам хэт олонхи болохыг хязгаарлаж, парламентад олон намын төлөөлөл оруулах нөхцөлийг бүрдүүлнэ, гишүүдийн тоог нэмэгдүүлж Засгийн газарт орох гишүүдийн тоог нэмэгдүүлнэ” гэсэн олонхын “бодлого”-д итгэсэн байх. Ардчилсан намын бодлого ч ийм байж ирсэн. Би хувьдаа энэ “бодлого”-ыг дотроо зөвшөөрч байсан. Даан ч олонхын “бодлого” үлгэр болж, тэд Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад УИХ-ын гишүүд Засгийн газарт чөлөөтэй орох боломжийг нээгээд дуусгасан. Манай бүлгийн гишүүдийн “Үндсэн хуульд нэмэлтээр оруулна гэсэн бусад асуудлаа яах юм бэ” гэсэн асуултад УИХ-ын дарга “ард түмнээсээ асууна аа” гээд алхаа цохиж харагдсан.

-Эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлж явсан, өнөөгийн эрүүл мэндийн салбарын сайн, мууг хатуухан шиг хэлэх хүний нэг бол та. Монгол хүн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй амьдрах эрхээ үнэхээр эдэлж чадахгүй байна. Тэр утгаараа Монгол Улсын эрүүл мэндийн салбар хөгжиж байна уу?

-Бодлого тодорхойлж явсан хүн гээд салбараа ийм тийм гэж хэлэх нь сайн зүйл биш. Би энэ зарчмыг хатуу баримталдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам чиг хандлага өөрчлөгдөж байна. 2012-2016 оны УИХ-аар баталсан “Эрүүл мэндийн даатгалын тухай”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийг хэрэгжүүлэх талаар томоохон алхам хийлээ. Тухайлбал, алдаа оноотой ч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг бие даалгаж, эмнэлгүүдэд гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүллээ, өндөр өртөгтэй оношилгоо, эмчилгээг ЭМД-д орууллаа, гүйцэтгэлийн санхүүжилтэд цахим технологийг нэвтрүүлж эхэллээ, гээд яривал дэвшил гарч л байна. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас Засгийн газар, улсын онцгой комисс, цагдаа, тагнуул, манай салбарын бүх шатны удирдлага, эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууд энэ өвчнөөс ард иргэдээ хамгааалах, эмчилж эдгэрүүлэхийн төлөө цаг наргүй тэмцэж, саяханаас намжиж байна. Миний хувьд 2021 оноос Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтний холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон аймаг, дүүргийн 225 Өрхийн эрүүл мэндийн төвийн 4000 орчим эмч,сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудтайгаа хамт энэ хүнд жилүүдэд ачааны хүндийг үүрэлцэж ирсэн болохоор хэнд ч гэсэн хэлэх зүйлээ хэлж, ярьж л явна. Шүүмжлэх юмаа ч шүүмжилдэг. Шинэ юмыг эхлүүлэхэд бэлтгэл ажил гэж нүсэр юм байдаг. Ер нь төрийн аль ч шатны байгууллага аливаа шийдвэрийг ягштал хэрэгжүүлж байх нь чухал. Миний мэдэж байгаагаар сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг компьютер, иж бүрэн хэрэгсэлээр хангах зорилгоор 2016 онд Дэлхийн банктай байгуулсан гэрээ одоо хүртэл хэрэгжээгүй байна. УИХ-аар 2022 оны төсвийн хуулийг батлахад сум өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцон олгох санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлсэн ч эхний гурван сарын нэмэгдлийг одоо хүртэл олгоогүй байна. Үүнийг бол шийдчих л асуудал шүү дээ.

-Эмнэлгүүд нь хүн, хүүхдүүдээр дүүрчихсэн, эмийн чанар, аюулгүй байдал нь алдагдчихсан байгааг та хүлээн зөвшөөрөх үү?

-Зөвшөөрөлгүй яахав. Энэ бол удаан хугацаанд үргэлжилж байгаа асуудал. Харин ч 2008-2012 онд манай орны эдийн засгийн огцом өсөлттэй холбоотойгоор төсвийн үлдэгдлээр шахуу явж байсан эрүүл мэндийн салбарын төсвийн санхүүжилт, гадаадын зээл тусламж нэмэгдэж их бүтээн байгуулалт хийгдсэнээр эрүүл мэндийн салбар хүнд үеийг давж, хөл дээрээ боссон. Энэ үед 300 гаруй эмнэлгийг засварлаж, бүх Үндэсний төвүүдийг өргөтгөж, 100 гаруй эмнэлгийг шинээр барьж, шинэ техник технологи, оношилгоо эмчилгээний шинэ шинэ аргуудыг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хууль эрх зүйн орчныг шинэ шатанд гаргаж чадсан. Мөн 2009 онд хувийн эмнэлгүүдийн эрүүл мэндийн үйлчилгээнд даатгалаас төлөх санхүүжилт 30000 байсныг 100000 болгосноор хувийн эмнэлгүүдийн хөгжил эрч хүчээ авсан. Бидний эхлүүлсэн зарим томоохон эмнэлэг, лабораториудын бүтээн байгуулалт гацаж, одоо л ашиглалтад орж дуусч байх шиг байна. Өнөөдөр Монгол Улсад улсын болоод хувийн эмнэлэг, эрүүл мэндийн төв, лаборатори, эмийн сангууд хангалттай болсон. Гагцхүү өвчлөлийн хүндрэлийг бодитой тооцон эмнэлгээр үйлчлүүлэгчдийн менежмэнт, зохицуулалтыг сайн хийж чадвал эмнэлэгт хүн, хүүхэд дүүрэхгүй байх бүрэн боломж бий. Эмийн чанар, аюулгүй байдлын тухайд гэвэл манай улсад 4310 бүртгэлтэй эм байгаагийн 79 хувь буюу 3407 эмийг импортоор оруулж байна. Бүртгэлтэй эмийн 98 хувь нь европ, хоёр хувь нь уламжлалтын эм, импортын 3407 эмийн 11 хувь буюу 381 нь брэнд эм, 89 хувь нь буюу 3206 эм нь Ерөнхий нэршлийн эм байна. 2021 онд нийт 689.6 тэрбум төгрөгийн хангалт хийгдсэний 552.5 нь эмэнд, 137.1 нь эмнэлгийн хэрэгсэлд зарцуулагдсан байна. Монголд европ эмийн үйлдвэр 20, уламжлалт эмийн үйлдвэр зургаа, био бүтээгдэхүүний үйлдвэр 13 байна. Эдгээр тоог хараад уншигчид маань дүгнэлт хийх байх гэж бодож байна. Монголд хамгийн бага үнэтэй эмийг импортолж байгаагаас эмийн чанар шаардлага хангахгүй байна гэдэг үнэн. Энэ нь бас л мөнгөтэй холбоотой шүү дээ. Нөгөө талаар эмийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох цаг болсон. Уг нь 2016 онд УИХ-иар хэлэлцэгдэж байгаад эцсийн хэлэлцүүлэг дээр эм хүнсний агентлагийн асуудлаас болж байнгын хороонд буцааж байсан “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ыг энэ парламент хурдан баталмаар байгаа юм.

-Бид хэзээ нэг эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, хүнд сурталгүй авах юм бэ. Энэ чигийн төрийн бодлого ямар байдлаар явах ёстой байдаг юм бэ?

-Төрийн бодлогын тухайд Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам гэвэл хангалттай байгаа. Гагцхүү түүнийг бүх шатанд ягштал хэрэгжүүлэх хэрэгтэй. Юуны өмнө нэг дарга гарч ирээд тэр ч хэрэггүй, энэ ч хэрэггүй гэж дур зоргоороо авирладгаа больчихмоор байна.

-“Монголын үрс маш олон болтугай” гэж ерөөдөг атлаа хүүхдэд ээлтэй зүйл цөөн байна. Хүүхэд, ирээдүй хойч үеэ бид ер нь ямар нийгэмд амьдруулах гээд яваад байна вэ?

-Үнэхээр бид хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө юу хийж байгаа билээ. Хамгийн ойрын жишээ гэхэд УИХ-ын 2023 оны төсвийн тухай хуулийн хэлэлцүүлэг дээр Үндсэн хуулиа зөрчин хүүхдийн мөнгөнд ялгавар тогтоох тухай ярьж, маргалдаж байна. Хүүхэд бол хүүхэд ш дээ. Хүүхдийн мөнгө бол халамж биш, анхнаасаа хүүхэд бүрийн сайн сайхны төлөөх хөрөнгө оруулалт, хүн амын тоог өсгөх, бас хүүхэд заавал эцэг эх, халамжлан хүмүүжүүлэгчийн хамт амьдардаг байх, сургууль завсардаагүй байх, товлолын вакцинд заавал хамрагдсан байх гэсэн хариуцлагыг эцэг эх, халамжлан хүмүүжүүлэгчдэд нь үүрэгжүүлж хуульчилсан төрийн бодлого байсан. Харамсалтай нь МАН-ыхан сонгуульд зориулж хүүхдийн мөнгийг халамж болгон өсгөчихөөд одоо дийлэхгүй болхоороо ялгавар тогтоох гэж оролдож байна. Ардчилсан нам ямагт ялгаварлын эсрэг зогсож ирсэн.

-УИХ-аар төсөв хэлэлцэж байна. Монгол Улс түүхэндээ төсвөө алдагдалгүй баталж байсан тохиолдол байдаг уу. Яавал төсвийн алдагдлыг багасгах бол?

-Алдагдал зөвхөн зарлагатай холбоотой болохоор төсвийг зүй зохистой төлөвлөж чадвал төсвийг алдагдалгүй баталж бололгүй яахав. Монгол Улсын Засгийн газар 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 18.9 их наяд, зарлагыг 20.5 их наяд, төсвийн алдагдлыг 1.6 их наяд, урсгал зардлыг 15 их наяд, хөрөнгө оруулалтыг 2.7 их наяд төгрөгөөр тооцож УИХ-д оруулж ирсэн байна. Манай эрүүл мэндийн салбарын 2023 оны төсөв гэхэд 1.3 их наяд төгрөгт хүрч. Тэгэхэд 2008 оны эрүүл мэндийн салбарын төсөв 200 тэрбумаар л яригдаж байлаа шүү дээ. Харьцуулахын аргагүй байгаа биз дээ. Энэ бол сайн хэрэг. Уг нь эрх баригчид шинэ хөрөнгө оруулалт нэмэхгүй, хэмнэлтийн хуулиа хэрэгжүүлнэ гэсэн. Тэгсэн мөртлөө таван сарын өмнө баталсан Төсвийн мэдэгдлийн тухай хуулиа зөрчөөд урсгал зардлаа өмнөх оныхоос хоёр их наядаар, хөрөнгө оруулалтаа урд өмнө байгаагүйгээр өсгөөд ороод ирсэн байна. Цаана нь байгаа концессын 279 тэрбум, гадаадын зээл тусламжийн 1.7 их наядыг тооцвол хөрөнгө оруулалтын хэмжээ асар их нэмэгдэхээр байна. Ингэж төсөвт “шинэ баян”-ы сэтгэлгээр хандаж болмооргүй байгаа юм. Эдийн засагчид төсөв ингэж хэт тэлэх нь валютын ханш, инфляцийн өсөлтөд нөлөөлж, эдийн засагт маш муу үр дагавар авчирч болно гэж үзэж байгаатай санал нэг байна. Олон улсын ээдрээтэй байдал, цар тахал,хилийн хориг гээд бэрхшээлүүдийг тооцохгүй байж огт болохгүй.

-Эдийн засаг улам л агшсаар байна. Энэ нь мэдээж сайн зүйлд хүргэхгүй байх. Яавал бид эдийн засгаа тэлж, валютын урсгалыг дотроо барих вэ?

-Би дээр хэлсэн. Товчхондоо үндэсний үйлдвэрлэл, тэр дотроо хүнд аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлж байж л эдийн засгаа зөв тэлж, бүх асуудлыг дотооддоо шийддэг болно. Н.Алтанхуягийн засгийн газар “Чингис” бондын зээлийн тодорхой хувиар Улаанбаатар хотыг бүх аймгуудтай холбосон 3000 км засмал зам тавьж, хотын замын сүлжээг өргөтгөж, хэд хэдэн цементийн үйлдвэрийг босгох суурийг тавьж чадсаныг бид мэднэ. Түүнээс хойш хичнээн зээл авав, нүдэнд харагдах юу байна. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 2022 оны хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам.долларт хүрч, нэг иргэнд 30 сая төгрөг ноогдохоор болж. Энэ бүхэнд дүгнэлт хийх хэрэгтэй.

-Ам.доллар олох шинэ эх үүсвэр бидэнд байна уу?

-Байлгүй яах вэ дээ. Дэлхийн хөгжлийг залж байгаа газрын тосны, цементийн, зэс, ган төмөрлөгийн үйлдвэрлэлээ хөгжүүлчихэд л болоо. Монголчуудын заяа буянаар энэ бүх бүтээгдэхүүний түүхий эд болох баялаг нь эх орны маань газрын хэвлийд байж л байна. Түүнийгээ бэлэнчлээд ухаж төнхөөд гадагш нь зөөж, дэлхийн их гүрнүүдийн хүнд аж үйлдвэрийн салбаруудыг тэтгэж суухаар өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож гадагш гаргаад валютын урсгалыг өөртөө татах боломж байна шүү дээ.

-Та бол АН-ын ахмад зүтгэлтэн, лидер улстөрчдийн нэг. Танай намд үүсээд байгаа асуудлыг та юу гэж харж байна?

-Нам нь гишүүд нь байгаа ч удирдлагын хувьд хоёр талд гарчихаад өрсөлдөгч намынхаа тоглоом болоод сууцгааж байна.

-Дүү нарынхаа эв эеийг олуулах асуудалд оролцож байна уу. Энэ нам чинь сүйрэл рүүгээ яваад байгаа юм биш үү?

-Үгүй дээ. Харин ч АН-ын нэрээр нам,төрийн өндөр албан тушаалд ажиллаж ирсэн манай лидерүүд залуусдаа зайгаа тавьж байж энэ намын хувь заяа шийдэгдэнэ гэж би харж байна. Таны хэлээд байгаа намаа сүйрлээс аврах ганц нөхцөл боломж нь ердөө энэ. Нэгдэж нийлээд эв зүйгээ олоод АН маань бүтэн болчихвол тусалж, дэмжих юм байвал хүчин зүтгэхэд бэлэн байна. Энэ бол миний АН-аас төрсөн улстөрчийн хувьд, жирийн гишүүдийнхээ өмнө хүлээх ёстой эрхэм үүрэг.

-Та ядуурлыг бууруулах дэд хороог ахалж байсан хүн. Ядуурал буурсан уу. Улам нэмэгдсээр байна уу. Яаж ядууралтай тэмцэх вэ?

-2005 он юмуу даа. Тэр үед УИХ-д ийм хороо байгуулагдаад Нийгмийн хамгааллын яамтай хамтраад ядууралтай тэмцэж байсан. Төсөл хөтөлбөрүүд ч их олныг хэрэгжүүлсэн. Тухайн үедээ үр дүнгээ өгч ядуурал буурч байсан. Гэхдээ амьдралын хэм хэмжээ, хөдөлмөр эрхлэлт, орлогын түвшин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд олон хүчин зүйлээс шалтгаалддаг болохоор ядуурлын бууралт өсөлт маш их хэлбэлзэлтэй байдаг. Өнөөдөр ч гэсэн статистик мэдээллээр ядуурал тэдэн хувиар буурлаа л гээд байгаа биз дээ. Үнэнийг хэлэхэд, амьдралын түвшин хүнд байгаа айл өрхүүд хот хөдөөд маш их болж сэтгэл түгшээж байна.

-Таны сайд, даргаар ажиллаж байх үед байсан нийгмийн тулгамдсан асуудал одоо хүртэл байсаар л байна. Утаа, замын түгжрэл гэх мэт. Энэ асуудлыг шийдчих ухаан бидэнд алга уу. Эсвэл ард түмнээ ядуу байлгах нь хэн нэгэнд ашигтай байгаад байна уу?

-Утаа, замын түгжрэл чинь Улаанбаатар хотын тухайд гэр хорооллын хүн амын хэт их төвлөрөл, дулааны шийдэл, хот төлөвлөлт, авто замын сүлжээ, машины тооны өсөлт гээд олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Үе үеийн засгийн газар янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн гэдгийг үгүйсгэх аргагүй. Нийслэлийн ИТХ, Засаг даргын тамгын газар гээд том бүтэц ажиллаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ахалсан Үндэсний хороо хүртэл ажиллаж ирсэн. Би ч гэсэн энэ зөвлөлд нь ороод гүйж явлаа. Энэ Засгийн газар энэхүү асуудлыг хариуцсан Төрийн сайд түүний ажлын албыг хүртэл байгуулж байна. Ер нь орон сууцжуулж, дэд бүтцээ хөгжүүлж утаат яндангүй болж байж л утаанаас сална. Автомашины түгжрэл гэдэг нь таг зогсчихыг л хэлэх байх. Хаана ч аль ч хотод автомашины урсгал “хөвж” л байдаг. Тийм л болгоход болно. Тэгэхийн тулд хот төлөвлөлтөө боловсронгуй болгож, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, нийтийн тээвэр, авто замын сүлжээ, машины зогсоол, замын элдэв хаалт, хориглолтыг цогцоор нь шийдчихмээр санагддаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *