Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Батцоожтой ярилцлаа.
-Сүүлийн үед хичээлээ тарсан хүүхдүүдийг танихгүй хүн авч явахыг завдсан гэх хэргүүд гарах боллоо. Энэ тал дээр цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд хариу үйлчилгээ үзүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагад холбон зуучлах чиглэлээр “Хүүхэд хамгаалал” арга хэмжээг улсын хэмжээнд, “Илрүүлэлт” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан. Гэр бүлийн хүчирхийлэл бусад эрсдэлт нөхцөлд байгаа, эцэг эх, асран хамгаалагч нарын хараа хяналт сул 2345 хүүхдийг илрүүлснээс 668 хүүхдийг хяналтад авч ажиллаж байна. Хичээл тарах үед хүүхдүүдийг танихгүй хүн авч явахыг завдсан гэх мэдээллийн хүрээнд нэр дурдагдсан сургуулийн холбогдох албан тушаалтнаас тодруулж, шалгалтын ажиллагаа явуулахад дээрх мэдээлэл батлагдаагүй. Цаашид энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагаас ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, school police буюу эцэг эхийн эргүүл, “Хүүхэд хамгаалагч” эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдэнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллах, цагдаагийн байгууллагын эргүүлийн чиглэлд сургууль, цэцэрлэгийг хамруулан, байнгын хяналт тавин ажиллаж байна.
-Эцэг, эхчүүдийн группээр, сошиал орчинд хэд хэд давтагдсан, анхааруулсан сэрэмжлүүлгүүд зөндөө явж байна. Эцэг эхчүүд энэ дээр тал ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Хүүхдийн эрхийн тухай хуульд “хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж заасан. Иймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн эрхийг ханган, асран хамгаалах үүргээ биелүүлж хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулан, бага насны хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь биечлэн хүргэх, “Гараас гарт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль дээр болсон үйл явдлын талаар ярилцаж, тэдний насны онцлогт тохирсон мэдээ, мэдээллийг цаг тухайд нь өгч, ярилцаж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд өөрийн болон найзынхаа аюулгүй байдлыг хэрхэн хангах, хэн нэгэн танихгүй этгээдийн амлалтад итгэж дагаж явахгүй байх, ямар нэгэн эрсдэл учирсан, аюултай байдал бий болвол сургуулийн орчинд сургуулийн нийгмийн ажилтан, ангийн багшид хэлэх, тэднээс тусламж хүсэх, эцэг, эхдээ холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглан хэлэх зэргээр энгийн дадал хэвшлийг бий болгох хэрэгтэй. Давтан хэлэхэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, зөвхөн бага насны хүүхэд биш, таны өсвөр насны хүүхэд хаана, хэнтэй юу хийж яваа, найз нөхдийн хүрээлэл зэрэгт байнгын хяналт тавьж ярилцаж байгаасай гэж хүсч байна.
-Хүүхэд сургуулиас нь авахыг завдсан танихгүй эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан нь үнэн үү. Ямар хэрэгт холбогдолтой этгээд байсан юм бэ?
-Энэ оны аравдугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 12-13 насны гурван охиныг үл таних 20 орчим насны энгийн хувцастай эмэгтэй хууран мэхэлж авч явахыг завдсан гэх мэдээлэл шалгагдаж байгаа. Цагдаагийн байгууллагаас холбогдогчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тэр эмэгтэй тухайн хүүхдүүдийг дээрэмдэх зорилготой байсан юм билээ. Түүнээс хүн хулгайлах гэмт хэрэгтэй холбоогүй.
-Сошиал орчинд хүмүүс охиныг маань танихгүй хүмүүс дагасан байна гэх постууд их явах боллоо. Энэ мэдээллүүдийн дагуу хяналт шалгалт хийж байгаа юу?
-Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн гэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд гарч байгаа, иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэл бүрийг хүлээн авч шалган, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, зөрчлийн хэрэг нээх зэргээр хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж, гомдол мэдээлэл гаргасан иргэнд хариуг бичгээр болон холбоо мэдээллийн хэрэгслээр өгдөг. Сошиал орчинд егарч байгаа дээрх төрлийн мэдээлэл бүрийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага тухай бүр нь шалгасан бөгөөд хүүхэд хулгайлах гэмт хэргийн шинж тухайн нөхцөл байдлуудад илрээгүй ээ.
-Эцэг эхчүүд, багш, сургууль хэрхэн энэ тал хамтран ажиллах ёстой вэ?
-Сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 177 дугаар тогтоолын дагуу төр, хувийн хэвшлийн сургуулийн орчинд эцэг эхийн эргүүл буюу “school police” -г ажиллуулдаг. Эцэг эхчүүд, үр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө тухайн хичээлийн жилд нэг удаа дөрөв хүртэл цагаар байгууллагаас олгосон цалинтай чөлөөгөө аваад сургуулийн эргүүлээр ажилладаг. Эцэг эхчүүд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх энэ ажилд анхаарч, идэвхтэй оролцох хэрэгтэй. 2018 оноос улсын хэмжээнд хэрэгжсэн “Хүүхэд хамгаалагч” төслийн хүрээнд хүүхдийг сургуулиас гэр, гэрээс сургууль хүрэх замын аюулгүй байдлыг хангах, сургууль орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэх ахмад настнууд өдөрт дөрвөөс доошгүй цагаар эргүүлд ажиллаж байна. Энэ бүгд л эцэг эхчүүд бидний хүүхдээ ямар нэгэн осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд багш, сургуулийн захиргаатай хамтран хэрэгжүүлж байгаа ажил гэдгийг ухамсарлан хариуцлагатай хандах ёстой.