Categories
мэдээ нийгэм

“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Төслийг талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын Их Хурал 2022 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Хүний эмийн чанарын асуудлаарх хянан шалгах түр хороог байгуулах тогтоол баталсан. Улсын Их Хурлын гишүүн Тогмидийн Доржханд тус хянан шалгах хорооны бүрэлдэхүүнээс гарах хүсэлтээ ирүүлснийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Байнгын хороо 2022 оны аравдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандыг Түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн тул “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ” хэмээв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ш.Адьшаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Түр хорооны бүрэлдэхүүнээс гарах болсон шалтгаан нь нэг гишүүн гурван түр хорооны бүрэлдэхүүнд ажиллах хуулийн зохицуулалттай учраас уг түр хороонд ажиллах боломжгүй болсон талаар тайлбар хийв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулсан. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандыг Хүний эмийн чанарын асуудлаарх хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.8 хувь нь дэмжиж, “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *