Улсын төсвийн зарцуулалтад шуугиантай шүүмж гарган олон нийтэд танилцуулдаг “Шилэн” хэмээх Б.Цогтгэрэлтэй валютын нөөц, ханшийн асуудлаар ярилцлаа.
– АМ.ДОЛЛАР ГАДАГШЛАХ ҮЗЭГДЭЛ ЯЛАНГУЯА ЭРДЭНЭТ ТӨҮГ ДЭЭР МАШ ИХ ХАРАГДДАГ –
-Валютын нөөц багасаж, ам.долларын ханш өдөр эрх тусам чангарч байна. Ханшийг тогтвортой байлгах, валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд бид яах ёстой вэ?
-Ам.долларын ханш гэдэг дөрвөн зүйлээс шалтгаалж байдаг. Тухайлбал, ам.долларын эрэлт, нийлүүлэлт гэж хоёр зүйл байна. Нөгөө хоёр нь төгрөгийн эрэлт, нийлүүлэлт. Тэгэхээр манайд өнөөдөр ам.долларын эрэлт их, нийлүүлэлт бага байна. Тиймээс л ам.доллар өсөөд байгаа юм. Энэ өсөлтийг яаж зогсоох вэ, яаж ханшийг тогтвортой байлгах вэ гэдгээ бодох цаг ирсэн. Ингэхийн тулд бид ам.долларын эрэлтийг хангах шинэ эх үүсвэр гаргахаас өөр аргагүй. Санжийн Баяр гэдэг хүн Оюу толгой гэх ам.долларын эх үүсвэрийг бий болгосон шиг. Сүхбаатарын Батболд Таван толгой гэх ам.долларын эх үүсвэр бий болгосон. Одоо тэгвэл ямар эх үүсвэр шууд бий болгох боломж бидэнд байна вэ.
-Ямар боломж байна гэж харж байна?
-Боломж байгаа. УИХ дээр Казиногийн ажлын хэсэг гэж байгуулагдаж байсан. Хуучин Өмнөговиос сонгогдсон Л.Энхболд гишүүнээр ахалж байсан, одоо хэн ахалж байгааг мэдэхгүй юм. Энэхүү ажлыг маш яаралтай шинээр бий болгоод энэ намрын чуулгандаа багтаад дор хаяж гурван ширхэг казиногийн зөвшөөрлийг олгох хэрэгтэй байна. Казиногийн нэг лицензийг нь 30 сая ам.доллараар өгнө, эрхийг нь Засгийн газар олгоно гэсэн хуулийн төсөл мөн УИХ-д явж байгаа. Иймэрхүү ам.долларын эх үүсвэр бий болгосон ажлуудаа яаралтай хийх шаардлагатай байна. Одоо намрын чуулганаар төсөв хэлэлцэнэ, үргэлжлүүлээд Казиногийн тухай хуулийг хэлэлцэж явахгүй бол байдал хэцүүдлээ. Өөрөөр хэлбэл, энэ ханшийн өсөлт, валютын нөөцийг контролдох ямар ч боломжгүй болчихоод байна.
-Яагаад?
-Учир нь ам.долларын зохиомол хомсдол бий болчихоод байна.
-Алтны тушаалт буурсан, хил хаалттай байхад огцом нэмэгдсэн гэж та нэг жиргээндээ онцолсон байсан. Таныхаар бол ямар цоорхойг олох ёстой юм бэ?
-Нэгдүгээрт, алтны тушаалт дээр онцгой арга хэмжээ авахгүй бол болохгүй болчихоод байна. Монголбанкны сайт руу “Алт тушаалт” гэдгийг ороод хараарай. Ковид анх гарч Монгол Улс хилээ хаагаад энэ оны эхээр хилээ нээсэн шүү дээ. Энэ хугацаанд алт тушаасан байдлыг хараарай гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд алт тушаалт огцом нэмэгдчихсэн байгаа. Хил хаалттай буюу хилээр зорчигч гарахгүй, хилийн гаралт огцом буурсан үед шүү дээ. Энэ үед Монголбанкинд алт тушаалт ердийн үеэс гурав дахин буюу огцом нэмэгдсэн. Алт ингэж их тушаагдсанаар ам.долларын нөөц, алтны нөөц маш ихээр нэмэгдсэн. Тиймээс тухайн үед бид ам.долларын ханшийг барьж болоод байсан юм. Харин одоо ийм зүйл алга. Бүр ковидын өмнөх үе рүүгээ оччихоод байна.
-Ам.доллар орж ирэх тагнуул аргачлалаа хялбаршуулъя гэж байна. Монголбанк орж байгаа ам.долларыг ямар аргаар хялбаршуулж шалгах ёстой юм бэ?
-Монголоос цөөн хэдэн нэрийн бараа гадагшаа экспортлогдож тэр нь эргээд мөнгө олж ирдэг. Ихэвчлэн уул уурхайн бүтээгдэхүүн л байна шүү дээ. Нэг жишээ хэлье. Надад 500 мянган тонн нүүрс байлаа гэж бодъё. Энэ нүүрсээ гаргахын тулд Хятадын нэг компанитай гэрээ хийнэ. Ингээд надад 500 мянган тонн нүүрсний төлбөр болох нэг сая ам.долларыг шилжүүлэх болно. Энэхүү шилжүүлсэн нэг сая ам.долларыг Монголбанк ч гэдэг юм уу холбогдох байгууллагууд нь шалгана. Хамгийн дургүй хүрмээр зүйл нь хурдан шалгачихгүй. Шалгаад бүр алга болно. Таг чиг болно. Ингээд алга болчихоор нөгөө нүүрс зарсан, эсвэл гадагшаа бараа бүтээгдэхүүнээ экспортолсон аж ахуйн нэгж, хувь хүмүүс чинь сураг ажиг тавина биз дээ. Тэгэхээр шалгаж байгаа л гэдэг. Бүр хэдэн сараар шалгачихна. Гэтэл бизнес гэдэг бол цаг нартай уралдаж явдаг, тэгж байж ашиг орлого, үйл ажиллагаа нь хэвийн явагддаг шүү дээ. Гэтэл энэхүү үйл ажиллагааг нь зогсоогоод хамаг орлогыг нь хаагаад шалгах нэрээр хэдэн сар алга болчихож байгааг л болиулах хэрэгтэй. Үүнийгээ хялбаршуулах шаардлагатай л гэж хэлээд байгаа юм.
-Ер нь валютын нөөц, ам.долларын нийлүүлэлтгүй болчихвол манай улсын эдийн засаг, зах зээлд ямар нөлөөлөл үүсэх бол?
-Монгол Улсын сарын хэрэглээ буюу төгрөгөөр ам.доллар худалдан авч гадагшаа гаргаж байгаа зарлагад нийтдээ 300 сая ам.долларыг бид үрж байна. Өөрөөр хэлбэл бензин, шатахуун, тосноос эхлээд хүүхнүүдийн нүүрний маск, хумс хурууны будаг хүртэл худалдаж авч байгаа энэ хэрэглээндээ улсаараа сард 300 сая ам.доллар үрж байна гэсэн үг. 2021 оны мөн үед Монгол Улс 4.6 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байна гэсэн мэдээлэл гарч байсан. Ер нь валютын нөөцийн мэдээлэл төсвийн хэлэлцүүлгийн үед болон Монголбанкны тайлан мэдээлэл сонсож байх үед ил болдог зүйл. Удахгүй намрын чуулганаар төсөв орох гэж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр гэвэл валютын нөөц 2.6 тэрбум ам.доллар байна. Энэ юуг харуулж байна вэ гэхэээр Монгол Улсын валютын нөөц тогтворгүй байна гэж ойлгогдохоор байгаа юм.
-Валютын нөөц хэд байвал тогтвортой байна гэж үздэг юм бэ?
-Таваас буурахгүй, за дөрөвтэй байгаад байвал тогтвортой гэж үзэж болно. Гэтэл өнгөрсөн жил 4.6-тай байсан бол одоо 2.6-руу орчихсон явж байна шүү дээ. Тиймээс л тогтворгүй хэлбэлзэлтэй байна гэж ойлгоод байгаа юм. Энэ жилийн тухайд маш эрчтэйгээр валютын нөөц багасчихлаа. Үүнд Монголбанкны Лхагвасүрэнг ч юм уу өөр хэн нэгнийг муулах, буруутгах шаардлага байхгүй. Бидний үрж байгаа байдал маань л ийм байна. Нөгөөтэйгүүр бид орлогын хомсдолд орчихоод байгаа юм. Нөөц багасаж байхад бид орлого олох ямар ч оролдлого хийсэнгүй. Шинэ санаачилга гаргаж ажилласангүй.
-Валютын нөөц эрчимтэй багаслаа гэлээ. Бүр нөөцгүй болчихвол яах вэ, ер нь…
-Нөөцгүй байгаад байвал валютын ханш, энэ ам.долларын ханш бүр л галзуурна. Нөөцгүй болчихвол төгрөг ёстой цаас болж, гадаад мөнгө буюу валютын ханш ам.доллар ч гэлтгүй бүгд өснө. Зохиомол эрэлт хэрэгцээ буюу үнийн хөөрөгдөл бий болдог. Улмаар улсын эдийн засаг деполт зарлаж, улс даяараа сүйрэл рүүгээ л очих байх даа. Тиймээс нөөц бүрдүүлэлтдээ маш сайн анхаарч ажиллах ёстой.
-Орост төлж байгаа шатахуун, эрчим хүчний төлбөрөө бэлнээр бус дансаар шилжүүлчихвэл ам.долларын ханш тогтвортой болно гэж эдийн засагчид ярьсан. Та үүнтэй санал нэг байна уу?
-Санал нэгдэхгүй байна. Энэ төлбөр Монгол Улсын шууд гүйлгээгээр явдаг. Бэлнээр гэсэн зүйл байдаггүй байгаа шүү. Сүүлд Засгийн газар Английн банкуудтай ярьж байгаад Монгол Улсын шатахууны төлбөрийг Орос руу шууд дансаар хийлгэдэг болчихсон. Энэ нь валютын хомсдолоос маш сайн сэргийлж чадсан үйл явдал болсон. Энэ бол Засгийн газрын хийсэн баатарлаг үйлс шүү.
-Ам.долларын ханш өсч байгаа нь хэнд ашигтай юм бэ. Засгийн газарт, эрх баригчдад илүү ашигтай байна уу?
-Засгийн газарт, УИХ-д энэ ханшийн өсөлт ямар ч ашиггүй. Яагаад гэвэл эд нар чинь улс төрийн байгууллага учраас хамгийн том цохилтыг эд нар өөрсдөдөө хүлээн авч байгаа. Тэгэхээр валютын ханшийн өсөлт нь эд нарт хамгийн ашиггүй хувилбарыг бий болгоно. Нөгөөтэйгүүр валютын ханшийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээнүүд гэж бий. Тухайлбал, бодлогын хүүг нэмэх, ам.долларын хадгаламжийн хүүг багасгах, төгрөгийн хадгаламжийн хүүг нэмэх зэрэг эдийн засгийн бодлогын асуудлууд л байгаа юм.
-Сүүлд нэг зүйл асуухад, та мөн нэг жиргээндээ Эрдэнэт үйлдвэр нэг хүний гарын үсгээр хэдэн зуун сая ам.долларыг гадагшаа зүгээр л гаргачихаж байна гэж байсан. Энэ ямар учиртай жиргээ байсан бэ. Үнэхээр нэг хүний гарын үсгээр гадагшаа мөнгө урсаад байгаа гэж үү?
-Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт гэж бий. Үүнээс 76 гишүүн өөрсдийнхөө тойрог тус бүрдээ хөрөнгө оруулалт татдаг. Үүний нийт хэмжээ нь 1.5 их наяд төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл 1.5 их наяд төгрөгийг УИХ-ын 76 гишүүнд хуваарилж өгнө гэсэн үг. Тэгвэл манай уулыг баяжуулах Эрдэнэт үйлдвэр нэг жилд 1.2 их наяд төгрөгийн худалдан авалт хийдэг. Энэ 1.2 их наяд төгрөгийн худалдан авалтыг ерөөсөө нэг хүний буюу Х.Бадамсүрэн гэх өвгөний гарын үсгээр л явж ирсэн. Гэтэл энэ 1.2 их наяд дотор тухайлбал, 100 сая ам.долларын үнэ бүхий конверийн систем худалдан авах төсөл явж байгаа юм. Үүний урьдчилгаа болох 30 сая ам.долларыг Герман руу энэ өвгөний ганцхан гарын үсгээр зүгээр л шилжүүлчихэж байгаа юм. Үүнд ямар ч тендер, хяналт гэж юу ч байхгүй. Манай УИХ-ын гишүүн өндөр гэх Б.Энхбаяр “Төсвийн бус төрийн өмч” гэж хэлдэг. Төсвийн бус төрийн өмчөөр худалдан авч байгаа буюу Эрдэнэт, Тавантолгой зэрэг үйлдвэрүүдэд хяналт байдаггүй. Хяналтгүй байдаг учраас ам.доллар гадагшлах үзэгдэл ялангуяа Эрдэнэт дээр маш их харагддаг. Эрдэнэс Тавантолгой бол зуун хувь Засгийн газрын мэдэлт болон ТУЗ-өөрөө бүх зүйл нь дамждаг. Энэ газар ТУЗ-тэй учраас үйл ажиллагаагаа хянаад байх боломжтой байдаг. Гэтэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ учраас ганцхан захирлын шийдвэрээр л бүх зүйл явдаг. Хяналттай газрын хөрөнгө, төсвийн хөрөнгө зөв зарцуулагдах нь ойлгомжтой. Харин Эрдэнэт үйлдвэр дээр нэг хүний гарын үсгээр бүх зүйл явдаг учраас зарцуулалт нь ямар ч хяналтгүй гадагшилж байна гэсэн үг. Тиймээс ийм байдлаас нь болоод бид маш их хэмжээний ам.долларыг гадагшаа алдаж байгаа юм. Үүнийг л би шүүмжилдэг. Ямар ч хяналтгүй, тендергүйгээр гадаад руу мөнгө урсгаж байгаад нь дургүй хүрдэг. Энэ буруу. Хяналт байх ёстой. Энэ үйлдвэр ганц хүний өмч биш.