Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Энхбаяр: Давхар дээлийн хязгаарыг авчихаар гишүүдийн дотор байсан чөтгөр амилдаг DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай ярилцлаа.


-2019 оны ҮХНӨ-д орсон дөрвөн гишүүн давхар дээлтэй байх заалтыг Цэц хүчингүй болгосон. Цэцийн тогтоолыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх үеэр та харагдсангүй. Яагаад харагдсангүй вэ. Ер нь та давхар дээлийн асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Улс төрийн хоёр нөхцөл байна. Парламентын гишүүд Засгийн газарт тооны хязгаарлалтгүй орж ажиллахаар бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой гэж зарим гишүүд ярьж байгаа нь үндэстэй. Зуугаад гишүүнтэй парламентын 10 гишүүн давхар дээлтэй байх нь парламентад нэг их нөлөө үзүүлэхгүй. Харин 76 гишүүнтэй парламентын 1/4 буюу 20 гишүүн нь Засгийн газарт орчихвол Засгийн газар парламент хоорондын харилцан хяналт тэнцэл алдагдана. Засгийн газар дээр шийдвэрлэгдсэн бодлогын асуудлууд парламентаар шууд дэмжигдэнэ. Өөрөөр хэлбэл, хүчтэй бяртай Засгийн газартай болно гэсэн үг. Хүч бяр ихтэй Засгийн газартай болчихвол нөгөө талдаа хүч султай парламенттай болно. Хүч султай парламенттай болох нь ард түмэнд ашигтай, хэрэгтэй зүйл биш. Тэр дундаа сөрөг хүчин амьтай голтой байгаа өнөөгийн нөхцөлд ард түмнийг төлөөлж хэн хяналтын үүрэг гүйцэтгэх юм бэ. Ард түмэн өөрсдөө байнга талбай дээр жагсдаг болох уу. Парламент нь ард түмнийхээ дуу хоолойг сонсдоггүй дүлий болчихвол яах юм бэ гэдэг асуудал гарцаагүй үүснэ. Тиймээс парламентын нийт гишүүдийн тоо 76 байгаа тохиолдолд дөрөв нь давхар дээлтэй байж болох дээд хязгаар тохиолдлоор ороогүй.

-Цэцийн гаргасан шийдвэрийг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Байж болох үзэгдэл мөн үү?

-Цэц Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн дүгнэлт гаргах бодлогыг үгүйсгэхгүй байгаа. Учир нь жишээлбэл, парламентын гишүүд магадгүй насаараа байх гээд өөрийнхөө бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааг 40 жил байна гээд заачихвал яах юм бэ. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгогддог байхыг болиулъя бид (УИХ-аас) томилдог байна гээд өөрчилчихвөл яах юм бэ. Цэц ерөөсөө таалагдахгүй байна. Татан буулгая гээд шийдчихвэл яах юм бэ. Ерөөсөө монголчуудын эрх нь хэтрээд байгаа хувийн өмчтэй байхыг болиулъя гэвэл яах юм бэ. Ийм суурь асуудал руу парламентын гишүүд олонхоороо хүч түрж орвол үүнийг зогсоох ямар нэгэн хүч байх ёстой. Тэр нь яах аргагүй Цэц. Тиймээс суурь асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал үүнийг Цэц хэлэлцэж зогсоодог байх ёстой болж таарна. Харин давхар дээлийн тоо дөрөв байгаа нь буруу байна гэж Цэц оролцсоныг зөвтгөхгүй. Энэ бол Цэцийн гаргах ёстой, оролцох ёстой байсан дүгнэлтийн хүрээ хязгаар биш гэж бодож байна.

-Гэхдээ Засгийн газар хэмжээгүй эрх дархтай болоход дахиад нэг алхам урагшлачихаж байгаа юм биш үү. Цэцийн саяны өөрчлөлтөөр ч, 2019 оны ҮХНӨ-өөр ч, Ковидын хуулиар ч УИХ-ын эрх мэдэл Засгийн газарт шилжсэн. Засгийн газраа хянах чадамжгүй парламенттай байх шаардлага байна уу гишүүн ээ. Энэ Засгийн газрыг хэр бяртай байна гэж харж байна?

-Засгийн газар гишүүдээс бүрдээд нэлээн бяртай болчихсон. Манай парламентын лидерүүд гэж хэлж болохоор гишүүд давхар дээл өмссөн. Ажилласан байдал, ажлын туршлагын хувьд ч, сонгогдсон байдал, нөлөө жингийн хувьд ч тэр бүх талаараа улс төрийн бяртай Засгийн газар бүрдсэн. Энэ бяр хүч ажлын хурд, оруулж ирж байгаа бодлогоор харагдах ёстой. Нөгөө талаар сайд нар үүнийгээ ойлгож даруулгатай байх ёстой. “Сайд болоогүй гишүүд нь дандаа шинэ сонгогдсон учраа мэддэггүй гишүүд байгаа юм. Миний шийдсэн санаа Их Хурал дээр бодлого болж гарна. Та нар дуугүй байх ёстой” гэдэг ийм данхайрал болон танхайрал гаргахгүй байх дээр анхаарах ёстой гэсэн үг. Ингэхийн тулд асуудлуудаа ул суурьтай, бодлоготой оруулж ирж байх ёстой. Жишээлбэл, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар дагуулж орж ирсэн 20 тэрбум ам.доллар, 40 их наяд, 60 их наядын энэ олон төслүүдийг тендергүйгээр шийдчихье гэж оруулж ирдэг байж таарахгүй.

Нөгөө талаасаа өнгөрсөн цаг үеийн нөхцөл байдлаас улбаалж бид хамаг эрх мэдлээ Засгийн газарт угаасаа өгчихсөн байсан. Төсвийн эрх мэдлийг бүгдийг нь өгчихсөн. Хүний эрх мэдэл дээр төрийн албаны хууль үйлчлэхгүй гээд бүрэн өгчихсөн. Ковидын хуулийг сунгаад хоёр жил гаруй боллоо. Онцгой нөхцөл байдлын үе гэж шалтаглаад ард түмний төлөөллийн байгууллагыг амьгүй болгох ажлыг бид өөрсдөө хийсэн. Тухайн үед Ковидын хуулийг сунгахгүй, сунгаж болохгүй гэж ярьж байсан хэдхэн гишүүн байдаг. Одоо төгрөгийн үнэ ханшийг хар. Ханшийн уналтыг хязгаарлаж, менежмэнт хийх байгууллага буюу Монголбанк улс төрийн шийдвэр гаргаж байгаа Засгийн газраас хараат бусаар ажиллах ёстой байтал Ковидын хуулиар Монголбанк, Сангийн яам хоёрыг нэг хөнжилд оруулчихсан. Та хоёр дурлалцахгүйгээр үнсэлц гээд хэлчихсэн. Та хоёр нийлж байгаад ийм ийм төслүүдийг хамт хэрэгжүүл. Ингэж ингэж ханшаа хүчээр барь гэдэг эрхийг нь энэ хуулиар өгчихсөн. Одоо бид гаслаад байна. Монголбанк ханшийг барих ёстой байсан бол гашуун шийдвэр гаргах байсан. Гэтэл энэ гашуун шийдвэрээ гаргаж чадахгүй, ард түмэн босчихно, ингэчихнэ тэгчихнэ гээд хэдэн их наядын хөтөлбөр хэрэгжүүллээ. Зээлийн хүүг нь багасгаж байна гээд мөнгө төгрөг тараасан. Өнөөдөр бид ханшаа алдаж байгаа гэдгээсээ илүү бодит үнэнтэйгээ өнөөдөр нүүр тулж байна.

Одоо бид хэн нэгэн буруутан хайх л байх л даа. Хэн нэгэн албан тушаалтнаар туг тахих байх. Гэхдээ асуудлын ужиг үндсэн шалтгаан хаана байсан гэхээр хэзээ ч өвөр түрийндээ орж болохгүй хоёр байгууллагыг ковидын хуулиар нэгдсэн байдлаар ажил гэдэг улс төрийн шийдвэр гаргасан парламент өөрөө буруутай. Энд дуугүй байсан, дэмжиж кноп дарсан гишүүд өөрсдөө буруутай.

Хүчтэй Засгийн газартай болж байгаагийн давуу тал гэж гарах ёстой, богино хугацаандаа. Парламентад жин нөлөөтэй гишүүд сайд болж байгаа учраас улс төр, бодлого шийдвэрээ аваад гарах талаасаа үр нөлөөгөө өгнө. Харин дунд болон урт хугацаандаа угаасаа бүтэлгүйтнэ. Учир нь дунд болон урт хугацаандаа Засгийн газар парламентын хяналтаас гарна. Парламентынхаа дээр сандайлна. Парламентын дээр гэдэг нь ард түмний дээр гэсэн үг шүү дээ. Нөгөө парламентын шүүмжлэл, олон талт ургалч үзлүүд хаагдах нь ойлгомжтой. Энд ард түмэн хожихгүй.

-Олон гишүүн давхар дээлтэй байх, хүчтэй Засгийн газартай байхын урхаг нь юу байх бол?

-Парламентын гишүүдийн гол ажил нь хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих. Түүнээс сайд дарга болох биш. Тиймээс л давхар дээлийн асуудал тодорхой хязгаартай байдаг. Хязгаарыг нь аваад хаячихаар бүх гишүүдийн дотор байсан чөтгөрийг амилуулчихдаг. Дөрвөн гишүүн давхар дээлтэй байж болох хязгаар тэр чөтгөрийг нь барьж байсан байхгүй юу. Өөрөөр хэлбэл, энэ 76-гаас дөрөвхөн нь сайд болох боломжтой гэчихээр би боломжгүй юм байна гээд мөрөөрөө ажлаа хийж бодлого шийдвэр, хууль тогтоох ажил руу цаг зав санаагаа чилээгээд явж байсан ажил хэрэгч бүтээлч байх гэсэн уур амьсгалыг эвддэг талтай. Гэтэл хэдэн ч гишүүн давхар дээлтэй байж болно гэчихээр маргааш нь бүгдэд нь сайд болох боломжтой харагдаад эхэлдэг.

Энэ сайд болж байгаа юм чинь би болох боломжтой гээд хүний дотор байсан “чөтгөрийг нь хөдөлгөөд эхэлдэг. Ингээд хор найруулж эхэлнэ. Бүлгэрхэж эхэлнэ. Нам дамнаж хор найруулдаг болно. Нам дотроо талцаж эхэлнэ. Парламентад сууж байгаа бүх гишүүд бие биенийгээ шууд өрсөлдөгчийн нүдээр харж эхэлдэг. Энэ сайд болчих вий. Би сайд болмоор байдаг гээд эхэлдэг. Үүний гор нь чөтгөрийг амилуулдаг. Чөтгөр амилахаараа зүгээр суудаггүй. Сая хэлсэнчлэн бүлгэрхэж, талцаж эхэлнэ. Попыг амилуулна. Улс төрийн намд талцал, фракц яагаад үүсдэг гэхээр сайд болох гэж, эрх мэдэл авах гээд талцаж бүлэглэл үүсээд эхэлдэг. Тиймээс урт дунд хугацаанд намд өөрт нь хүртэл аюултай байдаг. Талцаж байгаад сайд болох боломжтой юм байна гэдэг буруу дэг соёл руу намыг дотоодод нь түлхчихдэг.

-Ирэх долоо хоногоос намрын чуулган хуралдаж эхэлнэ. Та хуульч гишүүний хувьд улс орны хувь заяатай холбоотой нэн тэргүүнд хэлэлцэх ёстой ямар хууль байна гэж харж байна?

-Олон жил ярьж байгаа Газрын багц хуулийн шинэчлэл, төрийн өмч болон төр орон нутгийн өмч, төрийн өмчит компаниудыг тойрсон цогц шинэчлэл байна. Би дэд сайд байхдаа 2018 онд энэ хуулиудын ажлын хэсгийг ахалж шинэчлэлийг багцаар нь бэлэн болгож байсан. Дөрвөн жил өнгөрсөн байна. Эдгээр хуулиудын зарим нь саяхан л УИХ-д албан ёсоор хэлэлцэгдэхээр өргөн баригдаж байна. Зарим нь орж ирээгүй байна. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хууль орж ирээгүй байна. Эдгээр хуулиудийг баталчихаасай гэж өөрийн болоод олон хүний цаг, хүч хөдөлмөрийг зарцуулсан. Таны өмнө байгаа ширээн дээрх энэ зузаан цааснууд бол мэдээж хуулийн судалгаанууд. Өмчийн хууль дээр гэхэд л 10 боть судалгаа хийгдсэн.

-Яах аргагүй Газрын болон өмчийн хууль дээр та их чанга дуугардаг л даа…

-Би Их Хурлын гишүүн болохдоо ихээхэн бүлт үсэрч гарч ирсэн. Сайн мэдэхгүй хүн бол яасан биеэ тоосон, онгироо сагсуу хүн бэ гэж харахаар. Нэр дэвшсэн анхны өдрөө л “Би танилцах аялал хийх гэж УИХ-д нэр дэвшээгүй” гэж хамгийн анхны мэдэгдлээ хийсэн. Энэ бол ихээхэн л онгирч байна гэсэн үг ш дээ. Энэ юу хэлж байна гэхээр дээр ярьсанчлан суурь судалгаануудад маш их цаг, хүч хөдөлмөрөө зарцуулж судалж танилцсан.

Итгэл үнэмшил авсан. Шийдэлтэй байна гэсэн үг. Хамгийн гол нь өмч болон Газрын багц хуулийг УИХ-ын нэг, хоёр гишүүн санаачлахааргүй том асуудал. Эдгээр хуулиуд бол Үндсэн хуулийн дараа орох суурь хуулиуд. Нийгмийн амьдралыг орвонгоор нь өөрчилдөг, нөлөөлдөг хууль учраас зөвхөн Засгийн газар өргөн мэдүүлнэ гээд УИХ-ын хуульд заачихсан байдаг. Тиймээс Засгийн газраас өргөн барихыг нь нэг талаас хүлээсэн. Гэхдээ хүлээж байна гээд дуугүй суусангүй. Гишүүн болсон цагаасаа хойш л байнгын хороо, чуулганы хуралдаанд төрийн өмч, газар хоёрыг л их ярьсан.

Төрийн өмчийн компаниуд хэрхэн авлигажсан, хэрхэн ялзарсан тухай, газар тойрсон мафи хэрхэн цэцэглэж, ялзарсан тухай. Өнөөдрийн нийгэмд түгжрэлээс авахуулаад болж бүтэхгүй байгаа асуудлуудын уг шалтгаан нь газрын болон өмчийн суурь асуудлуудаас угшилтай. Тиймээс үүнийг гарцаагүй шинэчлэх ёстой гэдэг үүднээс хөрсийг нь бэлдэхийн тулд иргэдэд ч, шийдвэр гаргах түвшинд ч, парламент дотроо ч үүнийг их ярих шаардлагатай болсон.

Төрийн өмчийн компанийн асуудалд хүчтэй дуугараад эхлэхээр хүмүүс намайг компанид хүн шургуулах гээд байна гэж ойлгодог байсан байх. Гэхдээ гишүүд, засаг, нам, иргэдийн түвшинд болж бүтэхгүй байгаа юмны буглаа хаана байсныг ер нь анзаарчихлаа. Төрийн өмч хаана байна тэнд авлига их байна. Өмч дагасан, дарга тойрсон төрийн өмчийн компаниудад хамгийн их авлига, их мөнгө байгаа гэдэг нь ойлгомжтой болж, дээр дооргүй үүнийг ярьдаг болсон. Энэ нь өөрөө реформ гарцаагүй хийгдэх улс төрийн болон олон нийтийн дэмжлэгийг хүлээж явах талаасаа цаг нь болсон гэж би харж байгаа. Цаг зүгээр ирэхийг хүлээдэггүй. Тэр дундаа улстөрч хүн бол дандаа ирээдүй цаг дээр оршдог. Улстөрч хүн хэзээ ч өнгөрсөн цаг дээр байж болохгүй. Эргэж хургаад тэр үед сайхан байсан чинь одоо гэж гоншгонож болохгүй. Болж бүтэхгүй бүхний шалтгаан өнгөрсөнд байгаа юм бол, одоо байгаа нь жонхуурсан юм бол ирээдүйд түүнийг засаж дандаа ирээдүй рүү хөтөлж манлайлж явах нь улстөрч хүний гол ажил. Улстөрч хүн ирээдүйд амьдардаг, өнгөрсөн цаг дээр амьдардаггүй. Өнгөрсөн алдаанаас сурч болно. Тиймээс одоогоо өөрчилж ирээдүй рүү хөтлөхөд л өөрийнхөө ухамсарт амьдралыг зориулдаг байх ёстой гэж боддог. Тийм ч учраас мөрөөдөмтгий, романтик байх ёстой. Мөрөөдөлгүй хүн ирээдүйгүй гэсэн үг л болж хувирна. Дөрөв, таван жил хийхээр нухсан шинэчлэлүүд одоо орж ирж байна. Намрын чуулганаар хэлэлцэнэ. Болж өгвөл ажлын хэсгийг нь ахлах амбицтай байна. Үүндээ ч би их бэлдсэн ш дээ. Судалж ч бэлдсэн. Уншиж ч бэлдсэн. Ярьж ч бэлдлээ. Тэр байтугай зам мөрөө тэгшитгэж бэлдсэн. Газрын хуулиар жишээ татъя л даа. Би өөрөө нэг ч газаргүй. Би өөрөө нэр цэвэр байх ёстой. Би ямар нэгэн байдлаар газар авчихсан газрын наймаанд хутгалдчихсан байвал ийм айхавтар галтай, ийм том сэдвийг барьж авах улс төр, ёс суртахууны эрхгүй болно гэсэн үг. Шууд л энэ сэдвээр хэн нэгэнд барьцаалагдана гэсэн үг. Чи өөрөө ийм ш дээ гэхэд л би өөрөө хүчтэй дуугарах дуу хоолойгоо алдана гэсэн үг. Тиймээс хүчтэй дуу хоолойгоо авч үлдэхийн тулд өөрийнхөө зам мөрийг хүртэл бодож ирсэн. Тиймээс итгэл дүүрэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *