Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Аливааг зөвхөн эрчүүд манлайлах ёсгүй DNN.mn

Орчин цагийн хүн хоорондын харилцаанд эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй хүн гэх ганц логикоор асуудалд ханддаг болсон талаарх судалгаа дэлхий нийтэд шуугьж байна. Зарим оронд энэ судалгааг үндэслээд төрийн бүтэцдээ өөрчлөлт оруулаад эхэлжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл манайхаар бол жендерийн эрх тэгш байдал аж.

Судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь өндөр хөгжиж буй улс орнуудын төрийн бүтэц, нийгмийн хандлагаар тухайн улсын хөгжиж, урагшилж байгааг нь тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, нийгэм нь эрх тэгш байх зарчмыг хэт шүтдэг, хүйсийн гадуурхлыг тэвчдэггүй үзэл бодолтой, аливаа ажил мэргэжил, үйл ажиллагаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тавь, тавин хувийн оролцоог хангадаг төрийн бодлоготой орон өндөр хөгжсөн гэсэн үг. Нөгөөтэйгүүр жендерийн мэдрэмжгүй, аливаад зөвхөн эрчүүд манлайлах ёстой гэсэн хандлагатай улс орны хөгжил удаашралтай, гаргаж буй төрийн шийдвэр бодлого нь эргэж буцсан, хэтэрхий нэг талыг барьсан, хатуу байдаг нь дээрх судалгаагаар батлагджээ. Манайд улс орны хөгжил, бодлогыг тодорхойлох төрийн дээд байгууллагуудын буюу гишүүд, сайд, төрийн өндөр албан тушаалтнуудын үнэмлэхүй олонхыг эрчүүд бүрдүүлж байна. Тиймээс дэлхий нийтийн зөв хандлага, хөгжлийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүйсийн эрх тэгш байдлыг бодитой хангах цаг нь иржээ гэдгийг жендер, хүний эрхийн байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай аж. Ер нь аливаа зүйлийг эрчүүд дангаараа манлайлах ёстой гэсэн хандлагаасаа салах хэрэгтэйг энэхүү судалгаа харуулж буй юм.

Асуудалд бодитоор хандаж, төрийн зөв бодлого, шийдвэрийг гаргуулахын тулд хүйсийн эрх тэгш байдлыг төрийн бүх шатанд хангаж ажилласнаар улс орны хөгжил, хууль дээдлэх, хүний эрхийг баталгаажуулахад эрс ахиц гардаг болохыг дээрх судалгаа нотлон харуулав.

Энэ утгаараа УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүдийн квотыг нэмэгдүүлж, хүйсийн эрх тэгш байдлыг арилгасан цагт л Монгол Улсын бодит үсрэнгүй хөгжлийн тухай болоод зөв төрийн бодлогыг ярих болж таарч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *